Д.ГЭРЭЛ
УИХ-ын дарга З.Энхболдын захирамж гарч, хаврын чуулганыг энэ сарын 23-н хүртэл түр завсарлуулсан. Хуваарийн дагуу чуулган 24-нд хуралдаж, үлдээд байсан чухал хуулийн төслүүдээ батлахаар төлөвлөж байсан юм. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс, УИХ төлөвлөсөн ажлаа амжуулж чадалгүй сонгуулийн санал авах өдөртэй золгож байна.
Уг нь хэлэлцэх асуудлын жагсаалтад Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай шинэчилсэн найруулга, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгүүд багтаж байсан юм. Үүнээс гадна хаврын чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан орж байсан. Мөн хэд хэдэн хуулийн эцсийн найруулгыг сонсохоор төлөвлөсөн юм.
Дээрх асуудлыг хэлэлцэхээр өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын гурван байнгын хороо хуралдахаар товолсон ч Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, батлан хамгаалах салбартай холбоотой багц хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцсэн. Хуралдаанаар Батлан хамгаалахын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудал дэмжигдсэн.
Өнөөдөр товлогдоод буй УИХ-ын чуулганаар хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсоно. Дараа нь энэ парламентын отгон чуулган албан ёсоор хаалтын ажиллагаагаа хийх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
зочин (June 29, 2016 7:11:49 am )
Үгүйсгэдэг эсэргүүцдэг МАН хурлыг ч хийлгэхгүй гацааж саар дуусгаж байна.МАН бол олигтой сөрөг хүчин ч биш.Зүгээр л өөрсдийн эрх ашгийг хамгаалсан М.Энхболд,Сандуй мэтийн сайн эрүүд буюу Луйварчдын нэгд эл юм.Эднээс бүрэн хагацаж байж төр зөв замаар аа явна.
1 Comment