Манай  улстөрч, бизнесмэнүүд уснаас хуурай гарч чаддаг нь нэгэн бодлын  их  “бахархмаар”. Өөрөөр хэлбэл, авлига, хээл хахуультай холбоотой ямар ч хэргээс цэвэрхэн мултарч чаддаг гэхэд хилсдэхгүй.

 e2f10c82d4c1602ea69c6c48a2e4adad

Өөр бусад орны тухайд бол ямар ч өршөөлгүй байдгийг та бид үзэж, сонссон. Энэ удаа хээл хахууль, авлигатай  холбоотой хэргээс цэвэрхэн мултарсан нэгэн эрхмийн тухай онцолъё.

Тэр бол “Халамж”-ийн гэх тодотголтой Д.Баярсайхан. Түүнийг  2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган, Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд нарыг  албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүүсийнхээ нэр дээр байгуулан нийтдээ 4.4 тэрбум гаруй төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн ШШГЕГ-ын харьяа хорих 460-дугаар ангид хорьж байсан юм.

Хэргийг шалгах явцад Нийгмийн халамж үйлчилгээний сайд асан Д.Баярсайхан нь 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн мэдээлж байв. Харин энэ тоо 900 сая болон буурсан гэх мэдээлэл байна.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт  Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд зэрэг хүмүүст холбогдох, Эрүүгийн хуулийн 150, 166.1-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэхээр болжээ.  Харин анхны эзэн холбогдогч болох Д.Баярсайхан дээрх  хүмүүсийн нэрсийн жагсаалтаас хасагдсан байх юм. Өөрөөр хэлбэл, түүний хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон нь тодорхой. Ямартай ч тэрбээр энэ хэрэгт холбоогүй болж үлдлээ.

Тус хэрэгтэй төстэй бас нэгэн үйл явдал бол УИХ-ын гишүүн Д.Бадамжунай Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон ч нэр цэвэр үлдсэн билээ. Хэргийг сөхвөл, 2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг  дутсан. Энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшсан болохыг тогтоож ганцаараа “дээлээ” нөмөрсөн юм.

Энэ хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарыг “Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж, гишүүний эрхийг нь түдгэлзүүлэх тухай ч тухайн үед сүр дуулиантай яригдаж байв. Гэсэн ч тэдний буруутайг нотолж чадаагүй гэх шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.  Энэ мэтчилэн төрийн эрх баригч, том албан тушаалтнуудад хууль үйлчилдэггүй бололтой.

24tsag.mn