antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2012 1 comment

Ёс заншлаа дээдлэхүй

нийтлэсэн Admin

Монгол угсаатны дээл хувцас бол монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд хамгийн үнэмшилтэй соёлын үзүүлэлтийн нэг юм. Монгол угсаатны дээл хувцас нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхэлж буй мал аж ахуй, амьдралын хэв маяг, эрхэмлэж заншсан сэтгэлгээний үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой.

Монголын олон ястны өвөрмөц төрхийг илэрхийлсэн хувцас хэрэглэл нь содон төрх, ур хийцээрээ тэр омог отгийнхоо нэрийг хадгалан өөртөө тохирсон бэлгэдлээ шингээсэн байдгаараа бусдаас ялгарах “хэл”-тэй.

Монгол үндэсний хувцасны гол төлөөлөгчдийнхөө хувьд малгай, дээл, бүс, гутал нь өөр өөрийн гэсэн бэлгэдлийн утга агуулгатай байдаг. Үүнд:

Мандах төрийн малгай- Хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэдсэн байна.

Тэгш төрийн дээл- Хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ.

Бүтэх төрийн бүс- Задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн утга буй.

Хан төрийн хантааз- Аливаа хүндэтгэл, ёслолд заавал өмсөх төр улсын иргэн, эр, эм хүн мөн гэдгийн баталгаа тул энэ хувцсыг төр улсын өмсгөл хэмээжээ.

Түших төрийн гутал- Хүний биеийн тулгуур-хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн.

МАЛГАЙ

Малгай нь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлж байдаг гол хувцасны хувьд хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж ирсэн.

Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ.

Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн бэлгэдэлтэй болно. Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг.

МОНГОЛ ДЭЭЛ

Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас юм. Монгол дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн байна.

Хадны зурагт хонины нэхий үзүүрсгэн дээл дээр дүрсэлснийг үзвэл монгол хувцас балар эртнээс үүсчээ.

Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ.

Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна. Түүнчлэн монголчууд аян замд дээлийг нөмөрч унтах хөнжил болгодог.

БҮС

Өвөг дээдэс маань хүний сүлд буюу сүнс нь хэт, малгай, бүсэнд оршино хэмээн үздэг. Бүс нь хүний хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул даавуун, нэхмэл, ширэн, алтан, мөнгөн зэрэг олон янз байна.

Эртний нүүдэлчин язгууртнууд алт, мөнгө болон бусад үнэт металлаар хийж, эрдэнийн чулуугаар шигтгэн чимэглэсэн гайхамшигтай нарийн ур хийц бүхий бүс бүсэлдэг байжээ. Ийм бүсийг агсарган бүс гэдэг бөгөөд түүн дээрх товруу, гархи чимэглэлүүдэд сэлэм, хутга, саадаг зэргээ зүүдэг байсан байна.

Монголчууд харилцан анд болж, ах дүү барилдахдаа бүсээ солилцож, үүгээрээ эв найрамдлаа бэлгэддэг байсан эртний заншилтай. Гурав, тав, долоо, есөн лууг ихэс дээдсийн мөнгө, алтан агсарганд урладаг байсны нэгэн тод жишээ нь Азийн урлагийн музейд буй Юань улсын дээдсийн алтан бүс болно.

Арын алтан хуудсанд үүлс, нар сарны дунд хүн төрөлхтөнд гал авчирсан домогт алтан хараацайн дүр хагалбарлан зурааслаж урласан байдаг.

МОНГОЛ ГУТАЛ

Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй. ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой монгол гутал хийж өмсчээ.

Монгол Улсад 20 гаруй угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжээ зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг нь тодорхой билээ.

Тухайлбал, монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг.

Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.

Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын бэлгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.

МОНГОЛ ХУВЦАСНЫ ТОНОГ ЗҮҮСГЭЛ

Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй.

Морь унахад боодог хормойн боолт арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчуул хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг.

Мэдээллийн эх сурвалж:  “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном

Монгол угсаатны дээл хувцас бол монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 10, 2012 11:22:18 pm )

    bayrlaa mash ih tus boloo nadad hicheel nom hiihed medeelel oldohgui baisan ym tanai block-d TKS

antalya rent a car