Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболдыг Д.Сугартай хуйвалдан ган бөмбөлөг нийлүүлсэн гэдэг шалтгаанаар хорьжээ.
Бас л Д.Сугар. ТӨХ-ны дарга асан Д.Сугарт хийгээгүй ажил, холбогдоогүй хэрэг гэж алга. Тэрбээр Сэлэнгэ аймгийн АДХ-н гүйцэтгэх захиргаанд хэлтсийн даргаас эхлээд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, “Монгол шуудан” банкны газрын захирал, Төрийн өмчийн хорооны дарга гээд төрийн томоохон албан тушаалыг ээлж дараалан хашихдаа юм юманд нэр холбогдож явсан бололтой. Д.Сугарын нэр холбогдсон хамгийн сүүлийн шуугиан гэвэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан Т.Ганболдыг цагдан хорьсон гэх хэрэгтэй нэр холбогдсон явдал.
Т.Ганболдыг “Алтан дорнод Монгол” ХХК-ийг худалдаж авсан гэх 300 сая ам.доллар, “Эрдэнэт” үйлдвэрт хууль бусаар ган бөмбөлөг нийлүүлсэн, “Монголбанк”-ны зарим мэргэжилтэнтэй нийлж ханшийн зөрүүг хууль бусаар ашигласан зэрэг хэд хэдэн асуудлаар шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр “Голдстриминк” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганболдыг цагдан хорьсон гол шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэрт хууль бусаар нийлүүлсэн гэх ган бөмбөлөгийн хэрэг гэнэ. Т.Ганболдын Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрт шахсан ган бөмбөлөгийн хэрэгт тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар голлох үүрэг гүйцэтгэсэн гэнэ.
Д.Сугарыг “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан байж болзошгүй хэмээн өнгөрсөн оны наймдугаар сард АТГ-аас шалгасан. Тодруулбал Д.Сугар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэртэй 2008 оны 11 дүгээр сарын 15-нд ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ эдийн засгийн эрсдэлийн үнэлгээг ажлын хэсэг байгуулж хийлгэсэн аж. Тухайн үед төрийн өмчит хоёр том үйлдвэрийн худалдааг хооронд нь зуучилсан Д.Сугар эдийн засгийн хямралыг туулахын тулд ган бөмбөлөгөө “Эрдэнэт” үйлдвэр рүү шууд нийлүүлэх боломжтой гэж үзээд гэрээ байгуулсан аж.
Гэвч Д.Сугар гэрээгээ зөрчиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гарсан ган бөмбөлгийг Хонгконгийн “Стандарт металлс лимитэд” компаниар дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж, төрийн өмчит компанийг гурван сая ам.долларын алдагдалд оруулсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор Д.Сугарт Эрүүгийн хуулийн 263.2, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан Т.Ганболдыг 150.3, 265.2-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаж байсан юм. Гэвч удалгүй Д.Сугарын хэрэг замхарсан. Ингэснээр гэрээ байгуулсан Д.Сугар бус Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан Т.Ганболд саатуулагдаад байгаа аж.
Энэ мэтээр цаг үеийн шаардлагаар сөхөгдсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрт ТӨХ-ны дарга асан Д.Сугар гэх эрхмийн нэр цохиж явна. Бас нэгэн жишээ дурдахад алдарт “Номаранг” компанийн хэрэг. Манай банк, бизнесийн салбарынхан Солонгосын “Номаранг” компаниар дамжуулан тус улсын “Daewoo”, “LG” компаниас 120 сая ам.доллар залилж, шуугиан тарьсан. 2000 оны дундуур өрнөсөн энэ хэрэгт “Монгол шуудан” банк голлох үүрэг гүйцэтгэж, “Номаранг” компанитай аккредитивын гэрээ байгуулсан юм. Хамгийн сонирхолтой нь яг энэ үед УИХ-ын гишүүний суудлаас буусан Д.Сугар “Монгол шуудан” банканд газрын захирал гэх нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан аж.
Мөн “МИАТ” ХК-ийн зах зээлийг булааж, дампууруулахаар зүтгэж байгаа “Mongolian airlines” группийн асуудалд ч Д.Сугарын нэр холбогддог. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Д.Сугар “Mongolian airlines” группээс хувь эзэмшдэг байхыг үгүйсгэхгүй.
Д.Сугар мөн л “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн дарга байхдаа төрийн өмчит компанийг бут цохих хэмжээний шинэ нислэгийн компани байгуулах нөхцөл бололцоог бүрд үүлж, хөрөнгө оруулагчаараа УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Болд нарыг сонгосон ажээ. Үүнээс гадна Д.Сугар “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн дарга байхдаа Хятадын төрийн өмчийн компани болох “Чайналко”-той 70 ам.доллары гэрээг хийсэн. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Таван толгой”-н нэг тонн нүүрсийг 70-хан доллараар үнэлж, гэрээ хийсэн. Д.Сугарын энэ үйлдэл монголын нүүрсийг дэлхийд үнэгүйдүүлэх эхний алхам болсон юм.
Ямартай ч Д.Сугарын хууль бус хэрэгт нэр холбогдсон сүүлийн асуудал нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболдын хэрэг болоод байна.
Б.Даваахүү
Холбоотой мэдээ
Comments are closed.