antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2016 Comments are off

Мэргэжлийн боксын сэтгэл зүйн дайчид

нийтлэсэн Admin

 11291

Өрсөлдөгчийнхөө сэтгэлзүйд үг хэлээрээ нөлөөлж, уурлуулж, бухимдуулж, уярааж, гомдоож, эгдүүцлийг нь төрүүлж чадсан нь ялдаг.

Орчин үеийн спортод өрсөлдөгчөө ялахын тулд хийх сэтгэлзүйн дайралт нь бараг урлаг болон хөгжжээ. “Trash-talking” буюу “Дэмий балай юм чалчих” гэсэн утгатай үгнээс үүдэлтэй энэ аргыг чадварлаг ашиглавал үр дүнд хүрдэг нь нотлогдсон. Мэргэжлийн спорт бол бэлтгэл нь жигдэрсэн шилдэг тамирчдын сэтгэлзүйн тулаан байдаг. Тиймээс сэтгэлзүйн хувьд тайван, хүчтэй байгаад нь ялалт очдог. Өрсөлдөгчийнхөө сэтгэлзүйд үг хэлээрээ нөлөөлж, уурлуулж, бухимдуулж, уярааж, гомдоож, эгдүүцлийг нь төрүүлж чадсан нь ялдаг. “Trash-talking” хамгийн их хөгжсөн, өргөн дэлгэр ашиглагддаг спорт бол мэдээж мэргэжлийн бокс юм. Энэхүү чанар нь бараг бэлтгэл сургуулилтын дараа орох чухал зэвсэг юм. Ингээд мэргэжлийн боксын бүх цаг үеийн түүхэн дэх сэтгэлзүйн хамгийн шилдэг 10 “дайчин”-г танилцуулъя.

10.Жэк Жонсон

10318

Түүнийг “Trash-talk”-ийг анх ашигласан боксчин гэж үздэг. Тэрээр мэргэжлийн боксын хүнд жингийн хамгийн анхны хар арьст аварга бөгөөд арьс өнгөний улмаас тухайн үед олны зүгээс ширүүн шүүмжлэлтэй тулгардаг байв. Жэк Жонсон энэ бүхний эсрэг маш түрэмгий авир гаргаж, өрсөлдөгчдөө доош нь хийн, хэвлэл мэдээллийнхнийг доромжлон, үрэлгэн задгай амьдралтай байсан нь олны анхааралд ихэд өртдөг байсан. Тэрээр гурван цагаан арьст бүсгүйтэй гэрлэж, маш олон хүүхэнтэй нэр холбогдсон. Жэк Жонсон хар арьстай тул олны анхаарлыг илүү ихээр татдаг байлаа. Томми Бернсээс хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг булаан авахынхаа өмнө хэвлэлийн хурал дээр “Томми бол амных нь салиа арилаагүй цагаан залуу. Түүний арьс яг ялагдлын дарцаг шиг цагаан” гэх мэтээр дайралт хийж байв.

9.Мич Грийн

09112

Түрэмгий, огцом ууртай, дүрэлзсэн зантай, “Цуст” хочит Мич Грийн хүнд жинд Майк Тайсонтой таарах хүртлээ ялагдаагүй гялалзаж явлаа. Дараахан нь тэд дэлгүүрт тааралдаж, Мич уурандаа Тайсоныг хэл амаар доромжилж байж зодуулсан байдаг. Тайсон гарынхаа сарвууг хугартал балбасны дараа Мич нүдээ таглуулан, хамраа хугалуулж, таван оёдол тавиулсан нь тухай үед дуулиан болж байлаа. Мич цөс ихтэй байсантай хэн ч маргахгүй бөгөөд түүний тухай “Дэлхийн хамгийн муу хүн”, “Араатан” гэх мэт гарчигтай нийтлэл гарч байлаа. Тэрээр Тайсоны тухай “Мишел Сесилиа Тайсон бол нялзрай охин. Тэр бол гомо” гэх мэтээр ярьдаг байв.

8.Майк Тайсон

08138

Дасгалжуулагч Кас Дамато Тайсоныг 16 настай байхад нь анх хараад л “Хүнд жингийн дэлхийн аварга болох хүн байна” гэж дуу алджээ. Харамсалтай нь Кас Дамато өнчин хүүд зөвхөн боксын техникээс өөр зүйл сургаагүйг амьдрал нь нотлон харуулсан. Тайсан бол бусад “Trash-talker”-үүдийн адил хурц үг хэлтэй, түрэмгий ширүүн зантай гэхээсээ илүү сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хүмүүжлийн доголдолтой, муйхардуу нөхөр байсан. Мич Грийн шиг амандаа орсон бүхнээр бусдыг доромжилдог бус хэлэх гэсэн үгээ цэгнэж байж, цээжилсэн мэт ярьж, өөртөө ширүүн дориун тулаанчийн имиж бүрдүүлэхийг зорьдог байв. Энэ нь түүнийг төрөлхийн “Trash-talker” биш гэдгийг харуулж байна. Тайсон нь дэлхийн мэргэжлийн боксын гурван ч холбооны аваргаар хамгийн залуудаа буюу 20 настайдаа тодорч, агуу амжилтыг үзүүлсэн ч оддын өвчин тусч, улмаар зальтай промоутер Дон Кингэд ашиглуулж, жүжигчин Робин Гивенстэй учирснаар дампуурч эхэлсэн. Түүний татварын байгууллагад өгөх ёстой өр төлбөр одоо ч дуусаагүй бөгөөд чөлөөт цагаараа ном уншиж, өөрийн номоо бичихээр төлөвлөж байгаа аж.

7.Бернард Хопкинс

07167

Тэрээр сэтгэл зүйн дайралт хийх өөрийн гэсэн онцлог, арга барилтай. Өдгөө 48 настай тэрээр хамгийн ахмад мэргэжлийн боксын аварга болоод байгаа. Хопкинс нөгөөх дайралтаа өөртөө итгэлтэй, боловсон маягаар хийдэг нь өрсөлдөгчид болон хүмүүст онцгой нөлөөлдөг байж болох.

6.Рой Жонс

06168

Хамгийн чалчаа, хэл амтай боксчины нэг бол яахын аргагүй Рой Жонс. Гэхдээ тэрээр өөрийгөө хоосон магтдаггүй, хэвлэлийн бага хуралд хэлсэн үг бүхнээ рингэн дээр хэрэгжүүлж чаддаг байсан юм. Рой ид үедээ өрсөлдөгчдөө илт давамгай ялдаг байсан бөгөөд боксын шүүмжлэгчид “Жонсын хувьд тоглолтын арга барил, стратеги гэж байхгүй, төсөөлөхийн аргагүй тоглолт гаргадаг. Тэр бокс тоглодоггүй өрсөлдөгчөө зүгээр л мешок шиг балбадаг байсан. Өрсөлдөгчөө нокаутад оруулж чадах байсан ч тэгдэггүй, удаан тоглож зовоон тарчлааж, тохуурхдаг” гэж дурсан ярьдаг. Рой техникийн хувьд хэт илүүрхэж, маш задгай, хайнга тоглодог байсан нь бусад боксчин, спортын шүүмжлэгчдийн дургүйцлийг төрүүлдэг байлаа. Хөнгөн жинд түүнийг зогсоох хүн олдоогүй тул хүнд жинд тулалдаж, Эвандер Холифилдийг ялсан Жон Руисийг буулган авснаар мэргэжлийн боксын сүүлийн 108 жилийн түүхэнд болоогүй амжилтыг давтсан юм. Рой Жонс бусад тамирчныг төдийлөн доромжилж доош нь хийдэггүй, ихэвчлэн өөрийгөө магтах, дөвийлгөх маягаар сэтгэлзүйн дайралт хийдэг. Хэл амаараа хэнд ч гүйцэгддэггүй байснаар барахгүй өөрийгөө магтсан рэп дуу зохиож, тоглолтынхоо өмнө дуулж сонирхуулдаг байсан удаатай. “Супермэн” хочит түүний хувьд бокс ажил гэхээсээ илүү таашаал авдаг хобби мэт байсан юм. Боксын шүүмжлэгч нэгэн удаа “Рой хүн зодох хоббиноосоо залхахаас өмнө ид үедээ зодог тайлах ёстой байсан юм. Тэгж чадаагүй учраас зодог тайлахын өмнө ялагдал хүлээсэн” гэжээ. Рой Жонсын хэлсэн олон алдартай ишлэл байдаг бөгөөд түүний дотор “Би 39-тэй ч 29-тэй мэт харагдаж байгаа. Гэхдээ би дөнгөж 19 настай мэт санагдаж байна” гэсэн байдаг.

5.Жэймс Тони

05215

Тэрээр өрсөлдөгчдөө сэтгэлзүйн дайралт хийх тал дээр мэргэшсэн нэгэн. Хэвлэлийн хурал дээр бол Тониг хэл амаар хэн ч барахгүй, харин рингэн дээр бол өөр асуудал. Тэрээр “Хүнд жинд намайг зодож чадах хүн дэлхий дээр байхгүй. Ах, дүү Кличкогийн гичийнүүд, гомо Дэвид Хэй нар бүсээ алдахаас айгаад надтай тулахгүй байгаа юм” хэмээн мэдэгдсэн удаатай.

4.Насем Хамед

04207

Тэрээр тоглолтын онцлог, биеэ авч яваа байдал, хэл яриагаараа төрөлх Британидаа төдийгїй дэлхийд алдаршсан. Хамед тоглолт бүхнээ шоу болгон хувиргаж чаддаг, олны анхаарлыг ихэд татсан тамирчин байлаа. “Ханхүү Нас” нэрээр алдаршсан тэрээр Рой Жонс шиг задгай тоглолттой, рингэн дээрх үйл хөдлөлөөрөө өрсөлдөгчөө өдөж бухимдуулж, тэвчээрийг нь алдагдуулж, ингэснээр хамгаалалтыг нь сэтэлж чаддаг байсан юм. Рингэний олс дээгүүр харайн гарч ирэх, бүжиглэх, өрсөлдөгчөө элдэв янзаар тохуурхах, алиа салбадай шиг аашлах нь түүний имиж байсан. Харамсалтай нь Насем Хамед гэмтлийн улмаас гараа өргөхөд хэцүү болж, улмаар зодог тайлсан.

3.Флойд Мэйуэйзэр

03242

“Царайлаг Флойд”, “Мөнгө Мэйуэйзэр” хочит энэ эр бол адтай, азтай, чадварлаг мэдээж бас хэл амаар хэний ч дор ордоггүй боксчин. Мэргэжлийн боксын хөнгөн жинд ганц ч ялагдаагүй, 48 ялсан. Тэр сайн боксчиноос гадна менежмэнт сайтай, бизнесмэн хүн юм. Өрсөлдөгчдөө өөрөө сонгож, хаа хамаагүй хүнтэй зодолдохгүй байж, зөв менежмэнт хийснээр Мэйуэйзэр маш их нэр хүндтэй болж, асар их хөрөнгө хуримтлуулж чаджээ. Тэрээр Оскар Де Ла Ояагийн дахин тулалдах тухай асуултад “Чамд ядаж 100 сая ам.доллар байхгүй бол намайг тулаанд дуудах гэж ярьсны гарз шүү” хэмээн хариулсан гэдэг.

2.Рикардо Майорга

02248

Спортын сэтгїїлчид “Никарагуагийн боксчин Майорга бол хамгийн засаршгїй танхай, бүдүүлэг, хэрүүлч этгээд” гэж дүгнэсэн байдаг. Тэрээр хэвлэлийн хурал дээр хүртэл тамхи татаж, архи ууж, өрсөлдөгчдөө газар дор ортол нь муулдаг. 2003 онд боксын алдартай “Ринг” сэтгүүл дээр Майоргаг “Спортын хамгийн галзуу этгээд” хэмээн нийтэлсэн байдаг. Тэрээр Фернандо Варгастай хийсэн тулааны өмнөх хэвлэлийн хурал дээр “Бүдүүн гахай Варгас үргэлж надаас айдаг байсан. Би Варгасын гэр бүлийнхэнд том буян үйлдэх гэж байна. Варгасыг эхнэр дээрээ дахин гарч чадахааргүй болтол нь зодно. Би Варгасыг тэргэнцэрт суулгах учраас үүнээс хойш гэр бүлийнхэн нь дэмжиж, тэмцээнд нь санаа зовох хэрэггүй боллоо” гэсэн байдаг.

1.Мухамед Али

01267

Тэрээр “Trash-talk”-ийг урлаг болгон хөгжүүлж, олонд алдаршуулсан хүн юм. Али бол зан аашийн хувьд түрэмгий, бүдүүлэг нэгэн биш, харин хошин шогийн өндөр мэдрэмжтэй, ухаалаг, бэлэн цэцэн үгтэй нэгэн. Боксчны хувьд хурдан шалмаг, өндөр техник эзэмшсэн байв. Мухамед Али агуу чанар бол тэр зөвхөн нударгаараа биш ухаанаараа тэмцэлдэж, бусдын хайрыг татсан, лидер тамирчин гэдэгт оршино. Хамгийн гайхалтай нь Али сэтгэлзүйн довтолгооны хамгийн шилдэг мэргэжилтэн атлаа хэзээ ч өрсөлдөгчдөө доромжилж, хараал хэлж байгаагїй аж. Харин уран үг, хошин яриагаар өрсөлдөгчөө ёжлон, өөрийгөө төгс мэтээр ойлгуулж чадсанаар тэднийг сүрдүүлж, итгэлийг нь мохоож чаддаг байсан. Али өрсөлдөгчөө “унтраахын” тулд хэлсэн олон алдартай үг, бүр шүлэг найраг нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэрээр хүнд жингийн өрсөлдөгч Жорж Форманд зориулан “Африк явахын өмнө ингэж зүүдэлжээ.

Өчигдөр би ширүүн тулаанд орлоо

Ширэнгэ ойн хааны төлөө ширүүн тарзаныг дийлэв

Матарнуудтай тулалдаж, халимтай тэмцэлдэв

Аянгыг зогсоож, цахилгааныг хорив

Бяр чадал амтагдаж хад асгыг нураав

Чулууг гэмтээж, тоосгыг эмтлэв

Далайн хар салхийг нэвт гарахад дусал ус хүргээгүй хурдан байлаа би.

Жорж Форман надтай тулвал Магад тэр шангаа хүртэнэ

Түүнийг би балга усанд живүүлж атга шороонд булж чадна” хэмээн шүлэглэсэн байдаг. Тэд түүхэнд “Ширэнгэ ой дахь ширүүн тулаан” нэрээр бичигдсэн тоглолтоо Заирын нийслэл Киншасад 1974 онд хийсэн билээ.

Эх сурвалж: Ардын эрх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car