antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2012 Comments are off

ТОГ ТАСАРЧ, ПАГ СУУДГАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ

нийтлэсэн Admin

Нэг орой ажлаасаа хариад, өөртөө жаахан санаа тавих ухаантай үсэндээ тэжээлийн тос түрхэн иллэг хийж, цахилгаанаар халаадаг малгай өмсчихөөд сууж байтал тог тасарчих нь тэр. Хөгжиж буй Монгол Улсын нийслэл Улаанбаатарт цахилгаан тасалдах иймэрхүү үзэгдэл байнга тохиодог, ердийн зүйл учраас “Удахгүй ирчих байлгүй” гэсэн уламжлалт бодлоороо өөрий гөө хууран хүлээв. Гэтэл бүр лаа, шүдэнз хайхад хүрч, 50 минут болов. Тэр хооронд халуун, хүйтэн ус аль аль нь тасарч, хэдхэн хормын дараа угаах ёстой байсан үс минь тостойгоо зууралдан хачин юм болов. Хүлээж цөхөөд эцэст нь тэр чигтээ унтах гэж байтал цахилгаан ирснээр асуудал арай гэж нэг юм шийдэгдлээ. Энэ сарын 11-ний 22.20- 23.10 цагийн хооронд болсон энэ явдал иргэн надад ингэж нөлөөлсөн бол П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэгт зүрхний хагалгаанд орж байсан нэг хүний амь насыг хутганы ирэн дээр аваачсан гэнэ. Аз болоход хагалгааны өрөөнд тог баригч байсан тулдаа гайгүй өнгөрч.

Энэ хэрэг явдал улсад ямар хохирол учруулсан бол. “Цахилгаан тасарсны улмаас 74 мянган кВт эрчим хүч түгээх боломжийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани алдсан. Энэ нь бараг хоёр сая төгрөгийн эрчим хүч гэсэн үг. Энэ хохирлыг хэн ч төлөхгүй. Гэхдээ хүний амь аврах чухал байлаа” хэмээн Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн нэгэн эрхэм хэлжээ. Хэргийн эзэн нь Сүхбаатар дүүргийн XIII хороонд амьдардаг 12 настай, сэтгэцийн өвчтэй хүү. Тэрбээр өндөр хүчдэлийн шон руу авирч гарсан байсан тул холбогдох байгууллагынхан уг тулгуурыг хүчдэлгүй болгосноор нийслэлийн I, III, IV, X, XI хороолол, Дэнжийн 1000, Хайлааст, Долоон буудал, Дамбадаржаа орчимд амьдардаг иргэд цахилгаанг үй болсон юм. Хэрэв тэр үед амаржих газарт хүн төрж байсан бол яана. Гар чийдэнгийн гэрэлд төрсөн байж ч магадгүй. “Тог иртэл битгий төрөөрэй” гэлтэй биш.

Үхэл амьдралын энэ мэт алтан хормуудын дэргэд шинэ оны анхны өдөр цахилгаан нь тасарсны улмаас түүхийрсэн буузаа дараа нь усанд чанаж идсэн найзын минь хөгтэй явдал бол асуудал биш л дээ. Дээрх үйл явдлын дараа I зэрэглэлийн онцгой хэрэглэгчид зайлшгүй нөөц эх үүсвэр, дизель станцтай байх шаардлагатай хэмээн эрчим хүчнийхэн сануулахаа мартсангүй. Учир нь хэзээ ч юм тог тасарна. Тасрахгүй байх баталгаа байхгүй. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “цахилгаан тасарлаа” гэсэн нэг ч гомдол ирэхгүй долоо хононо гэж үгүй. Цахилгаан түгээдэг, дамжуулдаг юмных нь юу болохоо байхаараа тэгж байсхийгээд л эвдрэл гэмтэл гараад байдаг юм бүү мэд. Ямар ч гэсэн Улаанбаатарт тог тасрах нь баараггүй тул орон сууцныхан заавал лаа, шүдэнз авч нөөцөлдөг.

Сая гаруй хүн амтай метрополис хот сав л хийвэл цахилгаангүй болдгийг, пад харанхуй орц, эсвэл гудамжаар дэлгүүр рүү хурдалж, асаагуур барин тэмтэчсэн худалдагчаас лаа худалдаж авдгаа байдаг л зүйл, монголчуудын амьдралын хэвшил мэтээр хүлээж авсаар бид бүр дадал болгочихож. Хөгжил дэвшлийн, техник технологийн зуунд амьдарч байгаа, эдийн засаг нь дэлхийд дээгүүр хурдаар өсөж буй Монголын нэг эмгэнэл энэ. Тог тасрах үеэр хэн нэгний телевиз, нөгөөгийнх нь индүү, плитка нь шатчих тохиолдол зөндөө. Хамгийн гол нь үүнээс болж иргэд, байгууллагад учирсан хохирлыг хэн ч төлдөггүй. Өдий төдий хөрөнгө мөнгө, эд хэрэгслээрээ хохирчихоод зарга хийдэг, хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэх гаргадаг хүн үгүй. Дэмий л баахан бухимдана. Утсаа шүүрч аваад, цахилгаан шугам сүлжээний диспетчер рүү залгана. Өнөөх нь утсаа авна ч гэж харин нэг гонжийнжоо доо.

Бухимдсан хэрэглэгчдэд загнуулахаас айгаад утсаа хөндий тавьчихна. Тэр хавиар байдаг танил руугаа утасдаж албан бус мэдээлэл аваад, “гэмтэл гарсан гэнэ ээ” хэмээн өөрийгөө тайвшруулдаг. Хоёр нарны хооронд ажил амьдралаа залгуулахаар зүтгэж буй нийслэлийн иргэдэд тог тасрах нь ямар хор хөнөөл авчирдгийг хэн ч хэмждэггүй, тооцдоггүй. Хотын утааг багасгах нэрээр цахилгаанаар халдаг туурга, шал зэргийг айлуудад тараадаг болов. Гэтэл өнөөх нь тог тасрахаар таг болно. Хэзээ нэг өдөр цахилгаан тасрах нь тов тодорхой манайх шиг нөхцөлд тэнэг л биш бол хөхөө өвлийн хүйтэнд орон гэртээ хөлдөж мэдэх тийм сонголт хийх хүн цөөн байдгийн шалтгааныг эндээс хайх ёстой. Нийслэлийн гэр хорооллын айлуудад тохиолддог наад захын бэрхшээл энэ.

Оройхон, хотын төвд сонин хэвлэлтэд шилжих гээд сэтгүүлчид ид бужигнаж байхад тог тасарна. Унтраад асахын төдийд өдөржин хөлөө эцтэл явж олсон мэдээллээ цэгцлэн байж бичсэн бүхэн устахад ямар их уур хүрмээр гээч. Засгийн газрын нэг байранд томоохон хэлэлцүүлэг болж байтал цахилгаангүй болж, зохион байгуулагчдыг ёстой нэг бажгадуулсныг санаж байна. Саяхан “UB палас”-ын тайзнаа хоёр хоног бут авсан “Хурд” хамтлагийн тоглолтыг ч цахилгааны саатал дайрахгүй өнгөрч чадаагүй. Тоглолт ид дундаа үргэлжилж байтал тог тасарч, 20 шахам минут үзэгчдийг чилээв. Аргаа барсан үзэгчид “Үдшийн дэрэн дээр нойр хулжаан, Өнийн ирээдүйг сэтгэн байхад минь…” хэмээн өөрсдөө дуулж эхэлсэн. Айдсаа үргээх гэсэн үү, бухимдлаа тайлахыг хичээсэн үү, бүү мэд. Гэрэл ассаны дараа хамтлагийн нэг гишүүн “Дөрөвдүгээр цахилгаан станцынхан бидэнд мэндчилгээ дэвшүүллээ” гэж хошигнох аядав.

Үүнийг амар амгалан, тэвчээр хүлээцтэй гэх үү, арчаагүй, арилсан дотортой гэх үү. Бид ийм хотод, тийм гэнэхнээр амьдарч байгаа. Хэрэв Селин Дион, Алсу, Шакира, Бруно Марсын тоглолтын үеэр ийм явдал болсон бол тэндхийн үзэгчид яах байсан бол. Ерөөсөө Бээжин, Москва, Токио, Сөүл, Лондон, НьюЙоркт тог тасарвал юу болох вэ. Дэл хийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сенсааци мэдээлэл болдог биз дээ. Гэтэл бид харанхуйд хэдэн мянгаараа дуулж суудаг. Арай дэндүү биш үү. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэгт айх түгшүүргүй, амар амгалан, ая тухтай амьдрах нөхцөл бас ордог шүү дээ. Өөхөн дэнгийн гэрэлд хүүхдийнхээ хичээлийг давтуулах нь холгүй болдог энэ асуудлыг яагаад бид, тэд тоодоггүй юм бэ.

Бидний багад сумын төвийн хүүхдүүд орой 18.00 цаг болохыг хүлээгээд, хашааныхаа орой дээр шомбойтол сууцгаачихдаг байж билээ. “Даваа гуай мотор луугаа очиж явна. Одоо саляркаа хийж байна. Тамхи татаад суучихлаа. Одоо асаах гэж байна” гэсэн мэдээлэл хашааны оройгоос дамждаг. Сумын төвийн дизель станц хүржигнэн асангуут айл бүрт гэгээ гэрэл цэлсхийн, сум тэр чигтээ амь орох шиг болдогсон. 23.00 цагт мотор унтрахаас өмнө амжиж маргаашийнхаа ажил, хичээлийн бэлтгэлийг хийх, ор дэрээ засах гээд бужигнана. Мотор унтрангуут сум амьгүй мэт, ажин түжин болно. Сүүлд манай сумыг өндөр хүчдэлийн шугамд холбогдоход хүмүүс “Тэр өндөр хүчдэл гэдэг юм чинь хэзээ ч унтардаггүй, 24 цагийн турш асдаг гэсэн. Одоо ч ёстой жаргалаа даа” хэмээн магнай тэнийн баярлаж билээ. Харамсалтай нь манай сумынхны баяр хөөр удаан үргэлжлээгүй юм.

Сарын дараагаас өнөөх унтардаггүй тог байсхийгээд тасардаг, хашааны оройгоос хараад хэзээ цахилгаан гэрэл ирэхийг мэдчихэж болдоггүй болохоор хэдэн цаг, хоногоор хүмүүс өнөөхийг хүлээдэг болсон доо. Хорин жилийн өмнө ийм байсан. Одоо ч нэг их өөрчлөгдөөгүй. Хожим оюутан болж хотод ирээд л ёстой мөнхийн гэрэлтэй сайхан орчинд амьдарна гэж боддог минь эндүүрэл байв. Нэг удаа цахилгаан шатан дотор ганцаараа явж байхад минь тог тасарч, арай л зүрх дэлбэлчихээгүй. Айдастай, гарз хохиролтой ийм орчинд бид яагаад амьдрах ёстой гэж. Энэ чинь XXI зуун шүү дээ. Яагаад цахилгааны эх үүсвэрээ найдвартай болгож болдоггүй юм бэ. V цахилгаан станцын үлгэр хэзээ дуусах вэ. Хөгжиж буй, дэлхийн анхаарлыг соронзодсон шинэ Монголд бид амьдарч байна. Тоггүй харанхуйд сэтгэлээ бүүдийлгэж суумааргүй байна. Тог тасарч, паг суудгаа болих цаг хэзээ бол?

Л.ГАНЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car