Утааны эсрэг хамгийн зөв зүйтэй тэмцэл бол нүүрс шатаахаас татгалзах гэж эрх баригчид уриалж байгаа. Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Гэвч эрчим хүчний салбарын тухайд энэ шийдвэрийн хөлд үрэгдэх эрсдэл байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Хэрэв эрчим хүчний шинэ эх үүсвэрээ ашиглалтад оруулчихсан байсан бол өдийд юу гэж ийм юм яриад сууцгааж байхав дээ. Сураг нь гараад, гараад урагшаа явдаггүй айхтар том төслүүдийн нэг бол Дулааны V станц юм. Бүр барих газар нь ч олдохгүй төөрч будилж байгаад нэг юм газар олдлоо гэх сураг гарсан ч, сүүлдээ нөгөө газрын асуудал нь шүүхэд очоод байгаа юм билээ. Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц барих газрын байршил, хэмжээг сонгож, Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “Ургах наран” хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газарт барихаар боллоо гэж байсан билээ. Өмнө нь энэ хэсгийн газрыг “Льюкс Нью Проперти Солюшн” ХХК эзэмшиж байсан бөгөөд тухайн компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дугаар захирамжаар хүчингүй болгоод байсан юм. Мөн энэ байршлыг Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтаж байгаа, болон Улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан байсан юм.
Харин нийслэлийн өмнөх удирдлагууд энэ газарт дулааны цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо эхлээд холбогдох газруудаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тэрхүү үнэлгээг үндэслэн газар эзэмшүүлэх эсэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргах нь зүйтэй гэж үзээд байлаа. Гэвчиг өнөөдрийг хүртэл газрын асуудал нэг талдаа гарсангүй ээ.
Өмнө нь III станцын баруун талд барихаар болоод бүр тендер зарлаад 6 оролцогч энэ тэр гарч ирээд байтал, нөгөөх газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг нь гэнэт тодорхой болоод больсон. Компаниудаас газрыг нь авахын тулд төр 55 тэрбум төгрөг зарлагадах шаардлагатай болсон. Зөвхөн мөнгөний асуудлаар зогсохгүй цахилгаан станцад түлэх 1,8 сая тонн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Үнс зайлуулж хадгалах газар байхгүй, усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. Гэтэл III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гараад байгаа учраас болохгүй юм байна гээд больцгоосон.
Тэгээд л одоо яригдаж байгаа газрын асуудал босч ирсэн юм. Хамгийн гол нь манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүйгээр ирэх жилүүдийнхээ эрчим хүч, дулаан хангамжийн хэрэглээгээ шийдвэрлэж чадахгүй гэдэг асуудлыг яриад үнэхээр багагүй хугацаа өнгөрчээ.
Уг нь V станцын ажлыг 2013 онд эхлүүлээ 2016 онд эхний хэсэг нь ашиглалтад орчихно гэж өмнөх засгийн үед нөхдүүд донгодож байлаа. Мөн энд нэг зүйлийг тодотгоход манай нөхдүүд эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр барьж байгуулна гээд яриад, дэвхцээд байдаг ч дотоодын эрчим хүчний нүүрсний хангамжийн асуудлаа олигтой шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрсэн юм. Ерөөс нүүрсний экспортын хэмжээгээ өсгөх тухай л яриад байхаас улс орны дотоодын аюулгүй байдлын тулгууруудын нэг эрчим хүчний нүүрсний хангамжийн тухай өндөр ач холбогдол өгөлгүй явж ирсэн юм. Хэдийгээр уурхайнуудын зүгээс төвийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээрээ найдвартай хангах тал дээр улам анхаарч, нүүрсний салбарыг чөлөөт зах зээлийн хуулиар явуулах шаардлагатай байгааг хэлж, удирдлагууд нь нүүрсний үнээ нэмэх хүсэлтээ удаа дараа бичгээр өгч ирсэн ч, төр засгаас ужгирсан өрийн асуудал дээр нь анхаарсан болоод, урагшлах тал дээр нь анхаарахгүй байгаа юм.
Эрчим хүчний хэрэглээ асар их нэмэгдэх прогнозтой байхад энэ их эрчим хүч үйлдвэрлэлийг тасралтгүй, найдвартай нүүрсээр хангаж байх үүргийг хүлээсэн төрийн өмчит уурхайнуудынхаа техник, технологийн шинэчлэлийг, нүүрсний үнийг, хүчин чадлыг яаж үе шаттайгаар нэмэгдүүлэх вэ гэдэг дээр төр тов тодорхой бодлого барьж, бодитой ажил болгох ёстой. Хэрэв үгүй бол энэ асуудлууд тулгамдсан хэвээрээ л байна гэдгийг салбарын мэргэжилтнүүд бол хэлдэг юм. Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барьж байгуулна гэж сүрхий ярьцгаадаг мөртлөө шинэ эх үүсвэрийн нүүрсний хэрэгцээг хангаж дийлэх уурхайгүй байх гээд байгаа нь, Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дунд болон урт хугацааны бодлого маш тодорхой гарч ирэх шаардлагатай байгааг, тэгж байж эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийн бодлого, төслүүд уялдаж, дагаж гарч ирэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 18, 2017 9:20:32 pm )
нарийлаад байлгүй тэр газраа наранхүү гишүүнээс худалдаад авчихаач дээ
-
naruto (January 19, 2017 11:25:57 am )
ИЙМ Ч ТӨР БАЙХ ГЭЖ ДЭЭ. ҮНЭХЭЭР АВИЛГАЛД ИДЭГДЭЖ ДУУСЧ. БҮХ ГАЗРАА ЗАРЧИХСАН ЮМ БАЙНА Л ДОО.
-
цочин (January 19, 2017 2:54:31 pm )
зарсан эзэнь МЭ Энхболд болон тэрны тойрон хүрээлэгч шүү Наранхүү бол тэр газры гцөвшөөшрөлгүй авсан байж магад тун дураараа хүн шиг байдаг юм тун дураараа хүн хэд би төрыг ашиглаж бид бол түүч тавах гаршаа тавах газар ч олдохгүй төрөд байгаа эрэх мэдлээ ашигалж хүмүүиин толгойг угааж мөнгөөр зодож худал үнэн яриж гарч ирээд эрхээ хэтрүүлэн ашиглдаг иим хүмүүс олон би
3 Comments