Иргэд банкнаас мөнгө зээлэхдээ хугацаатай гэрээ байгуулдаг. Гэтэл зээлийн хугацаа хэтэрч, тухайн зээл эрсдэлд орсон ч зарим банкууд шүүхэд хандалгүйгээр хүүг нь өсгөсөөр хоёроос гурван жилийн дараа нэхэмжлэл гаргах явдал манайд элбэг тохиолдох боллоо. Хэдийгээр үүнийг хуулиар хориглосон заалт байдаггүй ч энэ асуудал нь анхнаасаа Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа юм байна. Үүгээр ч барахгүй удтал дуншин байж саяхан батлагдсан «Ипотекийн хууль» хэрэгжиж эхэлвэл алсдаа ихээхэн хохирлыг иргэдэд учруулах аж. Ингээд өмгөөлөгч Ц.Монголтой дээрх асуудлуудаар ярилцлаа.
-Банк хэтэрхий давуу эрхтэй байгаагаас иргэдийг хохироож байгаа хэмээн та өмнө нь ярьж байсан. Үүнийгээ тодруулна уу?
-Аливаа байгууллага, иргэд тэгш эрхтэй байх ёстой. Гэвч энэ нь банкны салбарын асуудал дээр үргэлж зөрчигдөж байдаг. Тодруулбал банк зээл олгохдоо зээлдэгчтэй хугацаа зааж гэрээ байгуулдаг. Ингээд хугацаа дууссан өдрөөс эхлээд тухайн гэрээ хүчингүй болж, хүү бодогдох нь зогсох ёстой байдаг ч өнөөдрийг хүртэл банк үүний эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг нь ч Иргэний хууль болон банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд дэмжсэн байдаг. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч нь банкинд давуу эрх олгосон.
Гэтэл энэ нь ард түмнийг хохироож, гэрээ байгуулах эрх зүйн зарчмыг зөрчин, цаашлаад хугацаатай гэрээ байгуулахын агуулга алдагдаж, тэгш бус үйлчлэхэд хүргэж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болж байгаа юм. Яагаад гэхээр бусад байгууллага болон иргэд хоорондын харилцан байгуулсан гэрээ хугацаа нь дууссан бол хүү тооцох асуудал нь дагаад зогсчихдог. Харин зээлээ төлж дуусах хүртэлх хугацаанд үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хохирол, алдангийг төлдөг.
-Банкны энэхүү тэгш бус, давуу эрхийн улмаас хохирсон хичнээн хүн танд хандаж байв?
-Үүнээс болж хохирсон иргэд маш олон бий. Надад л гэхэд 10 орчим иргэн хандаад байна. Жишээлбэл надаас өмгөөлөл хүссэн нэг иргэн манай томоохон банкуудын нэгтэй зургаан сарын хугацаатай гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг гурван жилийн өмнө зээлсэн байгаа юм. Харин тухайн иргэнд банк зээлийг нь олгохдоо гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа 20 сая төгрөгийг өгч, үлдсэн 10 саяыг банкинд барьцаалагдсан байсан өөр хүний эд хөрөнгийг зээлдэгчээр заруулах замаар нэг жилийн дараа олгосон байсан. Үүнээс үүдэн маргаан үүсч, улмаар зээлдэгч тухайн банкинд хүүгээ төлөхөө зогсоосон.
Гэтэл зээлийн хугацаатай гэрээ дууссан боловч хүү нь зогсоогүй үргэлжилсээр гурван жилийн дараа уг банк 86 сая төгрөгийг тухайн иргэнээс гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүгээр ч тогтохгүй „энэ хугацаанд барьцаа хөрөнгийг нь банк дур мэдээд бусдад худалдаж тухайн зээлдэгчийн иргэний эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл банк зээлээ хугацаанд нь өгөлгүй хариуцлагагүй хандсан хэрнээ эргээд иргэнээс нэхэх болохоороо хүүг нь нарийн тооцоолон шүүхэд хандаж байгаа нь утгагүй зүйл юм. Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал саяхан болж, хэргийг нь дахин шалгуулахаар буцаасан байгаа.
-Тэгээд хугацаа нь хэтэрсэн даруйд зээлийн хүүг зогсоох талаар хууль байдаггүй юм аа гэхэд энэ талаар батлагдсан дүрэм, журам манайд огт байхгүй юм уу?
-Огт байхгүй ч биш л дээ. Банкны зээлийн хүүг зогсоох үндэслэл байгаа юм. Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүү эдийн засгийн сайдын 2004 оны есдүгээр сарын 9-ний өдрийн «Активыг ангилах, түүнийг ангилж эрсдлийн сан байгуулах тухай» хамтарсан тушаал гарсан. Үүгээрээ аливаа зээл эрсдэлд орсон нөхцөлд эрсдлийн сангаас тухайн зээлийг нөхөж, улмаар зээлийн хүү цаашид бодогдохгүй байхаар зохицуулагдсан юм. Тодруулбал дээр дурдсан иргэн 30 сая төгрөг зээлээд зургаан сарын хугацаанд хүүгийн хамт төлж барагдуулах ёстой. Харин үүнийгээ хугацаанд нь төлөөгүй 281 хоног өнгөрсөн нөхцөлд тухайн зээлийг эрсдлийн сангаас гаргаж эргэлтэд оруулахыг хэлж байгаа юм. Эрсдлийн санд тухайн мөнгө орж ирснээр банк хохиролгүй болно. Гэтэл банкууд үүнийг мэдсээр байж тухайн зээлдэгчийн мөнгөнд хүүг нь тооцож байгаад хэд дахин нугалж төлүүлээд иргэдийг хохироодог үзэгдэл маш их гарч байна. Энэ нь иргэдийн мэдээлэл дутмаг байдагтай холбоотой.
Тухайн зээлдэгч санаатай, санамсаргүй ямар ч байдлаар эрсдэлд орж болно. Иймээс үүнд нь дөрөөлж тухайн иргэн, аж ахуйн нэгжийг улам хүндрүүлэн, хохироож болохгүй л дээ.
-Дээрх асуудлыг таслан зогсоох талаар ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бол?
-Би Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох асуудлыг тавих бодолтой байгаа. Хэрвээ энэ байдал цаашид үргэлжилсээр байвал банкны эрх ашиг давамгайлж, иргэд хохирсоор л байх болно.
Өнөөдөр банкны зээлийн хүү зогсдоггүй байдлаар далимдуулж маш их луйвар явуулж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлээд хүү зогсох ёстой. Тухайн зээл эрсдэлд орсон тул тус банкны эрсдлийн санд орсны дараа шүүхэд очдог. Иймээс эрсдлийн сангаас хаагдсан зээлийн хүү өсөх ёсгүй. Хугацаа хэтэрсэн, муу зээлийн ангилалд орсон нөхцөлд эрсдлийн сангаас тухайн зээлийг гаргах ёстой. Иймээс энэ журмыг иргэд сайн мэдэж байх хэрэгтэй юм. Яваандаа банкны давамгай эрхийг хязгаарлан, хуулийг боловсронгуй болгож, Үндсэн хуульд нийцүүлэн зохицуулах хэрэгтэй байна.
-Хөдөө орон нутагт малчид өр зээлдээ баригдаж, улмаар малаа алдах явдал их гарч байгаа. Энэ талаар танд дэлгэрэнгүй мэдээлэл бий юу?
-Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал нь нийгмийн анхан шатны нэгж буюу сум, баг цаашлаад малчдын амьдралд шууд нөлөөлөх ёсгүй. Яагаад гэвэл энэ хямрал өөрөө даяарчлалын нөлөөнд болж буй болохоор сум хэмээх хамгийн жижиг нэгжийн хажуугаар нь өнгөрөх ёстой. Үүний тулд аливаа улсын нутгийн захиргааны нэгж нь бие даасан, хараат бус, санхүү эдийн засгийн асууд-лаа өөрөө шийддэг байх хэрэгтэй. Гэтэл манай улсад ийм зохицуулалт байхгүй, бүтцийн гажуудалд орсны улмаас энэхүү хямрал малчны гэр бүлд шууд нөлөөлсөн. Тодруулбал малчид эрх зүйн буруу зохицуулалт, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчин бүрдээгүйгээс болж малаа банкны зээл, хүүнд маш хямдаар өгч хохирсоор байгаа юм.
“Ипотекийн хууль” хүний хуулиар хамгаалуулах эрхийг хязгаарласан
-Саяхан батлагдсан «Ипотекийн хууль»-ийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Энэ хууль гадны санхүүгийн байгууллагуудын эрх ашигт нийцсэн хууль байгаа юм. Тус хуулийг гаргахын тулд санхүүгийн бүлэглэлүүд гурваас дөрвөн жил болсон.“Ипотекийн хууль”-ийг өмнө нь нэг удаа баталж байсан ч Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандсанаар хүчингүй болгож байсан. Үүнээс хойш хоёроос гурван жил болсны эцэст сая батлагдсан. Энэ хуульд зарим нэг эерэг зүйл байж болох ч нийгмийн бүтэц, систем нь гажигтай манай улсын нөхцөлд «Ипотекийн хууль» нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад их хор нөлөөтэй. Учир нь уг хууль нь Үндсэн хуулиа олгогдсон шүүхээр хамгаалуулах эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Учир нь өөрт нь мөнгө хэрэгцээтэй болсон иргэн банканд хандахад банк өөрийн болзлыг тулгаж, гэрээ байгуулах давуу эрхтэй байдаг Хэрвээ банкны гэрээний нөхцлийг хүлээн авсан тохиолдолд зээлийн хугацаа хэтэрвэл үл маргах журмаар байраа шууд хураалгах болно.
Үүнээс гадна дуудлага худалдаа хийж сураагүй манай улсад үнэхээр тухайн эд хөрөнгийг үнэн шударгаар дуудлага худалдаанд оруулан зарах магадлал бага шүү дээ. Үүний шалтгаан нь энэ талаарх эрх зүйн үндсийг нь сайн бүрдүүлж өгөөгүйтэй холбоотой.
-Шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжиж дуудлага худалдаанд ордог. Тэгэхээр дуудлага худалдаа худлаа явагдах магадлалтай гэж та хэллээ. Үүнийгээ тодруулаач?
-Банкуудад байдаг тусгай активын газар нь шүүхээс гарсан шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ихэвчлэн өгдөггүй. Активын газрын ажилчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажлыг хууль бусаар хийдэг гэсэн үг л дээ. Тухайлбал гэрийн эздийг нь эзгүйд активын газрын байцаагч цонхоор нь ороод байрыг нь булаан авсан тохиолдол Зүүнхараад гарсан. Харин азаар гэрийн эзэд нь шүүхэд хандсан учраас байраа буцааж авсан. Үүнээс үзэхэд манай улсад банк бол хэмжээлшгүй эрхтэй субъект болж хувираад байна.
“Өглөөний сонин” № 188, 2009.09.29
Холбоотой мэдээ
-
Бадарч (May 07, 2016 2:22:21 am )
Ипотeк лизингийн гэрээнүүд чинь ард түмнийг дөрлүүлсэн үхэр шиг болгож байгаа юм биш үү.Банкуудын хараан доор насаараа сэтгэлийн дарамттай амьдарцгаах юм байна л даа. Ипотekийн зээлтэй иргэн ажилгүй цалингүй болох үхэж үрэгдэх гэх мэтийн эрсдэлийг яаж зохицуулдаг юм бэ. 3 саяын цалинтай хүн ипо зээлээр байр үнэтэй авч байгаад цалин буурч хүүгээ төлөх чадваргүй болвол байрыг нь хурааж зарна биз дээ.Монголчууд банкны боол болжээ.
-
Бадарч (May 07, 2016 2:22:48 am )
Ипотeк лизингийн гэрээнүүд чинь ард түмнийг дөрлүүлсэн үхэр шиг болгож байгаа юм биш үү.Банкуудын хараан доор насаараа сэтгэлийн дарамттай амьдарцгаах юм байна л даа. Ипотekийн зээлтэй иргэн ажилгүй цалингүй болох үхэж үрэгдэх гэх мэтийн эрсдэлийг яаж зохицуулдаг юм бэ. 3 саяын цалинтай хүн
-
Anonymous (May 07, 2016 8:43:19 am )
Энэ асуудлаар л ундсэн хуулийн цэцийн дарга Амарсанаа банк давуу эрхээр барьцааны хоронгийг иргэдээс булааж авч зарж хохироож ундсэн хууль зорчиж байна энэ чинь буруу гэж дугнэлт гаргаж ард иргэдийг хамгаалсаныхаа толоо ямар амархан огцорсон билээ.ИХ-н бараг л бух гишууд АН-хан энэ эсэргуун 8 хувийн зээлийг зогсоолоо гээд банкууд нь зээл огох боломжгуй гэж хааж боогоод учираа мэдэхгуй тэнэг хэсэг нь ексел унуулах минь дайрч жагcсаар огцоруулж авч санаа нь амарцгаагаа биз дээ ногоо хэдэн гишууд намууд нь ямар хурдан 8 хувийн зээлийг баталваа яагаад гэвэл тэдний ард банкны эзэд зогсож байсан юм./бух насаараа хурааж цуглуулсан хоронгийг чинь хурааж авна гээд/Хэдэн тэнэг ардыг турхираад л сууж байсан Одоо яах вэ дээ та ноход оорcдоо л хуссэн юм чинь банкинд насаараа ор нэхуулж дарамтлуулаад ухсэний чинь дараа ур хуухдийг чинь гудамжинд хоож гаргаад банк байраа хуулиар турий барьж булаагаад ирэхийн цагт АН 8 хувийн зээлийг хараахаас оор юу хийж чадах вэ.эксел унуулана гээд дарцаглаж явсандаа ичих боловуу.за яах вэ энэ тэр болтол эхэлтэл 5жил болно биз Уг нь монголд “оргуй бол баян овчингуй бол жаргал”гэж нэг угтэй юмсан одоо бол эмч нараа шоронд хийж шонд eлгeж бахаа хангаж овчиндоо баригдаж .банкны оронд байраа байраа хураалгаад гудаманд ухэхэд сайн муугаар нь ялгахгуй олгийдoод авах Монгол минь улдээсээ дээ
-
irgen (May 07, 2016 9:07:41 am )
ipotek bol uneheer huuli n ontsgui baigaa. Companid olgoj biagaa zeeliin huug bol dorvitoi buulgah bololtsoo baihgui. Importiin ediin zasagt mungunii ergelt nemegduuleh geheer hamag valiutaa gadagshaa aldaad duusna.
4 Comments