antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2016 Comments are off

Махны экспортыг март

нийтлэсэн Admin

195225-28102016-1477627062-81626267-zgm2015 оны аравдугаар сар. Одоогоос яг жилийн өмнө Монгол, Хятадын төлөөлөгчид зургаан тэрбум юанийн гэрээг үзэглэж байв.

Хоёр улсын анхдугаар экспо Шанхай хотноо болж, БНХАУ манайхаас малын мах авахаар тохирсон. Энэ оргилуун үеийн нэг жилийн босгон дээр махны экспортыг нэхэн сурвалжилж байна.

Мах үйлдвэрлэлд кластерийн систем нэвтрүүлэх нь зүйтэй гэв

2016 оны байдлаар Монгол Улс хэдий хэмжээний мах экспортолчихоод байна вэ. Асуултын хариултыг Гаалийн ерөнхий газрын цахим хуудаснаас хайлаа. Эхний есдүгээр сарын байдлаар 2400 орчим тонныг хилийн чанадад борлуулсан мэдээлэл байна. Махны экспорт оргилдоо тулж байсан зургаан жилийн өмнөхөөс энэ нь 10 дахин уруудсан дүн.

Бас өмнөх онуудаас ахиагүй үзүүлэлт. Хачирхалтай нь, нийт экспортын 80-90 хувь нь зөвхөн хойд хөршийг чиглэжээ. Олон тэрбумаар хэмжигдэх гэрээ байгуулсан өмнөд хөршид 10 хүрэхгүй хувь буюу 346 тонн мах нийлүүлжээ. Дахин нэг хачин гэмээр дүнг өгүүлье. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Монгол Улс Хятад руу салаа туурайтай малын мах нийлүүлэхээр тохиролцож байв.

Ингэснээр Монгол Улс анх удаа урд хөршид хонь, ямааны мах нийлүүлэх эрхтэй болсон юм. Гэтэл экспортын махны дийлэнхийг битүү туурайтай гэдэг адууны мах бүрдүүлсэн байх юм. Харин хонь, ямааны махны экспорт нийлээд 40 тоннд ч хүрэхгүй байна.

Олон жил хүлээсэн протокол, олон тэрбумаар хэмжигдэх гэрээний үр дүн энэ. Халагламаар байгаа биз. Угтаа цаасан дээр буусан тохироо ёсоор бол манай махны экспортын орлого бараг түүхий эдийнхтэй дүйхээр. Гэвч бодит орлого дөнгөж таван сая ам.доллар шүргэж байна. Яагаад.

ЭРТЭДСЭН ХҮСЭЛ БА ОРОЙТСОН БЭЛТГЭЛ

Малын махаа гадаад зах зээлд гаргаж, ашиг олох хүслийг монголчууд олон жил тээсэн. Ингээд ирсэн гийчин бүртээ мах нийлүүлэх хүслээ дуулгаж, зорьсон айлчлал бүртээ энэ үгийг ёс мэт давтсан юм. УИХ, Засгийн газрын албан ёсны цахим хуудсыг сөхөөд хараарай. Махны экспортын талаар ярилцав. Ийм өгүүлбэр олонтаа таарна гэдэгт итгэлтэй байна. Уг нь үүний хүчинд мөрөөдлөө албан бичгээр биелүүлсэн. Гэхдээ нэг зүйлийг мартжээ. Хүсэлдээ хүрэх замын зураглалаа огт бодсонгүй. Монгол Улс махны экспортод бэлэн бус байсныг илтгэх ганцхан жишээг сөхье.

БНХАУ-ын талаас импортлох махаа эрүүл бүс дэх боомтоор дамжуулан авах хүсэлт тавьсан юм билээ. Тиймээс Говь-А лтай аймгийн Бургастайн боомтоор экспортлохоор тохирчээ. Гэтэл Хятад, Монголыг холбосон энэ боомтын тохижилт, дэд бүтэц, агуулах сав, лабораторийн хүчин чадал сул. Бас үйлдвэрүүдэд мах бэлтгэх мөнгө байсангүй. Урд хөрш үүдээ нээсэн ч энэ мэт асуудлаас үүдэн махны экспорт урагшилсангүй. Ингээд малын өвчинтэй золгоодохов.

Урд хөрш үүдээ нээсэн ч, бэлтгэл сулаас махны экспорт урагшилсангүй

Барууны аймгуудын зарим суманд бог малын мялзан өвчин гарч, есдүгээр сард хөл хорио тогтоосныг уншигч та дуулсан байх. Баруун дөрвөн аймагт гарсан энэ өвчний улмаас олон тооны мал хорогдсон. Ховд аймагт гэхэд 11 мянган мал өвчний улмаас “нүд аньсан” гэх мэдээлэл бий. Одоо вакцинжуулалтын ажил үргэлжилж байна. Малын мялзангийн эсрэг вакциныг хангалттай татсанаа ч салбарын яамнаас мэдээлэв.

Өвчний шинж тэмдэг анх Ховд аймгийн Булган суманд өнгөрсөн гуравдугаар сард илэрчээ. Үүнээс таван сарын дараа богийн мялзан болохыг нь тогтоож, сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн аж. Өвчний тархалтыг зогсоох боломж байсан. Гэвч малын гаралтай өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажил орон нутагт сул байснаас нөхцөл байдал хүндэрснийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрсөн юм.

Бог малын мялзан их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй маш том боломжийг биднээс “булаав”. Эрүүл бүс хэмээн итгэж, баруун бүсээс махны импорт хийхээ мэдэгдээд байсан Хятад улс монгол маханд “хар тамга” дарлаа. Ийнхүү олон жил хүлээсэн боломжоо бид төд удалгүй боомиллоо. Баруун бүстэй зэрэгцээд манай зүүн талд ч малын шүлхий өвчин гарсан. Шүлхийтэй тэмцэх ажил өнөөг хүртэл өрнөж байна. Эх орны хязгаар нутгуудад зэрэг дэгдсэн өвчин малын эрүүл мэндийг сахин хамгаалах ажил, хорио цээр ямар байгааг харуулсан үнэн энэ.

Бас нэг гашуун үнэн энэ салбарт бий. Одоогоор махны үйлдвэрүүд нам зогсчихоод байна. Тоног, төхөөрөмжүүд сул зогсож, хоосон агуулах сав, хаалга үүд нь түгжээтэй. Цөөн тооны үйлдвэрийг эс тооцвол нөхцөл байдал ерөнхийдөө хөлдчихөөд байна. Одоогийн байдлаар махны бэлтгэлээ хийж буй компани тун ховор байгааг Монголын махны холбооноос мэдээлэв. Үүнийг ч манай сонин өнгөрсөн саруудад хөндөж байсан.

Шалтгаан нь санхүүгийн гачигдал. Мөнгөгүйгээс нөөцөө бэлтгээгүй гэх тайлбарыг мах боловсруулах үйлдвэрийн эзэд өчиж байна. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоо мэдэгдсэн, уг нь. Гэвч дийлэнх нь өнөөг хүртэл эзэндээ очоогүй. Ер нь махны үйлдвэрүүдийн санхүүгийн асуудалд олон зүйлийг дурдаж болно. Иймд түр орхиё.

Харин орхиж боломгүй нэгэн зүйл нь мах бэлтгэл, экспортын өндөр зардал. Тухайлбал, 1000 тонн мах бэлтгэхэд дөрвөн тэрбум орчим төгрөгийн зардал гардаг байна. Иймд махны экспортыг нэмэгдүүлэхэд зайлшгүй төрийн дэмжлэг шаардлагатайг үйлдвэрлэгчид уламжлав.

Малын өвчин гарснаар одоогоор манай баруун, зүүн бүс ”аюултай”-д тооцогдоод байгаа. Иймд төвийн бүсээс мах экспортлохоор зорьж байгаа ажээ. Өнгөрсөн сард Хятадын мал эмнэлгийн мэргэжилтнүүд манайд ирж, төвийн бүсийн махны үйлдвэрү үдтэй танилцжээ. Одоогоор хариу ирээгүй байгаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн тайлбар өглөө.

Энэ бүхнийг уншмагц ямар нэгэн бодол төрж байж магадгүй. Энэ салбарт далайцтай, зоригтой, системийн шинжтэй шинэчлэл хийх цаг хэдийнэ болсныг илтгэнэ. Улс төрийн хүрээнд гар бариад, төсөөллийн тоо ярьснаар махны экспорт нэмэгддэггүйг сүүлийн 1-2 жилийн туршлага харуулж байна. Тэгвэл өсгөхийн тулд юу хийх ёстой вэ?

ИТГЭЛЦЛИЙН ЭРЭЛД

“Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт болов. Энэ үеэр салбарынхан чуулж, сорилт хийгээд шийдлээ хэлэлцлээ. Экспортын мах малчин, махны үйлдвэр гэсэн хоёр хэлхээг дамждаг. Малчид үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Үйлдвэр төхөөрч, боловсруулаад хилийн чанадад нийлүүлнэ. Ийм л мөчлөг эргэлддэг. Тиймээс малчдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэйг Монголын малчдын хариуцлагын холбооноос мэдэгдлээ.

Жишээ авъя. Малчин Доржоос А компани килограмммыг 3500 төгрөгөөр тооцон, мал худалдаж авчээ. Компани малаа төхөөрч, жижиглээд, хилийн чанадад гаргав. Тус компани махаа хэдэн төгрөгөөр боловсруулж, борлуулсан нь Доржид тодорхойгүй. Тиймээс махны үйлдвэрүүд ахиу ашиг хүртэж байгаа ч юм шиг. Ийм хардлага Доржид битүүхэн төрдгийг малчид нуусангүй. Ийнхүү ойлголцлын зөрүү үүснэ. Цаашлаад итгэлцэл эвдэрч, түншлэл хөндийрөхөд хүргэдэг байна.

Махны экспортын 10 хүрэхгүй хувь нь урд хөршийг чиглэсэн

Үйлдвэрийн эзэд ярив. Үхрийн махыг килограммыг 3500 төгрөгрөөр худалдаж аваад, ОХУ руу гаргаад алдагдал хүлээснээ учирлалаа. Мах боловсруулах ажил өндөр зардалтай. Дээрээс нь 40 хувийн импортын татварыг давах ёстой. Махаа борлуулахын тулд эхлээд танилцуулна. Маркетингид мөнгө зарцуулна. Нэгэн компани Японы зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулахад ойролцоогоор 50-60 сая төгрөг гаргажээ. Ийм хэмжээний хөрөнгө, хүч шаардсан ажил гэдгийг салбарынхан өгүүлсэн.

Энэ хоёр тайлбараас малчин, махны үйлдвэрийн ойлголт алд дэлэм зөрүүтэй байгааг харж болно. Иймд нэгтгэх шаардлага байна. Тиймээс мэдээллийн нэгдсэн сантай болох нь зүйтэйг оролцогчид хэлэв. Батын хотноос гарсан мал Жоржид хэдэн төгрөрөөр хүрч буйг мэдэх сонирхол малчдад байна. Ингээд малчин, үйлдвэрийн эзэн хоёр бие биедээ итгэдэг боллоо. Одоо жинхэнэ төрийн бодлого, зохицуулалт, менежмент хэрэгтэй аж.

СИСТЕМИЙН ГАЖИГ

graphic-115940-1049921576

Манай мал эмнэлгийн салбарын бодит төрхийг энэ зуны үйл явдлаас тодорхой харсан. Иймд мал эмнэлгийн салбарыг шинэчлэх, бие даасан эрх олгохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн юм. Үүнтэй зэрэгцэн мах үйлдвэрлэлд кластерийн системд нэвтрүүлэх саналыг “Завхан хүнс” группийн ерөнхийлөгч Б.Энхболд дэвшүүлэв. Өөрөөр хэлбэл, малчид, үйлдвэрлэгчид нэгдэнэ гэсэн үг. Яаж нэгтгэх үү. Кластерт нэгдсэн компаниудад экспорт хийх эрх олгож болно. Энэ мэт хөшүүргийг ашиглах боломжтой ажээ.

Ингэж бэлтгэсэн махаа бид дэлхийн зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулах вэ. Үнэндээ монгол махыг сурталчлах ажил одоо зөвхөн хувийн хэвшлийн нуруун дээр тохоостой байгаа. Байгалийн гаралтай, цэвэр органик бүтээгдэхүүн хэмээн бид малынхаа махыг үнэлдэг. Харин дэлхий өнөө хэр мэдээгүй л байна.

Иймд монгол малын махаар дэлхийг дайлахын тулд таниулж, үнэ цэнийг өсгөх ажил хүлээгдсээр. Одоо үүнд л төр хэр сайн менежер болохоо харуулах шаардлагатай аж. Энэ ажлыг салбарын яам цаашид хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш чинээлэг хэрэглэгчид рүү чиглэсэн, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгоход анхаарч ажиллахаа амлав.

Монгол Улс малын өвчинтэй тэмцэж байна. Бас баруун, зүүн бүс хаалттай. Ирэх онд нийлүүлэх махны бэлтгэлээ бараг базаагүй. Өнөөгийн нөхцөл байдлыг шинжвэл ирэх онд махны экспорт бүүдгэр байх төлөвтэй. Хатуухан хэлэхэд, махны экспортыг мартах хэрэгтэй болох нь. Харин энэ хугацаанд малынхаа эрүүл мэндийг, системийнхээ гажигтай хамт засах нь чухал болсныг хувийн хэвшлийнхэн илэрхийлж байна. Эс бөгөөс ямар үр дагаварт хүрдгийг хоёр жилийн туршлага хангалттай харуулсан.

  • Оны эхний есдүгээр сарын байдлаар 2400 орчим тонныг хилийн чанадад борлуулжээ.
  • Хонь, ямааны махны экспорт нийлээд 40 тоннд ч хүрэхгүй.
  • Өнөөгийн нөхцөл байдлыг шинжвэл ирэх онд махны экспорт бүүдгэр байх төлөвтэй.
  • Малынхаа эрүүл мэнд, системийнхээ гажигийг засах нь чухал байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car