Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр өглөө 09 цагт Сансарын тунелээс доош МУИС руу уруудах замд “Сансар-III, IV хороолол” чиглэлийн УНА 45-07 дугаартай автобус нийт 9 машиныг мөргөсөн осол гарсан билээ. Тус автобус нь “Тэнүүн-Огоо” хувьцаат компанийн шугамын автобус бөгөөд осол гарах үед сууж явсан зорчигчийн хэлснээр, ”Сансрын нүхэн гарцын зогсоол дээр байхад нь жолооч өмнөө явах ёстой автобусыг гүйцэж түрүүлэн, урд нь гарсан” байна. Ингэхээр автобусын жолооч хурд хэтрүүлсэн байж магадгүй юм. Ийнхүү автобус өмнөх машинаа мөргөснөөр УБГ 5659 дугаартай цагаан аксент, УНС4883 Starex, УБЦ2567 Bluebird зэрэг машинууд дахин хөдөлгөөнд оролцох боломжгүй болтлоо мөргүүлсэн байгаа.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагуудын мэдэгдсэнээр, осол гаргасан автобусыг өчигдөр өглөө техникийн үзлэгт оруулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл бөгөөд тус компанийн зүгээс бүх жолооч нараа жолоочийн хариуцлагын даатгалд хамруулсан гэсэн мэдээлэл өгч байгаа юм. Дашрамд сануулахад, Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсанаар нэг жолооч жилд арван сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр авах эрхтэй байдаг ажээ.
Уг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч Д.Бэлэгдэмбэрэл арав гаруй жил автобус жолоодсон туршлагатай нэгэн аж. Тэрбээр энэ ослын талаар өчигдөр “Тоормозоо дарсаар байтал гулгаад орчихсон. Бараг 20-30 километр цагийн хурдтай явж байгаад л ийм осол гаргачихлаа. Замын халтиргаа осол гарахад нөлөөлсөн” гэсэн тайлбар хэлж байсан. Үнэхээр ч Сансрын тунелийн гарц нь байнга сүүдэртэй байдаг тул цас мөс нь хайлдаггүй, элс давс цацаад ч нэмэр болдоггүйг жолооч нар онцолж байлаа.
Юутай ч есөн машиныг хамарсан энэ ослын хэргийг Баянзүрх дүүргийн замын цагдаагийн газарт шалгаж эхлээд байна. Тус газрын Хэрэг бүртгэлт хариуцсан орлогч, цагдаагийн хошууч Ю.Батбаатар хэргийг хариуцан шалгаж байгаа бөгөөд тэрбээр “Өнөөдөр өглөөний байдлаар өчигдрийн энэ осолтой холбоотойгоор нэг ч хохирогч ирж уулзаагүй байна. Хохирогчид үнэлгээний газраар машинаа үнэлүүлсний дараа хохирлын хэмжээ тодорхой болно” гэсэн мэдээлэл өглөө. Хэвлэл, мэдээллийн байгууллагаар автобусны жолооч төлж дийлэхээргүй их хэмжээний өр төлбөрт унасан мэтээр мэдээлж байгаа ч албаны эх сурвалжууд “Шинэээр машин авч өгөхөөс өөр аргагүй болсон хохирогч ч байгаа, ойролцоогоор нэг зуун мянган төгрөгийн хохиролтой хохирогч ч байгаа” гэсэн тайлбарыг эхний байдлаар өгөөд байна.
Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу
Холбоотой мэдээ
Comments are closed.