“Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяртэй тус спорт хорооны 2012 оны зорилт, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Спорт хорооныхоо өмнө ямар зорилт тавьж байна вэ?
-Багцалж хэлбэл, 3 томоохон зорилт бидний өмнө тавигдаж байгаа юм. Нэгдүгээрт, Монголын олимп гэж хэлж болох Бүх ард түмний XIII спартакиадад өмнөх амжилтаа батлах, хоёрдугаарт, Дэлхийн цэргийн спортын байгууллага /СИМЗ/-Д гишүүнчлэлээ сэргээж, тус байгууллагаас зохиогдож буй бүх арга хэмжээнд оролцох, гуравдугаарт, Спортын ордонтой болох асуудлыг шийдвэрлүүлэхээр зорьж байгаа.
-Таны хэлдгээр Монголын олимп ч хаяанд ирлээ шүү.
-Энэ сарын 30-нд боксоор спартакиад гараанаас гарна. Дараа нь цана, тэшүүр гээд 6 cap хүртэл спартакиадаар “амьсгалах” нь ээ. Нийт 27 төрлөөр 37 спорт хороод өрсөлдөнө гэхлээр олимп байхаас яахав.
-Манай тамирчдын бэлтгэл хангагдсан уу?
-Боксын тамирчдаа байрлуулж, бэлтгэл сургуулилтыг няггруулж байна. Бусад багууд ч өөр өөрийн хуваариар бэлтгэлээ базааж байгаа. Манай спорт хороо 12 төрөлд шигшээ багтай. Үлдсэн 15 төрөлд гаднаас тамирчид авах шаардлага тулгарч байна. Тухайлбал, софт теннис, кикбокс гээд шинэ төрлүүдэд бид оноо алдах ёсгүй.
-Тэгэхээр тулгамдаж байгаа асуудал байна гэсэн үг үү?
-Бусад спорт хороод өөртөө байхгүй тамирчдаа гаднаас элсүүлж эхэлсэн. Мэдээж цалин мөнгөөр л сайн тамирчдыг татна. Иймд БХЯ, ЗХЖШ-аас дэмжиж туслах байх гэж найдаж байгаа.
-Өрсөлдөгчид хүчтэй болсон биз?
-Спартакиадад оролцох спорт хороодын тоо өмнөхөөс нэмэгдсэн. Дээр нь санхүүгийн боломж өндөртэй “Хангарьд”, уламжлалт өрсөлдөгч “Хүч”, шинээр хүчтэй гарч ирсэн “Аврагч”, “Сүлд” гээд тэргүүн байрны төлөө өрсөлдөх спорт хороод олон байна. Гэхдээ бид аваргын алдраа хамгаалах итгэл төгс байгаа. Сайн өрсөлдөгч олон байх тусам биднийг улам “ирлэж” өгнө.
-СИЗМ-д гишүүнчлэлээ сэргээснээр олох ашгыг товч хэлвэл…
-Буу зэвсгээр биш, спортоор өрсөлдөж, эв нэгдэл, нөхөрлөлөө бэхжүүлэх боломжийг СИЗМ олгож байгаа юм. Татварыг нь төлөөд тус байгууллагын бүхий л уралдаан тэмцээн, хурал семинарт манайхан оролцох эрхтэй болно. Спортыг хөгжүүлэхэд зориулж тусламж дэмжлэг ч үзүүлдэг юм билээ. Тэгээд ч манай тамирчдын ур чадвар дээшилж, амжилт нь ахина гээд ашиг тус их дээ.
-Спортын ордонтой болох мөрөөдөл нэг бус жил үргэлжилж байна шүү.
-”Алдар” спорт хороог 1946 онд дайны дараа байгуулсан. 1961 онд баригдсан спортын танхимаа өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Спортын хөгжилд орчин үеийн байр, сайн тоног хэрэгслэл чухал. Нэг танхимд 5-6 секц хичээллэж байхад тамирчид, дасгалжуулагч нарын хэн хэнд нь хэцүү байх нь ойлгомжтой. Шинэ спортын ордон барих зураг төсөл нь гарчихсан. Гагцхүү мөнгө хөрөнгө нь шийдэгдчихвэл бидний мөрөөдөл биелэх учиртай. Хотын бүх дүүргүүд спортын ордонтой болохоор төсөв батлагдсан гэсэн. “Алдар” маань бусдын адил спортын шинэ ордонтой болох мөч ойртож буй гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Эх сурвалж: “Соёмбо”
Холбоотой мэдээ
Comments are closed.