Нийслэл Засаг даргын Тамгын газрын барилгаа спорт заалны хамт буулган шинээр барилга бариулах шийдвэр гаргалаа. Концессын гэрээгээр баригдах энэ барилгын гүйцэтгэгчээр “Голомт файннэйшнил групп” ХХК тодорч гэнэ. Гэхдээ шударга биш аргаар. Гайхалтай нь илт хуйвалдаан, луйврын замаар “Голомт”-ын мэдэлд шилжиж байгаа барилгыг хууль ёсны дагуу, шударга хуваарилалтын зарчмаар өгч байгаа гэдгийг нотлох гэсэн пиар хэвлэлээр нисэлдээд эхэлжээ.
Хотын захиргаа гурван давхар “пин”-гээ яагаад сольж болохгүй гэж? Байшинг газартай нь авч байгаа шинэ эзэд ийм үгийг олон нийтэд тулгаж, бараг ял асуув. Үнэн шүү дээ, хаашаа ч харсан тэнгэр баганадсан шилэн барилга сүндэрлэж байгаа шинэ Улаанбаатарын төвд мөнөөх Нийслэлийн Засаг даргын тамгын газрын барилга бол пин шиг л харагддаг байж мэдэх ч түүхэн дурсгалт архитекторын шийдэл юм. Анх 1947 онд баригдсан энэ барилгыг, одоо пин болчихоод байгаа байшинг яагаад шилэн барилгаар сольж болохгүй гэж!
Ашиглалтын хугацаа нь 2007 онд дууссан гэж байгаа энэ барилгыг буулгаад барьж болно. Ингэхдээ концессын гэрээ байна уу, өөр юуны ч гэрээний дагуу шинээр барьж болно. Гол нь асуудлыг шийдвэрлэж байгаа арга хэлбэр, зарчим нь хууль ёсонд, зарчимд нийцэж байх ёстой. Харин “Голомт файннэйшнил групп” ХХК бол Нийслэлийн ЗДТГ-ын барилгыг буулгаж, барих эрхийг давуу нөхцөлөөр авч, Д.Баттулга даргатай НИТХ, Нийслэлийн ЗДТГ тэдний заль булхайг өөгшүүлж, төрийн өмчийг хамтран дээрэмдэж байгаад хэргийн учир оршиж байна.
Барилгыг буулгаж концессын гэрээгээр барих компанийг сонгон шалгаруулах асуудлыг Нийслэлийн ИТХ өнгөрсөн оны сүүлээр шийджээ. Гэвч энэ асуудал нам жим байсаар Нийслэлийн ИТХ энэ тавдугаар сарын 6-нд 17037 метр квадрат барилгыг концессын гэрээгээр буулгаж, бариулахдаа давхар ашиглаж, эзэмших зөвшөөрлийг олгочихоод байгаа юм. “Голомт файннэйшнил групп” ХХК буюу “Голомт” банкны охин компани одоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй зургаан давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга барих бөгөөд 1-3 давхрыг нийслэлийн өмчид шилжүүлээд дээрх давхруудыг өөрөө өмчлөх юм. Тэд барилгын зураг төслөө аль хэдийнэ бэлэн болгоод Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өгчихсөн гэнэ билээ. Улс орноо, улсын нийслэлээ түрүүлж бодоод хувийн ашиг сонирхлоо тэвчиж чаддаг ИТХ-ын төлөөлөгчид ийм шийдвэрийг хэзээ ч дэмжихгүй. Төрийн өмчийн байрыг, төрийн мэдлийн хөрөнгийг концессын гэрээгээр буулгаж, барьсныхаа хөлсийг төрөөс эргүүлээд авах нь тодорхой компанид яагаад давхар эзэмших, ашиглах эрхийг олгож байна вэ. Ийм нөхцөлтэй концессын гэрээний эрх олгох уралдаант шалгаруулалтын зарыг “Голомт”-ынхноос өөр компани яагаад огт сонсоогүй байдаг билээ? Үүний цаана шийдвэр гаргагчид эрх мэдлээ “худалдсан” байж болзошгүй гэдгийг сөрөг хүчний намын гишүүд хэлж байгаа юм.
НИТХ-ын энэ шийдвэрийг одоо Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, Улсын баатар албан тушаалынхаа хүрээнд тус компанитай гэрээ байгуулах ажил үлдээд байна. Энд бас нэг зүйлийг сануулахад НИТХ-ын Тэргүүлэгчдийн хэд хэдэн тогтоолд “Хотын захиргааны барилгыг буулгаж, барих ажлыг концессын гэрээний дагуу гүйцэтгэнэ. Ингэхдээ концессын гэрээний эрхийг уралдаант шалгаруулалт явуулж байж өгнө” гэж заасан байдаг. Гэвч ямар ч тендер зарлагдаагүй. Тендер зарлаагүй, тендер болоогүй шалтгааныг Нийслэлийн ИТХ-ынхан “Голомт файннэйшнил групп” ХХК-аас өөр компани санал ирүүлээгүй гэсэн үгээр тайлбарлаж байгаа юм гэсэн. Ганц оролцогчтой тендерийн уралдаант шалгаруулалтын ард нийслэлийн удирдлага зөвхөн Голомттой тохиролцоо хийж, барилгын газрыг энэ компанид үнэ төлбөргүй өглөө гэсэн хардлага үүсэж байгаа юм.
Ийм хардлага дэгдэх нь зүй ёсны хэрэг. Өнгөрсөн оны сүүлчээр Нийслэлийн ЗДТГ-ын байрны бараг харалдаа шахуу нэгэн барилгын зөвхөн газар нь 23 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол хуучин Хэвлэх үйлдвэрийн газар. Тэгвэл тэрбум тэрбумаар үнэлэгдэж байгаа хотын төвийн А зэрэглэлийн байрыг Хотын хурлынхан Голомтод үнэгүй шилжүүлэхээр шийдсэн нь хэний ч анхаарлыг татна. “Голомт” бол нийслэлийн газраас хуулийн дагуу болон хуулийн биш аргаар аваад сурчихсан. Тэд өмнө нь хүүхдийн паркийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх нэрээр нийслэлийн өмчөөс хүүхдийн паркийн газрыг авсан арвин туршлагатай. Одоо хотын захиргааны байрыг шинэчлэх нэрийн дор авч байгаа нь энэ. Ингэхдээ Нийслэлийн ЗДТГ-ын барилгыг концессын гэрээгээр буулгаж, барина. Тэгээд давхар ашиглаж, эзэмших юм. Бүр цаашилбал, шинэ байр баригдсаны дараа Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар өөрийн байранд биш хүний буюу Голомтын байранд “амьдрах” нөхцөл бүрдчихээд байгаа нь энэ. Нийслэлийн ИТХ болон Голомтын хамтарсан луйвар гэж болох арга залийг цааш үргэлжлүүлэх эсэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шийдэх юм. Улсын баатар шударга үнэний талд уу, төрийн шийдвэрийг ар өврийн хаалгаар өөрийн талд гаргуулж сурсан компанийн талд уу гэдгээ олон нийтэд тун удахгүй харуулах гэж байна.
Д.Отгонжаргал
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Энхүүш (May 18, 2016 10:59:05 am )
Энэ салга цагаан буухаасаа өмнө хийх гэж үхэн хатан зүтгэндээ, Тендер зарлах ёстой, Идэж хандагүй новшнууд буудах юмсан,
-
зочин (May 18, 2016 12:11:31 pm )
дахиад л нөгөө луйварчин батүүл голомт банк
-
Mongol (May 18, 2016 9:32:25 pm )
hotoo hogjyylj chdahgui baij bairaa tomsgood baih hereg yu baina, tatvariin horongoor togloson novshnuud , ene ard tymen yagaad ingeed davruulaad bainaa, ygee heleech temzeech,,,,
-
БУУДАХ Ч БАГАДАНА (May 18, 2016 10:09:10 pm )
ЭД НАРЫН ТӨРИЙН НЭР БАРЬЖ ЛУЙВРААР ОЛСОН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫН ӨРИЙГ ДАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-
би (May 19, 2016 1:48:42 pm )
ажил хийж гийгүүлж байгаа биш, шинэ байраар яах юм бэ. цэргийн ногоон палатканууд байхад л харин ч ихдэсхийгээд болно доо БАТ-үхҮҮЛ ээ
5 Comments