Олон улсын “Фронтиер Конференс” байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа-2016” чуулга уулзалт өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв.
Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй чуулга уулзалтад 1100 орчим төлөөлөгч оролцож, үндсэн найман сэдвийн хүрээнд төлөөлөгчид санал бодлоо хуваалцав. Тэдний 200 нь гадны хөрөнгө оруулагчид юм. Манайд зохион байгуулагддаг эдий засгийн томоохон арга хэмжээний нэг эл чуулга уулзалтад хөрөнгө оруулагчид тухайн жилд тулгарах нийгэм, улс төрийн болон эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцдэг юм. Энэ жилийн тухайд тус арга хэмжээ 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа болж байгаа гэдгээрээ онцлогтой. Парламентын сонгууль, хоёр сарын өмнө Улаанбаатарт хуралдсан ASEM-ийн хурал өмнөх засгийн үед монголоос үргэн дайжихдаа тулсан хөрөнгө оруулагчдыг дахин даллан дуудах нөхцлийг бүрдүүлэх болов уу гэсэн найдварыг оролцогчид тавьж байв.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал 2014 оноос эрс муудсан. Засгийн газар болон хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг өнөөдрийн байдлаар ёроолдоо хүртэл унасан гэдэг дээр санал нэгдэж байгаа юм. Тиймээс энэхүү арга хэмжээнээс хөрөнгө оруулагчид нэг улс төрийн нам дагнан Засгийн газраа байгуулсан Монголын улс төрийн нөхцөл байдал, Монгол Улс дахь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, Төв банкны мөнгөний бодлого, Оюу Толгой төслийн эдийн засагт үзүүлэх боломжит нөлөө, баримталж буй эдийн засгаа эрдэс баялгийн бус салбараар төрөлжүүлэх бодлого, гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах боломж ба эрсдэл, Монгол Улсын найдваргүй хөрөнгө, ялангуяа, банк, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, Засгийн газрын бондод хийх хөрөнгө оруулалтын боломж бололцоо, рхзүйн орчны талаарх ерөнхий шинэчилсэн мэдээлэл, эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь нөөц боломжийг нэлээн тандаж байна.
Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын хурдацтай хөгжиж буй компаниуд болон тэдгээрийг хэрхэн санхүүжүүлэх вэ, Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний ирээдүй, Эдийн засгийн хямралын үед шинэ засгийн газар юу хийх ёстой вэ, Япон Улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Оюутолгой болон Тавантолгойн хэтийн төлөв, Гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд Засгийн газар юу хийх хэрэгтэй вэ гэсэн сэдвийн хүрээнд өрнөж байна. Чуулганы эхний хэлэлцүүлэг “Монголд хөрөнгө оруулах нь” сэдвийн дор өрнөж, Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, улсын төсвийн нөхцөл байдал, 2017 оноос эхлэн эргэн төлөгдөх Засгийн газрын бондууд, тэдгээрийн эргэн төлөлтийн нөхцөл байдал, Бонд эзэмшигчид, гадаад хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийлүүлэхийн тулд Засгийн газрын зүгээс юу юу хийх шаардлагатай болох, Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг чухал салбаруудыг хөгжүүлэхийн тулд олон улсын санхүүжилтийг хэрхэн авах талаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Монголын Занарын холбооны гүйцэтгэх захирал, МУИС-ийн профессор Ч.Хашчулуун, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Энхбаяр нар илтгэл тавьсан юм.
Харин хөрөнгө оруулагчид Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд улстөрийн гэнэтийн шийдвэрүүд нөлөөлдөг. Улс төрийн энэхүү тогтворгүй байдал нь үйл ажиллагаа явуулахад саад учруулдаг. Засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа улс төрийн хоёр том нам бие биеэ давж гарахын тулд ширүүн өрсөлдөж, өөрсдийгөө боомилох амлалт өгч, шийдвэр гаргадаг нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлж байгаа талаар шүүмжлэв. Энэ дашрамд “хэрвээ Засгийн газрын эдийн засгийн шийдлүүд зөв, уламжлалт чанараа агуулсан, тогтвортой байж чадах аваас Монголд боломж бололцоо бий” гэдгийг тэд хэлэхээ мартсангүй.
Эрх баригчдад саран дээр байгаа мэт шийдвэр гаргах бололцоо байхгүй
Энэхүү чуулганд УИХ-ын гишүүн Л.Болд “АСЕМ-ийн хөрөнгө оруулагчдын ач холбогдол” гэсэн сэдвээр илтгэл тавьсан нь анхаарал татаж байлаа. Энэ хүү илтгэлээс тоймлон хүргэе. Хэдийгээр хөрөнгө оруулагчдын дунд Монгол эдийн засгийн уналтад орсон гэх мэт олон таагүй мэдээлэл явж байгаа ч энэ удаагийн чуулганд гадны маш олон төлөөлөгчид оролцож байна. Үүнийг АСЕМ-ын нөлөө гэж харж байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монголын гадаад бодлогын том ололт байсан. Үүгээрээ Монгол улс дэлхийн газрын зураг дээр өөрийн байр сууриа баттай эзэлж буй гэрчилгээ юм.
Мөн Ази, Европыг холбох зайлшгүй том цэг нь Монгол Улс гэдгийг дэлхий нийтэд ойлгуулж чадсан томоохон арга хэмжээ болсон. Монголын нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг гадны төлөөлөгчдөд дахин нотлох нь өнөөдөр хамгийн чухал. Бидэнд уул уурхайн үнийн өсөлт, бууралт гэдгээс илүүтэй эдийн засгаа солонгоруулах олон талын бололцоонууд байна. Үүнийгээ бид нээж өгөх хэрэгтэй. Энэ нь өнөөдөр Монголын ирээдүйг тодорхойлох хүчин зүйл болоод байгаа юм.
Монголд өөрийн зах зээлийг бие даан хөгжлийн замаа тодорхойлох боломж байдаггүй. Дандаа гадны хүчин зүйлстэй холбогддог. Тэр тусмаа Хятадын зах зээлийн өсөлт бууралттай холбогдуулаад Монголын цаашдын хувь заяа холбогддог. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчдад эдийн засгийн бололцоотой гэдгээ ойлгуулах нь хамгийн чухал юм. Уул уурхай дагасан хөрөнгө оруулалт ихэнхдээ байдаг бол одоо илүүтэй төрөлжиж бусад салбарууд руугаа орох нь эерэг үр дүнг авчирна гэж үзэж байна. Гэвч эрх баригчдын ганц харамсалтай зүйл нь эдийн засгаа буруу оношлоод байна. Буруу оношилсон юм чинь мөн л буруу эмчилгээ ярина. Татвар нэмэх нэрийдлээр ард түмний халаас руу гараа дүрж байгаа нь эдийн засгийг аврах өнөөгийн оновчтой шийдвэр л лав биш. Энэ бол улстөржсөн, богино зайны арга. Монгол бол ардчилсан улс. Эрх баригч нам дотор эрүүл сэтгэдэг хүмүүс мэдээж бий. Ард түмэн, бизнес эрхлэгчид энэ бүхнийг харж байгаа учир эрх баригчдад саран дээр байгаа мэт шийдвэр гаргах бололцоо байхгүй. Хөрөнгө оруулагч нар хүртэл үүнийг хараад гайхаж байна. Монголын талаарх АСЕМ-аар бүрдүүлсэн улс төр, гадаад бодлогын том эерэг ойлголтыг эдийн засагт бий болгох, улмаар Монгол Улсад эдийн засгийн хүчин чадал, боломж бололцоо байна аа гэдгийг хөрөнгө оруулагчдад ойлгуулах явдал чухал байна гэж тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
Үнэхээр ч өнгөрсөн долдугаар сард Улаанбаатарт хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын давуу талууд олон байсныг монголчууд харсан. Монголын бизнес эрхлэгчид шинэ түншүүдтэй болох, хуучин түншүүдтэйгээр харилцаа холбоогоо зузаатгах, бизнесийн урт богино хугацааны гэрээ хэлцэл байгуулах боломж нээгдсэн юм. Энэ бол сүүлийн жилүүдэд биднээс илтэд дайжих болсон гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг эргүүлэн татаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадахаас гадна нэлээд татрах шинжтэй болоод буй жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Бүс нутгийн түвшний уулзалтыг Монгол Улс зохион байгуулснаар агаарын тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний төвүүд үр шимийг хүртсэн.
Улаанбаатарын зочид буудлуудын үйлчилгээний чанар, соёл илт сайжирч, дэд бүтэц, хил гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтэрч, техник технологийн шинэчлэл хийгдсэн. Үйлдвэрлэж урласан бүтээгдэхүүнийг нь гадны зочид төлөөлөгчдөд гарын бэлэг болгон өгч, жижиг үйлдвэрлэгчдээ дэмжсэн. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд яригдаж байгаа эдийн засгийн ач холбогдолтой арга хэмжээнд оролцох боломж бололцоо нээгдсэн зэрэг АСЕМ-ын давуу талууд олон байсан юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Mongol (September 07, 2016 2:27:27 pm )
toriig huviin um shig oortoo tohiruulj huuli gargaad baihgui baih heregtei shdee, businessiin nohzoliig daramtgui bailgah,,,,olon dahin hulia oorchlood baihgui baih,,,
1 Comment