Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэгийг ярилцлагынхаа хойморт урьж, энэ удаа ээжийнх нь тухай дурсамжийг хуваалцлаа.
-Ээжийн тухай ярилцахад үргэлж сайхан дурсамж төрж, сэтгэлд хоногшсон мөчүүд санагдаж байдаг. Таны хувьд ч гэсэн санаанаас гардаггүй дурсамж, элбэрэл хайр гээд л олон зүйл байгаа байх?
-Мэдээж хэрэг эхийн хайр, элбэрэл ачлалын тухай яривал багагүй хугацаа шаардагдах биз ээ. Миний хувьд, ээжийгээ амьд сэрүүн байж байгаад нь маш их баярладаг. Эх хүн гэж ямар байдаг билээ. Тэр бүхний тод илрэл, үлгэр жишээ болсон сайхан ээжтэй хүн дээ, би. Ээж минь нүд хөмсөг сайтай, их царайлаг хүн бий. Намайг бодвол адгуу биш, цайлган сэтгэлтэй, зөөлөн ааштай. Насаараа шахам эмийн санч хийсэн эмнэлгийн хүн дээ. Бага байхдаа би ээжийгээ юугаар төсөөлдөг байсан гээч. “Ээж ирлээ” гэхээр л гэрээр дүүрэн эм үнэртдэг байсан. Жор баригч учраас өдөр шөнөгүй эм тангийн дунд л ажилладаг байсан нь тэр байхгүй юу. Хэдийгээр улсын ажил ч гэлээ, тухайн үед ээжээс эм тан сурагласан хүн мундахгүй учир гэртээ авчирч худалддаг байсан. Бүр саяхныг хүртэл эм тангаа худалдаж байсан шүү. Хүнтэй суусан хэрнээ гэртээ очих дуртай байсан болохоор би байсхийгээд л тийшээ зүглэнэ. Нэг удаа ээжийнхээ гэрт очиж хоносон чинь хүмүүс шөнийн 03 цагт хүртэл хаалга үүд нүдээд эм тан авах гээд зогсчихдог байгаа. Би тэгэхээр нь “Танайд ирэхээр шөнө унтаж чадахгүй юм. Хүмүүс хаалга тогшиж, эм асууж утасдаад” гээд их л уурлаж байсан юмдаг. Гэхдээ ээж минь өдөр шөнийн алинд ч амин хувиа хичээлгүй, хүмүүст тус хүргэх гэж ажилладаг байсан нь эргээд бодохоор их сайхан санагддаг. Шөнийн хэдэн цагт ч хамаагүй, хүмүүс эм сураглаад ирдэг юм. Ээж маань сүүлдээ бүр “Би уг нь эм зарахаа больсон шүү дээ. Гэтэл хүмүүс одоо хүртэл асуугаад байх юм” гэж гайхдаг болсон. Үнэндээ бараг “Эмийн санч Нина” гэхээр л хүн болгон миний ээжийг танина шүү. Налайхын 20 дугаар эмийн санд насаараа шахам ажилласан учраас арга ч үгүй биз. Би нэг явдлыг мартдаггүй юмаа. Манай ээж гэртээ янз бүрийн эм, витамин авчирдаг байсан. Тэгэхэд нь би “Аскорбины хүчил” их хулгайлж иддэг байж билээ. Хүүхэд байхдаа энэ эмийг идэх их ч дуртай байж. Бас нэг хайрцаг поливитамин идсэн чинь биеэр дүүрэн хордлого гараад ээждээ нэг сайн “авахуулж” байснаа ер мартдаггүй юм. Хорин хэдхэн насандаа Анагаахын дунд сургуулийн эм найруулагчийн ангийг төгсч, Налайхад очоод 40 гаруй жил ажиллаж амьдарсан хүн. Эмийн сангаараа овоглосон ээжийг минь тэнд хүн болгон таньж мэддэг гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
-Эх хүн гэдэг утгаараа, танд ямар бодол мэдрэмж төрдөг талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Өөрөө ээж болоод л эхийн элбэрэл хайр, энэрэл ачлалыг ойлгосон доо. Одоо хэр нь миний ээж хүүхдүүдийг маань асарч тойлж яваа. “Тураг ядрахаар уулаа. Хүн ядрахаар төрлөө” гэсэн үг их үнэн шүү. Ээжийгээ нэг их гомдоож байсан минь юу билээ. Гэхдээ бас тийм ч айхтар баярлуулж байсан маань ховор биз. Яахав, ээж маань биднийг сайн хань ижилтэй болоод ажил төрөл нь бүтэмжтэй, сайхан амьдарч явааг хараад баярладаг л даа. Үр хүүхдүүд нь эрүүл энх, сайн сайхан явна гэдэг ээжүүдийн хувьд хамгийн том баяр байдаг байх. Бусдыг бодвол, ээж минь их даруухан зантай. Ажиглаад байхад, “Би тийм юмтай болмоор байна. Тэгж амаръя” гээд л хүүхдүүдээ зовоосон ээжүүд байдаг шүү дээ. Харин миний ээж өнөө хэр нь биднээс тусламж дэмжлэг авахыг хичээдэггүй. “Өө, яршиг. Би та нараас юу авах юм бэ” гээд өөрөө цайны сүү зөөж гүйгээд байгаа юм биш үү.(инээв) Би их муухай. Анхны хүүхдээ төрөхөд байсхийгээд л ээж рүүгээ гүйж очдог байсан бол, сүүлийн үед бүр цухуйхаа ч больсон. Тэгсэн мөртлөө ханиад томуу тусч, ядраад ирэхээрээ л ээжийгээ санаад байгаа юм биш үү. Гэхдээ намайг ажил ихтэй яваа гээд зовлонг минь ойлгоно л доо. Гэртээ байлгах гэхээр дургүйцээд ирэхгүй юм.
-Хамгийн ихээр баярлуулсан үе тань хэдийд тохиосон бол..?
-Бага сага зүйлээр баярлуулах нь байдаг л даа. Бид нар жил тутам гэр бүлээрээ ийш тийшээ явахдаа ээжийгээ дагуулж явдаг. Ямар ч байсан, би ээжийгээ дагуулаад амрах хүсэлтэй ганц хоёр газраар нь авч явсан. Үүгээр ч зогсохгүй, цаашид олон газраар дагуулж явах байх. Амьдрал маань тогтворжиж, ээж минь амьд сэрүүн байвал үүнээс ч илүүгээр баярлуулна гэж боддог.
-Хэдийгээр ээж болсон ч гэлээ, танд зааж зөвлөх юм бишгүй л гарна биз?
-Манай ээж үр хүүхдүүдийнхээ амьдралд тэгтлээ их оролцоод байдаггүй юмаа. Бага байхдаа эгч бид хоёр их хэрэлдэж муудалцдаг байсан. Тэгэхэд ээж “Юугаа булаацалддаг байна аа. Энэ их хор шар, уур уцаар хаанаас чинь гардаг юм бэ” гээд л их гайхна шүү. Биднийг уурлаж загнаад л, цохиж зодоод бухимдана гэж ер байхгүй. Би багадаа их хор шартай хүүхэд байсан юм. Нэг удаа манай байрны эгч ээжийг маань толгой түрүүгүй загнахаар нь би хэрэлдээд… Гэтэл өмөөрсөн биш, ээждээ зэмлүүлж бүр цохиулж аваад уйлж байснаа одоо хүртэл мартдаггүй юм. Хүүхэд л болсон хойно хоол унд хийх, гэр цэвэрлэх, хувцас хунар угаах асуудал дээр эгчтэйгээ байнга маргана. Хааяа ч бүр “поогоо үсэргэнэ” гээч. Тэгээд яахав дээ, хоёулаа хамт ээжид зодуулаад л уйлна даа. Энэ бүхнийг бодсон ч тэр, ээжээрээ бахархах зүйл олон бий. Хүн гэдэг амьтан чинь их муухай юмаа. Аав минь нэлээд эрт өнгөрсөн болохоор миний ээж 49 насандаа бэлэвсэн хоцорсон. Залуухан үлдсэн ээжийгээ бид нар “Та дахиад хүнтэй сууж болохгүй шүү” гэж тал талаас нь шахаад л их муухай. Одоо эргээд бодохоор их харамсдаг шүү, нуугаад яахав. “Санаа сэтгэлд чинь таарсан хүн байвал хамт амьдрах хэрэгтэй” гэж зөвлөөд л байгаа. Тухайн үед бид нар зөвхөн өөрсдийгөө бодоод амин хувиа л хичээж байсан хэрэг. Үр хүүхдүүдийнхээ сэтгэлд сэв үлдээх ямар ч зүйл хийгээгүй, ёс журамтай амьдарсныг нь бодоход бахархмаар юм шиг боловч нөгөө талаараа, их эмгэнэлтэй санагддаг. “40 гаруйхан насандаа бэлэвсэн хоцорчихоод яаж өөрийгөө мартаж зүрхлэв ээ” гэж. Гэтэл одоо би бараг 40 насны босгон дээр ирчихээд ээжийнхээ зовлонг ойлгож байна. “Ээжид өөр хүнтэй суух боломж байхад ямар сонин юм бэ. Бид нарт баригдаад л өдий хүртэл ганцаараа явна гэдэг утгагүй” гээд л эгчтэйгээ ярилцаж байлаа. Одоо бага эрэгтэй дүүтэй минь хамт Налайхад амьдарч байгаа. Ээжийнх маань тийм ч их тансаг амьдралтай биш л дээ. Унаа тэрэг, энэ тэр гэж нэг их тансаглаад байхгүй. Тэтгэврийн мөнгөөрөө болгох юм уу, бага сага ажил хийгээд л амьдралаа залгуулдаг. Хааяа өрөвддөг л юм. “Наашаа яаж ирэв” гэхээр “Өө, микроавтобусанд суугаад ирлээ. Хямд үнэтэй юм” гээд л их арвич хямгач зантай. “Би ямар та нар шиг машин тэргэнд суугаад байх биш. Тэгэх шаардлага ч байхгүй юм чинь” гээд ер тоохгүй. Бас их эртэч. Хар үүрээр босоод л цай, сүү болоод суучихна. Ээж ирэхээр манайх их гоё байдаг шүү. Охиноо эрт сэрээхгүй гээд бараг л шөнө унтуулдаг надад ээж ирсэн үед их амар байдаг. “Алив, та ав” гээд л охиноо өгчихнө. Хүүхдүүд маань ханиад томуу тусчихвал надад уурлана аа, бас. “Аминдаа арчаагүй, гоёж гоодохоос өөр юм мэдэхгүй. Та нарын ажил гэж юу байсан юм. Бид та нар шиг байхдаа улсын ажил хийж, хажуугаар нь долоо, найман хүүхэд өсгөж байсан. Гэтэл хоёрхон хүүхдээ арчилж чадахгүй” гээд л намайг муулж өгнө шүү дээ. Ажлын минь онцлогийг ойлгохгүй “Тэр дуу хуур ямар хамаатай юм бэ. Шууд л хаяад үр хүүхдээ асрахгүй юу” гээд загнаад байдаг юм.
-Олон хүүхэдтэй айл гэхэд ажил төрөл ёстой л ундардаг байсан байх. Ээжээсээ их зүйлийг сурах боломж ч байсан нь мэдээж?
-Манайх их боорцог хийдэг айл байсан. Хагас, бүтэн сайн болохоор орос угаалгын машинд битүү юм чихээд л угаалга хийдэг. Зайлуул даа, тэр үед гэрийнхээ хамаг юмыг угааж арчих, боорцог хийх гээд л ээж минь их ядардаг байсан байх. Бүх зүйлийг л болгож бүтээгээд явдаг байсан. Тэгэхээр намайг ингэж зэмлэх нь ч аргагүй. Бүр нөхрийг маань хүртэл “Ямар их унтдаг юм бэ. Шөнө орой болтол хаагуур юу хийгээд яваад байдаг юм” гэж загнана гээч. Студийнхээ төхөөрөмжийг Америкаас оруулж ирсэн болохоор шөнө орой ажил хэргийн талаар ярих зүйл бишгүй гардаг байлаа, нэгэн үе. Тэгэхээр ээж нөхрийн маань дэргэд оччихсон чагнаж байх юм уу, маргааш нь надаас асууж эхэлнэ (инээв). Бид нарын асуудалд нэг их оролцдоггүй хэрнээ зүгээр суухгүй, хэрэгт дурлана гэж байгаа. Бас их номхон даруу юм уу гэхээр үгүй шүү. Ааш нь хөдөлбөл биднийгээ хяргачих гээд их эвгүй. Эхний үед намайг өмөөрдөг байсан бол, одоо ер нь бүх зүйл нөхрийн зөв болж таарч байх шиг байна. Нөхөрт маань их сайн шүү. Хамгийн гол нь, хэлье гэснээ нууж хаалгүй хэлчихдэг болохоор тэр байх. Заримдаа бүр гомдоод байдаг шүү дээ, би. “Миний ээж байж яагаад намайг өмөөрөхгүй байгаа юм бэ” гээд л авч өгнө. Үүнээс гадна ээж маань ах дүү, төрөл төрөгсдөө гэсэн чин сэтгэлтэй явдаг. Ах дүү нар дотроо хамгийн ахмад нь болоод ч тэр үү, их элгэмсэг. Баяр ёслолоор ганц хоёр хундага тогтоочихоод туулж өнгөрүүлсэн амьдралынхаа баяр гунигийг хуваалцахад нь бид нар их уярдаг. Ямар ч байсан, ээжийн тухай муу муухай ч юм уу хэцүү гэхээр дурсамж бидэнд байхгүй дээ.
-Ээж тань одоо хэдэн насыг зооглож явна вэ?
-Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн, 60 гаруй настай хөгшин бий. Хоёр том ах маань аавыг дагаж ирсэн. Ах дүүс маань ээжийн тухай ярьдаг л даа. “Хэдий хойд эх ч гэлээ, үр хүүхдээ төрснөөс нь дутуугүй хайрладаг” гээд их сайн хүн шүү. Хамгийн том ах маань тахир дутуу, бие муутай хүн байдаг. Ээж минь ахын эрүүл мэнд, амьдрал ахуйд нь анхаарч энэ тэрүүгээр их гүйдэг дээ. Жүжигчин Бооёо хошигнож хэлсэн байдаг шиг ээжийн тухай дуу, шүлэг их бий. Эхийн ачлал, үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлийг юугаар ч зүйрлэмгүй. “Будан суухаас нь өмнө”, “Тэнгэрийн аргал”, “Буурал нөмрөгөөс нь төөрүүлж ээжийгээ хайрлая” гэх мэт миний дуунууд байдаг шүү дээ. Би өөрөө эх хүн учраас үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хайрлаж энэрэхийн цагт “Ээж минь биднийг яг ингэж л хайрладаг байсан байх даа” гэж боддог юм. Хоёр эрэгтэй дүүд маань ээж жигтэйхэн хайртай. Багыг нь бүр эрхлүүлээд, хааяа биднээс нууж гоё юм өгнө гэж байгаа. Бид нар заримдаа тоглоом хийж “Та ер нь хэнд нь илүү хайртай юм бэ” гэж асууна аа. Эх хүний сэтгэл л юм даа. Эрэгтэй дүү маань архи дарс ууж, болж бүтэхгүй байхаар нь бид нар барьж идчих гээд дайрах нь энүүхэнд. Тэгэхэд ээж юу ч болоогүй юм шиг суугаад л өмөөрнө. Сайхан сэтгэлтэй болохоор нь тэр үү, ээжид маань бэрүүд их сайн ханддаг. Дүү нарын маань эхнэрүүд их элгэмсүү, ээжийг минь надаас ч илүү халамжилна гээч. Хожим нь би өөрөө ч гэсэн хадам ээж болох юм чинь гээд боддог байхгүй юу. “Хүний охин, хүүд өөрийнхөө хүүхэд шиг хандаж байж тэдний хайрыг татаж, илүү уусч амьдрах юм байна” гэж.
-Дуучин охиноороо бахархаж суух мөч олон байдаг болов уу, ээжид тань?
-Уран бүтээлийг маань ээж их гоё хүлээж авдаг. Гэхдээ намайг дуучин гэхээсээ илүү үр хүүхдээ гэсэн сэтгэлээр хандах нь мэдээж. “Дуу энэ тэр нь яахав ээ. Даарч хөрөөд, ядарч зовох вий” гээд л их санаа тавина. Гайгүйхэн шиг байвал юу ч болоогүй юм шиг явдаг мөртлөө жаахан л юм болохоо боливол ээж рүүгээ утасдаад эхэлнэ дээ, бид. Манай ээж их орчин үеийн сэтгэлгээтэй. Бага байхаас минь л эрхлүүлж сүйд болоод байдаггүй, дөлгөөн эмэгтэй байсан. Ээжийг гэрт ирэхээр ямар сайхан гээч. Яг үнэнийг хэлэхэд, айлын эзэгтэй болоод удаж байгаа хэрнээ би одоо болтол будаатай цай хийж чадахгүй шүү. Хоол унд хийхдээ тааруу. Ээжийн будаатай цай, гарын хуушуур үнэхээр амттай. Үнэр нь хамар цоргихоор нөхөр маань хүртэл нүд нь сэргээд босоод ирнэ гээч. “Ээж ирсэн юм уу” гээд л… Настай хүн болохоороо ээж зүгээр сууна гэж ер байхгүй. Гэр цэвэрлэх гэж ёстой бужигнуулдаг нөхөр дөө. Шил тавилгыг маань халтартуулаад, хог шороо үлдээгээд л их хөгжилтэй. Намайг “Ямар галуу шувуу биш, яасан их усанд ордог юм бэ” гээд л загнах зүйл нь мундахгүй. Үр хүүхдүүдийнхээ бүх зүйлд санаа тавьж, сэтгэлээ чилээж явдаг миний ээж сайхан хүн. Одоохондоо ээждээ зориулж цомог гаргах талаар бодоогүй л явна. Мэдээж, сайхан дуу эрж хайлгүй яахав. Ээжийн маань аав лам хүн байсан гэсэн, би өвөөгөө сайн мэдэхгүй л дээ. Би эмээгээ их дуурайсан юм шиг байна лээ. Эмээг маань жижигхэн биетэй, чанга дуутай хүн байсан гэж ярьдаг юм.
Р.МӨНГӨН

Холбоотой мэдээ
Comments are closed.