antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 1 comment

”Өндөр дээд тушаалтанд ширүүн жил байх болно”

нийтлэсэн Admin

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Сар шинэ болоход арав гаруйхан хоног үлдлээ. Луу жилийн ноён нуруу зурхайд хэр бууж байна.  Хүмүүс нялхаст ээлтэй, залууст ширүүн жил болно гээд л ярилцаад байна?

-Залран ирж буй Баясгалан хэмээн усан луу жилийн шороон үхрийн зурлагаар бол үхэр нь хөх толгойтой, хөх ходоодтой, шийр болон бие нь шар, эвэр чих сүүл нь ногоон, цагаан омруутай, амаа ангайсан, сүүлээ зүүн тийш шарваж байгаагаар дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь  үхрийнхээ баруун талд мяндсан шилбүүр барьсан, шар биетэй, ногоон хувцастай, цагаан бүстэй, үсээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, зүүн гутлаа өмсөөд, баруун гутлаа зүүн талдаа хавчуулсан хүүхэд явна гэж дүрслэгдсэн байна.

Эндээс луу жилийн байцыг ажвал хавар болон улирлын эхүүдээр хур бороо элбэгтэй. Харин жилийн эх болон сүүлээр мөндөр шамарга ихтэй байх болов уу. Улс оронд хишиг буян дэлгэрч, ургац арвин авна. Ард олон амгалан тайван, ажил үйлс өөдрөг байх бөгөөд өндөр дээд тушаалтанд ширүүн, дунд тушаалтанд машид ширүүн байна. Хямрал самуун үгүй. Харин малд ширүүн байна.  Нялхас, хүүхдэд ээлтэй, залууст ширүүн жил болж магадгүй. Усан луу жилийн ноён нурууг шинжвэл, ард иргэд өег цатгалан, сүү сааль арвижиж, өвчин зовлонгүй, юу санасан хэрэг бүхэн бүтнэ гэсэн байна.

-Тэгэхээр Баясгалан хэмээн усан луу жил их сайхан жил болох нь ээ дээ?

-Сайхан жил болно. Хүн ард цатгалан, улс орон хөгжилтэй, мөнгөтэй болох юм. Хүн бүхэн эв эеэ хичээвэл, хэрүүл тэмцэлгүй, ажил үйлс өөдрөг байх юм. Бурхны шашны сургаальд хүн бие, хэл, сэтгэлээ ариун байхыг сургадаг.  Тиймээс бие, хэл, сэтгэл ариун байх юм бол санасан үйлс тань сэтгэгчлэн бүтэх юм шүү гэдгийг сүсэгтэн олондоо хэлмээр байна.

-Зарим хүмүүс Хятадын еэвэн сараар цагаан сараа тэмдэглэчихсэн гэсэн. Энэ нь хэр зөв үйлдэл юм бол. Төгсбуянтын шинэ зурхайг монголчууд заавал дагах ёстой гэж үү?

-Бар сарыг Монголыг анхдугаар сар гээд, бар сарын шинийн 1 бол хаврын тэргүүн сарын 1 гэж Чингис хаан зарласан байдаг юм. Төгсбуянтын зурхай бол Монголын газар нутаг, цаг агаар, монгол ахуйтай зохицсон байдаг. Олон зууны туршид монголчууд энэ л зурхайг амьдрал ахуйдаа ашиглан хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ жил монгол түмэн хоёрдугаар сарын 22-нд цагаан сараа тэмдэглэх учиртай. Зурхайн ухаан гэдэг маш нарийн. Математик мэддэг бүхэн энэ шинжлэх ухааныг судлаад зурхай зураад гаргаад ирчихэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь зурхайн ухаанаар тоглож болохгүй гэсэн үг. Өнөөдөр ардчилсан нийгэм болохоор Төгсбуянтын шинэ зурхайн дагуу сар шинээ тэмдэглэхгүй гэвэл тэдний хэрэг. Харин энэ зурхайг үгүйсгэж, няцаах хэрэггүй юм шүү дээ. Төгсбуянтын шинэ зурхай нь монголчуудын олон зууны туршид хэрэглэж ирэх явцад амьдрал дээр магадлан тунгаагдсан, одоогийнхоор бол батлагдаж, нотлогдсон шинжлэх ухаан юм. Ер нь цаг тооны бичгийг зохиоход ганцхан сар шинийн өдрийг авч үздэг юм биш. Цаг тооны бичгийг зохиоход 24  улирлаар тооцож гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, одон зурхайн ёсонд  жилийн дөрвөн улирлыг 24 бага улиралд хувааж үздэг. Тухайлбал, хаврын улирал нь хаврын уур орох, хур ус, ичигсэд хөдлөх, хаврын хугас дунд, ханш нээх, тариалангийн хур зэрэг зургаан бага улирлаар тооцож гаргаж ирнэ.  Энэ өдөр цагаан сар болно гээд хэдэн лам нар ярилцаж шийдвэрлэчихдэг асуудал биш юм.

-Цагаан сарыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэр хэрээр санхүүгийн хүндрэл багагүй учирдаг. Тиймээс зарим төрийн бус байгууллагаас цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх, ууц тавихыг  төр засаг хориглох хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлсэн. Та үүнтэй санал нэгдэж байна уу?

-Цагаан сар бол Монголын төр, шашны том баяр. Монголчуудын үндэсний хийгээд, нас нэмсний, урин цаг ирсний баяр юм. Монголчууд эрт дээрээс хоёр том баярыг тэмдэглэдэг байсан. Нэг нь эрийн гурван наадам, нөгөө нь цагаан сар. Шинэ жил, мартын 8, төрсөн өдөр гээд элдэв баяр тэмдэглэдэггүй байсан шүү дээ. Харин одоо баяр нь олдчихсон, баяр баярын хооронд хүмүүс  чирэгдэж байгаа нь үнэн. Үндэснийхээ хоёр том баярыг  тэмдэглээд, олон жижиг баяруудаас харин татгалзах хэрэгтэй. Солонгосчууд гэхэд Европ тооллын шинэ жилийн баярыг тэмдэглэдэггүй гэсэн. Би цагаан сар тэмдэглэхийг зөв гэж боддог. Ах дүү хамаатан саднаараа ураг төрлөө мэдэлцэж, үндэснийхээ дээл хувцсаар гоёж, хүүхдүүдээ  баярлуулж, ахмадуудаа хүндэтгэдэг, төр, шашнаа дээдэлдэг сайхан баяр. Шинэ хүргэн бэртэй болсноо, шинэ хүн мэндэлснээ ах дүү, хамаатан садандаа танилцуулж, нэг ёсондоо цус ойртохоос сэргийлдэг цаанаа учир утгатай баяр бол цагаан сар юм. Айл болгон ууц тавих хэрэггүй гэдэгтэй би санал нэгддэг. Дал дөрвөн өндөр, богино  хавирга, хонтой шаант чөмөг, өвчүү, хүзүү чанаад тавьчихаж болно шүү дээ. Төр засгаас ууц тавихыг хориглоно гэсэн хууль батална гэдэг нөгөө дээр үед цагаан сар тэмдэглэхийг хориглож байгаатай л адилхан зүйл болов уу. Энэ бол зөвхөн миний л бодол юм даа. Сар шинээ сайхан тэмдэглэвэл тэр жилдээ идээ будаа элбэг дэлбэг сайхан явна гэж хөгшчүүд биднийг бага байхад ярьдаг байлаа. Тэр бас оргүй зүйл биш байх л даа. Цагаан сарыг бас билгэдлийн баяр гэж хэлж болно. Цагаан сарын өмнө бие, хэл, сэтгэлээ ариун байлган жилийнхээ төгсгөл, эхлэлийг бэлгэ дэмбэрэлтэй хийвэл дараа жилийнх нь ажил үйлс бүтэмжтэй явдаг учиртай. Тиймээс хэн нэгнийг гомдоосон, сэтгэлдээ сэвтэй бол түүнийгээ сар шинээс өмнө ариутгах хэрэгтэй юм.

-Шинийн 3-наас 15-ны дотор ном  уншуулбал сайн гэж лам хуваргууд ярьдаг. Энэ нь ямар учиртай юм бэ. Сар шинэ гарахаас өмнө ирэх жилийнхээ заслыг хийлгэчихэж болдог юм болов уу, ингэхэд?

-Сүм хийдүүд  билгийн тооллын 27-ноос эхлээд сахиус хурдаг.  Улиран олдож байгаа жилийнхээ бүх балин, тахилгыг шинэчилдэг болохоор 27,28,29-ны өдөр ирж буй жилийнхээ заслыг урьдаад хийлгэчихэж болно. Үгүй бол сар шинэ гарсны дараа шинийн 3-наас 15-ны хооронд тухайн жилийнхаа засал номыг хийлгэх хэрэгтэй. Сүм хийдүүд одоо ингээд л их ажилд дарагдаж эхэлдэг. Билгийн тооллын 27,28,29-нд сүм хийдүүд”Арван хангал”, “Их догшид”-ыг тахидаг болохоор ирэх жилийнхээ сайн сайхныг даатган сэтгэлээрээ хамт сүсэглэх учиртай юм. Шинийн 1-нээс 15 бол бурхан багшийн “Их дүйцэн” өдрүүд байдаг. Энэ өдрүүдэд засал номоо хийлгэвэл жирийн өдрүүдээс илүү буян арвиждаг ёстой.

-Монголчууд цагаан сараар ахмадуудаа мөнгө барьж золгодог. Барьж байгаа мөнгөнийхөө хэмжээ, өмссөн үнэтэй торгон дээл, үслэг эдлэл, гарынх нь атганд багтамгүй ганган чамин хөөргөөр өрсөлддөг болоод удлаа. Төрийн түшмэд, сайдууд хүртэл сар шинээр борчуудын  өмнө өмссөн зүүснээрээ илүүрхэж байна?

-Хүмүүс надаас асуудаг юм. Хадаг барьж золгох уу, мөнгө барьж золгосон нь дээр үү гэж. Юугаа барих нь тэр хүний асуудал. Гэхдээ мөнгө барьсан ч, хадаг барьсан ч хармын сэтгэлгүй байх ёстой.  Хэн нэгэнд гайхуулах гэж “том” мөнгө барьж золгочихоод дараа нь харамсаад байвал мөнгө барьж золгосны хэрэггүй. Цагаан сар бол үндэсний их баяр гэдгээрээ монголчууд сүүлийн үед үндэснийхээ дээл хувцасаар гоёх дуртай болсон байна лээ. Энэ бол сайн зүйл. Гэхдээ хэтэрхий үнэтэй хувцас өмлөө гээд тэр хүн бие, хэл сэтгэлээ ариусгаагүй бол нэмэргүй шүү дээ.

-Энэ жил сонгууль болно. Луу жилийн ноён нуруунд Монголын  улстөрийн амьдрал ямар байна гэж буусан бэ. Үймээн самуун гарах нь уу?

-Би түрүүнд хэлсэн шүү дээ. Баясгалан хэмээн усан луу жилийн төлөв байдлыг ажиглахад ард түмэн амгалан тайван байна. Харин өндөр дээд тушаалтанд ширүүн, дунд суудлын түшмэдүүдэд машид ширүүн байх бололтой. Бас гаслан гарахын ёр буй. Гэхдээ үймээн самуун гарахгүй юм.

-Өнгөрсөн 2008 оны сонгуулиар олон хүн шархдаж, цөөнгүй хүн амиа алдсан. Ийм зүйл гарах вий гэсэн эмзэглэл байна л даа?

-Аливаа зүйлд үйлийн үр гэж бий.  Алива хүнд ч гэсэн үйлийн үр гэж байдаг. Сонгуулийн дүн гэдэг нэг үйлийн үр. Тэнд цугларсан хүмүүс өөр өөрийн үйлийн үртэй. Олон үйлийн үр нэг дор нөхцөлдөж, тэр нь гай гаслан болсон. Тиймээс монголчууд эвтэй найртай байх ёстой. Дээд түшмэд нь ч доод иргэд ч шударга, эвтэй байхыг хичээх хэрэгтэй юм.

-Өнгөрсөн жил Монголын бурхан шашинд олон томоохон үйл явдал тохиосон. Монголын бурхан шашны тэргүүнийг тодруулж, бас 14 дүгээр Далай лам манай улсад зочилсон байгаа?

-Туулай жил Монголын бурхан шашинд тэмдэглүүштэй томоохон зүйл олон тохиосон. Монголын бурхан шашны тэргүүнээр Халхын IX богд Жавзандамба хутагтыг заллаа.  Монголчуудын эртний сайн ерөөл барилдлагын хүчээр дахин учирч, номын хураа буулгаж шавь нарынхаа горилыг хангасан энэ үед IX богд Жавзандамбыг бурхан шашны тэргүүнээр залсан маш зөв зүйл юм. Мөн дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай багш Монголд морилон шинэ мянганы шинэ залуу хүн хэн байх, ямар байх талаар Монголын залуучуудад маш сайхан лекц уншсан.

-Монголын бурхан шашны тэргүүнээр Халхын IX богд Жавзандамба хутагтыг залсныг зарим нэг хүн эсэргүүцэж байсан?

-Цөөнх нь олонхынхоо шийдвэрийг дагна гэдэг ардчиллын нэг зарчим биз дээ.  Монголын бурхан шашны лам хуваргуудад энэ шийдвэрийг эсэргүүцсэн хүн тийм ч олон байгаагүй байх. Богд лүндэн гаргаж, түүнийг нь гүйцэтгэгчид бол Монголын лам хуваргууд. Богдын лүндэнг хэр гүйцэтгэж, бурхны шашныг цаашид хэрхэн дэлгэрүүлэх нь лам хуварга бидний үүрэг юм.

-Сүүлийн үед бөө нар маш олноор төрж байна. Зарим хүмүүс үүнийг тийм ч талархалтайгаар хүлээж авдаггүй. Харин зарим нь Монголын уламжлалт шашин бол бөө мөргөл гэдэг?

-Хэн нэгэн хүн зүв зүгээр байж байгаад л унаж тусаад, эрдэм номтой, хүн болчихно гэдэгт би эргэлздэг. Над дээр олон хүн ирдэг юм. Намайг бөө бол гэсэн, гэтэл бөө болоод ч миний бие дээрдэхгүй байна гэж олон хүн ирж байсан. Тэдэнд би хэлдэг юм. Унаж, туслаа гээд бөө болчихгүй гэдгийг. Телевиз радиогоор янз бүрийн мэдээ гарах юм. Зарим бөө хүн түлж алсан машин шатаасан, хулгай хийсэн, хүн залилсан гээд муу мэдээ ч их байна.  Олон хүн сайтай муутай гэгчээр зарим нь сайн л байдаг байх. Харин зарим нь хүний өвчин зовлонгоор бизнес хийгээд байна уу гэж бодогддог. Тэр нь бөөгийнх нь ёсонд хэр нийцдэг юм бол гэж бодогддог шүү. Зарим бөө нар хэлдэг гэсэн, тэр ээмгээ өг, энэ машинаа өг гээд нэхдэг бололтой юм билээ. Тэгж болохгүй  байх л даа. Энэ бүхэн цаг зуурын үзэгдэл юм даа. Тэртээ тэргүй цаг хугацаа байгалийн шалгарлаар бөө мөн эсэхийг нь шийдээд өгчих болов уу. Цагийн аяс, цаг хугацааны шалгарал гэж айхтар зүйл байдаг юм шүү дээ. Нэг хэсэг Монгол элдэв янзын үзмэрч, бариачаар дүүрсэн. Одоо тийм олон үзмэрч байна уу. Эрдмийг багшаар заалгаж, тодорхой хөтөлбөр сургалтын дагуу сурдаг. Манай бурхан шашны сүм хийдүүд цагаан толгойн үсэгнээс нь эхлээд тусгай хөтөлбөрийн дагуу ном заадаг учиртай.

-Байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцсанаас болж байгаль ээж хүн төрөлхтөнөөс хариугаа авч  байна гээд л зарим лам нар ярьдаг?

-Тэр үнэн. Гэдсийг нь онгичоод, ухаад байхаар байгаль яаж сайхан аашлах билээ. Өнөөдөр хэн нэгэн алт ухаад баяжаад байна гэдэг. Хэзээ нэгэн цагт тэр хүн үйл лайгаа эдлэх болно. Дэлхийн гагнаас бол алт гэдэг. Гэтэл гагнаасын ухаж аваад байвал дэлхий зүгээр хараад суухгүй болов уу. Монголчууд аль эртнээс үр хүүхдээ мод хугалж болохгүй, газар хөндөж болохгүй, ус бохирдуулж болохгүй гэж сургадаг нь цаанаа учиртай болоод л тэр юм.

-Ингэхэд 2012 онд дэлхий сүйрнэ гээд байгаа. Үнэхээр тийм явдал болох болов уу. Зурхайн зурлагыг харахад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй юу?

-Тийм юм болохгүй. Дэлхий сүйрэхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

-Хамгийн сүүлчийн асуулт. Та сүсэгтэн олондоо хандаж юу хэлмээр байна?

-Эв эеэ хичээж, бие хэл, сэтгэлээ нүглээс ариусгавал ажил төрөл чинь бүтэмжтэй, сайн сайхан амьдрах юм. Мөн буян их үйлдэх хэрэгтэй. Бусдыг хайрлах хэрэгтэй. Баясгалан хэмээн усан луу жилдээ төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан ажил үйлс бүтэмжтэй, амьдрал ахуй тань өөдрөг байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй, монголчуудаа.

Ж.Нямсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 06, 2012 8:26:42 pm )

    yurn ta mash zvb helj bnaa undur deed baychuudad yur n mongold amid yabh batalgaa bhgui bolj ehelj bndaa ayul aisui bn het yaduursan hvn gedeg heeriin boohoinoos dor bdg gdg dee udahgui ednii ger orng deermdendee

antalya rent a car