antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 Comments are off

С.Белоглазов: Монголд ажиллаач гэвэл татгалзахгүй

нийтлэсэн Admin

Монголд удаа чөлөөт бөхийн сор болсон дэлхийн шилдэг тамирчид хуран чууллаа. 1980-аад оны дунд үед ид мандаж байсан алдарт бөхчүүд Монголд ирсэн нь манай спорт сонирхогчдын хувьд том баяр байсан гэхэд болно. Өнгөрсөн жил Ховард тэргүүтэй спортын одод ирж байсан бол энэ оны анхны хүндтэй зочид нь чөлөөтийнхөн байв. “Mongolian open 2012” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний хүндэт зочин Сергей Алексеевич Белоглазов, Махоммадиани Аскари, Ким Ён Сик, Георгий Кальчев, Кевин Даркус, Борис Будаев гэх мэт мөнгөн үеийн болон энэ цаг үеийн шилдэг тамирчдын төлөөлөл цугласан юм. Чөлөөтийнхний хувьд энэ бол том завшаан, олз байсан юм. Тэдэнд уг боломжийг олон улсын хэмжээний мастер Х.Баттуул гаргаж өгсөн. Учир нь, дээрх бөхчүүд түүнтэй нэгэн үед тэмцэлдэж, бас төө зайгүй нөхөрлөж явсан болохоор тэр. Эх орондоо болж буй “А” зэрэглэлийн тэмцээнд Х.Баттуул үнэнч нөхдөө урьсан хэрэг. Түүний муусайн найзууд манай улсад болсон хамтарсан бэлтгэлийг ээлж дараалан удирдаж, өөрсдийн арга барилын нэг хэсгээс зааж өгсөн. Ийм сайхан боломжийг алдахгүйн тулд чөлөөтийн шигшээ багийнхан идэвхтэй цуглажээ. Лидерүүдээс нэг ч гэсэн мэх, барилдааны арга техник сурна гэдэг тамирчдын хувьд том завшаан байлгүй яах вэ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг нь манай тамирчид дуулгавартай дагаж байсныг онцлоё. Алдарт бөх Белоглазов ердөө л ганцхан орой манай тамирчдад үнэтэй зөвлөгөөгөө өгөөд өчигдөр нутаг буцсан. Түүнийг буцахаас өмнө ярилцсанаа сийрүүлье. Алдарт бөхтэй багахан хэмжээний ярилцлага өрнүүлэхийн тулд дөрвөн цаг орчим хүлээсний эцэст сая нэг юм санасан хэрэг маань бүтлээ. Ингэж удаан хүлээсний гол шалтгаан нь бэлтгэлд оролцохоор ирсэн тамирчид байв. Тэд олимп, дэлхийн аваргыг амраах зав өгөлгүй арга барил, туршлагаас нь суралцах гэж асууж, хоргоосоор л… Хамтарсан бэлтгэлд оролцож буй АНУ, Ардчилсан Солонгос, Болгар, Якутын бөхчүүд ч гэсэн чөлөөт бөхийн “Их аварга”-ыг тайван суулгасангүй. Ингээд олимпийн хошой, дэлхийн зургаа, Европын таван удаагийн аварга ЗХУ-ын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч С.А.Белоглазовтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрээр 1968 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Киев хотын “Динамо” багийн тамирчин байжээ.

-Юун түрүүнд Монголд ирж байсан тухайгаа эргэн дурсвал ямар вэ?

-Би гурав дахь удаагаа танай сайхан оронд ирж байна. Өмнө нь 1973, 1977 онд бөх байхдаа олон улсын тэмцээнд оролцож гэж ирснээ маш сайн санадаг юм. Харин энэ удаа хүндэт зочноор ирлээ. Сайхан байна. Сэтгэл их хөдөллөө.

-35 жилийн дараа Монголд дахин ирлээ. Монгол Улсад хэр өөрчлөлт гарсан байна вэ?

-35 жилийн өмнө хаана ч бүх зүйл сайхан байсан. Хүмүүс нь их сайхан сэтгэлтэй. Гэтэл одоо бүгд мөнгө, бизнес, наймааны төлөө зүтгэдэг болсон байна. Дэлхийн бүх улс орон ийм болсон байгаа. Харин Монголд бол таатай уур амьсгалтай байна. Ашигт малтмал ихтэй, цөөхөн хүн амтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй энэ газарт гадаадын хөрөнгө оруулалт маш их орж байгаа учраас таатай, сайхан нөхцөл бүрджээ.

-Нэг жинд барилдаж байсан монгол бөхчүүдийнхээ талаар дурсахгүй юу?

-Монголын бөхчүүд өөрийн гэсэн онцлог чанартай. Хөлөөрөө маш өвөрмөц, онцлогтой мэхнүүдийг хийдэг. Гэхдээ дэлхийн бөхийн хөгжил бол өгсөж, уруудсан графиктай хөгжиж байдаг. Оросууд л гэхэд нэг нь унаж байхад нөгөөх босч байдаг учраас олимп, дэлхийн аваргад тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг. Үүнтэй адилтгахын аргагүй л дээ. Ер нь Монголын бөхчүүдтэй барилдахад зүгээр л цай уугаад, арга эвээр ялна гэсэн ойлголт байхгүй. Үнэн сэтгэлээсээ, үнэн хүчээ үзэж байж ялна шүү. Чин сэтгэлээсээ сайн бэлтгэж байж барилдахгүй бол маш эвгүй барилдаантай. Хэдийд ч санасан барилдаанаа гаргаж чаддагаараа Монголын бөхчүүдээс бусад орноос ялгаатай.

-Сингапур, АНУ, Япон, Оросод дасгалжуулагчаар ажилласан. Хэрвээ Монголын талаас санал тавибал зөвшөөрөх үү?

-Би бол том зорилгын төлөө л ажиллах дуртай. Жишээлбэл, Монголоос олимпийн аварга төрүүлье, манайд ирж ажиллаач ээ гэвэл би татгалзахгүй. Зөвхөн нэгдүгээр байрын төлөө гэсэн том зорилго дээр л ажиллана. Түүнээс биш зүгээр л тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, сургах шаардлага тавибал надад сонирхолгүй байх болно. Ажиллах ч шаардлагагүй. Гэхдээ үүнийг зөвхөн миний зөвшөөрлөөр шийдэж болохгүй. Энэ асуудал миний гэр бүлээс хамааралтай учраас зөвлөлдөх хэрэгтэй. Үүнээс гадна өөр нэг асуудал бий. Би ухаантай, авьяаслаг, сайн сайхан байж болно. Гэтэл ажиллах гэж байгаа тамирчид маань хүний хэлж, заасныг хүлээж авахдаа муу, сахилга батын доголдолтой, идэвхгүй, залхуу хойрго байвал хэцүү шүү дээ. Энэ бол зөвхөн жишээ. Иймэрхүү маягаар нөлөөлөх маш олон хүчин зүйл байдаг. Мөн эх орондоо хүлээж авч байгаа байдал, спонсор, удирдлагуудын хандлага, орчин, хамт олны уур амьсгал зэрэг нөлөөлнө л дөө. Тухайн тамирчид нь хүнийг өөртөө урин дуудах чадвартай байх ёстой.

Ер нь дасгалжуулагчийн ажил хэцүү. Өдөр бүр нэг царай, нэг хэвийн байдлыг харах уйтгартай. Тиймээс сонирхолтой болгохын тулд өөрсдөө таатай орчныг бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал дасгалжуулагч, тамирчдын аль аль нь идэвхтэй бэлтгэл сургуулилт хийж үр дүнд хүрнэ.

-Та яагаад Сингапурт ажиллахаар болсон юм бэ?

-Миний хувьд гэсэн гэр бүлийн асуудлаас болсон. Ер нь дасгалжуулагч нарын хувийн амьдрал хэцүү шүү дээ. Гэр бүлээсээ салж сарних нь энүүхэнд. Би л гэхэд хүүхдээ өдийг хүртэл яаж өссөнийг нь бараг хараагүй, мэдэх ч үгүй. Бид нарын ажил ийм л хүнд байдаг. Байнга тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт, цугларалт гээд олон сараар, жилээр гэрээсээ хол байх шаардлага гардаг. Гэр бүлийнхээ байдлаас болоод их спортоос нэг хэсэг хөндий байсан. Үндэсний шигшээ багт гэр бүлээсээ илүү цаг зав зарах ёстой. Оросууд ингэж шаарддаг юм.

-Таны ихэр хаана, юу хийж байгаа вэ?

-Москвад Оросын армийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Өмнө нь ОХУ-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуул хийж байгаад гэр бүлийн асуудлын улмаас больсон.

-Ихэртэйгээ нэг жинд барилдаж байгаад хожим нь салсан. Нэг жинд барилдахад хэцүү байсан юм уу?

-Би гурван удаа ихэртэйгээ Оросын аваргын төлөө таарч барилдсан. Гэхдээ би үргэлж хоёр килограммаар илүү байсан учраас тэрийг бодож жин өгссөн. Ер нь ихэвчлэн өөрийнхөө ихрийг л боддог байсан. Ихэртэйгээ аль болох өрсөлдөхгүй байхыг хичээдэг байлаа. Ихрийнхээ өрсөлдөгч нь байхгүйн тулд дээд жиндээ барилддаг байсан юм.

-Хуучин ЗХУ-ын үед Украины нэр дээр барилддаг байсан. Тэгвэл задралын үед Зөвлөлтийг үү, Украиныг уу гэсэн сонголттой тулгарч байв уу?

-Одоо бол бөх маш чангарсан. Чангарсныхаа хэрээр олон улсад боломжийг олгосон. Нэг тамирчин л гэхэд Украин, Орос, Армян, Грузин зэрэг олон газраас барилдаж болж байгаа юм. Гэтэл миний үед 300 мянган хүнийг төлөөлж ганцхан Оросын Белоглазов л барилдана. Энэ нь хувь хүнийхээ хувьд асар их хариуцлага, бас өрсөлдөөнийг дагуулж байгаа юм. Хэрвээ одоогийнх шиг задарсан байхад хэний төлөө барилдах вэ гэвэл “Оросын төлөө л” гэж хариулна. Гэхдээ энэ бол нэг их чухал биш. Бид нарыг зөвхөн улс төрийн бодлого, үзэл бодол л салгасан болохоос чөлөөт бөх салгаагүй. Би бол одоогоор Оросын ч, Украины ч иргэн. Одоо бол олимп, дэлхийн аваргын эхний тавд орж байгаа ихэнх тамирчид хуучин СССР буюу Оросоос Казахстан, Армян зэрэг улсад хуваагдан тэмцээн уралдаанд оролцож байгаа юм.

-Оросын шигшээ багийн гол цөмийг бүрдүүлж байгаа тамирчдын олонх нь Дагестан, Чечень, Оссет хүмүүс байна. Тэгвэл цэвэр орос үндэстнүүдийн амжилт яагаад тааруу байдаг юм бол?

-Юун түрүүнд одоогийн залуучууд архи дарс, мансууруулах бодис их хэрэглэдэг болсон. Мөн буруу зүйлээр их хөөцөлдөж байна. Үүнээсээ болоод спортод хандах хандлага, эрүүл мэндийн тал дээр муудсан. Энэ нь цэвэр орос үндэстнүүд дунд илүү их дэлгэрсэн учраас бөхөд дурлах нь багассан. Бас нас дарах асуудал байна. Дээр нь жижиг газруудад хийх зүйл бага учраас хүүхдүүд зааланд ирж бөхөөр хийллэж байна. Харин түүн дээр нь дасгалжуулагч нар сайн ажиллаж байгаа учраас мундаг бөхчүүд төрөн гардаг. Харин том хотуудад муу зүйлийг нь илүү давамгай хийж байгаа учраас сайн бөх төрөхгүй байна.

-Буурай орнуудын сайн дасгалжуулагч нар гадаадад ажиллах нь элбэг байдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? 

-Хамгийн гол нь сайн дасгалжуулагч нарыг хамгаалах хэрэгтэй. Тэдний ажиллах орчин, амьдрах нөхцлийг нь бүрдүүлж, цалинжуулах ёстой. Ингэж чаддагүйн улмаас сайн дасгалжуулагч нар гадаадад гарч байна, бизнес хийж байна. Цалин, нөхцөл бололцоо муутайгаас болж дасгалжуулагчгүй болж байгаа юм. Сайн тамирчид нь байгаад дасгалжуулагчгүй бол ямар ч нэмэргүй. Хэдийгээр чөлөөт бөхөөр хичээллэж байгаа тамирчид олон боловч сайн дасгалжуулагчгүй бол чанаргүй нь тамирчид олширно. Үүний нэг тод жишээ нь Буриад юм.

-1988 оны Сөүлийн олимпод аваргын төлөө барилдаж байсан Ираны бөхтэй Монголд уулзлаа. Уулзаагүй хэр удсан бэ. Ер нь Монголд болсон энэ уулзалтад сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

-Энэ бол Монголын тамирчдад хийж буй маш том хөрөнгө оруулалт юм. Уулзалтад би сэтгэл хангалуун байна. Монголд болсон уулзалтыг хэзээ ч мартахгүй. Насан туршдаа дурсч явах болно. Би зургаас гадна надад дурсгал болж үлдэх бүх зүйлийн бичлэг хийсэн байгаа. Энэ уулзалтаас би маш их сэтгэлийн таашаал авлаа. Сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй арга хэмжээн боллоо. Хэрвээ уг уулзалтыг уламжлал болгон хийвэл би завтай үедээ ирэхэд бэлэн байна.

Б.Мөнхзул

“Спортын шуудан”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car