
suit man stealing a laptop data
Сонгуулийн сурталчилгаа ид урсаж байгаа энэ өдрүүдэд сонин байх болов уу гэдэг үүднээс дараах мэдээллийг хүргэж байна. Оросын “Р-техно” Тагнуулын агентлагийн тэргүүн Андрей Масалович “Хар пи-ар“-ын талаар ихэд сонирхолтой зүйлийг хэлжээ. ”Хар пиар“ нь цөмийн дайны нэгэн адил нэг л хязгаарлалттай. Дайсны чулуун дээр чулуугаа үлдээхгүй байж болно. Гэхдээ ямагт хариу цохилт өгөхөд бэлэн байх ёстой. Тиймээс стратегийн “хар пи-арт” ийм маягийн хэрэгслүүдийг тунгаар ашигладаг. Харин хуулийн хувьд бол өрсөлдөгчөө гутаан доромжлоход ямарч саад бэрхшээл үгүй юм” гэсэн байх юм. Ер нь бол бусад шинжээчдийн үзэж буйгаар ч, өрсөлдөгчөө гүтгэн гүжирдэх нь хар пи-арын заавал байх ёстой нэг хэсэг гэнэ. Бүр тэгээд гүтгэн доромжлох, эргэлзээтэй зүйлсийг хөндөхдөө тун тохиромжтой цагийг олсон байдаг гэжээ. Шинжээчдийн гаргасан тоо баримтаар, сонгуулийн өмнөх нийт сурталчилгааны 70 хувийг ийм төрлийн сурталчилгаа эзэлдэг бөгөөд үүний эсрэг авах арга хэмжээг өнөөдрийг хүртэлх хугацаанд хаана ч тодорхойлж чадаагүй байгаа аж.
Тэрчлэн ”Хар пиар“ –ын жишээнүүдээс онцлоход АНУ-ын үе, үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үүх түүхийг харж байхад нэр дэвшигчидтэй нэр холбогдсон үнэн худал “нууц амраг”-уудын тухай мэдээлэл заавал дуулиан дэгдээсэн байдаг. Бараг уламжлал шахуу болсон зүйл гэж ойлгоход ч болохоор. Тухайлбал, Vanity Fair сэтгүүл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нууц амраг гэх Австрали бүсгүй Женевьев Кукийн тухай мэдээлэл цацсан нь ээлжит дуулиан боловч Оросын улстөрийн шинжээчид шууд утгаар нь ”Хар пи-ар” ажиллаж эхэллээ хэмээн тодорхойлжээ. Барак Обамагийн хэт хувийн амьдрал руу өнгийсөн мэдээллүүд өмнө нь Америкийн хэвлэлийн хуудаснаа гарсан нь түүний нэр хүндийг унагах дайн хэдийнэ эхэлсэнийг харууллаа гэж байна.
Vanity Fair сэтгүүл Дэвид Мараниссийн “Барак Обама: түүх” номноос хэсэгчлэн авч, нийтлэсэн нь дуулиан дэгдээгээд буй бөгөөд Обаматай 1983 онд Нью-Йоркд танилцсан гэх Женевьев Кук бүсгүй одоогийн ерөнхийлөгчийг орон дотроо “дур булаам, булбарай” гэж тодорхойлсон аж. Харин Оросын Олон улсын улстөрийн бодлогын хүрээлэнгийн захирал Евгений Минченкогийн үзэж буйгаар энэхүү нийтлэл Обамагийн нэр хүндэд тийм их гай дагуулахгүй гэнэ. Учир нь 1989 онд ирээдүйн эхнэр болох Мишелтэйгээ таарч хоёр жилийн дараа хуримласнаар түүний дурламтгай зангаас үүдэлтэй адал явдлууд бүдгэрсэн. Дэвид Мараниссийн номонд гарч буй бүхэн Обамаг гэрлэхээс өмнө нь болсон зүйлс хэмээж байна. Тэрчлэн ерөнхийлөгчийн сонгуульд Обамагийн өрсөлдөгчид болох Бүгд найрамдахчуудын дотор ширүүн өрсөлдөөн болж байгааг ч ажиглагчид тэмдэглэж байна. Тэгэхээр Барак Обамагийн амрагийн явдал цаашдын карьерт нь нөлөөлөх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Мөн хар пи-ар Францын сонгуульд хэрхэн нөлөөлсөн талаар сонирхвол: Ерөнхийлөгч асан Николя Саркози эрх мэдлээ шилжүүлэх хүртлээ өч төчнөөн эмэгтэйтэй нэр холбогдсон. Шуугиан дэгдэж байсан. Хэдийгээр тэр нь Төрийн тэргүүний бүрэн эрхээ Франсуа Олландад шилжүүлэхэд шууд нөлөөлсөн гэж хэлэх боломжгүй ч, тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг ажиглагчид хэлж байгаа. Мөн сонгогчдод ихээхэн нөлөөлсөн мэдээллүүд юу байсныг ч тодорхойлж байна. Тухайлбал, тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат явагдахын өмнө Николя Саркозигийн талаарх сонин, хачин мэдээллүүд илүүтэй цацагдаж эхэлсэн. Түүнийг Францын ерөнхийлөгчийн анхны сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлсэн гэгддэг Муаммар Каддафийн хүүтэй холбоотой байгаа талаар мөн зэвсгийн наймааны тухай мэдээллүүд ар араасаа гарсан юм. Хэдийгээр эдгээр мэдээлэл үнэн, худал эсэх нь чухал биш гэж улстөрийн ажиглагчид хэлж байсан ч, эцсийн дүндээ сонгогчдын сэтгэлзүйг эргүүлэхэд нөлөөлсөн л байгаа юм.
Ер нь бол сонгуулийн кампанит ажил эхэлсэнээр нэр дэвшигчидтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цацагддаг. Тэгсэн ч гол нь няцааж чадах явдал л чухал. Тэгж чадсан л бол асуудалгүй гэж ажиглагчид хэлдэг. Угаас ”Хар пи-ар” гэдэг нь хүн төрөлхтөн улс төрөөр оролдож эхэлсэн тэр үед бий болсон. Өнөөдөр ч байгаа. Ирээдүйд ч байх л зүйл аж.
Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 14, 2016 2:55:23 pm )
Монголын түүхэнд байгаагүй худал гүтгэлэгийг Дорноговийн МАН нэр дэвшигч Дэлгэрсайхан нь санхүүжүүлэн телевизүүдээр явуулж байна Дэлгэрсайхан АН-д элсэх гэсэн боловч түүнийг ийм бузар хүн бас Хятадаас 100% хамааралтай хүн гэдгийг нь мэдэх болохоор Дорноговийн АН хүлээж аваагүй юм
1 Comment