Үндэсний Их баяр наадам, Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгал ялсны 95 жилийн ойн баяр наадам болоход 20-иод хоног үлдлээ. Наадамчин олны хамгийн их сонирхон үздэг бөхийн барилдаанд хэний хүү түрүүлж, Аварга цол авах нь Монгол түмний хамгийн их анхаарал татсан асуудал болдог билээ. Нутаг нутгийн хүчтэнүүд цугларч тэгш ойн жилдээ хүчээ үзэхээр тус тусын галд бэлтгэлээ базааж байгаа юм. 2003 оноос хойш Дархан аварга Г.Өсөхбаяр л дараалан түрүүлсэнээс хойш шинэ арслан, аваргууд ээлж дараалан түрүүлээд байна.
Өнгөрсөн жилийн хүчит бөхийн барилдаанд 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн аварга”, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр “Хангарьд” спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх Улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн бол Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэг хүчний 310 анги, “Увс нуур” дэвжээний бөх, Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэсэн билээ. Энэ жилийн хувьд 1024 бөх барилдах бөгөөд түрүү, үзүүрийн бөхчүүд Аварга, арслан цол хүртэх боломжтой болж байгаа ба бусад цолтон олноор төрөн гарах нөхцөл бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол үндэсний бөх мэргэжлийн спорт тал руугаа давамгайлж, залуу бөхчүүдийн ур чадвар, барилдааны түвшин жигдэрч хүч тэнцүү болж байгаа нь наадам бүрт өөр бөх түрүүлж байгаагаас харагддаг. Энэ жил ч гэсэн хэний хүүгийн аз, од нь гийж, эр бяраа авхаалж самбаагаа дайчлан Улсын наадамдаа түрүүлж ёсөн хөлт цагаан тугнаасаа адис авахыг хамтдаа шинжицгээе.
Түрүү бөхөд өрсөлдөгчид:
Улсын аварга С.Мөнхбат болон Г.Эрхэмбаяр нар бөхчүүдээ манлайлан барилдана. Өнгөрсөн жил 4 болон 5-ын даваанд унаж наадам будлиулсан хоёр аварга хэрхэн барилдахаас наадмын түрүү бөх хэн болох нь тодрох ёстой. С.Мөнхбат аваргын хувьд 2011 оны наадмаар түрүүлэн 4 шөвгөрсөн үзүүлэлттэй. Өндөр ойн жил одтой барилддаг тэрбээр энэ жил ч нэгийг бодож буй нь лавтай. Тэгвэл энэ жил 38 настай Г.Эрхэмбаяр аварга мөн түрүүлэх хэмжээнд хүч үзэхээр бэлдэж буй нь тодорхой. 2011 он болон 2013 онд түрүү байр булаалдсан тэрбээр сүүлийн хоёр наадамд доод даваанд унасан юм. Энэ жилийн наадмаар хоёр аварга 7-гийн даваа хүртэл саадгүй барилдах боломжтой ба заан цолны даваанаас чангахан өрсөлдөгчтэй тулна. Хоёр аваргын хэрхэн ам авч барилдах нь бусад арслан, гарьд, заан, харцага, начин цолтонуудад маш том нөлөө үзүүлнэ. Зааны даваанд гэхэд л тунаанд буух бөхчүүдээр Улсын заан Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан тэргүүтэй шилдэгүүд үлдэнэ.
Гол нэр дэвшигчид Улсын арслан П.Бүрэнтөгс
Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс 2012 онд 24 настайдаа улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн. Мөн 2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн билээ. Энэ намрын заалны барилдаануудад маш сайн барилдаж байгаа тэрбээр энэ жил шөвгийн дөрөвт зогсож байх бөх юм. Харин түрүүлж Аварга болж чадах эсэх нь зөвхөн өөрөөс нь шалтгаалах болоод байна. Тэрбээр Д.Ганхуяг арслангийн ард эрэмбэлэгдэж байгаа ба найм, есийн даваанд гол өрсөлдөгчтэйгээ барилдах болно. Түүний хувьд дээрээ эрэмбэтэй хоёр аваргаас шалтгаалан хэнтэй барилдах нь тодорхой болох юм. Өнгөрсөн жилийн наадам шиг Ч.Санжаадамбатай таарах магадлал өндөр.
Улсын арслан Н.Батсуурь
2014 оны түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Н.Батсуурь гол нэр дэвшигчийн нэг. Уржнан жил түрүүлж, өнгөрсөн жилийн наадамд харцага Н.Батзаяад бүдэрсэн тэрбээр намрын барилдаануудад одтой барилдаж хэдэн түрүү хүртсэн. Харин энэ жил дахин түрүүлэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор орж байна. Өнөө жилийн наадмаар зөв амаа аваад барилдвал үзүүр, түрүүнд хүрэх бүрэн боломжтой
Улсын арслан Э.Оюунболд
Өнгөрсөн жилийн түрүү бөх Э.Оюунболд Г.Өсөхбаяр аваргаас хойш хоёр дараалан түрүүлэх өндөр магадлалтай. Улсын харцага цолтоноос шилдэгүүдийг нураасаар наадмын түрүү болон тэрээр 22 насандаа улсын их баяр наадамд түрүүлсэн бөх. Долоогийн даваанаас хүчтэй өрсөлдөгчтэй таарах магадлалтай тэрбээр наймын даваанд Арслан, Гарьд цолтонуудтай тунаанд таарах магдлалтай.
Улсын Гарьд Б.Гончигдамба
Гарьд цолтонуудаас хамгийн сайн барилдах хүн нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Батнасангийн Гончигдамба гарьд. Долоогийн даваанд зөв амаа авахгүй бол шилдэгүүдтэй барилдахаас өөр аргагүй. Түүний том боломж нь наадмын таавар будлиулж, том цолтнуудыг нураах бөх хэн бэ гэдгээс хамаарна. Том цолтонууд эрт унах нь түүнд ашигтай.
Улсын заан Ч.Санжаадамба
Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбыг Аварга цол авч түмэн олноо баярлуулахыг олон хүн хүлээж буй. Түрүүлж үзээгүй наадам нь түүнд зөвхөн Улсын наадам болоод байгаа билээ. Үзэгч олны хайртай бөхийн нэг тэрбээр өнгөрсөн жилийн наадмаар П.Бүрэнтөгс арсланд унасан. Харин энэ жил хоёр бөх дахин хүчээ үзэн, даагаа нэхэх боломжтой болоод байна. Энэ жилийн наадмаар иртэй барилдаж цолоо ахиулахгүй бол жил ирэх тусам залуу бөхчүүд доороос түрэн гарч ирж байгааг анхаарууштай.
Улсын харцага Ц.Содномдорж
Наадамд дээгүүр барилдаж, түрүү бөхөөр тодрох магадлалтай нэгэн хүчтэн байгаа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдорж. Ямар ч бөхийг хаяж түрүү бөхөөр тодрох чадвартай түүнийг наадамд түрүүлнэ хэмээн хүлээдэг бөх сонирхогчид их. Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Баторших тэргүүтэй хэдэн шилдэг харцага, начин цолтой бөхчүүд тав зургаагийн даваанаас эхлэн олон шижигнэсэн хүчтэнүүдтэй хүч үзнэ. Бусад бөхчүүдын хувьд Улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва нарыг нэрлэж болно. Мөн эртэй бяртай, хүчтэй О.Хангай тэргүүтэй шилдэг аймгийн арслан, заанууд бөхийн таавар эвдэж, том цолтой бөхчүүдийн дээгүүр даваанд өвдөг шороодуулбал гайхах зүйл гарахгүй биз ээ.
Ч.Амар
Холбоотой мэдээ
-
zochin (June 28, 2016 8:11:01 am )
tegsh oitoi jil uwsiinhan tutuuleh magadlal ih baidag uchraas uwsiinhaniig handiig ni haga darah heregtei,oyunbold turuulne
1 Comment