Эрээн Монгол Хятадын хамгийн том боомт
Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар Хятад Монголын сэтгүүлчид Өвөр монголын хилийн боомтуудыг сурвалжиллаа. Уг үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны 9 уран бүтээлч оролцов. Эрдэнэтээс бид 9-р сарын 22-ны орой галт тэргээр Улаанбаатар хотод очиж, 23-ны үдээс хойш Монголын үндэсний телевиз, Үндэсний радио, Стар телевиз, МОНЦАМЭ ангентлагийн үзэг нэгт нөхөдтэйгээ нэгдэн ӨМӨЗО-ны агаарын болон төмөр зам, авто замын боомтуудтай нь танилцахаар өмнөд хөршийг зорилоо. Замын-Үүд хүртэл галт тэргээр зорчоод, тус сумын ЗДТГ-ын машин биднийг Эрээн хотод хүргэв. Эрээн хот, Замын Үүдийн хооронд хөгжлийн ямар их ялгаа байгаа нь нүднээ илхэн. 10-аадхан км-ын зайтай энэ 2 суурингийн нэг нь хангай, нөгөө нь говь мэт харагдах. Эрээн хот нов ногоон зүлэг, өнгө өнгийн цэцгэс алагласан модот цэцэрлэгүүдтэй байхад Замын-Үүдэд ногоон байгууламж бараг л харагдсангүй. Замын-Үүдэд маань дөрвөн талт алтан Соёмбот цогцолбор, орон сууцны өндөр барилгууд зэрэг бүтээн байгуулалт сүндэрлэж байвч Эрээнд боссон бүхэл бүтэн хороолол, өргөн цэлгэр зам харгуйтай зэрэгцүүлбэл унхиа муутайхан айл, ажилсаг хийгээд бийлэгжүү өрх мэт төсөөлөгдөнө. Биднийг Эрээнд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны газрын дарга Баянжаргал, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын боомтын албаны газрын дарга Дү Дэшинь, дэд дарга Аянга тэргүүтэй албаны хүмүүс, Хятадын сэтгүүлчид тосон авч, шууд л сурвалжлах ажилдаа орлоо. Эрээний боомттой танилцсаны дараа Эрээн хотын дарга сэтгүүлчдийг хүлээн авч уулзав. Эрээн бол Хятад Монголын эх газрын хамгийн том боомт, энэ боомтоор өнгөрсөн жилд 1800 гаруй зорчигч, 14 сая тонн ачаа бараа нэвтэрсэн байна. Хятадын эх газрын боомтоос зорчигчийн тоогоор хамгийн эхэнд, ачаа тээврээр 3-рт ордог аж. Энэ боомтыг эдийн засгийн чөлөөт бүс болгох төсөл боловсруулан, зам харилцаа, шугам хоолой, цахилгаан дэд бүтцэд зориулж 2 жилийн дотор 50 сая, оны эцэс гэхэд 200 сая юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Эрээн хот Өвөрмонголд үлгэр жишээ эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилттой байгаа тухай хотын дарга мэдээллээ. Эрээн хотын эдийн засгийн 65 хувийг үйлчилгээний салбар, 28 хувийг үйлдвэрлэл, 3 хувийг уул уурхай үйлдвэрлэл бүрдүүлдэг байна. Эрээн хотод зундаа 100 мянга, өвөлдөө 90 мянган хүн оршин суудаг ба бүртгэлтэй 32 мянган иргэн байдаг гэнэ. Хятадын өмнөд нутгаас энд ирж худалдаа эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Гаднаас ирж түр оршин сууж буй иргэдэд нийгмийн үйлчилгээг адилхан үзүүлдэг гэнэ. Монгол улсаас зочид буудал зэрэг жижиг бизнес эрхэлдэг 600 гаруй иргэн байдаг бөгөөд тэдний үр хүүхдийг сургуульд үнэ төлбөргүй сургадаг аж.
Цагаан суваргын боомт
Монголын 23, Хятадын 11 сэтгүүлч, албаны хүмүүсийн хамт 38-уулаа Эрээн хотоос Хөх хотыг чиглэн автобус хөлөглөн хурдны замаар довтолгов. Автобусны цонхоор хээр талд бэлчээрлэн яваа аварга том үлэг гүрвэлийн баримлууд, өндөр багануудын оройд эргэлдэх салхин сэнснүүд, эрдэнэ шишийн тариалангийн талбай сэлт харагдана. Баянжаргал гуай өвөрмонгол аялгаар үндэснийхээ болон ар халхын дууг чадварлаг дуулж, бас алиалан хошигнож, дуулалдан хөгжилдсөөр цаг тийм ч урт мэт санагдсангүй. Автобус 5 цаг гаруй давхилаа. Замын хажуугийн мод улам шигүүрч, хэд хэдэн газар тунелээр өнгөрөх нь Хөх хот дөхөснийг илтгэх аж. Эзэнгүй хээр тал, уулын оройд хүртэл мод тарьж ургуулсан нь гайхалтай. Хятадын эртний кинонд гардагчлан навсархай тагз, бохир гудамжинд ноорхой хувцастай эр зам дагуу машины тос масло тавьсан зарж харагдана. Гэлээ ч Хөх хот гүн рүүгээ улам өнгөлөг болох бөгөөд хаяа нь харагдахгүй том хот юм. Орон сууцны хорооллууд гэхэд л өнгө донж, өндөр намаараа давтагдахгүй байх. Тэнд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэргийг иж бүрдлээр нь шийджээ. Томоохон дэлгүүр хоршоо төдийгүй шатахуун түгээх газар хүртэл хаягаа уйгаржин бичиг, хятад ханзаар зэрэгцүүлэн бичих юм. Бид хотын хойд талд байрлах Гаалийн албаны зочид буудалд хооллоод л өмнө зүгт байх Нисэх онгоцны Бай-Та буудлыг зорив. Өдөрт дунджаар 1700-аад зорчигчид үйлчилдэг уг буудлын бүх үйлчилгээ цахимжсан байна. Нэг зорчигчийн ачаа тээшийг 30 секундэд шалгадаг ажээ. Хөх хот Улаанбаатарын хооронд 7 хоногт 3-4 онгоц нисдэг юм байна. Бид мөн Цагаан суваргын боомттой танилцав. Хилээр орж ирсэн барааны чанарыг шалгах ухаалаг систем нэвтрүүлжээ. Тус боомтын тээвэр ложистикийн төвтэй танилцах үеэр хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийж байхтай тааралдсан юм. Агуулахын дотор төмөр замтай бөгөөд түүгээр урсан ирэх томоохон сагсан дахь бүтээгдэхүүний нэгэнд “но” илэрч, улаан гэрэл асав. Ажилтан гялгар савтай майонезыг гарган эргүүлж тойруулан үзээд хадгалах хугацаа дуусаагүй байна, гэснээ түүний найрлаган дахь нэгэн зүйл эрүүл мэндэд тохирохгүй гэж тайлбарлалаа. Ингээд зохих газар нь буцаадаг аж. Энэ гүрэн ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдалд ингэж хяналт тавьдаг юм байна. Биднийг Хөх хотод байх үед Нэг бүс нэг зам”-ын боомтын алхаа сэдэвт хамтарсан хурал болсон. Хуралд ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга, Гүө Ган боомтуудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Өвөр монгол нь манай улстай 10, ОХУ-тай 4 боомтоор хиллэдэг бөгөөд Хятад, Монголын бараа эргэлтийн 95 хувь, Хятад Оросын бараа эргэлтийн 65 хувь нь эдгээр боомтоор нэвтэрдэг аж. Хилийн боомтуудаар цахим худалдаа, шуурхай шуудангийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ оны эхний 8 сарын байдлаар манай улстай хиллэж байгаа боомтуудаар 25,2 сая тонн ачаа, 2,2 сая зорчигч, тээврийн хэрэгсэл 800 гаруйг нэвтрүүлсэн нь ноднингийн мөн үеэс 20 шахам хувиар өссөн гэж албаны хүмүүс мэдээллээ.
Хааяагаа тэлж буй Ганц модны боомт
Дараа нь бид Баяннуур аймгийн төв Халиут суурин руу давхилаа. Халиутад хоноглоод маргааш нь өглөө эрт Ганц модны боомтыг зорив. Таван толгойн нүүрс, Оюутолгойн зэсийн баяжмалыг Өмнөговь аймгийн нутаг дахь Гашуун сухайтын боомтоор гаргаж, энэ боомтоор Хятадад оруулдаг. Боомт дөхөхөд л гар утасны сүлжээ орж манайхан эндээс нутагтаа байгаа юмшиг л гэрийнхэн рүүгээ ярьж байлаа. Нэгэн толгодын оройгоос нүүрс цуглуулах маш том талбай харагдах. Эх орны минь хамгийн чанартай “хар алт” энд л хэдэн сая тонноороо хураагддаг байна. Өдөрт 1000 машин буюу 60 мянган тонн нүүрс орж ирдэг гэсэн. Энэ боомт дээр хорио цээрийн, гаалийн шалгалт маш нарийн бололтой. Гаалийн шалган нэвтрүүлэх албаны байранд нүүрсний болон зэсийн баяжмалын агууламж, хүний биед хортой нөлөө үзүүлдэг элементүүдийг илрүүлэх зориулалттай орчин үеийн өндөр нарийвчлал, хүчин чадалтай машин суурилуулан, бүр лаборатори байгуулсан байх юм. Тэгвэл манайхан хилээр оруулж буй хүнсний зүйлдээ ингэж хяналт тавьж чаддаг билүү. Хятадын хилийн 703-р баганын дэргэдээс Гашуун сухайтын боомт илхэн харагдах юм. Энэ боомт 13 мянган хүн амтай бөгөөд одоо нилээн өргөжин хөгжиж байгаа аж. Биднийг энэ боомтод өнгөрсөн онд байгуулагдсан эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбортой танилцуулав. Эмнэлэг нь өнгөрсөн оны 5-р сард ашиглалтанд орсон. Хэвтэн эмчлүүлэх 30 ортой, оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжтэй гэнэ. Монгол иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг бөгөөд одоогоор 1000 гаруй монгол иргэн үйлчлүүлсэн аж. Өнгөрсөн жил хил залгаа Өмнөговь аймагт эдний эмч мэргэжилтнүүд үзлэг оношилгоо хийжээ. Гаднаа сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн ногоон талбай бүхий шинэхэн барилга бол сургууль, цэцэрлэгийн цогцолбор. Биднийг сургуулийн үүдэнд багш нар угтан авч, менежер Уулаа гэх өвөрмонгол залуу хөтөчлөв. Сургуулийн хаалгаар орж ирүүт л томоохон тавцан дээр зүүн талд нь Хятад улсын газрын зураг, төрийн далбаа сүлд, баруун талд нь Монгол улсынхыг хүндэтгэлтэй байрлуулсан байх юм. Хилийн боомтын сургууль гэхэд тун тохитой. Дуу хөгжмийн, зургийн, чөлөөт цагийн танхим, туршилт хийх лабораторийн өрөө хүртэл байх. Дуу хөгжмийн кабинетэд хүүхэд бүрт хүрэлцэхүйц кассио хөгжим өрөөстэй. Морин хуурын тусгай танхим байгуулан монгол хээ угалзаар чимэглэж гоёжээ. Тэнд 30 морин хууртай, өдөр бүр сонирхсон хүүхдүүдэд тодорхой цагт сургалт явуулдаг гэсэн. Бага сургууль, хүүхдийн цэцэрлэгийн цогцолборт 270 хүүхэд суралцдагийн 49 нь монгол хүүхдүүд байх юм. Эд голдуу нүүрсний тээврийн жолооч нарын хүүхдүүд бөгөөд, хятад хэл сурах зорилготой аж. Эдэнд кирил үсэг, математикийн хичээлийг 2 монгол багш заадаг гэнэ. Эдгээр хүүхдүүдийг Урьдын өмнөд хошуу Баяннуур аймгийн захиргаанаас үнэ төлбөргүй суралцуулдаг гэсэн. Монгол улсаас ирсэн Цэцгээ багштай уулзахаар ангид нь ороход 6-14 насны 10 орчим хүүхдэд кирил бичиг зааж байлаа. Тэрээр бидэнд: “Дэлхий даяаршлагдаж буй цаг үед энэ нутагт монгол хүүхдүүддээ багшилж байгаадаа таатай байдаг. Би монголдоо 35 жил багшлаад тэтгэвэрт гарсан. Энд 2 дахь жилдээ кирил үсэг, математикийн хичээл зааж байна. Насны ялгаа ихтэй, хичээлдээ жаахан хоцрогдолтой, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ ажиллах зав багатай болохоор эдэнтэйгээ би нэг бүрчлэн тулж ажилладаг” гэв. Сургуулийн коридорт хүүхдүүдийн бүтээлээр гаргасан үзэсгэлэн байхаас гадна, цэргийн хувцас хэрэглэл ч харагдах. Цэрэг армийн ажилтнууд ирж, хүүхдүүдэд хичээл заадаг гэнэ. Эндээс үзвэл Хятадад цэрэг, эх оронч үзлийг багаас нь төлөвшүүлдэг бололтой. Энэ боомтод Монголоос ирж дэлгүүр, хоолны газар ажиллуулдаг иргэд нилээд байдаг бололтой. Манайхны лангуун дээр элбэг байдаг орос чихэр, бохь тэргүүтэн, бэлэг дурсгалын зүйлс, орифлеймын гэх мэт манайд л байдаг ахуйн хэрэглээний зүйлс цөм байх. Эдний дунд Эрдэнэтийн хивс гээд хулхи хивс тавьсан ч байх шиг. Ганц модны боомтын нутгаас гарах замын баруун талд монгол маягийн цогцолбор, зүүн талд Ганц модны боомтын музейн 67 метр өндөр цамхаг сүндэрлэж байна.
Ордосын онгоцны буудал 4 одтой
Монгол маягаар байгуулсан дэлхийн хамгийн том хот гэгддэг Ордост ирэнгүүтээ нисэх онгоцны буудалтай танилцав. Энэ нь 4 одтой Олон улсын нисэх онгоцны буудал бөгөөд 2013 онд ашиглалтанд орсон аж. Нисэх буудал гаднаасаа дэвж яваа бүргэдийн хэлбэртэй бөгөөд үүдээр нь оронгуут асар том монгол гэрт орсон мэт сэтгэгдэл төрөх юм. Бүргэдийн толгой хэсгийг ингэж гэр хэлбэрээр зохиомжлон бүтээжээ. Гэрийн ханыг тойруулан Тэмүүжин мэндэлсэн үеэс эхлэн Чингис хааны амьдралын бүхий л үеийг харуулсан зургууд байх. Энэ нь Хятадын алдартай зураачийн бүтээл юмсанж. Бүргэдийн далавч хэсэгт бяцхан монгол гэрийг хөндлөн огтлолоор харуулан тавилга сэлт, ахуй байдлыг үзүүлжээ. Мөн хувцас хэрэгсэл, монгол ахуйг харуулсан үзмэрүүд байрлуулж, монгол үндэсний гар урлал бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалах юм. Нэг талын хана нь тэр чигтээ цонх болсон саруул танхимд маш том аккувариум дотор зүйл бүрийн загас, жараахай сэлэн наадахыг харахад тааламжтай. Гаалийн шалган нэвтрүүлэх хэсгээ бидэнд сонирхууллаа. Тэнд орчин үеийн ухаалаг системтэй бөгөөд гадаад паспорт нь цахимжсан орны иргэд паспортоо уншуулаад л хил нэвтэрдэг аж. Орой нь бид Ордос хотын төвөөр цөөн хором аялав. Ордос хотын дундуур урсах улаан мөрний хөвөөгөөр жуулчдын сэтгэл татахуйц цогцолбор байгуулжээ. Морин дэл дээр илдээ эргүүлэн довтлох Монголын их хаадын асар том хөшөө, Алангуа ээж хөвгүүдээрээ сум хугалуулж буй сүрт хөшөө, Их Монголын морьт цэргүүд уухайлан айсуй сүрлэг хөшөө Ордосын төв талбайг чимэглэх. Ордост архитектурын гайхалтай шийдэлтэй барилга олон. Номын санг ном шиг, галарейг шувууны үүр адил, театрыг ордос малгайн хэлбэртэй барьжээ. Бид Ордосоос 65 км зайтай Чингисийн онгоныг зорилоо. Яагаад энд Чингис хааны онгон шүтээнийг онголсон тухай “Чингис хаан Тангад улсыг дайлахаар явахдаа Ордос нутгаар өнгөрөхдөө өвс нь сахлаг, ус нь тунгалаг гоё сайхан байгалийн үзэмжид нь согтуураад санамсаргүй гартаа барьсан алтан ташуураа газар унагасан байна. Хааны алтан ташуур ойчих үед албат нь авч өгье гэхэд Чингэс хаан:Энэ газар өл бог бэлчээртэй, өөлжин шувуу өндөглөлтэй, эвдэрхийд засалтай, энэ бие минь жаргалтай их сайхан газар байна. Намайг таалал төгсөхөд энэ газар онголж оршуулж болно гэж зарлиг буулгасан гэнэ. Тангадыг дайлахаар явах үедээ Богд эзэн насан өөд болсон. Богдын чандрыг арал тэргэнд саатуулаад, эх нутагт буцааж явах зуураа Монголын цэрэг хоёрдахь удаагаа дайрч гарсан юм байна. Гэхдээ энэ удаа шарилын тэрэг нь шаварт шигдээд яаж чангаасан ч гаргаж чадсангүй. Тэгэхэд хүмүүс энэ бол богдын санаа, Тэнгэрийн зарлиг юм байна гээд энд сүнсэн шүтээнийг нь эрхшүүлэн тахисан” гэж тайлбарлав. Их хааны онгон байдаг Гурван том Монгол гэр буюу гол барилга нь Юань улсын үеийн монгол гэрийн хэв загвараар хийгдэж, гол ордон, зүүн баруун хоёр бага ордон, зүүн баруун хоёр хонгил, хойд ордон зэрэг зургаан хэсгээс бүрдсэн байна. Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн таван метр өндөр Чингис хааны хөшөөг тахидаг бөгөөд өмнө нь мөнхийн зул бадраатай байх ажээ.
Холбоотой мэдээ
-
Annngg (October 11, 2016 8:45:03 pm )
Tend iim baihad manai mulguu hotiin darga Chingisiin talbaig Suhbastariin gej nerleed, nohoind spiral tavi um yariad balairaad baij baih um
1 Comment