“Элгээрээ хэвтээд” буй эдийн засгийг өөд нь татах гэж шинэ Засгийн газар бүхий л хүчээрээ ажиллаж байна. Төсвийн тодотголыг ойрын өдрүүдэд хэлэлцэж батлах шаардлага яаралтай тулгараад байгаа нь үнэн.
“Даахгүй нохой булуу хураана” гэгчийн үлгэрээр сав суулгаа бэлдээгүй хэрнээ сааль сүүний тухай баахан ярьчихсан хэтэрхий их ажил Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын өмнө ирчихээд байна. Энэ сарын эхээр Сангийн мэдэгдэл хийж эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ил болгож, бүгдийг нь зарлав. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн анхаарыг татсан ярианы сэдэв бол дарга нарын цалинг хасах явдал байв. Тодруулбал, Агентлагийн даргаас Ерөнхийлөгч хүртэл албан тушаалтны цалинг 30 хувь бууруулахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм. Мөн аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргын цалинг 30 хувиар бууруулна. Үүнээс гадна дээрх албан тушаалтнуудын шатахуун, утасны хэрэглээ болон тавилгын зардлыг 30 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа аж. Зөвхөн утасны хэрэглээг 30 хувиар бууруулахад жилдээ 100-200 сая төгрөг хэмнэх боломжтой гэх мэдээллийг Сангийн яамнаас өгсөн.
Үүнийг иргэд болон албан тушаалтнууд янз бүрийн өнцөгөөс хүлээн авч байлаа. Зарим нь “төрийн албан хаагчдын цалинг хасахгүй байх хэрэгтэй” гэх зэргээр ч хандаж байв. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг бараг л бүтэн өдөржин хуралдаж төсвийн тодотголтой холбоотой маш чухал зарим асуудлууд дээр тохиролцоонд хүрчээ. Тэд хэтэрхий тансаглалын төсвийг өөрчлөх нь зүйтэй. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг хасахгүй байх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрэв. Харин төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулахгүй байх хэрэгтэй гэж тохиров. Мөн хүүхдүүдийн мөнгийг зааг хязгаартай олгохыг дэмжлээ. Тодруулбал, нийт хүүхдүүдийн 60 хувьд нь буюу зорилтод хүүхдийн мөнгө өгнө. Үлдсэн 40 хувийг нь 2-3 жилийн дараа боломжит хувилбараар өгөх, Оюутны тэтгэлгийн санг 90 тэрбум төгрөгөөр байгуулах санал оруулж ирснийг МАН-ын бүлэг дахин судлах шаардлагатай гэж үзлээ.
Гэвч энэ бүгд эцсийн шийдвэр биш юм. Өнөөдөр МАН-ын бүлэг дахин хуралдаж эдгээр асуудлуудыг хэлэлцэж эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Хэтэрхий тансаг төсвийг халахын тулд ихээхэн зүтгэл хэрэгтэй гэдгийг бид бүгд мэдэж байгаа билээ. Тиймээс төсвийн тодотголоо л хамгийн зөв хийх нь маш чухал юм.
Тэгвэл төсөв хөрөнгөтэй холбоотой эдгээр асуудлуудаас гадна иргэдийн анхаарлыг татаж буй бас нэг чухал асуудал бол Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудын яагаад хойшилсон бэ гэдэг асуулт юм. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг байхгүй болголоо гэх зэргээр сошиал ертөнцөд маргаан мэтгэлцээн дагууж байгаа. Тэгвэл Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг бүр мөсөн байхгүй болгоогүй. Харин дахин шинэчилж, сайжруулаад иж бүрнээр нь өргөн барихаар бэлтгэж байгаа юм. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хойшлуулсан шалтгаан нь мэдээж хууль хэрэгжүүлэх орчин нөхцөл нь бүрэн бий болоогүй буюу бэлтгэл ажил нь хангагдаагүй тул хууль хэрэгжих хугацааг нь түр хугацаагаар хойшлуулсан юм.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
зочин (September 02, 2016 12:16:16 pm )
МАН элгээрээ хэвтсэн эдийн засгийг өөд нь татсан хэмээн нэр олох арга сүвэгчилж байгаа болохоос Монголын эдийн засаг элгээрээ хэвтээгүй байгаа.
-
Yes (September 04, 2016 10:47:52 pm )
Тийм ээ. Яг зөв хэллээ. Тэгээгүй юм бол үхсэнээ хийж Дэд сайдын орон тоог бий болгоод авилгачдыг ажилтай, орлогоотой болгох гэж зүтгээд байгаа. Ё. Отгонбаяр мэтийн авилгачдыг ажилтай болгож улам баяжуулснаас нэн ядуу иргэдээ анхаарвал таарна. Хоногийн хоолондоо нэмэрлэдэг хүүхдийн мөнгийг нь хүртэл луйвардахаас ичээч ээ.
-
-
улсаа бод (September 03, 2016 9:55:42 pm )
Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Экпортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдхүүний гэрээг дахин харах тухайлбал : -Таван толгойн нүүрсийн гэрээ, хятадаас екологийн хохилыг гаргуулах, Оюу толгойн экспортын бүтээгдхүүний орлогыг монголын банкаар заавал дамжуулж хийх хууль гаргах, зарим уурхайг гадаад, монголын хамтарсан компаниудад түрээсээр ашиглуулах, эсхүл зөвхөн баялагийг үнэлж худалдах, үүнд газар нутаг ороогүй гэдгийг гэрээндээ тодорхой заах, монгол улсын газар, ус, бусад байгалийн баялаг хүртэж байгаа, эзэмшиж, ашиглаж байгаа гадаадын иргэн, компаниас авах хураамж, төлбөрийг нэмэгдүүлэх, татвар төлдөггүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг бүрэн хамруулах, зарим иргэн, зах, худалдааны төвүүдийн аж ахуй эрхлэгч нар татварт хамрагдахгүй байна. Тбал: барс, хүчит шонхор, хар хорин, драгон, нарантуул, динжингаравынхан НӨАТ-ын баримт одоо болтол өгдөггүй, үүнд хамрагдаагүй. Гол нь хуулийг сайн хэрэгжүүлэх. Гадаадын иргэд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө өмчлөх, ашиглах, эзэмшихэд татварыг нэмэгдүүлэн ногдуулдаг болох. Тэрнээс өөрийн орны иргэдийг хоослох бодлого явуулах нь үндсээрээ эх орны эрх ашгийн эсрэг гэж бодож байна.
3 Comments