antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2016 5 comments

Г.Дамбадаржаа: Ажилгүй залуучуудыг ажилсаг шоргоолж болгохын төлөө зорьж байна

нийтлэсэн Admin

67914135832e54fed7b871Манай нийгэмд анхаарах ёстой хамгийн чухал асуудал бол ажилгүйдэл. Өндөр боловсрол эзэмшиж, их дээд сургууль төгссөн мянга мянган залуус ажилгүйчүүд, мөнгөгүйчүүдийн тоог нэмсээр байгаа нь эдийн засгийн хямралтай нийгмийг улам л дордуулж байгааг хэн хүнгүй хэлнэ. “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэсэн мэргэн үгийн мөн чанарыг санагдуулам нэгэн гэгээлэг үйлсийг эхлүүлсэн залуусын төлөөллийг “Бүтээлч Монгол” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж оролцуулаад байна. Энэ бол нийгэмд ажилгүй байгаа, тэрчлэн ажил хийж мөнгө олохыг хүсэхгүй байгаа залуучуудыг ажилтай болгохын төлөө, залуучуудын хандлагыг залхуурлаас хөдөлмөрлөх үйлсэд зүглүүлэхийн төлөө зориглож яваа “Ажилсаг шоргоолж” төслийн санаачлагч Г.Дамбадаржаа юм. Түүний эхлүүлж буй төслийн талаар ярилцсанаа танд хүргэж байна.

-Нийгэмд байгаа харанхуй зүйлийг гэрэлтүүлэхээр зориглож, сэтгэлийнхээ лааг асаасан танд юуны өмнө баярлаж буйгаа илэрхийлье. Тэгэхээр “Ажилсаг шоргоолж” төслийг анх эхлүүлэх санаа хэдийд төрөв гэдгээс яриагаа эхэлье?

-Энэ төслийн тухай олон хүн асууж, сонирхож байна. Одоогоос дөрвөн сарын өмнө ийм төрлийн төсөл хэрэгжүүлэх санаа орж ирсэн. Ажил хэрэг болгох, эхлүүлэх гэж явсаар байгаад өвөлтэй золгож байна. Залуусын ажиллаж хөдөлмөрлөх түрээсийн 180 м2орчим ажлын байрыг хөөцөлдөөд л явж байна. Ажилгүй байгаа залуучуудыг ажилтай, орлоготой болгох нь миний хувьд нийгэмд оруулж буй хувь нэмэр гэж ойлгоод яаж тэднийг нэгтгэх вэ, гэдэг гаргалгааг хайж байсан юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаад зогсоосон “Зөгийн үүр” хөтөлбөрөөс анх сэдэл авсан. “Зөгийн үүр” бол төрөөс санхүүждэг, эрэлт ихтэй, чухал мэргэжлээр гадаадын их дээд сургууль төгссөн  залуучуудыг эх орондоо татах, тэдний мэдлэг туршлагыг монгол хөрсөнд суулгах гэсэн маш өргөн цар хүрээг хамарсан, үр дүнтэй төсөл байсан юм. Харамсалтай нь зогсчихсон. Нөгөө гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуучууд чинь эх орондоо ажиллах бус харь улс руу явж, цалин өндөртэй ажлаа хийхээр явж байна. Уриад аваад ирсэн залуус нь ажилгүй халаглаад сууж байгаатай ч таарч байлаа. Миний эхлүүлж буй “Ажилсаг шоргоолж” төсөл бол “Зөгийн үүр” гэх хөтөлбөрийн эсрэг ойлголт гэж болно. Бид ажиллах хүчээ өөрсдөө бэлдэж өмсөх хувцас идэх хүнсээ өөрсдөө тарьдаг ургуулдаг байх нь л бидний чадах бас чаддаг байх юм. Төслийг маань хэтэрхий томоор харж бас хүндээр хүлээж авч болохгүй юм. Өчүүхэн жижгээс эхлэх гэсэн санаа минь энэ. Гарын уртай, эзэмшсэн мэргэжилтэй, мөнгө олж амьдрал ахуйгаа өөд татах чин хүсэлтэй залуучуудыг нэгтгэж, тэд юу хийж чаддаг вэ гэдгийг нийгэмд таниулж, цалинтай, тогтмол орлоготой, зорилго тэмүүлэлтэй, нийтэч, залуусыг хөдөлмөрийн талбарт өөрсдийнх нь ур чадвараар бэлтгэн гаргах зорилготой юм.

-Төсөлд ажилгүй залуучуудыг хамруулна гэж та ярилаа. Яагаад заавал ийм зорилтод бүлгийг сонгов.

-Залуучууд бол хөдөлмөрлөх, хийж бүтээхийн төлөө явдаг, зорьдог байх ёстой гэж би үздэг. Энэ бол албадлага биш. Та ажил хийхгүй байж болно. Ажил хийгээгүйнхээ төлөө хоол идэхгүй байх ёстой. Бусдын хөдөлмөрөөр, бусдын хоолоор ходоодоо бордоод сууж байх эрх залуучуудад байх ёсгүй. Хэрэв ийм хүн байдаг бол өөрөөсөө ичих хэрэгтэй. Бид маш өндөр зардлаар улсын болон хувийн их дээд сургуульд чанаргүй боловсрол эзэмшиж, хоосон диплом өвөртөлчихөөд түүнийхээ ашгийг гаргаж чадахгүй байна. Би ч гэсэн 5 жилийн өмнө эдийн засагч мэргэжлээр их дээд сургууль төгсчихсөн. Одоо хүртэл мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Ийм байж болохгүй гэдгийг одоо маш сайн ойлголоо. Тиймээс хандлагаа, үзэл бодлоо, үхмэл амьдралаа өөрчилсөн нь зөв гэж бусдыгаа уриалж байгаа юм. Бидний үеийнхэн бүгд тийм муу гэвэл бас үгүй юм. Шижигнэсэн сайхан залуучууд эд хаваа гайхуулан хөдөлмөрлөж явааг хараад би тэдэнд баярладаг. Бас битүүхэн атаархаж, өөртөө гомддог. Улс төр, урлаг соёл, спорт, нийгэм, банк санхүү гээд Монголын нийгмийг чирж яваа бүхий л салбарт манай үеийнхэний төлөөлөл байна. Үнэхээр гайхалтай. Бид ийм залуучуудаа дэмжих хэрэгтэй. Тэдэн шиг гялалзаж, танигдаж чадахгүй ч гэсэн ядаж л нэрийг нь унагаж “Ажилгүй залуучууд” гэж хэлүүлмээргүй байна. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үрхийн эвэр доргино” гэдэг шиг өнөөдөр гэртээ залхуураад сууж байгаа Бат, улс төрд, нийгэмд гялалзаж яваа гурван Батын нэрийг сэвтээж байна. Ийм жишгийг л эвдэх хэрэгтэй.

-Залуучуудыг өөрсдийнх нь оролцоотой цалинтай орлоготой болгоно гэлээ. “Ажилсаг шоргоолж” төсөлд хамрагдахын тулд хаана бүртгүүлэх ёстой вэ. Хичнээн залуус энэ төсөлд хамрагдах вэ. Тэд яг ямар ажил хийх ёстой вэ?

-Залуучуудын их сургууль төгсөх нас нь 22. Тийм учраас 22-35 насны 30 залууг сонгон төслөө эхлүүлнэ. 30 гэдэг бол ажлын байрны багтаамжаа тооцсон гаргасан тоо. Төслийг эхлүүлж буй багийнхантай холбогдож анкет бөглөх ёстой. 150 хүний анкетаас 30 залуу сонгож авна. Тэд ямар ажил хийх вэ гэж хүмүүс хамгийн ихээр сонирхож байгаа. Төсөлд хамрагдах хүмүүс ямар ч мэргэжилтэй байж болно. Гар утас засварчин, орчуулагч, зураач, сийлбэрч, нэхмэлчин, оёдолчин, мужаан гэх мэт төрөл бүрийн мэргэжилтэн. Миний зүгээс тэднийг нэг доор төвлөрүүлж, тэднийг бүтээлээ хийх ажлын байр, түүхий эдээр хангах. Тэд өөрсдийнхөө чиглэлээр бүтээлээ хийсний дараа би зах зээлд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдаалахад пүүс компанид зуучилж өгөх юм. Эцсийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдээд орлого нь 100 хувь тэднийх. Ердөө ийм хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.

-Энэ төслийг хаанаас санхүүжүүлж байгаа вэ. Залуучуудын байгууллага ч юм уу эсвэл гадаад, дотоодын төрийн бус байгууллагаас дэмжлэгтэй юу?

-Үгүй одоогоор ямар ч хамтын ажиллагаагаа, дэмжлэг байхгүй. Би өөрийн хөрөнгөөр энэ төслийг эхлүүлнэ. Өөрийн хөрөнгөөр гэхлээр хүмүүс намайг мөнгөтэй залуу байна гэж бодох байх. Би мөнгөтэй, тийм их биш л дээ. Гэхдээ би тэр мөнгөө өөрийн хөдөлмөрөөрөө олсон. Таксинд явж, барилгын туслах ажилтан хийж, сонгуулийн ухуулагч зэрэг ажил хийсний үр дүнд цуглуулсан хэдэн төгрөг байдаг. Сүүлд нь унадаг байсан машинаа зарж хүртэл нэмэрлэлээ. Би уг нь Австрали явж сурах төлөвлөгөөтэй мөнгө цуглуулж байсан юм. Удаан бодсоны эцэст үүнийг өөрийн боловсролд бус бусдын сайн сайхны төлөө, залуучуудын ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт хийе гэж шийдсэн. Энэ төслийг эхлүүлэхэд эхний ээлжинд надаас 13 сая орчим төгрөг гарч байна. 30 хүний ажиллах 180 метр квадрат байрны гурван сарын түрээсний мөнгө болон бусад зардалд зарцуулагдаж байна. Ямар хүн гэв гэнэт гарч ирээд ийм зүйл яриад байна вэ гэж хүмүүс гайхах байх. Өөрийгөө товчхон танилцуулъя. Нийгмийг муу муухай зүйл, болохгүй байгаа өнцгөөс бус, эерэг сайн талаас нь харахыг хичээдэг, олон хүнд өөрийнхөө чадлаар тус болохыг эрмэлздэг Гиймаажавын Дамбадаржаа гэдэг залуу байна. Аль нэг намын эрх мэдэлтний цүнх барьдаггүй, аль нэг агентлагийн дарга цэрэг хийдэггүй. Барилга барьж, таксинд явж, хүнд туслахыг л хүсдэг тийм нэгэн хүн. /инээв/

-Яг хэзээнээс төсөл албан ёсоор эхлэх вэ. Хөдөө орон нутгаас залуучууд оролцох боломжтой юу?

-Арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор “Ажилсаг шоргоолж” төсөл нээлтээ хийж, сэтгэл, зүтгэл, боломж өвөртөлсөн 30 залуу нүүр тулна. Орон нутгаас болон ажил хийж буй хүмүүс нэмэлт орлого олох зорилгоор сонирхож байна гэдгээ илэрхийлсэн. Одоохондоо орон нутгаас хүн авахгүй, Улаанбаатар хотод амьдарч байгаа ажилгүй залуучуудаа авна. Тэд гурван сарын дараа хэрхэн өөрчлөгдөж  “ажилсаг шоргоолж” болсныг харуулах болно. Төсөл хэрэгжих хугацаанд дэмжлэг авч, олон хүн хандвал мэдээж цар хүрээгээ тэлж, ажилчин ангийнхаа тоог нэмнэ. Энэ төслийг сэтгэл, зүтгэл, эв нэгдлээр эхлүүлж байгаа учир хувь хүн, олон албан байгууллага дэмжиж бидний хийсэн бүтээсэн бүтээлийг худалдан авах байх гэдэгт итгэж байгаа.

-Ямар зохион байгуулалтаар ажиллах бол. Ашгийн бус гэж та тодотгосон учир бас өндөр эрсдэлтэй байна байх?

-Компанийн системээр бус, хувь хүний өрхийн аж ахуй шиг л системээр ажиллана. 30 залуу бие биеэсээ суралцдаг, нэг хүн олон талын мэдлэгтэй, бизнесийн ухаанд, менежментэд суралцдаг байх зарчим баримтлана. Хамгийн гол нь нөгөө гоочлуулж байсан залуу өнөөдөр хэрхэн ажиллаж, хэдэн төгрөгийн цалин авч, хамт олонтой хэрхэн багаар ажиллах чадварт суралцаж чадаж вэ гэдгийг л харуулах зорилготой юм. Мэдээж эрсдэлтэй. Гэхдээ би үүнийг эрсдэл бус бусдад олгох боломж гэж харж байгаа. Надад залуу нас, эрч хүч байна. Яахав дээ залуу хүн алдвал алдаг. Тэр л биз…

-Төсөл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Надад байгаа санхүүгийн боломж бол түрээсийн байрны гурван сарын төлбөр. Эхний ээлжинд гурван сар үргэлжилнэ  гэж ойлгох хэрэгтэй. Залуучуудын маань төсөл амжилттай хэрэгжээд хүмүүсийн худалдан авалт боломжийн байж түрээсийн байрныхаа мөнгийг 30-лаа хувааж төлөөд болоод байвал цааш хэмжээ тоогоо нэмж томсгоно. 30-уулаа ажлын байрныхаа түрээсийг хувааж төлнө гэхээр бас бага оногдож байгаа биз. Ингэхээр хугацаа нь уртсах байх гэж бодож байна. Төслийг минь дэмжих, аж ахуй нэгжүүд олдоно байх. Маш олон санаа байгаа, төслийнхөө явцад баяжуулаад өргөжүүлээд явна.

-Залуу хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Хийе гэснээ хийдэг, эцсийг нь үздэг, цог золбоотой, эрч хүчтэй байх ёстой. Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Энэ чинь хувь хүн чиний л амьдрал шүү дээ. Ядруу муу байсан ч эрч хүчтэй, цог золбоотой байвал хүндлэл өөрөө бий болно гэж би хувьдаа боддог. Насны хувьд хөгшин залуу гэж ялгах утгагүй санагддаг. 50 хүрчихээд гэрлэж, амьдрал зохиож байгаа, үр хүүхэдтэй болж байгаа хүмүүсийг би залуу гэж боддог. Яагаад гэвэл тэд одоо байгаадаа сэтгэл хангалуун байна. Ирээдүйг мөн бидний адил бүтээх болохоор тэр шүү дээ. Тэдний сэтгэлгээ, эрч хүч нь залуу байна. Боломжийг ямагт ашигладаг байх хэрэгтэй. Би болж байгаа бүхэнд “Үнэн” гэсэн зарчим баримталдаг. Юм үнэнээрээ байх сайхан. Би “Ажилсаг шоргоолж” төслийг санаачилж, эхлүүлж байгаа нь үнэн. Чадахгүй зогсвол тэр нь бас үнэн байх хэрэгтэй. Тэгэхээр өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимтай байх нь залуу насыг бас чимдэг юм шигээ.

11282175832e5beb443c91

-Энэ төслийг эхлүүлж буйгаа сошиал орчинд эхлэн мэдээлсэн. Ажиглаад байхад та фэйсбүүк аккаунтаа нэлээд идэвхтэй ашиглах юм. Таны нийтэлсэн бичвэрүүд, уриалгууд нэлээд хандалттай байдаг. Хичнээн мянган дагагчтай вэ?

-Фэйсбүүк гэдэг бол одоо хүн бүрийн хэрэглээ болж. Яг л талх шиг, гар утас шиг болж. Зүгээр нэг цаг нөгцөөх, зугаа гаргах, лайк дарах зорилгоор ашиглахаа больж. Би хувьдаа фэйсбүүк орчинд 30000 орчим дагагчтай, 5000 орчим найзтай. Энэ хүрээллийг зөв ашиглах ёстой. Нийгмийн сэтгэл зүйг буруугаас зөв рүү чиглүүлэхэд үүнийг ашиглах ёстой. Улстөрчид, нийгэмд танигдсан хүмүүс, урлаг соёлынхон үүгээр дамжуулан өөрийнхөө сурталчилгааг үнэ төлбөргүй хийж байна. Мэдээллийн сайт, телевизээс авдаг байсан мэдээллээ бид фэйсбүүкээс шууд л авч байна. Ингэхлээр хүмүүсийн хэрэгцээ шаардлагад зайлшгүй нийцээд байгаа юм. Би бол аль болох эерэг, зөв зүйлд энэ мэдээллийн хэрэгслийг ашиглахыг зорьдог. Тэрнээс биш би зохион бүтээсэн юм шиг, тэгж ашигла, ингэж хэрэглэ гэж өөрийнхөө үйлдлийг бусдад заах нь өөрөө тэнэг үйлдэл гэж би ухамсарладаг.

-Паралимпийн хүрэл медальт Ж.Содномпилжээд туслах “Ард түмний бэлэг” аяныг та өөрийн сошиал хуудсаар дамжуулан эхлүүлээд маш богино хугацаанд үр дүнг нь үзсэн шүү дээ. Тэгэхээр нийгэм рүү хандсан ийм уриалга, аяныг хийж болдог юм байна гэдгийг харлаа шүү дээ?

-Урлаг соёлынхон энэ чөлөөт боломжийг ашиглаад өөрийн брэнд, нэрийн хуудас болгож байна. Тухайлбал жүжигчин Г.Ундармаа эгч, дуучин Нара гэх мэт олонд танигдсан хүмүүс фэйсбүүкээр хүмүүнлэгийн аяныг маш амжилттай эхлүүлж, өрнүүлж байна. Миний хувьд тэдний л адилаар энэ чөлөөт орчныг бусдад хүртээмжтэйгээр хэрхэн ашиглаж болохыг л олж мэдсэн юм. Өөр олон олон урлаг соёл спортынхон маань сайхан гэгээлэг бүхнийг дэлгэрүүлэхийн төлөө гар бие сэтгэл гарган ороцоосой гэж боддог. Энэ хүрээнд “Ард түмний бэлэг” аяныг эхлүүлээд 24 цагийн дараа үр дүнгээ олсон. Аянд идэвхтэй хамрагдсан иргэдээс 2.600.000 гаруй мянган төгрөг цугласан. “Энсанда холдинг” компанийн захирал ах залгаад манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж танай аянд оролцъё, П.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэе гэсэн. Аян маань хоёр өдрийн хугацаанд маш амжилттай хэрэгжиж бодит үр дүнд хүрсэн учраас дансыг нь хааж дуусгасан. Удахгүй бас дараа дараагийн аянууд үргэлжлээд л явна даа.

-Талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсны амь насаа алдсан хэргийг та маш сайн судласан байх. Хэдийгээр мэргэжлийн хүн биш ч гэлээ та бол энэ хэргийн талаар маш зоригтой судалж, илрүүлэхийн төлөө эрчимтэй тэмцсэн хүн. Харамсалтай нь хэрэг замхарчихлаа. Шийдэгдэх болов уу?

Жил гаруйн өмнө болсон үйл явдал. Үнэхээр харамсалтай хэрэг. Бид тэр залуугаар бахархахгүй байхын аргагүй, хайрлахгүй байхын аргагүй, хэргийн араас мөрдөхгүй байхын аргагүй, тэмцэхгүй байхын аргагүй хүн. Одоо үед ирвэстэй ууланд битгий хэл аймагт, суманд амьдрах залуучууд ховор байна. Би энэ өнцгөөс нь харсан. Надад байгаа боломж, тэр хүний ар гэрийнхэнд хүргэх миний тус дэм бол ерөөсөө олон нийтийг уриалан сошиал орчинд иргэдийн анхаарлыг төвлөрүүлж, түүний тухай ховор зураг, тоо баримттайгаар үнэн бодит мэдээлэл түгээх байсан. Бичээд л байсан. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв рүү холбогдож шалгалтын байдал ямар байгаа талаар мэдээлэл аваад, дахин бичдэг байсан. Яг үнэндээ бол энэ хэрэг илрэхгүй байх. Мухардалд орсон гэх үү дээ.

-Талийгаач тантай дотны найз байсан гэж сонссон. Үнэн үү?

-Үгүй. Бидний хооронд найз нөхөд, ах дүүсийн ямар ч дотно харилцаа байгаагүй. Ийм хэрэг болсон гэдгийг олж мэдээд дүүтэй нь фэйсбүүкээр холбогдож зураг хөргийг нь авч, тэгээд л бичиж эхэлсэн. Түүний дараа гэр бүлийнхэн нь надтай холбогдсон. Талийгаачийн аав нь надтай утсаар яриад “Маш их баярлалаа. Чамайг олон нийтийн сүлжээнд бичсэнээс хойш хүмүүс таньж, мэддэг болж олон хүн туслах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Хэрэв чи ингэж эхлээгүй бол зүгээр нэг хүн үхдэг шиг нам жим өнгөрөх байлаа” гээд уйлаад ярьсан. Энэ хэргийн эзэн холбогдогч тодрохгүй байх вий гэдгээс л айдаг юм. Хууль шүүхийнхэн шалгаж, илрүүлнэ байх гэдэгт дэмий итгэж, горьдлого тээгээд л байж байна.

-Харамсалтай юм. Гэхдээ үнэн мөн нь тогтоогдох байх. Хоёулаа сайхан, гэгээлэг зүйлээр ярилцлагаа төгсгөе. Залуучууддаа хандаж юу гэж уриалмаар байна. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?Тань шиг ийм сэтгэлтэй, мөрөөдөлтэй олон залуучууд байгаа даа.

-Залуучууд бидэнд боломж, цаг хугацаа, асар их мэдлэг, бас түүн шиг хязгааргүй хүсэл байна. Бид нийгмийн лай, хүмүүсийн амны бай болох биш залхуурлын, ядуурлын, ажилгүйдлийн эсрэг тэмцэгчид байх ёстой. Бид баян болох албагүй. Гагцхүү өөрөө өөрийнхөө идэх талхыг, уух усыг бусдын тусламжгүйгээр олдог байх нь л чухал. Ажилгүй хог гэж хэлүүлснээс барилгын туслах ажилтан гэж шоолуулсан нь чихэнд чимэгтэй. Ажилгүй хүн нийгмээс өөрийгөө гөвж, гээж байхад барилгын туслах ажилтан шавар, цементээ гөвж хувцсаа цэвэрлэдэг гэдгийг санаарай. Манай төслийн багийн уриа “Залуучуудаа дэмжээрэй, залуучуудаа дэмжсэнд баярлалаа”. Тиймээс биднийг дэмжээрэй, дэмжсэнд баярлалаа л гэж хэлмээр байна. Баярлалаа…

 З.Батхуяг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • bataa (November 22, 2016 1:02:04 pm )

    Tusul nereer hysah n de awarga

    • booe (November 23, 2016 3:49:07 pm )

      oorshogoo ym bodoh ymaa chi bogs chin

  • Erdenebileg (November 22, 2016 1:26:13 pm )

    Сайхан төсөл хэрэгжүүлэх гэж байгаа дүүд баяр хүргэе.

  • Баатар (November 22, 2016 5:59:44 pm )

    Зөв сэтгэлгээтэй мундаг залуу байна даа. Дэмжиж байна, төсөл хэрэгжүүлэгчийн утсыг авмаар байна.

  • Гантулга (November 25, 2016 3:06:47 pm )

    Амжилт өө…

antalya rent a car