Н.МӨНХЖИН
“Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн жагсаалтыг Америкийн “Apple” корпорац дахин тэргүүллээ. “Apple”-ийн үнэ цэнийг 154 тэрбум ам.доллар хэмээн үнэлжээ. Түүний араас “Google” (82.5 тэрбум ам.доллар), “Microsoft” (72.5 тэрбум ам.доллар), “Coca-Cola” (58.5 тэрбум ам.доллар), “Facebook” (52.6 тэрбум ам.доллар) жагсаж байна. “Apple” корпорацийн ашиг 13 хувиар буурч, сүүлийн үед санхүүгийн үзүүлэлт нь онцгүй байгаа ч жагсаалтыг тэргүүлж чадсан аж. Хамгийн сүүлд гаргасан “iPhone” загварын ухаалаг гар утасны борлуулалт өмнөх загварын борлуулалтаас буурсан нь ийнхүү нөлөөлсөн ажээ. Гэсэн хэдий ч “Apple” нь хосгүй брэнд нэрээ хадгалан үлдэж, тэдэнтэй дүйцэх бодит өрсөлдөгч байхгүй байна хэмээн Америкийн сэтгүүл онцолжээ. Нэр хүнд бүхий “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг чансааг тус корпорац зургаан жил тасралтгүй тэргүүлж байна.
“Худалдан авагчид хэрхэн хүлээн авч байгаагаас брэндүүдийн нэр, нөлөө тодорхойлогдож байдаг. Хэрэглэгчид тухайн брэндийн бүтээгдэхүүнийг ямар ч үнээр хамаагүй худалдаж авахад бэлэн болчихсон байдаг. Тэд гагцхүү тэр л брэнд, логонд итгэж худалдаж авдагт л тухайн компанийн үнэ цэнэ оршиж байдаг” хэмээн Пенсилванийн их сургуулийн маркетинг, брэндингийн багш Давид Робстейн ярилаа. “Apple”-ийн сүүлийн загварууд нь жишээлбэл “Samsung”-ийн ухаалаг гар утаснуудаас нэг их ялгарахгүй байгааг шинжээчид хэлж байгаа юм. Яагаад хоёр корпорац зах зээл дахь өрсөлдөөнөө булаацалдан, тенологийн болон дизайнерийн шийдэл дээр нэг нэгнээ шүүхэд өгөөд байдгийг эндээс харж болно. Гэсэн хэдий ч “Apple”-ийн бүтээгдэхүүнүүд “Samsung”-аас илүү борлуулалттай байсаар байгаа юм.
Хоёрдугаарт бичигдэж байгаа “Google” компани “Apple”-аас хол хоцорч байгаа ч энэ зайгаа улам ойртуулсаар байгаа аж. Интернэтийн эрэл хайгуулын энэ брэндийн үнэ цэнэ энэ онд 26 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр “Google” нь боломж, хүчин чадлаараа жишээ нь, эрэл хайгуулын “Bingo” системээс нэг их ялгарахгүй байгаа ч хэрэглэгчид “Google”-ийг эрхэмлэсэн хэвээр байна. Давид Робстейний үзэж буйгаар, “Google” нь “Интернэтэд хайгуул хийх” гэсэн ойлголттой дүйж хосгүй брэнд болж чадсан аж. Бусад пүүс, компани лого, билэгдэлээ нэг янзаараа байлгадаг бол “Google” компани бараг өдөр болгон өөрчилж, цаг үе, дурсгалт өдөртэй холбогдуулан “гоёж чимэглэдэг”-ээрээ хэрэглэгчдийг ихээхэн татаж чаддаг.
Дэлхийн хамгийн үнэтэй 25 брэндэд “IT”, “IBM”, “Intel”, “Toyota”, “BMW”, “Mercedes-Benz”, “Honda”, “Disney”, “McDonalds” оржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.