Балбын нийслэл Катманду хотод шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн оюутнууд үймээн дэгдээгээд байна. Арван гурван оюутны холбоо зарим улс төрийн намуудтай нэгдсэнээр эсэргүүцэл улам өргөжиж байгаа юм. Өнөө өглөөний байдлаар дэлгүүр болон албан байгууллагууд ажиллахгүй, зам хаасан тул нийтийн тээвэр ч мөн зогсчээ. Гудамжинд галт бамбар барьсан жагсагчид машины дугуй шатаан эсэргүүцлээ илэрхийлж, цагдаагийнхан ба оюутнуудын хооронд мөргөлдөөн болсоор байгаа талаар мэдээ ирж байна.
Гэсэн хэдий ч Балбын шоронд визийн зөрчлийн улмаас 3 сар хоригдож байгаа Б.Баяндэлгэрийг суллуулахаар Катмандуд амьдардаг Дэнгээ лам өнөөдөр Цагаачлалын алба руу гарсан тухай бидэнд мэдээллээ. Нөхцөл байдал ээдрээтэй, нийтийн тээврээр зорчих боломжгүй байгаа тул тэрбээр унадаг дугуйгаар ажил хөөцөлдөхөөр гарлаа гэж манайд мэдэгдэв. Өчигдөр Б.Баяндэлгэрийг суллахад шаардлагатай мөнгийг шилжүүлсэн тул өнөөдөр шоронгоос гаргаж авна хэмээн төлөвлөж байсан юм.
Эсэргүүцлээ илэрхийлж буй оюутнууд шатахууны үнийг бууруулахаас нааш Засгийн газартай ямар нэгэн хэлэлцээр хийхгүй, албан газар болон замын хөдөлгөөнийг хаасаар байх болно хэмээн мэдэгдэж байна. Балбын Засгийн газрын эзэмшилд байдаг “Nepal Oil Corporation” шатахууны үнээ 10 хувиар нэмсэн тул оюутнууд ийнхүү эсэргүүцэх болсон байна. Балба нь Монголтой адил шатахууны хувьд нэг зах зээлээс буюу Энэтхэгээс бүрэн хараат орон юм.
Балбын шоронд байгаа Б.Баяндэлгэрийг өнөөдөр суллаж чадсан эсэх талаар бид шуурхай мэдээлэх болно.
Балбын Засгийн газар шатахууны үнийг бууруулахгүй бол дараагийн шатны тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж эсэргүүцэгчид мэдэгдэж байгаа юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.