Горилогч гэх үү, горьдогч гэх үү. Ямартай ч 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр болох УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа нөхдүүдийг би хувьдаа ингэж нэрлэсэн. Сонгуулийн тухай хууль шинээр батлагдан гарч сонгуулийн жил эхэлснээр улс төрийн намууд нэр дэвших хүнээ тодруулах энэ цаг үед нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлагыг зөв ойлгож хэрэглэх нь горилогчдод төдийгүй горьдуулж буй намын хувьд ч чухал юм байна. Хэрэв хуулийн шаардлага хангахгүй нөхрийг ар өврийн хаалгаар нэр дэвшүүлж орхитол нөгөө нөхөр өртэй ширтэй, өвстэй ноостой байвал нам нь нэг суудлаа алдах учраас намд нь ч хохиролтой болох нь. Сонгуулийн тухай хууль нь УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Нийслэлийн ИТХ-ийн, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ийн гээд дөрвөн тусдаа байсан хуулийг нэгтгэж нэг хууль болгон оны өмнө яаруу сандруу “бат алсан” болохоор түргэн түүхий юм харагдаад байна. Энэ ч яахав… Үндсэн асуудал руугаа оръё доо. Сонгуульд оролцох нам хэний хүүг сойх вэ гэдгээ 2016 тавдугаар сарын 5-нд эхлүүлж, 2016 тавдугаар сарын 9-ний дотор тав хоногт багтаан дуусгах учиртай.
“УИХ-ын гишүүн болохын тулд заавал мэдрэл муутай байх ёстой юм уу” гэдэг шиг хуулийн нийтлэг шаардлага хэнд ч ойлгомжтой учраас цухасхан дурдъя. 25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Сонгуулийн хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй байгаа. Харин орон нутгийн хуралд нэр дэвшигч нь 25 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, Сонгуулийн хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэсэн. “Тасрах масрах” гээд нэг балай үг Бурмаа авгай хаанаас олсон юм. Юу нь ч тасрах, тасруулах дуртай юм. Тэрийг нь дээд шүүх тайлбарлахгүй гээд байгаа. Тэгсэн зарим аймаг дээр ялах магадлалтай эсэргүү нөхрийг хасаад, нэмээд тасруулсан сурагтай байна лээ. Муу юмандаа сайн улс шүү, энэ нөхөд. Харин та ялбал ийм л битгий болоорой доо. Намайг биш юмаа гэхэд үр хүүхэд, танд итгэсэн мянга түмэн өдрөөс өдөрт ядарч байгаа сонгогчдоо бодоорой.
Харин тусгай шаардлага буюу Сонгуулийн тухай хуулийн 125, 154 дүгээр зүйлд заасан шаардлагыг судлаачийн зүгээс ойлгомжтой тайлбарлахыг хичээе.
- Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх.
Горилогчийн өртэй эсэх талаарх лавлагааг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авдаг байсан. Бодвол энэ хэвээрээ байх. Лавлагаа хүсэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд оршин суусан хаягийн талаарх мэдээллийн хамт бичгээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, үйлчилгээний хураамж төлсөн баримтыг өгөх юм байна лээ. Төлбөл зохих өртэй ч шүүхийн шийдвэр заавал гарсан байх ёстой шүү. Түүнээс зээл аваад хугацаандаа төлөөд яваа хүнд энэ хамаагүй.
- Албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.
Албан татвар гэдэгт Татварын ерөнхий хуульд заасан албан татвар, хураамж, төлбөр нийт 20 гаруй татвар бүгд хамаарна гэж Гааль, татварын ерөнхий газрын хуулийн мэргэжилтэн, МУИС-ийн хуулийн багш нар хэлж байгаа. Харин эдгээр татварын төлөх хугацаа нь өөр өөр байдаг ажээ. Иймээс хугацаа хэтэрсэн эсэх нь тухайн татварын төрлөөсөө хамааран өөр өөр байдгийг анхаараарай. Татварын газраас өр төлбөргүй эсэх талаарх тодорхойлолтыг гаргаж өгдөг. Хог хаягдлын хураамж, нохойны албан татвар, галт зэвсгийн албан татвар, авто тээврийн албан татвар өөр юу юу ч билээ зөндөө юм орж байгаа шүү, эрхэм горьдогчдоо.
- Нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.
Хэрэв горьдогч нь мөнгөтэй том “босс” бол, ямартай ч компанийн 51-ээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь бас албан татварын өртэй эсэх талаар нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Ухвал ч юм гарна даа. Гэхдээ 51 гэдэг тоог анхаараарай, та минь…
- 4. Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.
Ялгүй эсэх лавлагааг Цагдаагийн газраас авдаг. Ял хэмээх ойлголт нь Эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээдтэй л холбоотой. Харин ялгүйд тооцогдох гэдэг нь хулгай хийсэн үү, авлига авсан уу гэдгээс нь хамаараад Эрүүгийн хуульд зааснаар 1-8 жилийн дараа шүүхийн шийдвэрээр ялгүйд тооцогддог. Бас зан байдал нь засарч хүмүүжсэн бол шүүх үндсэн, нэмэгдэл ялаа эдэлснийх нь дараа ялгүйд тооцож болдог.
5.Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх.
Сонгуулийн тухай хуульд горилж болох насны доод хязгаарыг 25 гэж цагаан дээр хараар бичсэн. Мөн цэргийн алба хаасан байх гэдгийг биеэр хаасан, дүйцүүлж хаасан, мөнгөөр хааж цэргийн үүрэгтний дэвтэр дээрээ бичилт хийлгэн баталгаажуулсан байхыг ойлгохоор байгаа. УИХ-д горилогч эрэгтэй бүр цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байхыг ойлгоно. Эрхбиш 55 хүрсэн бол хамаагүй байхаа. Ер нь тэгээд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх, бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэх, татвар төлөх, цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг гэж заасан байдаг. Үндсэн үүргээ биелүүлээгүй байж нэг их эрх мэдэлд дурлаад, эх орноо хөгжүүлдэг баатар болоод ч яах билээ. Хэрэв ийм нөхөд ар өврийн хаалгаар ороод ирвэл сонгохгүй байвал таарна. Үүргээ биелүүлэхгүй байж эрх эдэлнэ ч гэх шиг…
- Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.
Энэ заалтыг ч харин манай горилогчид сайн биелүүлсэн байх. Хуучин хууль дээр ч байсан заалт. Харин орон нутагт горилогч бол дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө хүсэлтээ өгөхөөр байгаа. Ер нь энэ заалтын гол утга нь эрх мэдэлтэн, жирийн иргэн хоёр ижил нөхцөлөөс уралдъя. Тэгээд хэн хурдан гүйдэг нь түрүүлье л гэсэн үг юм. Нэг нь явган, нөгөө нь ганган жийптэй уралдвал хэн түрүүлэх нь хэнд ч ойлгомжтой баймаар.
- Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
Энэ ч яахав лам олдохгүй бол буцахдаа залахын бодит жишээ. 2012 оны сонгуулиар МАН-аас суудал олдохгүй болохоор МАХН руу гүйгээд байл уу. Том боловсон хүчин сайтай намуудад л ийм зовлон байхаас 10а, 10б-ийн намд юугаа л тэгэв гэж. Тийм ч учраас бүх нам сүүлийн мөчид нэр дэвшигчдээ тодруулдаг байх. Тэгэхгүй бол олонхийн дэмжлэг өгсөнгүй гээд “айлын эрх хүүхэд шиг ахдаа ховлоод” хооронд нь зодолдуулдаг жишээ олон бий.
- Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшиж болохгүй.
УИХ-д горилогчийн тухайд дэвших ч үгүй байх, дэвшүүлэх ч үгүй байх. Од гаригсын тухай заалт.
Горилогч нь Орон нутгийн хурлын сонгуульд зэрэг, түүнчлэн тухайн хурлын сонгуулийн нэгээс илүү тойрогт нэр дэвшихгүй гэсэн байгаа. Энэ нь аймгийн сонгуулийн хоёр тойрогт нэгэн зэрэг, эсхүл аймаг сумын сонгууль хамт явагдах тохиолдолд аймаг суманд хоёуланд нь, нийслэл дүүргийн сонгууль хамт явагдах тохиолдолд нийслэл дүүрэгт хоёуланд нь нэр дэвшиж болохгүй гэж ойлгох байх. Одоохондоо зэрэг болохгүй юм даа. Ер нь “давхар дээлт” Бурмаагийн санаагаар бүх сонгууль зэрэг болбол хэзээний ч юм сонгуулиар бослого гараад Украйн шиг л болох байх. Хэний захиалгаар хөгжим тоглоод байгаа хүн юм…
- Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.
Энэ уг нь болох заалт, даанч нөгөө нөхөр ялахаараа итгэл үнэмшлээр ялаагүй учраас урваж шарваад алга болдог жишээ хөдөө гадаа зөндөө. Бас он гарснаас хойш тавдугаар сарын 21 хүртэл хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан бол бүртгэхгүй гэдгийг мэдэх байх. Хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол нэр дэвшигчээр бүртгүүлсэн, тэр байтугай сонгогдоод түр үнэмлэхээ авсан, орон нутгийн нөхөр бол төлөөлөгч болоод таахалзаж явсан ч “будаа болно” гэдгийг санаарай. Горилогч та бүхэн арай ч “Алхам бүртээ хууль зөрчдөг Алтанхуяг” биш байх.
Нэгэн зэрэг аймгийн хуралд өрсөлдөх нэр дэвшигчээ, хотод УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ зэрэг тодруулахаар байгаа. Яаж шуухан зохицуулах юм бол доо хөөрхий, намууд. Мартсанаас мал мэнд үү гэж. Санасан дээрээ хэлэхэд СЕХ 2016 оны гуравдугаар 23-ны өдөр нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, баримт бичгийн загвар баталсныг www.gec.gov.mn цахим хуудаснаас үзэж болох юм байна.
Бас дээр нь болоогүй, орон нутгийн хуралд горилогч нөхөр хууль зөрчсөний улмаас дахин сонгууль явагдвал бараг л “дээд хэмжээ авах” шахуу заалт байгаа шүү. Юу гэлээ байз, зургаан жил төрийн алба зүүдлээд ч хэрэггүй, зургаан жил сонгууль гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хая, дээрээс нь өмнө болсон сонгуулийн бүх зардлыг нөхөн төлнө гэсэн байх. Хууль зөрчвөл өрөнд орж өтөнд баригдах нь байна шүү, эрхэм горилогчдоо. Хуулийн босго нэг иймэрхүү л байна. Эрхтэн дархтанууд Танд зориулж ийм л хууль баталж. Харин өөрсдөд нь үйлчлээсэй билээ. Ах нь аргална зөрч гэвэл ахтай, дүүтэйгээ аавынх руугаа явна гэдгээ мэдэхтэйгээ байгаа, цаадуул чинь. Харин мэдэхгүй нэгнийг хөлдөө чирчих вий дээ.
Өрсөлдөгчөө сайн тагнаад хууль зөрчсөнийг нь тогтоолгочихвол ямар ч байсан сонгуулиар амьтан хүний өгсөн, авдар саваа ухсанаа буцаагаад авч мэдэх нь байна шүү. Ингээд та бүхнийг горилогчоос ялагч болохыг хүсье. Хамгийн гол нь шударгаар ялаасай.
Я.Эрдэнэсайхан
Эхсурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
irgen (April 21, 2016 3:44:56 pm )
uneheer heregtei medeelel bna shuu
-
otgoo (April 21, 2016 10:28:54 pm )
Ner devsheye gej bodoj baisan uneheer aichihlaa. Iim aimaar huuli garsiimuu
-
bazaraa (April 21, 2016 10:39:03 pm )
luibarchdiig tseberleh ch hetsuu l bolj dee
-
irgen (April 22, 2016 8:37:37 am )
ene luivarchdaas yaj salah ve
4 Comments