Дуртай хүн тавган дээрээс нь огтлоод идчихдэггүй гурав хоногийн үзүүлэнгийн ууц үнэд хүрэхийн учир
Монголчууд бид хоёр оны зааг дээр Христийн баярыг дөнгөж тэмдэглээд дуусангуут Цагаан сарынхаа баярыг тэмдэглэх тухай яриад эхэлсэн. Ер нь баяр тэмдэглэх хоббитой улс юм уу даа. Уг нь жинхэнэ тэмдэглэх ёстой баяр нь Цагаан cap мөн л дөө.
Ач холбогдол бага элдэв баяр тэмдэглэх болсон нь зүйд нийцэмгүй санагддаг. Соц нийгмийн үед цагаан сарыг зөвхөн малчдын баяр гэж үздэг байлаа. Аймгийн дарга нар сумдын малчдад шагнал гардуулахаар Цагаан сараар хөдөө явцгаах гэж бөөн юм болцгоодог байж билээ. Түүнийг бодоход үнэхээр малчдын баяр баймаар. “Даага далантай бяруу булчинтай онд мэнд сайхан оров уу” гэж мэндэлдэг уламжлалаас харсан ч малчдын баяр гэж хэлж болно.
Жилээс жилд Цагаан сарыг хот, хөдөөгүй өргөн тэмдэглэдэг боллоо. Монголчуудын амьжиргаа дээшилж байгаа юм шиг харагдах боловч нэг хэсгээ хөлдөө чирч байгаа нь тодорхой. Түүгээр ч зогсохгүй Хятадын элдэв бараанд хэдэн зуун саяар нь мөнгөө цацаж байгаа нь бүүр ч илүү зардал юм. Өнөөдөр нас намбаа харгалзахгүй айл бүр ууц тавьдаг зан тогтчихлоо. Махны ченж гэгдэх худалдаачид үүнийг нь овжин ашиглаж хонины ууцыг бодын махнаас илүү үнэд оруулав.
Ууц тавихад бас учир байдаг юм байна аа. Ээж, аав нь амьд сэрүүн байгаа бол үр хүүхэд нь төдийлөн ууц тавиад байдаггүй гэх. Тавгийн идээ засаад болдог байна. Эртнээсээ малчид ууц чанаж тавьдаг уламжлал нь тэр айл малаа таргалуулж, онд мэнд оруулж чадсанаа харуулж байгаагийн илрэл гэдэг. Хөдөөнийнхөн ярьдагдаа. “Тэднийх ч сайхан ууц тавьсан байна шүү. Олон сайхан эр хоньтой айл даа” гэж ярих жишээтэй.
Тэгвэл нийслэлийн орон сууцанд амьдардаг айл тарган том ууц тавьж хэнд гайхуулах болж байна вэ. “Нарантуул”-ынх, “Хүчит шонхор”-ынх тарган хэмээн ярих болж байна уу. Монголчуудын хаврын баяр буюу Цагаан сарын баяр нь өндөр настай ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг учиртай. Тэрнээс биш хөөрөгдсөн үнэтэй захын тарган ууцаар өрсөлддөг баяр биш гэдгийг иргэд мэдэж авууштай юм.
Хуучин цагт ихэнх айлууд өвчүү, дал дөрвөн өндөр чанаж таваглаад Цагаан сараа тэмдэглэдэг байсан гэдэг. Хувьдаа малтай хүн ууц тавьдаг байснаас биш ууц худалдаж авч тавьдаггүй байжээ. Өнөөдөр өөх хамгийн муу гэж ухуулан, ялгаж хаядаг нийслэл хотынхон тарган хонины ууцыг тэгтлээ юунд хөөрөгдөн өндөр үнэд хүргэнэ вэ.
Тавган дээрээс нь дуртай хүн төдийлөн огтлоод идчихдэггүй гурав хоногийн үзүүлэн болгож тавьдаг хонины ууцыг үнэд хүргээд байх шаардлага байгаа юм уу гэмээр. Хэн юугаа тавина чамд ямар хамаа байгаа юм бэ гэж хэлэх хүн гарч л таараа. Зарим нь 40 гаруй сая малтай монголчууд тарган ууц тавьж тансаглахаас аргагүй гэж ярих нь бий. Бодоод үзэхэд хонины тарган ууц тийм ч тансаглах эд мөн билүү дээ.
Монголчуудад дагаж мөрдөж ирсэн уламжлал гэж байна аа. Ууцаараа биш удам судар ахан дүүсээ хүндлэн жилдээ нэг амар мэндээ мэдэлцэн бараа зүсээ харуулдаг нь хамгаас илүү хүндэтгэл юм. Өнөөдөр нийслэлд бор хоногоо дөнгөн данган өнгөрүүлж байгаа тэтгэврийн хэдэн мөнгө нь хүрэлцэхгүй байгаа хөгшид захаас аваад байгаа. Тэд Цагаан сараараа ууц тавихыг хүсч байгаа ч бодын үнээс давсан хонины ууцыг яахан авч дөнгөх билээ. Тэгэхээр ууцыг үнэд хөөрөгддөг зуршлыг иргэд өөрсдөө зогсоомоор байна.
Цагаан cap дөхөхөөр үнэ нь бууж байх ёстой зүйлийг үнэ нь өснө гэж өөрсдөө зар тарааж хямд дээр нь авах нь дээр гэж өөрсдөө үнэ өсгөдөг муу зуршил бий. Ууцыг бүүр “Битүүн”-ий урд өдөр хямдруулж авч байх ёстой байтал наймаачдад бүүр боломжийг нь олгож сарын өмнөөс мөнгө хүүдийлэх замыг нь заагаад өгнө. Ийнхүү гурав хоногийн үзүүлэнгийн ууц 300 мянгад хүрэх нь холгүй байна. Малаа малладаг малчдаасаа илүү Цагаан сараа ууц тавьж хавтгайрах нь нийслэл хотынхонд хэр нийцтэй байгаа юм бол доо.
Н.Лхагва
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Холбоотой мэдээ
Comments are closed.