Энэ 2016 оны сонгуулиар УИХ сонгуулийн хуулинд өөрчлөлт орох нь бараг тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу намын жагсаалтаар 28 гишүүн парламентад сонгогддог байсан үүнийг “үгүй” хийж, эргээд мажоритар систем буюу нэр дэвшигчид тойрогт өрсөлдөж, ялсан нэг нь төрийн суудалд дөрвөн жил суудаг тогтолцоо руу шилжинэ гэсэн үг юм.
Манай улс 1996, 2000, 2004 болон 2008 оны УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан. Ингэхдээ 1996-2004 оны сонгууль хүртэл нэг тойрогт нэг мандат буюу жижиг 76 тойрогтой системээр сонгууль хийсэн. Харин 2008 онд томсгосон 26 тойрогт мажоритар тогтолцоог сонгож, 2012 онд анх удаа хувь тэнцүүлсэн элементийг Сонгуулийн хуульд тусгасан билээ. Энэ удаад жагсаалтаар 28 гишүүнийг УИХ-д сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсан. Тийм учраас эргээд 2008 эсвэл, 2004 оны үеийнх шиг мажоритар тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулах нь тодорхой болоод байна.
Харин хуулинд өөрчлөлт оруулж, жагсаалтыг байхгүй болгосон тохиолдолд 28 мандатаа тойргуудад хэрхэн хуваарилах асуудал гарч ирнэ. МАН 26 тойрогт 28 нэр дэвшигчээ 20:8-аар хуваарилна гэх санал гаргасан. Өөрөөр хэлбэл, хотод 8 мандат, хөдөөгийн 20 тойрогт тус бүр 20 мандат хуваарилах юм. Харин АН-ынхан 76 жижиг мажоритар тогтолцоог дэмжиж байгаа. Энэ нь намдаа ашигтай гэж хараад байгаа бололтой.
Сонгуульд залуу хүмүүсийг гаргаж ирэхгүй, хуучны улиг домог болсон хүмүүсээ оруулж гаргах гээд байх шиг. Үнэндээ АН-ынхан ийм шийдвэрээр яваад амжилт олж чадахгүй гэсэн дээ жижиг мажоритар тогтолцоог дэмжсэн .
Ингээд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дараах тодруулгыг авлаа.
-Цэцээс гаргасан шийдвэрийг хоёр том нам дэмжиж байгаа учраас цаашид дэмжигдээд явах нь бараг тодорхой боллоо. Тиймээс жагсаалтын 28 мандатыг хот, хөдөөд хэрхэн хувиарлах юм бол?
-Жагсаалтын 28 мандатыг “үгүй” болгохыг манай нам 2-3 жилийн өмнөөс ярьсан. Энэ бол нийгмийн захиалга гэж хэлж болно. Үүний эсрэг явах улстөрч, улс төрийн нам байхгүй байх. Нэгэнт Цэцийн шийдвэрийг гол хоёр нам хүлээгээд авчихсан байхад 28 жагсаалтыг мандат болгох асуудал яригдана. Гэхдээ эхлээд Цэцийн шийдвэрээ УИХ-ын чуулганаар хүлээж аваад баталгаажуулах ёстой. Үүний дараа Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтааж өөрчлөх шаардлагатай. Тэгэхгүй бол цаг хугацаа байхгүй. Учир нь, тавдугаар сарын найман гэхэд сонгуульд нэр дэвшигчид тодорсон байх хуультай. Миний бодлоор 28 жагсаалтыг мажоритар луу шилжүүлэхдээ зөвхөн хүн амын тоонд харгалзуулан хуваах нь өрөөсгөл ойлголт. Газар нутгийн хэмжээг харгалзан үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 28 мандатын 20-ыг хөдөөд, 8-ыг хотод өгөх хувилбар байна.
-Мандатыг хот хөдөөд хэрхэн хуваах талаар хоёр намын удирдлага ярилцсан уу?
-Хоёр намын удирдлагын түвшинд 14 мандатыг хотод, 14 мандатыг хөдөөд гэж ярилцсан зүйл бий. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. Би бол 26 тойрог 76 мандаттай томсгосон 76 гэсэн хувилбар нь зүгээр юм болов уу гэж хувь хүний үүднээс бодож байна. Монгол Улс зөвхөн хүм амаас гадна, нутаг дэвсгэрээс бүрддэг. Монгол Улсын сум, багийн иргэд чинь аюулгүй байдлын баталгаа юм. Тэр утгаараа хөдөө арай илүү өгөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. АН-ынхан холимог тогтолцооноос жижиг 76 руу шилжих нь тэнгэрээс газарт унасан ухралт гэж ярьдаг. Тиймээс дундын хувилбар гэж болох 26 тойрог, 76 мандаттай томсгосон хувилбар юм. 1990 оноос хойш бүх сонгууль хөдөөд 50, хотод 26 мандат олгодог байсан. Одоо бол Улаанбаатар хотод 14 мандат олгож байгаа. Үүн дээр жагсаалтыг хувааж оруулж ирсэн 14-ийг нэмэхээр 24 болоод хэтэрчих гээд байгаа биз. Тиймээс ядаж 50,26 гэсэн зарчмаар явчих юм бол хөдөө 16 мандат, хотод 12 мандат байх жишээний ойлголцоод явахад болохгүй юм байхгүй.
-Тэгэхээр жагсаалтыг гурав хуваах хувилбар бий гэсэн үг үү. Хот, хөдөөд 14, 14-өөр тэгш хуваах, хоёрдугаарт, хөдөө 16, хотод 12, гуравдугаарт, хөдөө 20, хотод найман мандат олгох гэсэн. Аль хувилбар дээр тогтох бол ?
-Аль хувилбар дээр тогтохыг чуулганаар шийдэх байх.
-АН-ынхан нийслэл хотод илүү мандат өгөх сонирхолтой, МАН-ынхан хөдөө орон нутагт олон мандат олгох сонирхолтой байна гэж харагдаад байна?
-Улс төрийн нам эрх барьж байгаа хүчин өөрт ашигтай гэсэн хувилбараар сонгуулийн асуудалд ханддаг. Энэ бол дэлхий нийтэд бичигдээгүй хууль. Тэр зарчмаар АН-ын судалгаагаар хотод арай “дөнгүүр” санал авах байх гэсэн горьдлого байгаа байх. МАН-ынхан хөдөө орон нутагт олон санал авна гэхээс илүүтэй газар нутаг, хүн амын нягтаршил, үндэсний аюулгүй байлын зарчимтай холбоотой мандатыг хөдөө орон нутагт илүү хуваах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Үндсэндээ МАН-ынхан бол зарчим барьж байгаа тал бий.
О.Түдэв
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Бичээч (April 27, 2016 3:30:48 pm )
э. Энэ мангар нөхөр юу ойлгоод юу ч болоогүй байхад шал тэнэг юм урьдчилан байн байн яриад байнаа. Алаагүй баавгайн арьсыг яаж хуваах тухай зониож ярихдаа ҮХЦ-д захиалга өгснөө илчилж орхих юм аа.Наад асуудал чинь УИХ-аар бүрэн дэмжигдэнэ гэж яаж мэдээд булхайгаа яриад булайгаа дэлгээд байгаа нөхөр вэ. Бүлгийн шийдвэрээр түрүүнд МАН-ыхан мэдээлэл өгсөн шүү дээ. Энэ БУХАНДАЙ мөн ч их холиох юм байна даа. Энэ товарищ-аар сонгуулийн штаб удирдуулбал МАН баларнаа.
-
ЗОЧИН (April 27, 2016 9:48:25 pm )
ЯГ ХҮН АМД ХАРЬЦУУЛБАЛ ХӨДӨӨД 40, ХОТОД 36 НОГДОНО, ГЭХДЭЭ ГАЗАР НУТГИЙН ӨРГӨН УУДАМ, ХҮН АМЫН НЯГТАРШИЛ, УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БОДВОЛ ХӨДӨӨД 46, ХОТОД 30 ТОХИРНО, ТЭГВЭЛ ЖАГСААЛТЫН 28-ЫГ ХӨДӨӨД 12, ХОТОД 16-ГААР ХУВААЖ ХОТОД 30 БОЛГОХ НЬ НЬ ЗӨВ, МОЖЕРАТОРЫН ТОМ ЖИЖГИЙН ХУВЬД 26 ТОМ МОЖАРИТАР БАЙХ НЬ ЗӨВ.
2 Comments