antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 3 comments

Үхэлтэй тэмцсэн зургаан хоног буюу амьд гарахын хүслэн

нийтлэсэн Admin

-МАЛЧИН О.БАТ-ОЧИРЫН ХӨЛИЙГ ТАЙРАХААР БОЛЖЭЭ-

НЭГДҮГЭЭР САРЫН 07

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Жүдгийн улаан бургастайд өвөлжиж байсан малчин Ойдовын Бат-Очир гэртээ ганцаараа байлаа. Дүү хүү нь Дархан-Уул аймаг руу ажил хөөцөлдөхөөр явжээ. Өвлийн цагт малчдад нэг их ажил байдаггүй. Мань эр өглөөгүүр хэдэн үхрийнхээ хүйдэс зэргийг овоолж хаячихаад хийх юмаа олж ядна. Галдаа хөрзөн өрдөж орхичихоод адуугаа хураахаар гарлаа.

Тэгэхдээ өнгөрсөн жил огт унаагүй, хур тарга тэвээрэгтэй, бага насны хүрэн морио унаад гарчээ. О.Бат-Очирыг мордонгуут гурван нохой нь урд хойноо орон давхилдах аж. Хүрэн морийг номхруулах, эцээх зорилготой унасан юмсанж. Улаан бургастай уулын хойд энгэрт адуу нь хоёр хуваагдан бэлчээрлэж байлаа. Гүү голдуу адуу нь тусдаа байсан учир бөөгнүүлэх гээд элдэж гарав. Гэтэл морь нь уулын ташуу энгэрт хальтран ойчсон байна.

Хүрэн морь ойчоод босохдоо эмээлээ гэдсэндээ авч   О.Бат-Очир дөрөөндөө чирэгдэн уулын бэл рүү чирэгджээ. Хонины арьсан дотортой, урт түрийтэй савхин гутал дөрөөнөөс тийм ч амар салсангүй. Ашгүй нэг эмээлийн олом жирэм тасарч уулын жалганд шахам унасан байна. Босох гэтэл хөлөө даасангүй. Арай гэж хоёр гишүү хугалан тулаад өндийх гээд чадсангүй. Тэгэхээр нь хоёр гар дээр мөлхөх гэсэн цээжээр нь хөндүүрлэх аж.

Мориноос унахдаа найман хавирга, баруун хөлөө шилбээрээ хугалж орхижээ. Түүнийг мөлхөнгүүт гурван нохой нь урд хойно гаран саасагнах аж. Тавин метр мөлхөөд тэнхээ тамир тасарч, цээж нь амьсгалах аргагүй болтлоо өвдөж байв. Хоёроос гурван цаг шахам мөлхөх гэж оролдсон ч тэнхээ тамир нь барагдсан байна.

Харуй бүрий болж оройн сэрүү орсон тул тэрүүхэн хавьдаа цас хонхойлж орж хэвтлээ. Харин ноход нь “Гэр рүүгээ харья” гэсэн байртай тойрон  гүйлдэж байлаа. О.Бат-Очирын аав “Хунгарласан цасан дор анчид ороод хэвтэхэд их дулаахан байдаг. Ямар ч хүйтэнд ажрахгүй” гэсэн үг санаанд нь буусан байна.

Тэрээр “Ямар ч байсан өнөө шөнө эндээ хонох  нь. Манай энэ хавийнхан малдаа явах үед хашгирч хэл чимээ өгье” боджээ. Шөнө цурам хийсэнгүй. Аав нь нэгэнтээ “Даарсан хүн шөнө унтаж болохгүй. Тэр чигээрээ хөлдчихдөг юм” гэсэн аж. Энэ үгийг аав нь  чихэнд шивэгнэх шиг болжээ. Үүрээр жигтэйхэн хүйтэн болсон ч удалгүй нарны гэрэл сөөм сөөмөөр орчин тойрныг гийгүүлж байсан байна.

НЭГДҮГЭЭР САРЫН 08

Бор жингэр нь түүний хөлийг бүлээцүүлэх аятай хэвтсэн байв. Нөгөө хоёр банхар салхи нөмөрлөн бөөрөнд наалдан хэвтсэн байлаа. Бүх биеэ цасанд хулдан  ам хамраа гаргах нүх гаргасан юмсанж. Модон дээр шаазгай суун шагширч, хэрээ дээгүүр нь эргэлдэх аж. Гурван нохой өглөөний наранд сунайн эзнээ тойрон гасалж байлаа. О.Бат-Очир хий дэмий л “Та гурав яваад хүн дуудаад ирээч” гэж үглэнэ.

Мод торхийхэд сэртэсхийж “Хүн байна уу, Амь авраач” гэж хашгирна. Тэрээр нарны илчинд бага зэрэг дулаацаж 2-3 цаг нам унтжээ. Сэрэнгүүтээ л өөрийн амьдралын тухай бодно. Хүүгийнхээ тухай, аав, ээж, эгч, дүү нараа нэгд нэгэнгүй санана. Ингэж санахад амьд явахын хүсэл улам оргилох аж. Түүний биеэс халуун илч ялгарч цасан бүрхүүл нь хайлмагтаж байлаа.

Хэрээ гуаглах, шаазгай шагшрах, ганц нэг морь тургилах, үдийн наранд гэссэн мод чадхийн дуугарах сонсогдоно. Чимээ гарах тоолонд “Би энд байна. Амь авраач” гэж хашгирна. Хоолойгоо сөөлгөхгүйн тулд ойр ойрхон хашгирсангүй. Нэг л мэдэхэд орой болж тас няс хийсэн жавар хайрч эхэлжээ. Жигтэйхэн хүйтэн болох нь. Бор жингэр даарч байгаа бололтой гасалж байснаа хөлийг нь тэврэх аятай хэвтээд өглөө. Нөгөө хоёр нь ч ялгаагүй жавар хаан хэвтэж байв.

Шөнийн тэнгэрт арван хэдний сар  мандаж, үе үе одод харвах аж. Нэг хоёр цагийн алдад чоно ульж эхэллээ. Гурван нохой давхийн босч эзнээ тойрон хуцалдаж байлаа. Зүүн уулнаа ульж байсан чоно чимээгүй болов. Бүх бие нь хөндүүрлэж тэрүүхэн хавьдаа хөдлөхөд яс янгинан өвдөнө. Өглөө эрт  энэ хавиар мал ахуйдаа явах нутгийн малчдын нэрээр дуудан хашгирна хэмээн бодож байлаа.

НЭГДҮГЭЭР САРЫН 09

О.Бат-Очир өвчиндөө шаналан халуурч байжээ. Гурван нохой түүний хажууд гунигтайяа ширтэн цас үмхлэн зогсох аж. Хий  дэмий л гасалцгаана. О.Бат-Очир “Бичиг цаастай явсансан бол нохойныхоо хүзүүнд бичиг зүүгээд явуулах   байж” хэмээн харамсан бодох аж. Тэгээд ч гэрт нь бал цаас байхгүйг саналаа.

Үдээс хойш гурван нохой гасалж эхлэн гэр рүүгээ явах шинжтэй болов. Хань бараа, нөмөр нөөлөг болсон ноход нь санаа зовсон мэт эргэн эргэн харсаар уул давлаа. О.Бат-Очир “Та гурав минь гэртээ хариад тусламж аваад ирээрэй” гэж амандаа шивэгнэж байсан гэнэ. Бурхан тэнгэр, аав ээжийнхээ нэрийг барин гуйсаар. Түүнд залбирахаас өөр чадал байсангүй. Харин нөгөө хэрээ, шаазгайнууд тэрүүхэн хавьд нь сууцгаана. Хоолоо хүлээж буй үйлчлүүлэгч аятай.

НЭГДҮГЭЭР САРЫН 10

Шөнө цурам хийсэнгүй. Чоно нохой ч ульсангүй. Дархан-Уул аймгаас дүү маань гэртээ ирээд намайг эрж байгаа даа гэж бодохоор сэтгэл бүлээцэх шиг болох аж. Ашгүй тэгтэл морь тургилж, мод хугарах чимээ гарчээ. Хамаг тэнхээгээрээ өндийн “Амь авраарай. Туслаарай” гэж хашгирсан байна. Нөгөө морьтэй эр “Эзгүй хээр газар хий юм сонсов уу” гэсэн аятай зогтусан зогсож байснаа давхин одлоо. Хамаг итгэл найдвар талаар болж  хэсэг зуур унтлаа.

Үдээс хойш цас хаялж байснаа харуй бүрий болоход шуурч эхэлжээ. Тэнгэр харанхуйлахын хэрээр түүний амьд гарна гэсэн сэтгэлийн гал бөхөж байв. “Намайг энэ чигээрээ олохгүй бол. Хавар цас гэсэхээр олох юм болов уу. Энэ хэрээ, шаазгай хоёр нүдийг минь тоншино” гэх эвгүй бодол айдас хүргэх аж. Халуурсандаа болоод тэр үү ам нь хуурайшин ангаж эхэллээ. Аав нь “Хээр хөдөө явахдаа цас битгий идэж бай. Дотроосоо даарч эхэлнэ”  гэдэг байж. Энэ үг санаанд орсон учраас бага зэрэг үмхлэн амаа зайлаад асгаад байлаа.

НЭГДҮГЭЭР САРЫН 11

О.Бат-Очир цас идээд байгаа учраас шээс хүрнэ. Арай гэж хазайн бие засахдаа амьсгаадан ухаан нь балартах дөхнө. “Ухаан алдаж болохгүй шүү” гэж бодно. Нөгөө шаазгай аль хэдийнэ цээжин дээр нь суух аж. Түүний нүүрийг цаснаас цухайх л юм бол тонших нь. Хашгирахад нисдэг байснаа больсон бололтой. Харин нөгөө хэрээ арай ч тоншилгүй тэвчээр заан зүүрмэглэж харагдана.

НЭГДҮГЭЭР САРЫН 12

Хөл нь шагай хүртлээ хөлдсөн бололтой. Ямар ч мэдээ алга. Түүний тэвчээр барагдаж үхлийн тухай бодлууд зогсоо зайгүй орж ирнэ. Бас өөрийг нь эрж хайхгүй байгаа хүмүүст гомдож эхэлсэн байна. Тэгтэл “Хүүг хүүг” гэх хүний дуу уулын цаад талаас сонсогдов. Чихэндээ итгэлгүй амьсгаа даран чагналаа. Хүмүүсийн хашгирах чимээ ойртож байна. Нэлээд ойртуулж байгаад хамаг хүчээрээ хашгирахаар шийдлээ.

Хүмүүс уулын орой дээр ирэнгүүт “Амь авраарай” гээд хашгирч гарчээ. Түүний дүү, Цэнхэрмандал сумын цагдаа хоёр уулын бэл рүү гүйж байгаа харагджээ. Тэр хоёрыг ирж байгааг мэдсээр байж “Амь авраарай” гэж орилсоор байлаа. Бас найз Ц.Бужуунай нь гүйсээр  дэргэд нь ирээд “Анд минь амьд уу” гэхийг сонссон хэдий ч хашгирсаар байв. Түүнийг цаснаас сугалан авахад бүх бие нь нил ус болчихсон, сахал үс нь ургачихсан байлаа.

…Өвлийн ид хүйтэнд зургаан хоног цасан дор хэвтэж амь аврагдсан О.Бат-Очир өдгөө Гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Уулзалтын богинохон хугацаанд “Амьдрал ямар үнэтэй болохыг ах нь ухаарлаа. Жаран жил шиг санагдах зургаан хоногт аав ээжийнхээ сургаалыг санадаг юм байна. Амьд мэнд гарсан болохоор ажил амьдралдаа амжилт гаргана. Намайг аварсан Цэнхэрмандал сумын удирдлага, нутгийн зон олондоо баярлаж байгаагаа дамжуулъя” гэж ярьж байсан юм. Түүнийг хөлийг шагайгаар нь тайрах бөгөөд зарим бяцарсан  ясыг нь хадах болжээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 19, 2012 11:18:54 am )

    aztai hvn be

  • Anonymous (January 19, 2012 11:47:22 am )

    hurdan edgeerei,chamd eruul enkh,sain saihan buhniig husiye,aztai zaluu bna.Burhandaa l sain daatgaj yabaarai

  • Anonymous (January 19, 2012 6:58:40 pm )

    Aztai hun ymmaa.eruui enhiig husie.

antalya rent a car