antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 Comments are off

Д.Отгонжаргал: Урлагтаа үнэнч байж чадна

нийтлэсэн Admin
Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группийн гишүүн Д.Отгонжаргалтай уулзахаар болзлоо. Товлосон цагтаа очиход минь байгаагүй дуучин бүсгүй “Манай хамтлаг “Оюутолгой” ХХК-ийн нэрэмжит дууг дуулж байгаа юм. Сая клипнийхээ зургийг авахуулаад ирлээ” гэсээр орж ирсэн юм. Тэрбээр ирэх сарын эхээр поп опера урсгалаар тоглолт хийх гэж байгаа юм билээ.

-Клипний зураг ава­хуулахаар явсан гэхээр уулзаж чадахгүй юм болов уу гэж айж байлаа. Ажил нь амжсан уу?

-Клипний ажил сайхан бүтэж байгаа. Тэнд санаа зовох юм байхгүй. Сайхан ч уран бүтээл болох байх. Тэндээс гараад ирэх замдаа түгжрэл гэж залхмаар зүйлээс болоод цагаасаа хоцорчихлоо.

-Тоглолтын бэлтгэл ажил эхэлсэн үү?

-Ид өрнөж байна.

-Дууны сонголт хийхээс гадна зохион байгуулалт гэж нүсэр ажил болно биз.

-Тоглолт ч санасны зоргоор амархан бүтчихдэг ажил биш л дээ. Нэлээн олон дуу оруулахаар болсон учраас зохион бай­гуулалтаас гадна дууныхаа найруулгад ч анхаарч байгаа.

-Монгол дуу түлхүү дуулах уу, эсвэл гадаадын сонгодог бүтээлээс илүү оруулж байгаа юу?

-Олон сайхан монгол дуу дуулна. Мөн гадаадын сонгодог дуунууд ч оруулсан. Манайхан гадаад дуу их сонсдог, тэр хэрээр дуучдад үнэлгээ өгөхдөө ч сайн юм билээ. Нэг үгээр дуучдын чадварыг үүгээр тогтоох нь бий. Тийм болохоор олны сэтгэлд хоногшсоноос гадна хоолойн чадвар шаардсан бүтээлүүдээс оруулж байгаа.

-Таныг ганцаарчилсан уран бүтээл хийдгийг тань тэр бүр хүмүүс мэдэхгүй байж болох юм. Урын сандаа өөрийн гэж өмчлөх дуу хэр олонтой вэ?

-Монгол 10-аад дуу байгаа. Гадаадын дуу нэлээд бий.

-Хоёулаа таны урлагт хөл тавьсан үеийг эргэн дурсвал ямар вэ. Таныг зураг зурдаг, сагсан бөмбөг тоглодог юм юмтай охин байсан гэдэг?

-Дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгт хорхойтой болж, цаг зав л гарвал зааланд өнгөрөөдөг байлаа. Спорт хүнийг тэсвэр хатуужилтай, бас хүмүүжилтэй болгодог. Тэр утгаараа хэдийгээр тамирчин болоогүй ч урлагийн хүнд ачааг туулахад бэлтгэл болж өгсөн гэж боддог. Олон тоглолттой ачаалал ихтэй үед хэчнээн ядарсан ч тайзан дээр үзэгчдээ хүндлээд инээгээд л гарна. Гэхдээ үзэгчдийн халуун алга ташилт ядарсныг ч мартуулж чаддаг шидтэй.

-Спортоор хэрхэн амжилт үзүүлж байв?

-Би Дарханд дунд сургууль төгссөн шүү дээ. Манай баг УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, аймгийн олон удаагийн аварга шаггүй чанга баг байсан. Тэр үед авсан медалиуд одоо ч манай гэрийн хойморт хүндтэй байр эзэлдэг. Амжилт гаргаж байсан гэхээс илүү хүүхэд насны дурсамж шингэсэн болохоор улам нандигнадаг. Сагсны тэмцээнд оролцолгүй 12 жил болсон байна.

-Гэхдээ хааяа най­зууд­тайгаа зааланд тоглоно биз дээ?

-Дуртай юм болохоор хааяа заал авна. Тоглоогүй удсан болохоор бэртчих вий гээд болгоомжлоод байдаг болсон. Тиймээс сонирхлоо хориод уран бүтээлээ өмнөө тавиад л явж байна.

-Спортоор хичээллэж бай­­­­­­гаад хаячихаар биед өөрч­лөлт ордог гэдэг шүү дээ. Наад зах нь хөдөлгөөн дутаг­дах, таргалахаас эхлээд.

-“Гоолингоо” бүжгийн клубт долоо дахь жилдээ хичээллэж байна. Жаахан таргалах шинж гарвал цагаа сунгаад дасгал хийчихээр энэ асуудлаас гардаг.

-Танай хамтлагийнхан ер нь спортлог гэсэн байх аа?

-Тийм шүү. А.Эрдэнэжаргал Даартсын холбооны гишүүн, ширээний теннисний зэрэгтэй тамирчин. С.Баттулга ямар ч спортод эвсэлтэй.

-Багадаа сонирхож хичээллэж байсан сагсан бөмбөг, зураг зурахаа орхиод дуучин болоход тань юу нөлөөлсөн бэ?

-Сагс тоглох, зураг зурахаас гадна ардын хөгжим тоглодог байсан юм. Хүүхдийн урлагийн ардын их наадамд шанз тоглож оролцож байлаа. Үндэсний хөгжмөөс морин хуур, лимбэ хоёроос бусдыг нь тоглож чадна гэвэл ямар онгироо юм бэ гэх байх даа. Гэхдээ сайн багш нарын ачаар бүгдийг нь тодорхой хэмжээгээр сурч байлаа.

-Танай хамтлаг саяхан Европоор тоглоод ирсэн. Гадаадад байгаа монголчууд та нарыг яаж хүлээж авч байв?

-Маш сайхан хүлээж авсан. Цаашдаа жил бүр гадаадад суугаа монголчууддаа зориулж тоглолт хийхээр зорьж байгаа. Ирэх намар АНУ-д тоглоно. Судалгаа хийгээд үзэхээр манай хамтлагийн дууг Солонгосын монголчууд хамгийн ихээр сонсдог юм билээ. Гэхдээ интернэт гэдэг зүйл байгаа болохоор нутаг хол ч эх орондоо байгаа юм шиг мэддэг юм билээ. Тоглолтын үеэр зарим нь дагаж дуулаад л. АНУ-д хийсэн тоглолтыг Гиймаа гэж монгол бүсгүй зохион байгуулсан. Ирэх жил тогловол тусална гэсэн.

-Та дуучнаас гадна жүжигчний чамгүй авьяастай гэдгээ харуулж “Гэгээн Муза” гардаад амжсан. Одоо бас “Домогт Ану хатан”-гаар хийх кинонд тоглохоор болсон гэл үү?

-Ч.Ганхуяг найруулагчийн “Хязгааргүй” моноперад тог­лоод тэр том шагналыг авсан юм. Сайн найруулагч, хамтарч тоглосон нөхдийн ачаар энэ дүрийг амилуулж чадсан. Харин “Домогт Ану хатан”-ы хувьд яг тоглоно гэсэн итгэл байгаагүй юм аа. Кино проб албан ёсоор зарлах үед зохиолч Б.Шүүдэрцэцэг намайг урьсан. Тэгээд энэ олон жүжигчинтэй, түүхэн том бүтээлд тоглоно гэдэг юу л бол гэх маягийн зүйл бодсон ч пробонд орсон. Гэтэл нэлээд хэд хоногийн дараа Б.Шүүдэрцэцэг эгч утсаар яриад “Ану хатны дүрд чи тоглох болсон шүү. Дүрээ сайн судалж өөрийгөө бэлтгээрэй” гэхэд нь үнэхээр их баярласан.

-Театр тавьсан жүжгийг нь үзсэн үү?

-Бүжгийн клубийнхээ хамт олонтой үзсэн. Жүжигчид нь ч сайн тоглосон.

-Киноны зураг авалт хэзээ эхлэх вэ?

-Гуравдугаар сарын эхээр гэсэн. Зарим дүрийн шалгаруу­лалт нь дуусаагүй юм билээ. Миний хувьд дүрээ судлаж, зохиолоо унших үүрэгтэй. Хятадын нэг зохиолд Ану хатныг Манжийн хааны охин болгоод биччихсэн байдаг юм билээ. Ану хатан бол жинхэнэ монгол бүсгүй, хань нөхөртөө үнэнч, Монгол эх орныхоо төлөө хүчин зүтгэсэн тийм л хүн. Үүнийг зохиолыг нь уншиж байхдаа маш ойлгосон.

-Өмнө нь энэ дүрд Драмын Ц.Баясгалан тоглосон. Түүн­тэй уулзаж, дүрийн талаар туршлага солилцов уу?

-Тухтай уулзаж амжаагүй ээ. Жүжгийг нь үзэхдээ тайзан дээр гарч баяр хүргэсэн. Би мэргэжлийн жүжигчин биш учраас киноны өмнө түүнтэй уулзаж, санал солилцох нь мэдээж.

-Жүжиг, кино гэж явсаар драмын урлагт урвах юм биш биз дээ?

-Үгүй ээ, би дуугаараа л амьдарна. Тэгээд ч надад жүжиглэхээс дуулах нь илүү санагддаг. Тиймээс би дууны урлагаас урвахгүй ээ, үнэнч байж чадна.

-Ер нь кинонд тоглох санал олон ирдэг үү?

-Ирдэг юм аа. Сайхан ч дүрүүд байна билээ. Даанч манай хамтлагийн ажлын төлөвлөгөө жилээр гардаг болохоор саналыг нь хүлээж аваад тоглох зав гарахгүй байна. Тиймээс одоогоор “Домогт Ану хатан”-аас өөр ямар нэг кинонд тоглох тухай бодоогүй байгаа.

-Танд ямар дүр илүү тохирох бол?

-Хөгжимт драмын урлаг. Дуулж, бүжиглэсэн дүр гэсэн үг шүү дээ.

-Та Мөнгөншагай гэдэг охинтой. Хүүтэй болохоороо Алтаншагай гэж нэр өгнө гэж байсан. Гэр бүлтэй бол, хүү төрүүлэх төлөвлөгөөнөөсөө буцаагүй биз?

-Яг үнэндээ тэр тал дээр цаг гаргаж амжихгүй л явна. Найзууд маань уулзахаараа “Чи ингэж их ажиллаж байгаа юм чинь яаж найз залуутай болох юм бэ. Өөртөө жаахан ч гэсэн зав гарга” гэдэг юм. Миний ажил угаасаа ийм юм чинь яах вэ дээ. Тийм болохоор яг ойрын төлөвлөгөөнд гэр бүлтэй болох тухай тусгагдаагүй байна. Миний амьдралын зурсан зураг ийм л юм байгаа биз. Охиноо ханьтай болгоно л гэж боддог. Айлын ганц хүүхэд их ганцаарддаг юм. Би зургаан хүүхэдтэй айлын бага нь. Дүүтэй болохсон гэж хүсдэг байж билээ. Тийм болохоор ч тэр үү таван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг.

-Ажил ихтэй, хувийн амьдралдаа цаг гаргахгүй байна гэж найз нөхөддөө шүүмжлүүлдэг гэлээ. Гэхдээ огт чөлөө завгүй байна гэж юу байх вэ. Хааяа цаг гарвал юу хийх дуртай вэ?

-Ээж, охин, найзуудтайгаа сайхан дотно яриа өрнүүлж өнгөрөөдөг. Даанч тийм цаг одоохондоо тун цөөн гарч байгаа. Уран бүтээл, клипний зураг авахуулах, тоглолтын бэлтгэл, дээрээс нь дүрийн судалгаа хийх гээд. Миний амьдрал иймэрхүү л үргэлжилж байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

У.БАЯРСАЙХАН

“Өдрийн шуудан” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car