“NBA”-д өнгөрүүлсэн сүүлчийн улирлын тоглолтууддаа 37 настай Коби Брайант чухал тоглолт үзүүлж, гайхалтай шидэлтээр бэлэг барьж, ялалт байгуулаагүй. Гэхдээ энэ тоглолт түүний тамирчны карьерын түүхэнд бичигдэн үлдэж байна. Учир нь энэ удаагийн тэмцээнээр зодог тайлж буй, орчин цагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг түүнд жирийн хөгжөөн дэмжигчид нь төдийгүй алдартнууд, од хамтрагчид нь хүртэл хүндэтгэл үзүүлж байна.
Коби Брайант гэж хэн бэ
Коби Брайант бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лос-Анжелес Лейкерс” багт тоглодог Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин юм.
Довтлогч, хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр 1996 онд NBA-д драфтын ¹13-т бичигдэн “Шарлотт Хорнетс” багт сонгогдсон боловч нэг ч удаа тоглоогүй. Ахлах сургуулиа төгсмөгцөө NBA-д шууд хөл тавьсан тэрбээр анхнаасаа л “Лейкерс” багт тоглосон. 20 жилийн турш нэг багт тоглосон үзүүлэлтээрээ ч тэрбээр рекорд амжилт гаргажээ.
Энэ хугацаанд таван удаа аваргын титэм зүүж, 18 удаа бүх оддын тоглолтод оролцож, 15 удаа бүх оддын гараанд гарсан. Түүнчлэн 12 удаа NBA-гийн тоглолтын I багт нэрлэгдсэн. АНУ-ын үндэсний шигшээгийн бүрэлдэхүүнд багтаж, хоёр удаа Олимпийн алтан медаль хүртсэн бөгөөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болж байсан юм. Алдарт “Sports Illustrated” сэтгүүлийн сүүлийн 10 жилийн шилдэг таван тамирчны нэг.
Алдартнууд дугаарласаар
Кобиг олон арван найз, найзуудынхаа найзууд, гэр бүлийнхэн, бусад зочидтой уулзах зуур хос пүүз гартаа барьсан алдартай тамирчид, мужийн амбан захирагчид тэвчээртэйхэн хүлээсээр байлаа. Үүний дараахан Коби хүмүүстэй хэдэн мянган удаа зургаа татуулж, тоо томшгүй олон гарын үсэг зурж, сонгуулийн аянаар явж буй улстөрчдөөс илүү олон хүнтэй гар барив.
20 жилийн карьераа зогсоож, зодог тайлж буй Коби Брайантын сүүлчийн улирлын тоглолт яг ийм дүр зурагтайгаар өнгөрлөө.
Өгөөмөр Коби
Алдарт сагсан бөмбөгчнийг зодог тайлахаар болсон тухай мэдээлэл цацагдсанаас хойш пүүзэн дээр гарын үсэг зуруулах гэж дугаарлах нь хэвийн үзэгдэл болжээ. Пүүзний хувьд дөнгөж худалдаж авсан шинэ, эсвэл хөлнөөсөө шууд тайлсан хуучин байх нь хамаагүй. Гол нь алдартай тоглогчийн гарын үсгийг үлдээж, мөнхөлж авах юм.
Энэ улиралд тэрбээр өөр багийн, эсвэл огт өөр спортын төлөөлөгчийн 30 хос гуталд гарын үсгээ зурж өгчээ. Тэр ч бүү хэл “Лейкерс”-ийн домог болсон тамирчин уулзалтад явах бүртээ эрэлт хэрэгцээтэйг нь мэдэрч, 5-7 хос пүүз авч гардаг болжээ. Харин түүнээс энэхүү гайхалтай бэлгийг авахад ямар шалгуур давах ёстой вэ. “Шалгуур аа. Уучлаарай, зоригтой л байж чадвал би огт татгалзахгүй шүү дээ. Надад хангалттай хэмжээний гутал бий. Ямар ч л байсан хөл нүцгэн явахгүй” хэмээн “Хар мамба” хариулжээ.
Кобигоос бэлэг хүртсэн азтанууд
Тэрбээр зөвхөн гарын үсэг зурдаггүй, ерөөл айлддаг. Тухайлбал, Дрэймонд Гринд “Түүхэнд нэрээ үлдээгээрэй”, Тони Алленд “Намайг эсэргүүцдэг хүмүүсээс хамгийн сайн хамгаалалтын мэргэжилтэн”, Кевин Дюрантад “Агуу хүн болохыг ерөөе” хэмээн ерөөл, магтаал хэлжээ. Харин Леброн Жеймс, Пол Жорж, хуучин түншүүд болох Тревор Ариза, Кэрон Батлер зэрэг олон тоглогч түүнээс пүүз бэлгэнд авсан байна.
Үүнээс гадна “Денвер”-тэй хийсэн тоглолтынхоо үеэр залуу хөгжөөн дэмжигчдэд гутлаа тайлан бэлэглэжээ. Дараа нь тэрбээр үзэгчдээс яагаад тэднийг сонгосноо тайлбарлахдаа “Тэд миний нохойны нэрийг Крусио гэж зөв таасан” хэмээжээ.
Түүнийг бурхан мэт шүтдэг
Коби сагсан бөмбөгчид дундаа нэр хүнд өндөртэй, байнгын хүндлэл хүлээдэг бөгөөд хамгаалагчид түүнийг бурхан мэт шүтдэг, үүнийгээ ч нуудаггүй. “Наггетс”-ийн шинэ тоглогч Эммануэль Мудиаягаас Брайантын эсрэг тоглох ямар байсан талаар асуухад тэрбээр “Би золтой л уйлчихаагүй шүү” гэжээ. Түүнчлэн “Вашингтон”-ы тоглогч Жон Уоллд энэ асуултыг тавихад “Ээж маань энэ тоглолтод хүрэлцэн ирсэнд баяртай байна” гэж байжээ. Кобигийн талаарх яг үүн шиг үгс энэ удаагийн тоглолтуудаар олон удаа сонсогдсон. Тэгэхээр сагсан бөмбөгчид “Лейкерс”-ийн домгоос бэлэг авахын тулд яагаад дугаарладаг нь тодорхой байгаа биз. Брайант саяхан “Нэгэн цагт би Майкл Жордан, Скотти Пиппен, Хорас Грант, Пенни Хардуэй, түүнчлэн ирээдүйн хамтрагч Шакил О’Нилээс гарын үсгийг нь гуйж явсан. Намайг 15 настай байхад Шак надад сайн ханддаг байсан. Харин Хардуэй тийм ч найрсаг биш. Эдгээрээс би ирээдүйдээ суралцах ёстой гэж бодсон” гэж мэдэгджээ. Тиймээс ч тэрбээр хэнд ч татгалзалгүй цаг гаргадаг аж. Коби хөгжөөн дэмжигч ямар байдгийг сайн мэднэ. Тиймээс ч өдөр бүр хүмүүсийг баярлуулахыг хичээдэг биз ээ.
Шакил О’Нил: “Би маш их атаархаж байна. Би Шакийн зодог тайлах ёслол хийхийг хүссэн. Маш ихээр шүү. Би энэ талаар огт хэлж байгаагүй ч атаархал намайг барьж идэж байна”.
“Клипперс”-ийн ерөнхий дасгалжуулагч Док Риверс: “Коби карьераа дуусгаж байгаад баяртай байна. Тэр намайг маш ихээр зовоодог байсан учраас энэ мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Бусад нь бүгд л худал ярина.
Тэд Кобиг үлдээсэй гэж хүсч байна гэж хэлнэ. Энэ бол худал үг. Энэ нөхөр бид бүгдэд хүнд цохилт өгдөг байсан юм”
.
Бразилийн хөлбөмбөгчин Кака: “Зарим тамирчин хүрэхийн аргагүй өндөрлөгт хүрдэг. Коби, чи бол тэдний нэг нь шүү. Чи бидэнд үлгэр дууриалаас гэхээс илүү хүн. Шинэ амьдралд нь аз жаргал хүсье, домог минь”.
Фил Жэксон: “Майкл Жорданд төрөлхийн лидер, манлайлагч чанарууд цусанд нь бий. Харин Кобид манлайлагчийн дүр төрх цусанд нь байгаагүй. Энэ бүхнийг тэр өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон юм”
Дөрк Новитцки: “Карьерын минь туршид миний эсрэг тоглож байсан хамгийн агуу тоглогч бол Коби Брайант. Зарим үед тэр итгэмээргүй зүйлсийг хийж байсан”
Жорж Карл: “Кобиг хэн ч зогсоож чадахгүй түүнийг Есүс л зогсоож чадах байх…”
Кевин Дюрант: “Тэр бол амьд домог. Би түүнээс суралцаж, түүн шиг л болохыг мөрөөддөг байлаа. Бидний үеийн залуус болох Леброн, Мело, Пол Жорж түүнтэй харьцуулагдах хэмжээний амжилтыг үзүүлээгүй байна. Тэр бол миний болон бидний үеийн Майкл Жордан юм.”
Майкл Жордан: “Надтай харьцуулагдах хэмжээний гавьяатай цорын ганц тоглогч бол Коби Брайант”
Аллен Айверсон: “Түүний дотор алуурчны дүр төрх байгаа. Коби шиг хэн нэгэн дахиж хэзээ ч төрөхгүй. Хайртай шүү, найз минь. Амжилт хүсье”
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.