antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 4 comments

Сэхээтнүүд хаа байна…

нийтлэсэн Admin

ec0001c4da9265bb0bf9640242d7c765

Өнөөгийн байдлаар зөвхөн дотооддоо гэхэд л Төрийн өмчийн 9 их, 7 дээд, 1 коллеж, Төрийн бус өмчийн 4 их, 54 дээд, 31 коллеж, Гадаадын их дээд сургуулийн 5 салбар, нийтдээ 110 гаруй их дээд сургууль, коллежтэй, тэдгээрт суралцаж буй оюутны тоо 150 орчим мянга.

Дэлхийн бараг 40 гаруй улс оронд хэдэн арван мянган монгол оюутнууд суралцаж байна. Энэ хэдхэн жилийн хугацаанд нийтдээ 700 000 монгол залуус дотоод гадаадад их, дээд сургууль болон коллежид суралцаж төгсжээ. Бакалавр, магистр, докторуудын тоо ч арифматик прогрессоор өссөн. Хүн амь ногдох дээд сургууль, оюутнууд, мөн нэг хүнд ногдох ТВ, сониныхоо тоогоор дэлхийд манлайлав.

Хэрвээ энэ үзүүлэлтээр үнэлэх аваас монгол орон тунчиг хүчирхэг хөгжилтэй, соёлтой, оюунлаг, сэхээтэнлэг орон болно. Гэвч бодит байдал дээр тийм бил үү? Өнөөгийн Монгол Улс маань ахуйн өндөр соёлтой, оюунлаг, сэхээтэнлэг орны тоонд орж чадах уу? Энэ үзүүлэлтээрээ дэлхийн 200 гаруй улс орнуудтай харьцуулбал альхан түвшинд нь явна вэ. Лавтай л эхний хагаст нь байхгүй юм.
.
Нэг л юм үгүйлэгдээд байна. Юу тэр вэ?
.
СЭХЭЭТНҮҮД!… 30 жилийн өмнө дотоодын 8000 оюутантай байснаасаа бараг 20 дахин олон, эрдэмтэн докторууд нь 10 дахин олон болчихсон байхад шүү дээ.
.
Сэхээтэн гэж үнэлэгдэхэд зөвхөн диплом, эрдмийн зэрэг цол төдий хангалттай биш аж. Хуучин цагийн сэхээтнүүдийг жинхэнээс нь сэхээтэн болгож байсан тэр зүйл бол улс орны хөгжил дэвшил, үндэстнийхээ өв соёл, оюун сэтгэлгээ, хөгжил дэвшлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүн гүнзгий мэдэрсэн ухамсар, эх оронч үзэл санаа юм. Харин өнөөгийн энэ олон дипломтонгуудын үнэмлэхүй олонхийн цээжнээс ийм зүйлийг хичнээн эрж хайгаад ч олохгүй болчихсонд л асуудлын мөн чанар нь байна.
.
…өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна. Хэдий их дээд сургуульд он жилээр сурч, боловсорсон, янз бүрийн алтан, мөнгөн сайхан диплом, ромбо, зэрэг цолтой ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга. Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа нэг л мэдэхэд өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна. Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй юм гэж үү… Зарим тохиолдолд тэр ур чадвар харин ч авилга, луйврийн хүчирхэг зэвсэг болох нь олонтаа байна. Хувиа бодсон, аймхай, бэртэгчин ийм давхрааг яавч сэхээтний давхарга гэж хэлэхгүй. Диплом, зэрэг цолны гол болсон хүмүүсийг сэхээтэн гэж тооцохгүй. Үндэсний гэх бахархалгүй, өөрийн гэх оюун сэтгэлгээний хэлтэрхий ч үгүй тийм хүмүүс их олон байна. Сэхээтнүүдэд байдаг нийтлэг хэв шинж болох зарчимч, оюунлаг төлөв байдал хаа сайгүй ихээр үгүйлэгдэж байна.
– Тэд зальхай улс төрчид хуйвалдан хууль гаргаж, баялгийг нь цөлмөж байхад дуугүй л байна.
– Тэд эрх мэдэлтэн дураараа дургиж, эд хөрөнгөтөн хуулийг уландаа гишгэж байхад дуугүй л байна.
– Тэд улаан хийрхэгчид, популистууд улс орных нь хувь заяагаар эзэнгүй мэт даажигнан тоглож байхад дуугүй л байна.
– Тэд нийгэмд бурангуй соёл газар авч, бусчир явдал дэлгэрч байхад дуугүй л байна.
– Тэд олон даяараа мухар сүсэгт автаж, хуурамч бөөд шуулуулж, зальжин ламд амь амьдралаа даатгаж, хөёөгөө цуглуулагч оготно мэт гүйлдэцгээж явахад дуугүй л байна.
– Тэд мэдлэг, оюун, ойлголтын хүрээнд мэтгэлцэж, ойлголцох нь сөөмхөн, тэрсэлдэж үгүйсгэлцэх нь тэнгэр шиг болжээ.

Тийм ч учраас нийгмийн оюун санааг мухар сүсэг эзэлхийлж, овтон зальтнууд олны оройд заларч байна. Монголын оюун санааны ертөнц дэх сэхээтний орон зайг сайн дурынхан нөхөж, хөөрүү эх орончид эзлэн түрэмгийлж байна. Бүхэл бүтэн үндэстний оюун санаа Орифлаймын Оюунгэрэлд ойж буутлаа дэлсүүлж, Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч байна.. Харийн соёлд хүүхэд залуусаа алдаж, ийн алдах хэрээр өөрийн юм үнэгүйдэж, үндэсний бүхэн он цагийн тоосонд дарагдаж байна. Харийн үзэл санааны дөрөөр төр улсаа дөрлүүлж, ийн дөрлүүлэх хэрээр хөгжил маань хөөс болон замхарч байна. Нийгмийн ёсзүй гүнзгий шоконд орсон сэхээний өвчтөн шиг байна. Эмгэнэл биш гэж үү?
.
Хүүхэд залуусынхаа сэтгэл зүрхэнд үндэс язгуураа мэдэрсэн эх оронч, тэргүүлэгч үзэл санааг суулгаж, тэднийг үндэсний эрхэм сэхээтэн болгодог тийм тогтолцоо маань нэг л мэдэхэд алга болчихож… Ингэхэд улс орныг хөгжүүлдэг хамгийн хүчирхэг зэвсэг бол ямар ч их хөрөнгө оруулалтаас илүү эх оронч үзэл санаа байдаг. Тийм хүчирхэг зэвсэг байдаг гэдгийг нийгэм нийтээрээ бүр таг мартлаа… Зөвхөн хөрөнгө мөнгө, эдийн засаг, арга сүйхээ ярьдаг болж… Залуус маань ч хэрхэн яаж арга чарга, сүйхээ самбаатай улс төрч болох вэ, эсвэл яаж их мөнгөтэй болох вэ гэсэн аар саархан зүйлд эрч хүчээ сорихоос бус ухаарч, сэхээрч, ойлгож, танин мэдэх гэж тэмүүлэх нь хомс байна.

Б.Номинчимэд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (October 04, 2016 11:52:43 am )

    Үнэн бнаа

  • бат (October 04, 2016 12:11:39 pm )

    Та өөрөө тэр үндэсний үзлээ мэдэх үү Үгүй ш дээ Хүний сайн муу чанарууд удамшдаг тул манай өвөг дээдэс төрөлрхийн сайн хүмүүсийг олж сурган төр бариулдаг байсан юм Харин өнөөгийн бид аль муу новшнуудыг зөвхөн дээд сургууль төгссөн гэдэг шалгуураар үнэлэн төрийн эрхэнд гарган зовлонгоо бүтээдэг юм Гэвч ямарч дээд сургуульд төр барих ухаан заадаггүй юм Тэхээр дээд боловсролтой боловсролгүй хүн хоёул адилхан төр барих чадваргүй гэсэн үг Чингис хаан ямар дээд сургууль төгссөн юм бэ?

  • Баяр. (October 04, 2016 12:28:14 pm )

    үнэнийг бичжээ. дээд боловсролтон нэртэй гоёмсог том хавтасаар гоёсон залуусаас энэ өгүүллэгийг уншаад ойлгох чадвартан ховор бөгөөд тийм сэтгэх тархигүй “робот”ууд энэ намуудад тун хэрэгтэй байдаг юм биш үү.

  • Өвгөн (October 04, 2016 1:48:24 pm )

    Үнэн шүү. Харвард төгссөн гэж хавчигнэж далбигнан дхудлаа чалчигч ерөнхийлөгчөөс эхлээд Ер.сайд асан алтанхуяг, С.Баяр, Сайханбэлэг, Дорлигжав, Сангажавын баярцогттонгуудаас эхлээд эх орон, ард түмэн, газар шорооны төлөө монголын сэхээтэн шиг байж чадсан уу. Хувиа бодох, нам дамжсан луйвраар улсаа худалдаж өөрсдөө баяжин улсаа дампууруулах. Ийм луйвараар гарч ирсэн УИХ-ын гишүүд, ЗГ-ын сайд нараа “ХАР УХААНТАЙ” гэж цоллоод байгаа нь энэ үеийн удирдлагын гутамшиг гэхээс өөр юу ч гэхэв дээ чааваас.

antalya rent a car