Б.БАЯР
Үгүй байлгүй дээ гэмээр мэдээ уржигдраас хэвлэлүүдээр цацагдаад эхлэв. Яав гэтэл “…Хүнс, хөдөө аж, ахуйн сайд П.Сэргэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт тариаланч, малчиддаа зориулж, мөн лус аргадаж 1500 гаруй ламаар Гандантэгчинлэн хийдэд ном хуруулсан байна” гэсэн мэдээ тууж явна. Тэрээр багагүй шүтлэгтэй гэнэ. Бас лусыг аргадаж ном уншуулаад ургац арвин авна хэмээн итгэж буй гэнэ. Хөөрхий сайдыг шоглочихжээ гэтэл үгүй юмаа. Газар тариалан холбоо гэдэг Төрийн бус байгууллагын цахим хуудсаар “..Өнөөдөр ХААЯ, Төв гандан хамтарч, Монголын нийт тариаланч, малчдад ном хуруулж байна. Баярлалаа” гэж байх юм. Үнэн болоод явчихлаа.
Уг нь П.Сэргэлэн сайд уяач хүн л дээ. Уяачид наадамд уях морьдоо зуны дунд сарын бар юмуу нохой өдрийн аль нэгэнд бариад шашны зан үйл хийдэг номтой. Морьдоо барьчихаад арц, хүж бусад тансаг үнэртнээр уяагаа нар зөв гурвантаа эргэж ариусгах зан үйлийг хийчихээд, идээ будааныхаа дээжийг эцэг тэнгэр, эх газар шороо тахин шүтдэг уул овоо, бурхан сахиусандаа өргөнө. Дараа нь Найман гэгээн, Дашзэвэг, Дашдондов болон хариулгын таван ном Банзрагч, Дамдингийн түй зэрэг уншлага уншуулж морины хийморийн сан тавьж шавдаг өргөх зан үйлийг ёсчлон гүйцэтгэвээс сайн болно гэж өвгөн ноён Пүрэвжавын айлдсаныг өнөөгийн уяачид дагадаг. Сайд ч ингэдэг байж таарна. Энэ бол түүний амьдралаас авсан туршлага ч байж мэднэ. Тиймээс л хөөрхий минь, салбарынхаа үйл хэргийг урагштайхан явуулж, өөдтэйхэн тариа будаа хураачих санаатай хур гуйж, лус аргадсан байх гэж зарим нь өмөөрч сууна.
Гэвч Монгол төрийн алба, төрийн үйл хэрэг гэдэг тусдаа зүйл. Бүр шал ондоо. Цагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Гандантэгчинлэн хийдэд очдог. Тэр бас л өөр асуудал.
Энэ мэдээнд итгэж ядаж байтал өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн айхтар марзан мэдэгдлээр төсвийн хэмнэлтээ хамгаалж байх юм. Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосноор төсөвт хичнээн төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцож байна вэ” гээд асууж л дээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуд нь “…Ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөг хэмнэх байх. Ер нь Хамтын тэтгэврийн тухай хууль маань их шүүмжлэл дагуулаад байгаа. Бас монголчууд маань ихээхэн сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс би тэтгэвэр авмааргүй байна гэсэн саналыг Сангийн яаманд ихээр ирүүлсэн. Тийм учраас хүчингүй болгоё гэсэн санал оруулж ирсэн” гээд аваад хаячихжээ. Б.Чойжилсүрэн сайдын хариултыг яаж ч хичээгээд “гоёор” ойлгож чадсангүй. Түүнийхээр бол Увсын Наранбулаг, Хэнтийн Дадал, Өмнөговийн Номгон, Хөвсгөлийн Арбулаг, за тэгээд Дамбадаржаа, Долоон буудал, Нисэх, Яармаг, Улиастайгаас баахан эмээ, өвөө Сангийн яаманд хандан “Хамтын тэтгэвэр авмааргүй байна” гэсэн саналаа явуулсан болж таарах нь. Үнэн болов уу?
Эндээс нэг л зүйл бодогдож байна. Сүмд биш төрд ажиллаж байгаа шүү гэдгийг энэ хоёр сайдад яаж ойлгуулъя даа гэж. Нөгөө талаар ингэж олны доог, хэл амны бай болж суухаар байшин барьж, морь уяад сэтгэл амар явж байвал хичнээн сайхан.
Дээрээс нь төсөв мөнгө хомсдоод хэмнэлт бууралт ярьж байхад Ганданд ном уншуулж төсөв үрээд суух хэрэг П.Сэргэлэн сайдад байв уу. Үнэн хэрэгтээ төв ганданд очиж ном уншуулж суухаар тэнгэр буудуулж бороо оруулах нь л төрийн хийх ажил юм шүү дээ. Манай гандан хийдийнхэн хэзээнээсээ ном буяныг зүгээр хурж өгнө гэж үгүй. 1500 ламаар ном уншуулна гэдэг багагүй зардал гарна гэсэн үг. 20 ламтай жижигхэн хийдэд ном дааж хуруулахад 20 хоногийн цалин минь хүрэхтэй үгүйтэй байдгийг монголчууд мэднэ дээ. Нэг жишээ хэлье л дээ. Дашчойлин хийд 80 гаруй ламтай. 80 ламын “цагаан цав” бэлтгэхэд цагаан будаа 10-15 кг, үзэм, элсэн чихэр, шар тос тус бүр гурван кг ордог байна.
Гандантэгчинлэн хийдэд 300 гаруй ном хурахад ойролцоогоор 120-130 кг ястай мах, 50 кг гурилаар “бор цав” гэж нэрлэдэг махтай хоолыг бэлтгэдэг гэсэн. Энэ тоог таваар үржүүлээд бодоход хангалттай.
Бас дээрээс нь ном уншсаны дараа лам нарт өгдөг зэд буюу дээрхээс өөр хоол гэж бий. Одоо бол хоол биш гарын бэлэг л өгдөг болсон. Ингээд бодвол ХХАХҮ-ийн сайдын мэдлийн төсвөөс багагүй мөнгө, эсвэл энэ яамны Тариалан эрхлэлтийн санд газар тариалан эрхлэгчдийн татварт төлсөн мөнгөнөөс Гандан руу “явсан” гэсэн үг.
Өөр бас нэг бодол. МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын сураг сонгуулиар олны саналыг зулгаахад мөн ч их хэрэг болсон доо. Өдгөө байгуулсан хойноо ч МАН-ынхан “Манай Мэргэжлийн Засгийн газар” гээд л гүрийгээд байгаа. Гэтэл Гандан руу гүйсэн, сүсэг бишрэл ярьсан нэг тиймэрхүү сайд нар дараалаад ил болоод байх юм. Маргааш бас нэг сайд нь аль нэг хийдэд ном уншиж, адис хүртээгээд сууж байна гэвэл гайхах зүйл алга. Угтаа МАН-ын Засгийн газар ингэж Төрийг жинхэнэ утгаар нь самарч байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Тэгээд ч төрийг шашинтай холиод улс төр өөдөлдөггүй саяхны жишээ ч байна. 2012 оноос хойш төрийн эрхийг атгаж байсан АН-ынхан тэнгэртэй ярьдаг нэгний үгээр зам мөрөө хийсээр газарт буусан гэдэг юм шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
irgen (September 07, 2016 8:54:02 am )
yag zov zuiuliig bichjee, harin ch. ene said darga nariin baij bga tsarai erdoo ene, odoo bid yaj amidrah ve
-
мжл (September 07, 2016 9:50:01 am )
Өө эзнээ алд гэж, одоо яанаа ийм хүмүүсээр төрийг удирдуулах байсан юм уу МАН-хаан.
-
Өвгөн (September 07, 2016 9:55:10 am )
Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамбадаа ерөнхий сайдын албыг давхар хашуулаад ЗГ-аа татан буулгаж сайд нар нь дэд хамбаар ажиллаад үзвэл төсвийн хэмнэлт гарах нээ. Гэвч 1990 оноос хойш шашин мандан бадарч жалга болгон сүм хийдтэй, монгол даяар олон арван мянган ламтай, айл болгон бөөтэй болж өдөр шөнөгүй ном уншиж бна. 26 жилийн үр дүн юу болов? Монгол улс дампуурлаа бараг зарлаж, ард түмэн ядуурч, бүр ГРАМ-ын эдийн засагт шилжиж, газар нутгаа хужаа нарт алдах дээрээ тулаад бна. Тэхээр шашны сайн нөлөө их байна уу?
-
12457896912547896 (September 07, 2016 10:27:15 am )
Дархан аварга бөх, УИХ-ийн гишүүн БатЭрдэнэ, Дарга аварга бөх УИх-ын гишүүн Сүхбат, Улсын аварга бөх, УИХ гишүүн Сумьяабазар, Улсын алдарт уяач , УИх-ын дарга Миеэ Энхболд, Алдарт Уяач Монгол улсын сайд Сэргэлэн, УГЖ, УИх-ын гишүүн Жавхлан гээд л явж байсан чин Гандангийн гавж, УИх-ын гишүүн, Сангийн сайд Чойжоо, Болорцомтон, УИх-ын гишүүн Хайнаг Мөнхбат гээд л МАН-ыхан Агуу Агуу
-
Mongol hunii suseg bishreliig henbeguaich zailuulj chadahgui shuu (September 07, 2016 1:05:47 pm )
Za soliortsgoogood bai Ta nar mongoliig hagalan butargah geed l shasinaar bitgii oroldood bgaarai Mongol hunii suseg bishirliig neg muu nowshnuud tasdaj hayah geed chadahgui shuu Choijilsuren unen l helsen bn
-
Mongol hunii suseg bishreliig henbeguaich zailuulj chadahgui shuu (September 07, 2016 1:07:35 pm )
Choijilsurengiin zuw ta nar yund bachimdaad bgaa yum Choijilsureng demjih humuus ih bgaa shuu
-
Зочин (September 07, 2016 1:11:51 pm )
Үнэндээ нас барсан үний тэтгэврийг өгөөд ч яах юм, аваад я яах юм. Чойжилсүрэн сайд жаахан эв хавгүй хэлсэн л болохоос энэ буруу нгн үед мөрдөж эхлээгүй хуулийг хасах хэрэгтэй. Түүн дороо амьдад нь тэтгэврийг нь жаахан нэмчих. С.Эрдэнэ мэтийн хүмүүс нууц дансаар аваад идээд дуусгадаг ш дээ.
-
тир (September 07, 2016 1:35:19 pm )
Мал минь чамайг үхэхээр чинь яах бол
-
8 Comments