Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн задран унаснаас хойш дараагийн сайд нарын таамаг цаг минутаар хөвөрч сайд нарын нэрс жингийн цуваа шиг цуварсан. Богино хугацаанд олон хүний нэр сайдын сэнтийд “сууж” сэтгэлээ баясгасан байх. Харин МАН дотор өрнөсөн далд тулааны нэлээд жирүүхэн болж байсан гэх.
70-аад оныхноос бүрдэх У.Хүрэлсүхийн фракци хотын гэгдэх М.Энхболдынхонтой нэгдэж зургаан сайдын суудлын төлөө тэмцэлд оржээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд энэ тулаанд нэлээд хүчин мөхөсдөж өөрийн үнэнч нөхдөө сайдад зүтгүүлсэн ч бараг л хоосон хоцрох дөхсөн. Парламентаас 30-аад гишүүн сайд болох сонирхлоо илэрхийлж Ерөнхий сайдыг ацан шалаанд оруулсан гэдэг. Суудал горилогчдоос өөрийгөө сайд болох гэж байгаа тухай мэдээллийг зохион байгуулалттай тарааж өдөр бүр бор шувуу нисгэж байв. Гэвч У.Хүрэлсүх, М.Энхболд нарын хүч хавсарсан энэ удаагийн дайралт амжилттай хэрэгжиж гүйцэтгэх засаглалын танхимд олуулаа болж чадлаа.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар генсек У.Хүрэлсүхийн дараагийн алхам нь Ерөнхий сайдын суудал гэх. Хамтарсан Засгийн газар задарч буй сиймхийгээр У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болох хүсэл, сонирхол дахин сэдэрсэн ч намын дүрэм, Улстөрийн намын тухай хууль тээг болсон гэхэд болно.
Журмын нөхөд нь түүнийг намын дарга, Ерөнхий сайд болгочих гээд нэлээд ятгасан ч амжилт эс олсон. Цээжинд нь намын дарга, Ерөнхий сайдын суудалтай багтаад байхад арын эгнээнд байгаад байх мэдээж хэцүү.
Тиймээс түүнийг Ерөнхий сайд болох замаа засахад Тэргүүн шадар сайдын сэнтий түлхэц болно гэж ажиглагчид дүгнэсэн байна билээ. Удахгүй хуралдуулахаар төлөвлөж буй Бага хурлаараа хамтарсан Засгийн газрын ажлыг дүгнэж ирэх сонгуульд хэрхэн оролцох тактикаа ярилцана. Тэгэхээр намын даргын асуудал хөндөгдөхгүй гэх баталгаа байхгүй гээсэн бор шувуу мөн жиргэж эхэлжээ. Энэ үеэр Хүрэлсүх даргын дараагийн алхам хэрэгжих юм билүү.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 21, 2012 12:32:37 am )
Ene byalduulchilj, zusardaj sursan nuhur ingeed yavaad l bh yumaa
1 Comment