2016 оны 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Байгалийн нөөц ашиглалтын хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотноо ирж Байгаль нуурын сав газрын Монголын талын голууд дээр барих усан цахилгаан станцуудын төслийн хэлэлцүүлэгт оролцлоо.
Уг арга хэмжээний мөрөөр хоёр тал «Эгийн гол УЦС» барихаар тохиролцсон тухай ташаа мэдээллийг ОХУ-ын болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тарааж эхэлсэн. Уг ташаа мэдээллийг Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, «Эгийн голын УЦС» төслийн нэгжийн захирал Д.Одхүүгийн олон нийтийн сүлжээн дэх хувийн хуудаснаас авсан байна.
Энэхүү дүгнэлтийг хоёр талын гарын үсэг зурсан протоколыг буруу тайлбарласны үндсэн дээр хийсэн тул олон нийтийн хэрэгслээр тарааж байгаа нийтлэлүүд дэх уг мэдээлэл нь үнэнд нийцэхгүй болохыг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдэж байна. Тиймээс болоод өнгөрсөн арга хэмжээ болон түүний үр дүнгийн талаар илүү бодитой төсөөлөл өгнө хэмээн найдаж хэд хэдэн тодруулга хийхийг хүслээ. Манай талын хийсэн дүгнэлтүүд нь бодитой болохыг уг танилцуулгад оролцсон гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, ажиглагчид батлаж буйг анхааралдаа авна уу.
Монголын талын төлөөлөгчдийн тэргүүний мэдээлснээр Эгийн голын урсацын тохируулгын талаарх түүний зарчмын байр суурь нь дараах үндэслэлтэй. Үүнд:
– түүний бодлоор бол Эгийн гол ОХУ-ын хилийг нэвтэрдэггүй учир уг гол нь хил дамнасан усан объект биш, тэр ч байтугай, Эгийн гол нь Хөвсгөл нуурын сав газарт хамрагдах гэнэ;
– иймээс Эгийн гол нь дотоод урсгалтай гол учир ОХУ, МУ-ын Засгийн газар хооронд 1995 онд байгуулагдсан хил орчмын усыг ашиглах, хамгаалах тухай хэлэлцээрт хамрагдахгүй болно;
– үүний үндсэн дээр Эгийн гол дээр УЦС барих улс төрийн шийдвэр аль хэдийнээ гарсан ба нэгжийн захирлын хэлснээр бол ОХУ, олон услын байгууллагуудын талаас гаргасан байгаль орчны хамгаалал болон экологийн чиглэлээр гарах ямарваа нэгэн санал эсэргүүцлээс үл хамааран уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Ноён Д.Одхүүгийн хэлснээр бол Москватай солилцох мэдээлэл, хамтын зөвлөгөөн нь Монголын талын хувьд сайн санааны дохио төдий ба хоёр талын хэлэлцээ шаардаагүй, зөвхөн мэдээлэл өгөх зорилготой танилцуулгын арга хэмжээ юм байна.
Өөрсдийн талаасаа, ноён Д.Одхүүгийн Эгийн гол нь Хөвсгөл нуурын сав газарт хамрагдах тухай хийсэн «газарзүйн нээлт» нь алдаатай буйгаа онцлон тэмдэглэе. Эгийн гол нь Хөвсгөл нуураас эхээ авдаг учир уг нуурын сав газарт багтах ямар ч боломжгүй гэдэг нь хэний ч хувьд нууц биш юм. Хөвсгөл нуураас урсан гарч буй Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд цутгаж, цаашлаад манай дэлхийн хамгийн том цэнгэг усан сан болох Байгаль нуурт хүрч, уг нуурын сав газарт хамрагддаг гэдгийг хүн бүр мэддэг билээ. Ноён Д.Одхүүгийн онолоор бол Эгийн гол нь Хөвсгөл нуураас эхээ авч, эргээд Хөвсгөл нуурлуу цутган ордог болж байна.
Эгийн гол нь Байгаль нуурын сав газарт хамрагдах учир ОХУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд 1995 онд байгуулсан хил орчмын усыг ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр (уг хэлэлцээрийн дагуу талууд нь хил дамнасан гол мөрөн, усан сан ашиглах болон хамгаалах талаар нэгдсэн үзэл баримтлалтай байж, усны нөөцийг байгальд халгүйгээр ашиглах, усны бохирдол болон усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах ёстой) болон Дэлхийн соёлын болон байгалийн өв, эмзэг орчинг хадгалан хамгаалах тухай олон улсын конвенциудад хамрагдах нь гарцаагүй юм.
Ноён Д.Одхүүгийн санаалаар уулзалтын протоколд «өөрийн нутаг дэвсгэр дээрх усны нөөцийг зөв зохистой ашиглах болон хамгаалах асуудлыг бие даан шийдэх Монголын талын эрхийг Оросын тал хүндэтгэх» тухай заалт орсон билээ. Уг заалтыг уулзалтын протоколд оруулахдаа Оросын тал нь дээр дурьдсан хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 6-р зүйлийг үндэс болгосон бөгөөд уг зүйлд тус хэлэлцээрийн гол зарчмуудыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж заасан байдаг. Эдгээрийн дунд олон улсын эрх зүйн зарчмууд, хил дамнасан гол мөрөнгүүдийн усны нөөцийг харилцан ашигтай болон эрх тэгш удирдах зарчмууд, манай хоёр орны хоорондын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний заалтууд орж байгаа.
Оросын тал нь Монголын талын мэдэгдлийг «анхааралд авлаа» гэсэн заалтыг зөвшилцөөд, уулзалтын протоколд оруулсан юм. Үүний хажуугаар ОХУ-ын эрдэмтэн судлаачдын оролцоогүйгээр байгаль орчны цогц үнэлгээг урьдчилан хийлгүйгээр УСЦ барих төлөвлөгөөнүүдтэй яагаад ч санал нийлэхгүй гэдгийг эрс илэрхийлсэн. Уг судалгааны ажлыг эхлүүлэхийн тулд түншийн захиалгаар Францын «Трактебель инжиниринг» зөвлөгөө өгөх компанийн боловсруулсан төслийн техникийн болон байгаль орчны үндэслэл бүхий материалуудыг бидэнд шилжүүлэн өгөхийг хүссэн билээ. Уг материалуудыг хүлээн авсны дараа Оросын талын эрдэмтэн судлаачид цогц судалгаа шинжилгээ хийнэ.
Оросын талын төлөөлөгчдийн саналаар бол уулзалтын протоколын гол санаа нь талууд Байгаль нуурын экосистемд ямарваа нэгэн сөрөг үр дагавар үзүүлэх аливаа арга хэмжээ, үйлдэл хийхгүй гэсэн үүргээ бататгасан гэж үзэх ёстой. «Эгийн голын УЦС» төслийн Байгаль нуурын сав газар, экосистемийн бионөөцөнд үзүүлэх нөлөөг аль болох богино хугацаанд олон услын аж ахуйн нэгжүүд, ОХУ-ын болон МУ-ын эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор судлаж эхлэх, «Шүрэн», «Орхон» төслүүдийн байгаль орчны болон нийгмийн үр дагаврын тухай олон нийтийн сонсголыг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон Эрхүү мужид зохион байгуулах шаардлагатайг харилцан ойлгосон нь уг уулзалтын эерэг үр дүн болсон.
Үүний үндсэн дээр «Эгийн гол УЦС» төслийг хэрэгжүүлэхийг Оросын тал уг протоколоор хүлээн зөвшөөрсөн гэж хэлэх ямар ч үндэслэлгүй болно. Ноён Д.Одхүүгийн санал болгосноор тус уулзалт нь албан бусаар зохион байгуулав. Тиймээс зарчмын асуудлаар зөвшилцөх бүрэн эрх Оросын талд байх боломжгүй байсан. Энэ тохиолдолд баримт гуйвуулах, мэдээллийг хэтрүүлж ойлгуулах явдал гарсанд харамсч байна.
Үүний хажуугаар онцолж тэмдэглэхэд, Оросын талын санаа зовж байгаа асуудал нь ямарваа нэгэн шунал тачаал, ашиг сонирхлоор хөтлөгдсөн явдалтай холбоогүй гэдгийг илэрхийлье. Бидний талаас тавьж байгаа асуудал нь Байгаль нуурын давтагдашгүй экосистемыг хадгалах хоёр талын болон олон улсын үүргээ биелүүлэхтэйгээр урган гарч ирж байгаа шаардлагатай холбоотой юм.
Тусгаар тогтносон Монгол Улс нь үндэсний эрчим хүчний салбараа хөгжүүлэх, ус ашиглалтын найдвартай тогтолцоо үүсгэн байгуулах дархан эрхтэй нь хэнд ч ойлгомжтой ба уг асуудлыг хэн ч хэлэлцэх эрхгүй юм. «Эгийн гол УЦС» төсөл нь Дэлхийн байгалийн өвийн санд орсон, олон услын хууль дүрмээр хамгаалагдаж буй ай сав газарт үзүүлэх үр дагаврын талаарх олон талт, цогц судалгааны ажлыг урьдчилан хийлгүйгээр уг төслийг хэрэгжүүлэхгүй байхыг л Оросын тал нэхэж байна.
Монгол Улсын эрчим хүчний дутагдлын асуудлыг шийдэх өөр хувилбаруудыг харилцан ашигтайгаар хэлэлцэхэд манай тал бэлэн байна. Бидний авсан мэдээллийн дагуу эрчим хүчний урт хугацааны нийлүүлэлтийн талаарх талуудын хэлэлцээр амжилттай урагшилж байгаа. Уг чиглэлээр бидний хамтын ажиллагаа цаашдаа эрчимтэй хөгжүүлэх, манай найрсаг орны эрчим хүчний салбарт шинээр барих, одоо ажиллаж байгаа объектуудыг шинэчлэнэ гэдэгт бид найдаж байна.
Эх сурвалж: Sonin.mn
7 Comments