Монгол Улсын хүн амын тал орчим нь оршин суудаг хамгийн том хотын газрын удирдлага, харилцаа, олголт зэргийг бодитойгоор үнэлэх зорилгоор Дэлхийн банкнаас судалгаа хийж, тайлан гаргасан байдаг. Газрын удирдлагын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, хотын тэлэлтийг удирдах арга хэмжээ, газар олголтоос орлого олох боломж зэрэг сэдвийг тайландаа хамруулсан байдаг. Ер нь бол Дэлхийн Банк 1990-ээд оноос хойш хотын захиргаатай хамтран эрчим хүч, агаарын бохирдол, хотын санхүүжилт зэрэг сэдвээр хийсэн олон судалгаануудын нэг нь энэ юм. Газрыг зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдаж байсантай холбоотой алдагдлыг онцлох зорилгоор газар олгосны үр дүнд улсын төсөвт төвлөрөх байсан орлогын хэд хэдэн тооцоог энэхүү тайланд агуулсан. Гурван өөр тооцоо хийж танилцуулсан бөгөөд эдгээр тооцоо нь бүгд гурван өөр цогц таамаглалд тулгуурласан юм. Судалгаанд ашигласан тооцооллын аргачлал бүрийг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд үүнд тооцоолол хийхдээ ашигласан таамаглал болон тоон баримтууд, өгөгдлийн эх үүсвэрүүд, мөн эдгээр таамаглалыг дэвшүүлэх болсон шалтгаан зэрэг мэдээлэл тус тайланд байгаа аж. Тооцоолол болон түүний аргачлалыг ийнхүү ил тод танилцуулснаар энэхүү тооцоог дахин хийх, нягтлах боломжийг бүрдүүлж буй юм байна.
Ингээд тус тайлан дахь мэдээллээс хүргэхэд “Нягтаршил багатай хотын тэлэлт болон дэд бүтэцгүй байдал нь иргэдийн амьдралын чанар, хотын нийт эдийн засгийн өрсөлдөх чадварыг хамтад нь бууруулж байна.
Хүн амын нягтаршил бус харин хотын гудамжны зохион байгуулалт болон газар ашиглалтын төлөвлөгөө нь авто замын түгжрэлд нөлөөлж байна.
Хот төлөвлөлтийн зохицуулалт болон хандлага нь хоцрогдсон бөгөөд хотын тэлэлт, газрын зах зээлийн гажуудалд хувь нэмэр болж байна.
Газрын тухай одоогийн хууль тогтоомж, дадлууд байнга өөрчлөгддөг байдал нь барилгын компаниудын хувьд тодорхой бус харин захиргааны хувьд үр ашиггүй байдалд хүргэж байна.
Газрын харилцааны тогтолцоо илүү үр ашигтай бөгөөд ил тод болох хэрэгтэй байна. Шаргуу ахиц гарч байгаа ч техникийн болон стратегийн хувьд Улаанбаатар хотын төрийн эзэмшлийн газрын менежмент бүрэн боломждоо хараахан хүрээгүй байна.
Газрын харилцаа, менежментийн одоогийн сул талуудын уршгаар газарт оруулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас олж болох ихээхэн төрийн орлогыг Улаанбаатар хот алдаж байна.
Одоо байгаа арилжааны албан татвараас илүүтэйгээр УБ хотын төсвийг бүрдүүлэхэд газар/үл хөдлөх хөрөнгөөс олох орлогыг нэмэгдүүлэх том бөгөөд хараахан хэрэгжээгүй боломж байна.
Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг газрын төлбөр, татварын бодлогууд болон газар олголтын ажиллагаанд тусгадаггүй учир эдгээрээс бага хэмжээний орлого бүрддэг.
Улаанбаатар хот газрын зах зээлийн ажиллагаа болон газрын менежментээ сайжруулан, газрын зах зээлийн үнийн зохистой хувийг олж авахын тулд идэвх санаачлага бүхий хандлагатай болох хэрэгтэй хэмээн өгүүлсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотоос нэн даруй авах боломжтой арга хэмжээнүүдийг дараах байдлаар тодорхойлжээ.
Нийтийн эзэмшлийн газрын судалгаа, бүртгэлийг эцэслэх. Төсөвт болон хотын өмчит аж ахуйн тооцоот байгууллагуудыг оролцуулан хотын захиргааны харьяа байгууллагуудын эзэмшдэг газар мөн хувь хүн, ТББ-ууд болон ижил төстэй аж ахуйн газруудад эзэмшүүлэхээр олгосон газруудын хууль ёсны баримт бичгийн болон газар-дээрх аудитийг хийх.
Цогц, хотыг хамарсан газрын менежментийн бодлогыг боловсруулахаар байгууллагууд дундын (дүүргүүдийг төлөөллийг оролцуулан) ажлын хэсгийг байгуулах. Нийтийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгийн бүрэн тооллогыг ашиглах, нийтийн хэрэгцээ шаардлагыг харгалзан нийтийн эзэмшлийн газруудыг хадгалах, зах зээлд гаргах талаарх шийдвэрийг чиглүүлэхэд уг төлөвлөгөөг ашиглана. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд зориулан нийтийн эзэмшлийн газрыг гаргах болвол шууд олголтоос илүүтэйгээр өрсөлдөөнт бөгөөд ил тод газрын дуудлага худалдааны тогтолцооноос хот илүү их орлого олох боломжтой юм.
Өөр өөр зориулалт бүхий газар ашиглалтын эрэлтийг хангахад уян хатан байдлыг зөвшөөрөх болон холимог зориулалттай газар ашиглалтыг зөвшөөрдөг бүсүүдийг нэмэгдүүлэх зорилгоор бүсчлэлийн болон барилгын стандартуудыг дахин авч үзэх. Дэд бүтэц, үйлчилгээнээс хол хотын захын газар буюу дагуул хотод сул газрыг олгох байдлаар бүтээн байгуулалтыг дэмжихийн оронд хотын газрын үр ашигтай ашиглалтаар дамжуулан дэд бүтэц хүргэх өртгийг боломжийн болгох нягтаршлын түвшинг дэмжихэд газар ашиглалтын зохицуулалтыг нэгэн хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй юм.
Газар ашиглалтын төлөвлөгөө болон нийтийн тээврийн төлөвлөлтийн аль алиныг боловсруулах үүрэгтэй хотын байгууллагууд одоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудаа нягт уялдуулан, хүчин чадал болон холбох чадлыг дээшлүүлэхийг зорин одоо хэрэгжиж байгаа гудамж сайжруулах төслүүдтэй хамтрах хэрэгтэй гэсэн байна.
За харин бусад талуудын оролцоо шаардлагатай үйл ажиллагаануудын талаар өгүүлэхдээ
“Хотоос гэрчилгээ олгох, бүртгэх зэрэг газрын харилцааны үйлчилгээнүүдийн үр ашигтай болон ил тод байдлыг сайжруулах хүчин чармайлтыг манлайлах хэрэгтэй. Гэхдээ гэрчилгээ олгох, бүртгэх үйл ажиллагаа засгийн газрын яамдад хамаардаг учраас иргэдэд хүргэдэг эдгээр үйлчилгээнүүдийн чанарыг сайжруулах багц арга хэмжээг бий болгох зорилгоор хотоос уг байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. Одоогийн процедур, шаардлагуудыг нягталж үзэх нь нэгтгэх эсхүл хасах боломжтой шат дамжлагын алхмуудыг тодорхойлоход тустай юм. Гэрчилгээтэй байх, бүртгүүлэхийн ашиг тус болон холбогдох шаардлагуудыг нийтэд хандсан арга хэмжээ, мэдээллийн кампанит ажлаар тодорхой болгоно.
Олон улсын жишгийн дагуу албан татвар, төлбөрт газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг улам сайн тусгахын тулд газрын үнэлгээний үйл ажиллагааг шинэчлэх хэрэгтэй байна. Үүгээр одоогийн хууль тогтоомжинд томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай болох ба хотын зүгээс эдгээр шинэчлэлийг боловсруулах болон дэмжих зорилгоор засгийн газрын бусад яамд, парламенттай урт хугацааны стратегийн түншлэлийг хөгжүүлэх ёстой болох юм.
Одоогийн газар эзэмшлийн ангиллуудыг улам тодорхой болгох болон хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэгтгэх нь зүйтэй. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх нь цаашид өмчлөх эзэмшлийн нэршлээр шууд солих боломжтой, шаардлагатай бус эзэмшлийн төрөл юм. Ингэснээр эзэмших эрхийн гэрчилгээ эхлээд авах шаардлагыг арилган, өмчлөх эрх авахад иргэдийн зарцуулах шаардлагатай цаг хугацаа, зардлыг бууруулна. Мөн хуулийн этгээдүүдийн хувьд одоогийн хязгаарласан эзэмших болон ашиглах эрхийн оронд найдвартай, дунд хугацааны эрх буюу урт хугацааны газрын түрээсийн ямар нэгэн хэлбэрийн эрхийг эзэмших хэрэгтэй талаар өгүүлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (June 29, 2016 7:21:01 am )
Нөгөө Сандуй,Энхболд мэтийн газрын Луйварчдын явуулсан арга ажиллагаа энэ зөвлөмжийн эсрэг,бүр цагаан даа гарсан дээрээс болсон.Монгол улсын 51 жилийн төсөвтэй тэнцэх боломж алдагджээ.Даан ч байна даа.Ийм нөхдөөс салах хэрэгтэй.
1 Comment