Сүүлийн жилүүдэд оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд манай улсын төрийн албан хаагчид банкны данс нээсэн тохиолдолд ихээр гарсан. Тэдний дотор улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд багтаж байсаныг бид бүхэн санаж байгаа билээ. Тиймээс тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа.
Үүнтэй холбогдуулан, Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.
Уг хууль батлагдсанаар гадаадад, тэр дундаа оффшор бүсэд данстай төрийн түшээд АТГ-д уг мэдээллээ заавал бүртгүүлж байх, цаашлаад улс төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалуулахгүй байх эрхзүйн орчин бүрдэнэ. Цаашлаад, төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзжээ.
Мөн авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан байна.
Манай улсад 110 орны 13140 хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэний 920 нь буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид юм байна. 1990-2015 оны хооронд Монгол Улсад нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ.
Дашрамд, Тус хуулийн төслийг 2013 онд УИХ хэлэлцэхийг дэмжсэн ч анхны хэлэлцүүлэгт орохгүй байсаар өнөөг хүрсэн юм.
Т.Гэрэл
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (September 29, 2016 4:55:30 pm )
Hudlaa syrjignej zag hojood baidgaa bolioch,,,,
offshore-toi delhii dayaraa temzej baina,,,huuli l geed baih um, ter huuli chin ganzhan ogyylber l hangalttai , yagaad asuudliig shiidehgui baigaa chin offshore-chid oorsdiigoo , gargasan horongoo avrah oroldlogo,,,,tiim uchraas hudlaa sunjruulaad baigaa chin il tod baigaa shyy,,,,!!!!!!!!!!!!
1 Comment