Энэтхэгт 100 охин тутамд 111 хүү төрдөг. Хятадад энэ үзүүлэлт 100-д 115-тай байдаг аж. 1990-ээд онд ч бас нэг улсад ийм статистик гарч байсан боловч төр засгаас хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах ажиллагааг амжилттай явуулж чаджээ.
Өмнөд Солонгост 20-иодхон жилийн өмнө хүйсийн тэнцвэргүй байдал дээд цэгтээ хүрч, 100 охин тутамд 116.5 хүү төрөх үед Засгийн газраас нь “Нэг охин 10 хүүтэй тэнцэнэ” хэмээх уриалгыг гаргаж эхэлжээ.
Хандлагаа өөрчилсөн нь
Солонгос гэр бүлүүд тогтсон ёс заншлын дагуу хөвгүүдэд илүү хайртай байдаг. Учир нь тэд удмаа залгамжилж, эцэг эхийгээ өтлөхөд санхүүгээр тусалж дэмжих болно гэлцдэг аж. Солонгосын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн холбооны тэргүүн Пак-Чха Окиён “Охидыг нөхөрт гараад л тухайн гэр бүлийн нэг хэсэг байхаа больдог гэж үздэг байв” хэмээжээ. Засгийн газраас энэхүү асуудлыг аль болох хурдан шийдэхийг хичээн ажиллажээ.
Охинтой болох гэж байгаагаа мэдээд үр хөндүүлэх гэж буй эмэгтэйчүүдийн тоог бууруулах зорилгоор 1998 онд эмч нарт хүүхдийн хүйсийг урьдчилж хэлж өгөхгүй байх заавар гаргасан байна. Үүнтэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн боловсрол ч эрс дээшилж, олонх эмэгтэйчүүд ажил хийж эхлэхэд зөвхөн эрчүүд л гэр бүлдээ мөнгө олдог гэсэн хэвшмэл ойлголт халагдаж эхэлжээ.
Эдгээр хүчин зүйлс нэгдсэний үр дүнд шинээр мэндэлсэн хүүхдүүдийн хүйсийн тэгш харьцаа хэвийн байдалдаа орсон байна. Ийнхүү Өмнөд Солонгосы улс ийм чиглэлээр амжилт гаргасан Азийн анхдагч улс болсон тухай Дэлхийн банкны баримтад дурджээ.
2013 он гэхэд шинээр төрсөн 100 охин тутамд 105.3 хүү төрж байгаа нь Канад зэрэг барууны орнуудтай харьцуулахуйц хэмжээний тэнцвэртэй байдал юм.
Хотжилт
Мэрилендийн их сургуулийн профессор, социологич Моника Дас Гупта Азийн орнууд дахь хүйсийн тэнцвэргүй байдлын асуудлыг олон жилийн турш судалж байгаа нэгэн юм. Түүний хэлж байгаагаар эцэг эхчүүдийн хөвгүүд, охиддоо хандах хандлага өөрчлөгдөж буйг зөвхөн хуулийн арга хэмжээтэй холбож болохгүй гэнэ.
Хүүхдийн хүйсийг эхийн хэвлийд байхад нь мэдэгдэхгүй байх хориг нь байдлыг бага зэрэг зассан боловч, тэрхүү хоригийг цуцалснаас хойш долоон жилийн дараа ч “сонгомол үр хөндөлт” үргэлжилсээр байсан гэнэ.
Харин уламжлалт чиг хандлага маш хурдан өөрчлөгдсөн нь Өмнөд Солонгосын хотжилт, үйлдвэржилттэй шууд холбоотой гэж Моника Дас Гупта тайлбарлаж байна. Үндсэндээ газар тариалан, хөдөө аж ахуйн орон байсан тус улсад ураг удмаа үргэлжлүүлэх, газраа өвлүүлэхэд эрэгтэй хүүхэд хэрэгтэй байв. Гэтэл хүн амын асар их хувь нь хэдэн арван жилийн дотор хотод шилжин ирж, шинэ хөршөө мэдэхгүй олон өрөө байранд амьдарч, ойрын хамт олноосоо өөр хэнийг ч танихгүй үйлдвэрт ажилласнаар уламжлалт хандлагууд саармагжиж эхэлжээ.
Гэтэл Хятад, Энэтхэгт шинээр мэндэлсэн хүүхдүүдийн дунд хүйсийн тэнцвэргүй байдал урьдын адил асар өндөр хэвээр байна. Энэтхэгт л гэхэд төрөх хүүхдийн хүйсийг тестээр үзэхийг хориглож, Хятадад хүйсийн шинж тэмдгээр нь үр хөндөлт хийлгэхийг нарийн зохицуулсаар байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа аж.
Моника Дас Гуптагийн үзэж буйгаар Хятадад тухайн хүн хотод ажиллаж, амьдардаг байсан ч төрөлх тосгонд нь бүртгэл үлддэг. Хүмүүст ч гэр бүлийн газраа авч үлдэх нь үнэхээр чухал. Харин газар нь эцгээс хүүд өв залгамжилж ирдэг гэнэ. Түүнчлэн иргэдийн эдийн засгийн байдал сайжрах тусам үр хөврөлийн хүйсийг мэдэх тест явуулах боломж бололцоо нэмэгддэг. Хангалуун амьдралтай хүмүүс цөөн тооны хүүхэдтэй болохоор төрөөгүй хүүхдийнхээ хүйсийг мэдэх нь маш чухал.
Энэтхэгт 1961 онд 1000 хүү тутамд 976 охин төрж байв. Тэгвэл 2011 оны байдлаар энэ тоо 914 болж буурчээ. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь тус улсад 1994 оноос хүйсээр нь ялгаж, үр хөндөлт хийхийг хориглосон ч хүүхдийн хүйсийг тестээр амархан мэддэг болсонтой холбоотой гэнэ.
Судлаачдын хэлж буйгаар сүүлийн 10 жилд Энэтхэгт найман сая орчим эмэгтэй үр хөврөл үр хөндөлтийн бай болсон аж.
Харин өдгөө Энэтхэгт эмэгтэйчүүдэд хандах хандлага өөрчлөгдөж буй хэд хэдэн хүчин зүйлс байна гэж Моника Дас Гупта ярьж байна. Тухайлбал, хэвлэлээр амжилттай яваа, ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийг байнга үзүүлж, өв залгамжлал зэрэг асуудалд хүйсийн тэгш харьцаатай тухай хуульд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн 1/3-ийг эмэгтэйчүүд байх ёстой гэж заажээ.
Харамсалтай нь хүйсийн тэнцвэртэй байдлаа хангаж чадсан гэгдэх Өмнөд Солонгост хүйсийн тэгш байдал хангагдахгүй байгаа тухай Пак-Чха Окиён өгүүлж байна. Тэрбээр “Шинээр төрсөн хүүхдүүдийн дунд хүйсийн тэгш байдал хэвийн болсон ч эмэгтэйчүүд урьдын адил ялгаварлан гадуурхалтад өртсөөр байгаа” гэжээ.
2013 оны байдлаар Өмнөд Солонгост ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс 36 хувиар бага байна. Гэтэл Шинэ Зеландад эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс ердөө л таван хувиар бага байдаг юм. “Өнөөдөр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү дээд боловсрол эзэмшиж байна. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр жинхэнэ асуудал эхэлдэг” хэмээн Пак-Чха Окиён мэдээлжээ.
Ажил мэргэжлийн хувьд амжилттай яваа солонгос эмэгтэй мэдээж бий. Солонгосын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн доктор Хё Кун Ли “Би сэхээтэн гэр бүлд төрсөндөө маш азтай гэж боддог. Манайх гурван охин, хоёр хүүтэй айл байсан. Эцэг эх маань биднийг боловсрол эзэмшихэд ижилхэн тусалсан. Гэвч би их сургуульд багш болоод 30 жил ажиллах хугацаандаа факультет дотроо цорын ганц эмэгтэй профессор нь байсаар ирсэн” гэжээ.
Ахмад үеийнхэн
Ерөнхийдөө Өмнөд Солонгост ахмад үеийнхэн нь урьдын адил хөвгүүдийг илүүд үздэг. Өдгөө 26 настай Эмилигийн ярьж буйгаар эмээ, өвөө нар нь түүнийг эрэгтэй дүү нартай болох хүртэл л тун сайн ханддаг байсан гэнэ. “Дүү нарыг хэзээ ч гэр орны ажил хийлгэдэггүй байсан. Миний төрсөн өдөр аавынхаас нэг хоногийн өмнө болдог юм. Эмээ, өвөө нар маань намайг төрсөн өдрөө тэмдэглэхийг хориод, “Эмэгтэй хүүхэд ааваасаа өмнө төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж юу байдаг юм бэ” гэж ярьдаг байсан” хэмээжээ.
Түүнээс гадна “Солонгос улс өдгөө хүмүүс нь тэгш эрх гэж юу байдгийг илүү ойлгох шилжилтийн үедээ явж байгаа гэж бодож байна. Гэхдээ бид барууны орны хэмжээнд хүртэл хол байна. Миний таньдаг зарим хүн нөхөрт гарахаараа карьераа орхих байх даа гэж ярьдаг” хэмээн Эмили ярьжээ. Гэхдээ тэр бүх зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байдаг аж. “Солонгост эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдал гэж юу байдгийг өөрсдөө ухамсарлах ёстой. Би эх орноосоо яваагүй бол өөрөө ч үүнийг ойлгохгүй байсан биз. Харин ч ийм зүйл байх ёстой гэж бодох байсан” хэмээн өдгөө Нидерландад сурдаг Эмили ярьсан байна. Тэрбээр “Өөр соёлтой учраагүй бол өөрсдийнхөө соёлын талаар асуудал тавихгүй байсан биз. Бүх зүйл өөрчлөгдөнө. Гэхдээ үүнд цаг хугацаа их орно” хэмээн Эмили өгүүлжээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.