2012 онд хэд хэдэн аймгийн Засаг дарга сонгуульд өрсөлдөнө.
Сайн муугаар олонтаа дуудуулж, олны танил болсон тэдгээр эрхмээс 2012 оны сонгуульд тоосоо үзэж, торгон жолоогоо өргүүлчих санаатай нь цөөнгүй.
Өнгөрсөн сонгуулиар байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорсон Завханы Я.Санжмятав, Дорноговийн П.Ганхуяг, Ховдын Г.Нямдаваа нарын хуучин бууны хугархайнуудын араас хэдэн жил Засаг даргаар ажиллаад, хэд гурван бор юм цуглуулж, ааг омгондоо багтаж ядсан Сүхбаатарын Засаг дарга Ж.Батсуурь, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат, Баянхонгорын Д.Амарсанаа, Дорнодын Ц.Жанлав, Өвөрхангайн Б.Тогтохсүрэн, Төв аймгийн Ц.Энхбат, Увсын Э.Цасчихэр нарын нэрс 2012 оны сонгуулийг хүлээсэн засаг ноёдын жагсаалтыг үргэлжлүүлнэ.
Харин орон нутагтаа хэмжээгүй эрх мэдлээ бататгаж, хурааж цуглуулснаа баяжуулах мөрөөдөлтэй сонирхогчид цөөнгүй бий. Тухайлбал, Архангайн Ё.Баатарбилэг, Баян-Өлгийн С.Хавал, Булганы М.Оюунбат, Говь-Алтайн Ш.Амгаланбаяр, Дарханы Г.Эрдэнэбат, Дундговийн Д.Чандмань, Өмнөговийн Б.Бадраа, Хөвсгөлийн Л.Цэрэнжав нар ирэх сонгуулиар намынхаа нэр дэвшигчдийг амжилттай оролцуулж, шанд нь Засаг даргын зөөлөн суудалдаа улам тухлан суухыг илүүд үзэцгээж байна. Тэдний ихэнх нь энэ суудлаасаа ховхролгүй 12 жил суусан, орон нутгийн хэмжээнд дархлагдсан гэмээр эрх мэдэлтнүүд. Мэдээж энэ дунд саяхан суудлаасаа ховхорсон Орхоны Д.Оюунбат, Ганц худагт мөрдөн шалгагдаж байгаа Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх нарыг эс тооцвол шүү дээ.
Монголын 21 аймгийн Засаг дарга нараас муугаар дуудуулдаг хошуу ноёдын нэрсийг жагсаавал цөөнгүй урт мөр жигдрэх ажээ. Аймгийн Засаг дарга гэхээрээ л өөрийн хувийн компанидаа ажиллаж байгаа мэтээр аашилдаг Засаг дарга нар эдгээр эрхмүүд дунд олон бий. Засаг дарга нарт Засгийн газар эрх олгосон биш зарим нь бүр хэтийдэн даварч эхэлсэн.
Тэдний хууль бус үйлдэл, хэрээс хэтэрсэн зангийн жишээг Архангайн Засаг дарга Ё.Баатарбилэг эхлүүлж байна. Тэрбээр саяхан шахуу Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасгийн тогтоосноор хахууль авсан нь тогтоогдсон. Хувьдаа олон компанитай Хөвсгөлийн Г.Цэрэнжав, Дорнодын Ц.Жанлав, Булганы М.Оюунбат нарыг Ё.Баатарбилэгээс бага орлоготойг үзээд золтой дуу алдахаа шахав. Түүхч, археологи-антропологич мэргэжилтэй энэ залууг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт реферэнтээр ажиллаж байсан гэдгээс өөр хувийн бизнес эрхэлж байгаагүй гэдгийг олон хүн мэднэ.
Баян-Өлгийн Засаг дарга С.Хавалын хувьд энэ нутгийн өндөр, дээд албан тушаалтнууд нь төсвийн мөнгийг их хэмжээгээр шамшигдуулах, чадварлаг боловсон хүчнээ үндэслэлгүйгээр ажлаас халж, танил тал хамаатан саднаа төрийн албанд “шингээх” мэтээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, үндсэндээ хариуцлагын тогтолцоо гээчийг бүрэн халжээ. Тус аймгийн Ардчилсан намынхан аймгийн удирдлагуудад хариуцлага тооцож, Засаг дарга С.Хавалыг огцруулах хүртэл арга хэмжээ авах тухай саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа оруулсан ч МАН-ын гишүүд олонхоороо түрүү барьж, арьсаа хамгаалаад үлджээ.
Мөн С.Хавал дарга овжноор ашиглан аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий хувийн эзэмшилд зөвшөөрөгдөөгүй хэсэгт нийт 51 аж ахуй нэгж, иргэдэд нийт 25830 м.кв талбайг эзэмшүүлжээ. Түүнчлэн Засаг даргын ядуучуудад олгосон хэмээх бяцхан газарт аль хэдийнэ 2-3 давхар баячуудын хаус сүндэрлүүлсэн гээд “но”-той баримт түүнд хангалттай бий.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаагийн хувьд ирэх сонгуульд өрсөлдөх хүсэлтэй явдаг эрхмүүдийн нэг. Зуд турхан болоход хөдөөгийнхөн хэцүүдлээ, хүн хүч алга, бүгд хот руу явлаа хэмээн гомдоллодог тус аймгийн Засаг дарга орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг толгой дээрээ гаргасан гэдэг шүүмжлэлийг дагуулдаг. Орон нутаг дахь намын даргын эрх мэдлээ ашиглаж, 2012 онд сонгуульд өрсөлдчих бодлыг тээж яваа нэгэн.
Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатын хувьд хэл амтайгаар энэ суудалдаа заларсан. Түүнийг булганчууд “хэмжээгүй эрхт хаан” хэмээн битүүхэн егөөддөг нь учиртай. Сонгууль бүрээр булхай хутгаад сурчихсан тэрбээр Булган аймгийг өөрийн эзэмшлийн компани гэж үздэг гэхэд хилсдэхгүй. Найман жил Засаг даргаар ажиллахдаа орон нутгийн чанартай бүхий л томоохон үйлдвэрийг гартаа оруулсан. Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ Засаг дарга нараасаа толгой цохьдог түүний хөрөнгө хэдэн саяар эргэлддэг. Тэр ч утгаараа орон нутгийн хэмжээний олигархи гэж булганчууд битүүхэн ярилцдаг эл эрхэм ирэх сонгуульд Засаг даргынхаа суудалд үлдэхийг юу юунаас илүү хүсч суугаа.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хувьд орон нутагтаа дархлагдсан нэгэн. Харамсалтай нь одоогоор АТГ-ын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон байна. Түүнийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ж.Баянмөнх Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм байна. Ямартай ч хууль бус хувьчлал хийсэн болоод ажлаа өгч байна уу, эсвэл хийгээгүй болоод эсэргүүцээд ажлаа өгч байна уу гэдэг асуудал тун удахгүй тодорхой болно.
Говь-Aлтайн Засаг дарга Ш.Амгаланбаярын хувьд танил талын халаа сэлгээг орон нутагтаа жинхэнэ утгаар нь гааруулсан гэдэг. Ямартай ч Ш.Амгаланбаярыг өндөр үнээр буюу 200 сая гаруй төгрөгөөр Говь-Алтай аймгийн Засаг дарга болсон ярих юм билээ. Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын гарын хүн гэгддэг түүнийг Засаг даргынхаа ажлыг хийхээс илүү ан авд хорхойтойг нутгийнхан нь шивэр авир хийдэг.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатын хувьд одон тэмдгийн хэрүүлээс салдаггүй. Өнгөрсөн жил орон нутгийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ шагналыг хавтгайруулж, тойрон хүрээлэгчдээ урамшуулсанд дарханчууд тун их гомдсон сурагтай.
Засаг дарга Г.Эрдэнбат ийнхүү Дархан-Уул аймгийнхаа 50 жилийн ойг тэмдэглэхдээ албан тушаал, ширээ сандлаасаа салчих вий гэсэн түгшүүртэйгээр тойрон хүрээлэгчдэдээ бялдуучилсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хөдөлгөсөн.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хувьд орон нутагтаа намын харьяаллаар халаа сэлгээг гааруулсан нөхөр гэдэг. Түүний эл үйлдлийг тэвчихгүй иргэд нь Засаг даргадаа шаардах бичиг хүртэл хүргүүлж байжээ. Өнгөрсөн сонгуулиар далаараа тавиулж, шархтай үлдсэн тэрбээр 2012 онд УИХ-д заналтайгаар сууна хэмээн шүд зууж яваа эрхмүүдийн нэг. Тийм ч болохоор Улаанбаатарт ирэх тоолондоо хэвлэлээр өөрийгөө сурталчилдаг давуу талтай. Орон нутагтаа барагтай бол бараагаа харуулдаггүй түүнд дорноговьчууд Японд байгаа манай Засаг даргад хэмээн захидал тэрлэхэд хүрсэн гэдэг явган шог зүгээр ч нэг гараагүй нь ойлгомжтой.
2012 оны сонгуулийг тэсэн ядан хүлээж суугаа бас нэгэн бол Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав. Орон нутаг дамнуулан байгуулсан компани, 999 морин хуурчийн тоглолт, Отгонтэнгэрийн тахилга гэх зэргээр шоу талдаа гаршсан засаг ноён Я.Санжмятавын хувьд хэвлэлийн баатар болох тун сонирхолтой. Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллах тал дээр хойрго ханддаг тус аймгийн Засаг дарга Улаанбаатарт байгаа орон нутгийнхантайгаа золголт хийх дуртай.
Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань эл албандаа тийм ч удаан суугаагүй эрхэм. Бусад Засаг даргаа бодвол улстөржөөд байдаггүй номын хүн аж. Өмнөх Засаг дарга Ш.Төрбатын эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу түүнийг МАН-аас томилсон. Засаг даргаар олон жил ажиллаагүй учраас бусад шигээ но-той асуудал багатай нэгэн. Ирэх сонгуулиар намаа ялуулчихвал энэ суудалдаа дөрвөн жил зүтгэнэ гэж бодож явдаг нөхдийн нэг.
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав бусдыгаа бодвол хэвлэлээр янз бүрээр бичүүлж сурсан ёстой л дөжирсөн толгой. АТГ-аас 2007, 2008 онд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад, Засаг дарга Ц.Жанлав нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, өөрийн хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшдэг компанийн талаар мэдүүлээгүй зөрчил илэрч, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн ч АТГ өршөөсөн. Ирэх сонгуульд нэр дэвшихээр тэсэн ядан хүлээж байгаа ч намаас нь дэвшүүлэхгүй гэдгийг битүүхэн хэлээд буй. Хачирхалтай нь тэрбээр бие даагаад ч хамаагүй хүч үзнэ гэж яваа сурагтай.
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хувьд Монголын баялгийг хэвлийдээ шингээсэн аймгийн Засаг даргын суудлаасаа хөндийрөх бодолгүй яваа гэнэ. Нам нь ч Монгол орны эрдэнэсийн баялгийн цөм болох тус аймгийн голомтоос өөрийнхөө хүнийг салгах бодолгүй байгаа аж. Улстөрийн хүрээнд хүртэл УИХ-ын гишүүний суудлыг танайх ав, харин манайх аймгийн Засаг даргаа авна гэсэн тулган шаардах өгсөн гэх нь ч бий. Ирэх сонгуулийн мөнгөний урсгалыг бүрдүүлэх тус тойргийн мандат ийнхүү ямар ч үнэгүй болж байна. Тиймээс эрх баригчид Өмнөговь аймгийн удирдлагыг гартаа хийх тэмцлийг далд эхлүүлээд байгаа аж.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ч гэсэн ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой явдаг эрхэм. Д.Тогтохсүрэн дарга өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төсвийн мөнгийг бараг л зуун хувь хуваарилж, бусдад нь өгдөггүй гэх зэргээр өөрийнхөө бизнесийг дэмждэг ажээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь 2012 онд орон нутгаасаа нэр дэвшинэ гэдэг сэтгэлийн хөөрөлдөө хэт автсан нэгэн. Түүнийг нь ч АН-ын дарга Н.Алтанхуяг ихэд дэмжин, дал мөрийг нь алгадан магтаалын жишээ болгон ярьдаг. Гэтэл магтсан хүүхэн хуриман дээрээ унгана гэгчээр саяхан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар 2010 онд “Петро чайна дачин Тамсаг” компаниас 15 сая төгрөгийн хандив авчээ. Гэтэл аймгийн ЗДТГ-ын тухайн жилийн санхүүгийн тайланд тэр мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнаагүй “бултуулсан” нь аудитаар илэрч, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хандивын мөнгөө юунд зарцуулсан талаар тайлбар хийх яланд унаад байгаа гэнэ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хувьд нам итгэл олговол нэр дэвшинэ гэдгээ аль хэдийнэ зарлачихсан. Бусдыгаа бодвол хэл ам бага таталдаг түүнд МАН-ын дарга С.Батболд багагүй итгэл хүлээлгэдэг. Янз бүрийн хэл аманд өртөөгүй түүнийг ажлаа сайн хийсэн хэмээн өнгөрсөн зун 10 сая төгрөгөөр шагнажээ.
Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг албаны ажлыг амин хувийн болгон өмчилж, ууж идэх боломжтой суудал бүрт өөрийн хүмүүсээ суулган нарийн зохион байгуулалттай мөнгө угаах олон төрлийн сүлжээг бий болгосон гэдэг. Дөргөн, Мянгад сумын ашигт малтмалын ашигтай нэлээд орд газрын лиценз дүү нарынх нь нэр дээр байдаг. Өөрийнх нь нэр дээр гэх бүртгэлтэй аж ахуйн нэгж, хөрөнгө мөнгө байхгүй болохоор би шударга хүн, надад эдийн засгийн сонирхол байдаггүй хэмээн хурал цуглаан бүрт ядуу царайлж, цэвэр дүр эсгэдэг ноёнтны “но” санаснаас ч их гэнэ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавын хувьд 2008 оноос хойш тус аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд хэмжээгүй эрхт хаан мэт аашилж суудаг сурагтай. Байнга хэл ам татлаад байхаар намынх нь дарга нар удаа дараа дуудан уулзаж, ажлаа сайжруулах үүрэг өгсөн боловч өнөөг хүртэл байдал өөрчлөгдсөнгүй.
Л.Цэрэнжав Хөвсгөл нутгийн бүхий л зүйлийг өөрийн болгож байгааг нутгийн иргэд толгой сэгсрэн ярьцгаадаг. Аймгаасаа баян Засаг дарга Л.Цэрэнжавын мэдэлд одоогоор аймгийн эмнэлэг, цагдаагийн байгууллагаас бусад нь 100 хувь очсон гэж нутгийн иргэд ярьдаг.
Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын хувьд хувийн архины бизнесээр орон нутагтаа танигдаж эхэлсэн гээд аймгийнхан нь багагүй муу хэлдэг бололтой. “Алаг барс” гэдэг дэлгүүр, ресторанаа өргөжүүлэхийн тулд аймгийнхаа цэцэрлэгт саадыг үгүй хийдэг. Аймгийн онцгой байдлын газрын ажилчид нь Засаг даргын барилгыг барьдаг гээд орон нутгийн хааны эрх хэмжээ багагүй шуугиан дэлгэдэг. Аймгийн төвөөс зүүн тийш Хэрлэн голын хөвөөнд нэлээд том газар авч, хаус бариулсан гээд засаг даргын “но”-г хэнтийчүүд ам уралдан ярьцгаадаг.
Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатын хувьд том артай эрхэм. Түүний ард хотын фракцийн хүчтэй толгойлогч болох М.Энхболдын ойрын төрлийн хамаатан ч гэдэг. Хамаатныхаа хүчээр Төв аймгийн Засаг даргын суудалд суусан түүнийг М.Энхболд улстөрийн хамаарлаа ч тэр, ураг садны холбоогоо ч бодсон УИХ-ын гишүүн болгочих санаатай бэлтгэл ажлыг нь хэдийнэ хийгээд эхэлчихсэн сурагтай.
Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэрийн хувьд аймгийнхаа төсвийн мөнгө идэж байна, тендерт булхайцаж байна гэх мэдээлэл байдаг ч яригдаад л өнгөрдөг байсан. Харин энэ удаа хэвлэлийнхэн бичээд бичээд хандыг нь дарж чадаагүй Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн эрүүгийн хэрэгт сэжигтнээр татжээ. Түүнийг энэ суудалд тухлахдаа хичнээн тендер будлиантуулж, мөнгө завшсаныг мэдэх аймгийн иргэд нь АТГ-т шалгуулахаар ханджээ.
Ирэх сонгуулийг тэсэн ядан хүлээж буй аймгийн Засаг дарга нарын тухай цухасхан дурдахад ийм байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 15, 2012 3:47:14 pm )
Badraa boliosoi. Ter Bol hulgui shunaltan. Bagabandi Guai er hunii shunaliig badraad zoriulan heljee
1 Comment