antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 2 comments

А.Ариунзаяа: Зөв хөгжил Зөв статистик дээр суурилдаг

нийтлэсэн Admin
273435_da4920_byamba_x974_x974

Үндэсний Статистикийн Хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа А.Ариунзаяаг VISITOR буландаа урьж ярилцлаа. А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн удирдлагын  менежер зэрэг хамгаалсан боловсролтой бүсгүй юм.

Тэрбээр 2005-2015 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, тэргүүлэх менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар ажилласан байна. Мөн А.Ариунзаяа нь Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрайн зээ охин юм.


-Хоёулаа ярилцлагаа Таны тэргүүлж буй Үндэсний статистикийн хорооны үүсэл хөгжил, түүхийн талаар эхэлвэл ямар вэ?

-Юуны өмнө статистикийн салбарын нийт хамт олондоо энэ өдрүүдэд тохиож байгаа Монгол Улсын статистикийн өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөгийн статистикийн байгууллагын үүсэл, хөгжил анх 1924 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тухайн үеийн Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтэс нэртэй, зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан 92 жилийн түүхтэй.

Гэхдээ манай орны хувьд статистик нь өнө эртний түүхэн уламжлалтай л даа. Манай тооллын өмнөх 174-163 онд Хүннү гүрэн Лаошань Шаньюйн үед улсын албан татварыг цэгцтэй болгож хүн, малаа тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай тэмдэглэл түүхэнд үлдсэн нь бий. Аль XIII зуунд хүчирхэг төр улсыг байгуулсан монголчууд байлдан дагуулсан улс орныхоо хүн амыг тоолж, түүнд үндэслэн албан татвар ногдуулж байсан тухай түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

-Та ажлаа аваад удаагүй байна. Үндэсний Статистикийн Хорооны үндсэн чиг үүрэг, нийгмийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?

-Статистикийн хорооны үйл ажиллагааны чиглэл шууд утгаараа маш тодорхой л доо. Төр, иргэдээ судалгаагаар баталгаажсан, бүхий л салбарыг хамарсан бодит мэдээллээр хангах… Гэвч агуулга талаас нь харвал улсын хамгийн чухал үүрэг бүхий байгууллага юм.

Хүн төрөлхтөн олон төрлийн дарангуйллын хэлбэр бүхий засаглалаас ангижирч, чөлөөт эдийн засагт суурилсан, эрх тэгш боломж бүхий засаглалын системд шилжээд даруй 100 гаруй жил өнгөрч байна. Товчхондоо бол эмх цэгц бүхий зохион байгуулалт, дэг журам, итгэл хариуцлага хүн төрлөхтөний сонгосон засаглал юм.

Бодит судалгаагаар баталгаажсан тоо хашхираад байхад тоохгүй явсаар засаглалын болон эдийн засгийн хямрал ямар ноцтой хэмжээнд хүрснийг бид харж байна.

Нийгмийн энэ нарийн зохион байгуулалт бүхий засаглалын гол суурь, оршин тогтнох үндэс, хөгжих ирээдүйн гол багануудын нэг нь үнэн бодит мэдээлэл буюу судалгаанд суурилсан үнэн гэж судлаачид үздэг. Хүчирхэг улс гүрнүүдийн хөгжлийн бодлогыг чиглүүлэх үндсэн бодлогын газар нь судалгааны хүрээлэнгүүд байдаг. Нийгмийн бүхий л салбарыг хамарсан тэгш зөв мэдээлэл нь төрийн бодлогын амин хэрэгцээ гэж ойлгож болно.

Статистикийн байгууллагын ач холбогдлыг дутуу ойлгож, бодлогын түвшинд үр нөлөөг нь орхигдуулснаар, чиг үүргийг нь улс төрийн өнцгөөр гуйвуулбал ямар хор уршигтайг бид өнгөрсөн дөрвөн жилээс тодорхой харлаа. Бодит судалгаагаар баталгаажсан тоо хашхираад байхад тоохгүй явсаар засаглалын болон эдийн засгийн хямрал ямар ноцтой хэмжээнд хүрснийг бид бүгд харж, мэдэрч байна. Энэ бүхнээс дүгнээд харахад нийгмийн ач холбогдол нь тодорхойлогдох болов уу.

Та сая төр, иргэнээ мэдээллээр хангах үүрэгтэй байгууллага гэж хэллээ. Гэвч Монголд бизнесийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд статистикийн мэдээллийг хамгийн их ашиглаж байна. Харин иргэд тийм ч их ашигладаггүй. Иргэд статистикийн мэдээллийг ямар байдлаар ашиглаж, амьдралдаа үр дүнг нь хүртэх боломжтой вэ?

-Нийгмийн хөгжлөө дагаад статистикийн байгууллагын бодит хэрэгцээ цаашид улам ихээр нэмэгдэнэ. Иргэдийн амьдралд технологийн хөгжлийн нөлөө ихэсч, санхүүгийн боловсрол нэмэгдэхийн хэрээр бодит эх сурвалжийн үнэн тоо баримт ус агаар мэт хэрэгтэй болно. Манай улс хөгжлийн шатандаа явж байна. Хувийн хэвшил, төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаандаа статистик тоо баримтыг ихээр ашиглаж байгаа нь тухайн салбарын өрсөлдөөний зарчимд суурилсан хөгжил гэж ойлгож болно. Үүнтэй адил иргэд ч алхам тутамдаа бодит тоо баримтыг ашигладаг болох цаг ойртож байна.

Хөрөнгө санхүүгийн зах зээл хөгжиж, эдийн засгийн өсөлт идэвхжих үед иргэд статистик тоо баримтыг өдөр тутмын амьдралдаа ашигладаг болох нь гарцаагүй юм. Өнөөдөр ч иргэдэд хэрэгцээтэй олон мэдээлэл тоо баримтыг бид нэгтгэн нээлттэй хүргэдэг.

Өдөр тутмын хэрэгцээт үнийн мэдээлэл, экспорт импортын урсгалын мэдээлэл, харьцуулсан үнийн судалгаа гэх мэт иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгцээт мэдээллийг нийлүүлж байгаа. Өргөн хэрэглээний бараа аль худалдааны төвд хямд үнэтэй байна, аль мэргэжил өндөр эрэлттэй байна, хамгийн бага хүүтэй зээл хаана байна вэ гэх мэт олон бодит мэдээллийг иргэд ашиглах боломж нээлттэй бий.

“ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗАР БОЛ
ТӨРИЙН БОДЛОГЫН АМИН ХЭРЭГЦЭЭ”

3d7a2c_img_7959_x974

-Таны хувьд энэ байгууллагыг удирдаж байгаа хамгийн залуу дарга байх. Энэ онцгой хариуцлага бүхий байгууллагыг удирдах хугацаандаа юу хийхээр төлөвлөсөн бэ? Сайжруулах, хөгжүүлэх ямар алхам хийе гэж бодож байна?

-Дэлхий даяар технологийн маш хүчтэй хувьсал өрнөж байна. Технологийн хөгжил дэлхийн эдийн засаг, улс гүрнүүдийн хөгжлийн уламжлалт хандлагыг тэр чигт нь өөрчилж байгааг бид харж байна. Энэ хандлагыг дагаад манай салбар ч хурдтайгаар өөрчлөгдөн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахаас өөр аргагүй цаг үе ирээд байна л даа. Үйл ажиллагааны цар хүрээ ч жилээс жилд өргөжин тэлсээр байгаа энэ үед шийдэж, өөрчлөх олон зүйл цаг хугацаанд шахагдан манай хамт олныг хүлээж байна.

Өргөн хэрэглээний бараа аль худалдааны төвд хямд үнэтэй байна, хамгийн бага хүүтэй зээл хаана байна вэ гэх мэт олон бодит мэдээллийг иргэд ашиглах боломж нээлттэй.

Бид байгууллагынхаа үндсэн зарчим болох хараат бус бие даасан байдал, шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйгээ гол чиг баримжаагаа болгон салбартаа томоохон шинэчлэл хийе гэж төлөвлөж, статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан УИХ-д батлуулахаар өргөн мэдүүлээд байна.

Цаашлаад хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, статистикийн мэдээллийг энгийн, илүү ойлгомжтой арга хэлбэрээр хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, тооллого судалгааны мэдээлэл цуглуулахад таблет төхөөрөмж хэрэглэх, мэдээлэл технологийн сүүлийн үеийн дэвшлийг өргөн нэвтрүүлэх гэх мэтээр хэрэглэгчид гар утасны апликейшн ашиглаж статистик тоо, графикийг шууд утаснаасаа харах боломжтой болсон. Энэ нь статистикийг илүү амарханаар хэрэглэж байна гэсэн үг юм.

-Салбартаа шинийг санаачилж, ихийг хийх том зорилго тээж яваа юм байна. Гэтэл ирэх онд хэмнэлтийн төсөв батлахаа эрх баригчид мэдэгдээд байгаа. Улс орны эдийн засаг хүнд үед төрийн байгууллагуудын төсвийг танах нь зөв шийдэл мөн үү?

-Аливаа асуудал үргэлж хоёр талтай байдаг. Төрийн алба сүүлийн хэдэн жилд хэр их тэлснийг хүн бүр л мэдэж байгаа. Гэтэл тэлэх хэрэгцээ шаардлага байсан уу гэвэл мэдээж байгаагүй. Аливаа чөлөөт өрсөлдөөнт эдийн засагтай улс оронд төр хамгийн цомхон чадварлаг бүтэцтэй байж хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг дэмжих ёстой байтал эсрэгээрээ улам өргөжин тэлж хувийн хэвшлүүдтэй тэгш бус өрсөлдөөн үүсгэдэг болсон зэрэг олон эрүүл бус үзэгдэл газар авсан.

Энэ бүхнийг буцааж зөв голдиролд нь оруулахын тулд төрийн бүтцийг цомхон болгож, төсөвт үзүүлж буй ачааллыг багасгах нь мэдээжийн хэрэг зөв. Гэхдээ зөвхөн төсөв хэмнэнэ гэдэг зорилгоо эрүүлээр харах ёстой. Эмх цэгцгүй, эдийн засгийн хямралтай, нэгдсэн төсвийн бодлого нь гурав болж задарснаас үүдэлтэй үл ойлгогдох асуудал ихтэй ийм үед, нийгмийн индикатор болох статистикийн байгууллагын төсвийг танахгүй байх гэж найдаж байгаа.

Манай улс үнэн зөв мэдээллээр цангаж байна. Төрийн бодлогын тэгш хүртээмжтэй байдал алдагдаж, зарим салбар эзэнгүй мэт орхигдсон. Амьжиргааны түвшний харьцаа хэт зөрүүтэй болсон зэргээс үнэн бодит мэдээллийн хомсдолыг харж болно.

-Амьжиргааны түвшин хэт зөрүүтэй болсон нь үнэн л дээ. Та улс төрийн намд удирдах албан тушаал хашиж байсан улс төрч эмэгтэй хүн. Хүмүүсийн дунд чинээлэг цөөнх нь олонхио авч явна гэдэг барууны үзэл, эсвэл олонхиороо чинээлэг давхаргыг бүрдүүлэх зүүний үзэл хоёр байнга маргаан дагуулдаг. Та аль үзэл баримтлалыг дэмжигч вэ?

-Зөвхөн баруун, зүүний үзэл баримтлал гэж хуваах нь өрөөсгөл ойлголт юм. Аливаа улс орон хөгжлийн бодлогын загвараа тодорхойлохдоо өгөгдмөл нөхцөл байдал буюу өөрийн улс орны давуу болон сул талыг зөв тодорхойлж байж хөгжлийн бодлогоо гаргах ёстой. Энэ утгаараа манай улс дэлхийн бусад өндөр хөгжилтэй улс орнуудын загварыг шууд хуулбарлахаас илүүтэй өөрийн онцлогт тохирсон хөгжлийн загварыг олох ёстой гэсэн үг.  Бид өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай, геополитикийн давтагдашгүй өвөрмөц байршилтай.

Дэлхийд бодлого тодорхойлогч хоёр том гүрний дунд оршиж буй бидний хувьд олон боломж хязгаарлагдмал мэт боловч, нөгөө талаас нь харвал яг түүн шигээ хязгааргүй их боломж бидэнд бий. Бүх зүйл биднээс шалтгаална. Хувь хүнийхээ хувьд, дэлхийд өрсөлдөх боловсролтой хүмүүсээс бүрдсэн чинээлэг дундаж давхаргыг бий болгох нь манай улсын хөгжлийн хамгийн зөв алсын хараа гэж үздэг.

-Тэгвэл боловсролтой чинээлэг дундаж давхарга бий болгоход Таны санал болгох шийдэл юу вэ?

-Энэ шийдлийг санал болгохын тулд маш өргөн сэдвээр ярих хэрэгтэй болно. Товчхондоо бол, Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүний хөгжил байхаас өөр сонголт байхгүй. Тэгвэл монгол хүний хөгжил гэж яг юуг хэлэх вэ гэсэн асуулт эндээс урган гарна. Төрийн бодлогыг цогцоор нь харж, монгол хүнд чиглэсэн бодлого явуулна л гэсэн үг. Улсын хөгжил гагцхүү хүний хөгжлөөс эхэлнэ.

Статистик мэдээллийг олж авахад багагүй чирэгдэл гардаг гэж иргэд ярьдаг л даа. Ямар шугамаар авах бололцоотой байдаг талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Статистикийн тухай хуульд заасны дагуу албан ёсны статистикийн мэдээллийн үндсэн үзүүлэлтүүдийг 48 бүлэг, 82 нэгдсэн үзүүлэлт, 346 үзүүлэлтээр гаргаж, 10 тооллого, судалгаа явуулж байна. Бид статистикийн сар бүрийн танилцуулга болон жилийн  эмхтгэлээ УИХ-ын гишүүн бүрт хүргүүлдэг. Үндэсний статистикийн хорооны зүгээс статистикийн мэдээлэл хэрэглэгчдэд, статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, онлайн лавлах, лавлах утас 1900-1212-оор тогтмол үйлчилж, мөн гар утасны үнэгүй аппликэйшнээр дамжуулж статистик мэдээллээ тархаадаг.

www.1212.mn, онлайн лавлах, лавлах утас 1900-1212-оор тогтмол үйлчилж, мөн гар утасны үнэгүй аппликэйшнээр дамжуулж статистик мэдээллээ тархаадаг.

Уг нь дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагуудын мэдээлэл нь хэрэглэгчдэд хэр нээлттэй, олж авахад амар зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулахад манай байгууллагын цахим хуудас мэдээллийн багтаамж, нээлттэй байдлаар дэлхийд гуравдугаарт жагссан шүү дээ. Гэвч статистик мэдээллийн хэрэглэгч манай улсад чамлахуйц бага байна. Иймээс мэдээллээ илүү ойр хүргэх үүднээс бид олон ажлыг эхлүүлж байна.

Тухайлбал арваннэгдүгээр сарын 11-ний 92 жилийн ойн өдрөө тохиолдуулж УИХ-ын харьяа байгууллага, яамд, агентлагийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, ахлах ангийн сурагч, багш нарт зориулсан  статистикийн мэдээллийг зөв ашиглах тухай сургалт хийлээ. Мөн статистик мэдээллийн ач холбогдлыг таниулсан эрдэм шинжилгээний хурал зарлан МУИС-тай хамтран зохион байгуулна. Мэдээж өөрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх үүднээс Удирдах ажилтны зөвлөгөөнөө ч хийсэн. Цаашид ч хийхээр зорьсон, төлөвлөсөн ажил их бий.

-Аливаа хөгжлийн тулгуур нь статистик, судалгаа байдаг. Гэхдээ манай иргэд статистик тоо судалгаанд итгэхгүй байх хандлага их ажиглагддаг. Үүнийг Та юу гэж боддог вэ?

-Ер нь статистик бол олон улсын хэл. Дэлхийн улс орнууд статистикийн үзүүлэлтийг НҮБ-ын Статистикийн комиссын гаргасан нэгдсэн арга зүйн дагуу тооцож, хэрэглэгчдэд тараадаг. Статистикийн мэдээллийг цуглуулж боловсруулах, нэгтгэн гаргах, анализ хийхэд математик статистикийн аргуудыг хэрэглэдэг. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөх хурдацтай эн зэрэгцэж аргачлал, арга зүйг шинэчилж явахыг нийгмийн хөгжил биднээс шаарддаг юм.

Цахим ертөнцийн өндөр хөгжилтэй зэрэгцэж шинэ, шинэ мэдээллийн эх үүсвэрүүд бий болж байгаа энэ үед албан ёсны статистикийн ач холбогдлыг өндөр хэвээр хадгалж үлдэх нь чухал. Зөвхөн Монгол гэлтгүй, дэлхий нийтэд статистикийн байгууллагуудын төсвийг танах хандлага бий болж байгааг сүүлийн үеийн олон улсын хурлууд дээр ярьж байна.

Энэ нь судалгааны ажил хийхэд хүндрэл бэрхшээлтэй болж, судалгааны чанарт сөргөөр нөлөөлдөг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал бэрхшээлтэй байсан ч статистикийн байгууллагын төсвийг танаж болохгүй гэдэг. 1990-ээд оны эхэн үеийн хүнд, хэцүү цагт манай төр засаг судалгааны байгууллагынхаа төсвийг танаж байгаагүй туршлагатай. Үүнийхээ үр дүнд зөв мэдээлэлд суурилсан зөв бодлого чиглэл гаргаж байсан түүх бидэнд бий.

“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ АСНА”

b371d2_img_7887_x974

Та Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрай гуайн зээ охин. П.Жасрай гуай 1966-1970 Статистикийн төв газарт орлогч даргаар ажиллаж байсан. Энэ байгууллагад даргаар ирэхэд нэлээдгүй дурсамж сэргэсэн байх?

-Өвөө маань 34 насандаа төрийн ажлын гараагаа манай байгууллагаас эхэлсэн түүхтэй. Статистикийн төв газарт 1966-1970 онд хийгдсэн үйлдвэр аж ахуйн газруудын тайлан балансыг бүрэн хэмжээгээр зөв гаргах ажлыг мөрдүүлж хэвшүүлэх, улс ардын аж ахуйн балансын системийг нэвтрүүлэх, үнийн статистикийг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн гол ажилд бодитой хувь нэмэр оруулсныг түүнтэй хамт ажиллаж байсан Ерөнхий сайд асан Б.Бямбасүрэн гуай дурсан ярьж байсан. Миний хувьд өвөө, эмээ, ээж нар маань бүгд статистикч мэргэжилтэй учир статистикийн гэр бүлд төрж өссөн хүн гэдгээрээ бахархдаг.

Таны өвөөг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Монгол Улсын эдийн засаг одоогийнхоос ч хүнд байсан. Гэхдээ бэрхшээлийг даван туулж, алдарт “Хонгилын үзүүрт гэрэл асна” гэдэг үгээ хэлсэн. Тухайн үеийн улс төрчдийн яс чанар нь юунд байсан гэж Та боддог вэ?

-“П.Жасрай гэдэг хүн мундаг учраас хямралыг амар давсан гэж хэлэхгүй. Манай баг, хамт олон чадварлаг, мундаг хүмүүс байсан учраас хамтдаа сэтгэл нийлэн бэрхшээлийг даван туулсан юм” гэж өвөө маань дурсан ярьдаг байлаа. Энэ бол бодит үнэн. Аливаа ажлыг гар нийлсэн баг, хамт олонгүйгээр амжилтад хүргэх боломжгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид төр засаг “эвэртэй шуудай” шиг түгжрэхийг л харлаа. Нэг нь зөв бодлого хэрэгжүүлэх гэхээр нөгөө нь эсэргүүцдэг, өөр зүг чигт зүтгэдэг, эрх ашгаа боддог… Ер нь улс төрчид баг хамт олноороо сайн ажиллаж, нэгдмэл байж чадсанаараа хүнд хэцүү цаг үеийг даван туулж чадна. Д.Сүхбаатар жанжны ч хэлсэн үг бий шүү дээ… “Бидний улс эв саналыг нэгтгэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж…

Өнөөгийн Монголын улс төр, эдийн засгийн хямралын үндсэн шалтгааныг Та ямар өнцөгөөс харж байна вэ?

-Долоо хэмжиж, нэг огтол гэдэг шүү дээ. Үүнтэй адил, аливаа бодлого шийдвэр гаргах гэж байгаа бол гарааны үзүүлэлт, хүрэх үр дүн, үр нөлөөг сайтар судалж шийдвэрээ гаргах ёстой. Тоо мэдээлэл нь өөрөө тооцоо судалгаанд суурилсан зөв бодлого шийдвэр гаргахад нь тусалж дэмжих суурь нь болдог. Харамсалтай нь статистикийн мэдээллийн ашиглалт хангалтгүй байна. Манай эдийн засгийн хямрал мэдээж буруу бодлого шийдвэрээс үүдэлтэй. Хүнд өвдөөд, сэхээнд орчихсон байгаа хүний биеийн байдлыг байнга хэмжиж хүчил төрөгч, зүрхний цохилт, даралт гэх мэт үзүүлэлтүүдийг тогтмол хэмжиж, шуурхай арга хэмжээ авдагтай нэгэн адил. Статистик бол эрх баригчдад нийгмийн толь л гэсэн үг. Бодлого шийдвэр нь хэрхэн нөлөөлж байна, аль хэсэг нь орхигдож байна, аль бодлого нь сайн хэрэгжиж байна гэдгийг нь илтгэгч юм. Бодлого зөв тодорхойлогдож, хэрэгжилт сайн бол эерэг статистик мэдээлэл гарна.

Эдийн засгийн макро үзүүлэлтүүдээс гадна, иргэдийн мөнгөн хадгаламж өсөх, төрөлт ихсэх, гэмт хэрэг гаралт буурах, ажилгүйдэл буурах гэх мэт үзүүлэлтүүд мэдрэгдэнэ. Алдаатай бодлого шийдвэр хэрэгжүүлбээс төр, нийгмийн амьдрал доройтож, статистик мэдээлэл шууд сөрөг гарна. Сүүлийн үеийн статистик мэдээлэл харамсалтайгаар сөрөг гарч байгаа. Гэмт хэрэг өсөх, төрөлт буурах, чанаргүй зээл өсөх гэх мэтчилэн… Хамгийн цочирдмоор мэдээ гэвэл гэр бүлийн хүчирхийлэл өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 30 хувиар өссөн. Хүн бухимдлаа өөрийн ойр дотнын хүмүүсдээ гаргах нь элбэг. Энэ тоо маань зөвхөн цагдаад бүртгэгдсэн хэргүүдийн хүрээнд яригдаж байгаа нь… Цаана нь бүртгэгдээгүй хичнээн хэрэг байгааг мэдэхгүй. Бидний зүгээс, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр НҮБ-ын хүн амын сантай хамтран “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г хийх гэж байна. Энэ судалгааны дүнд илүү бодит мэдээллийг олж авч бодлого, шийдвэр гаргагчдад хүргэнэ.

Та Монгол Ардын Намын гишүүн байсан гэдгээр мэдэх юм. Улс төрийн намд элсэх шийдвэр яагаад гаргах болсон бэ?

-Хар багаасаа л өвөөгийнхөө хажууд өссөн болохоор өвөө маань намайг байнга дагуулж явдаг байсна л даа. Өвөөгийн Монгол Ардын Намыг, түүний дээр улс эх орноо гэсэн сэтгэл аль багаас минь надад мэдрэгддэг байсан. Би уг нь Германд улс төр, нийгэм, түүхийн чиглэлээр найман жил сурч мастераа хамгаалаад 2005 онд эх орондоо ирсэн. Тухайн үед өвөө маань “Улс төрөөр эмэгтэй хүн явахад их хэцүү шүү” гээд хувийн хэвшилд ажиллахыг зөвлөсөн. Тэгээд хувийн хэвшилд ажилд ороод, улс төр, нам гэж хөөцөлдөөгүй. Өвөө маань 2007 онд гэнэт бурхан болсон. Үүнээс зургаан жилийн дараа буюу 2013 онд 80 насны ой нь тохиож бидний гэр бүл нийгэмд нэрийг нь дурсаж тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж шийдээд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Тэр үед Монгол Ардын Намын байдал их хүнд болсон байсан. Хэд хэдэн удаагийн сонгуульд ялагдал хүлээчихсэн, мөн нэр нь солигдож, гишүүд нь ч хоёр хуваагдчихсан… Хэрэв энэ үед өвөө маань байсан бол яаж шаналах байсан бол гэсэн бодол төрж, би залуу хүний хувьд юу хийж болох вэ, намын хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэж бодоод, Монгол Ардын Намд элсэх шийдвэр гаргасан. Монгол Ардын Нам залуучууддаа байнга итгэл хүлээлгэдэг нам. Намд ажилласан жилүүд надад маш их туршлага, мэдлэг, мэдээллүүдийг хуримтлуулан дадлагажуулж, дараагийн ажилд маань бэлтгэсэн гэж боддог доо.

-“Эмэгтэй хүн улс төрд явах хэцүү” гэж өвөө тань хэлсэн гэлээ. Та өнөөдөр үүнтэй санал нийлэх үү?

Эмэгтэйчүүд маань хурц асуудлыг зөөлөлж, зөв шийдвэр гаргаж чаддаг, нийгмийн эмзэг асуудалтай хамааралтай байдгаараа улс төрд зайлшгүй чухал үүрэгтэй. Монгол Улсад 1990 оноос өмнө эмэгтэйчүүдэд илүү их боломж олгодог байсан юм билээ. Жишээ нь, УИХ-ын гишүүд нь 20-30 хувийн босгоо давчихсан байдаг байж. Харин 1990 оноос хойш шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг багасч, одоогийн УИХ-д 13 буюу 17.1 хувь нь эмэгтэй гишүүд байх жишээтэй. Энэ нь дэлхийн 193 орны статистик мэдээллээр 108-д жагсаж байгаа үзүүлэлт юм. Хамгийн өндөр хувьтай буюу парламентын 63.8 хувь нь эмэгтэй гишүүдтэй Руанда, араас нь Боливи, Куба, Сейшель, Швед зэрэг орон орж байна. Энэ нь дэлхий дахинд эмэгтэйчүүд улс төрд нөлөөтэй болж байгааг илтгэж байгаа юм. Энэ чиг хандлагаас Монгол хоцорч болохгүй. Дээрх улс орон шиг эмэгтэйчүүдийн нөлөөлөл улс төрд давамгайлах хандлага удахгүй ирнэ. Тиймээс өөрсдөө боловсролтой, зөв шударга, хөдөлмөрч, тууштай байвал эмэгтэйчүүдэд асар их боломж бий.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Мэдээж өөрт оногдсон үүрэг хариуцлагыг нэр төртэй дааж явах. Залуу хүний хувьд улс эх орныхоо ирээдүйн хөгжил, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө санаа зовниж, бусдын адилаар ухаанаа уралдуулж шинийг санаачилж, ихийг бүтээхийг зорьж явна. Бидний үеийн залуучууд өнөөдөр цаг хугацаатай уралдан хөдөлмөрлөж, өөрсдийгөө улам их боловсруулах, чадваржуулах хэрэгтэй байна. Нэг сайхан үг байдаг шүү дээ “Бурхан аливаа хүнд даах ачааг нь үүрүүлдэг” гэж. Иймээс, хэдий өөрийгөө сайн бэлтгэнэ, төдий хүнд ачааг хувь заяа үүрүүлнэ гэж би боддог.

“ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗАР БОЛ

ТӨРИЙН БОДЛОГЫН АМИН ХЭРЭГЦЭЭ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Мо (November 11, 2016 10:00:26 am )

    Амжилт

  • hishigee (November 13, 2016 9:44:27 pm )

    amjilt

antalya rent a car