Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхтуяа нарт холбогдох 200 гаруй хохирогчтой залилангийн хэргийг ялтнуудын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцлээ.
Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нар “Солонгос улсад байгаа Монгол иргэдээс тодорхой хүүтэй валютын хадгаламж татан төвлөрүүлье” гэж урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн өөрсдийн үүсгэн байгуулсан шуудан илгээлт, аялал жуулчлалын чиглэл бүхий “Найман шарга интернэшнл” ХХК-ийн нэрийг ашиглаж, мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа тийм эрхтэй мэтээр бусдыг төөрөгдүүлэн 2008 оны 1 дүгээр сараас 2009 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд БНСУ-д ажиллаж байсан нэр бүхий 87 иргэнээс ам.доллар, вонныг сар тутам 1 хувийн хүүтэйгээр валютын хадгаламж авч, нийт 927 сая 174 392 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.
Мөн Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нар “БНСУ-аас Монгол улс руу, Монгол улсаас БНСУ руу валютын гуйвуулгыг 1 хувийн шимтгэлтэйгээр явуулъя” гэж урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, бодитойгоор мөнгөн гуйвуулга явуулах боломжгүй атлаа тийм эрхтэй мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдүүлэн хуурч мэхлэх аргаар нэр бүхий 107 иргэний 428 сая 985422 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Түүнчлэн Н.Энхтуяа нь дангаараа 2008 оны 1 дүгээр сарын 15-наас 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 13 иргэнээс ам.доллар болон төгрөг зээл авах нэрээр хуурч мэхлэн авч, нийт 162 сая 589 245 төгрөгийг буюу онц их хэмжээний хохирол учруулсан аж. Мөн А.Халиун, Э.Булганаа нар бүлэглэн 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б-гээс 10.000 ам.доллар буюу 14 сая 419 400 төгрөгийг зээлэх нэрээр халхавчлан итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлджээ.
Н.Энхтуяа, А.Халиунаа, Э.Булганаа нарын үйлдсэн эдгээр гэмт хэргийн улмаас бусдад нийт 1 тэрбум 400 гаруй сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан аж.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Н.Энхтуяаг 12 жил, А.Халиуныг 10 жил 6 сар, Э.Булганааг 10 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 25, 2012 6:37:43 pm )
ene nuhduudiin bgaa zuiliig bugdiig ni huraaj abah heregtei naaduul chini yal abah ni todorhoi geed buh yumaa huusan bgaa sh dee 10 jiliin daraa tolgoi deeguur ongotsoor nisne shuu dee
1 Comment