Баянгол дүүргийн VIII хороонд байрлах 95 дугаар цэцэрлэг энэ өвлийг дээвэр нь онгорхой, хашаа нь барилгын хогоор дүүрсэн байдалтай үджээ. Ачаалал нь ихэссэн учраас тус цэцэрлэгийг гурван давхар болгохоор барилгын ажлыг эхлүүлэх тендерийг өнгөрсөн оны долдугаар сард зарласан байна. Ингээд “Алтан зурлага” ХХК тендерт шалгарч, есдүгээр сарын сүүлчээр барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлжээ. Өргөтгөлийн ажлыг хоёр давхраас хийх тул нийт 12 бүлгийн 500 гаруй хүүхдийг нэгдүгээр давхрын зургаан ангид хуваарилж, хичээллүүлэхээр зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл, нэг бүлэгт 40 орчим хүүхэд хүмүүжих ёстой. Гэтэл 95 дугаар цэцэрлэгийн нэг ангид 80 гаруй хүүхэд суралцах болсноор даруй хагас жил өнгөрчээ. Энэ байдлыг сурвалжлахаар тус цэцэрлэгт очиход дүүргийн мэргэжлийн хяналтынхан ирсэн байв. Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл хооллолт, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Т.Отгон “95 дугаар цэцэрлэгийн удирдлагууд манайд мэдэгдэхгүй явсаар өдийг хүрсэн. Боловсролын газар болон цагдаагаар явсан гэж байна. Яг хичээлийн жил эхлэхтэй зэрэгцээд барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлжээ. Байдлыг ингэж хурцатгасан нь цэцэрлэгийн эрхлэгчийн хариуцлагагүй үйлдэл гэж харж байна. Энд болсон үйл явдлыг хамгийн түрүүнд бидэнд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулахаар байдал үүсчихээд байхад манайд ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй. Энэ цэцэрлэг нь ноднингийн төлөвлөгөөт шалгалтад орсон. Тэр үед барилгын ажлыг эхлүүлээгүй, үйл ажиллагаа хэвийн явж байсан юм. Өнөө жилийн хяналт шалгалтаар эрүүл ахуйн хяналтын чиглэлээр 12 цэцэрлэгт ажиллахад энэ мэт зөрчил илрээгүй. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага болон дүүргийн боловсролын газар нь манайхтай уялдаа холбоотой баймаар байна” гэв.
БИД ДОТООД НӨӨЦ БОЛОЛЦООГОО ДАЙЧЛАН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
Харин тус цэцэрлэгийн арга зүйч У.Оюуннаран “Өнгөрсөн долоо хоногт МХЕГ-аас төлөвлөгөөт шалгалтаараа манайд ирж, уг байдлыг олон нийтэд дэлгэсэн. Шалгалтаар бидний зүгээс хийж буй үйл ажиллагааг хэвийн, харин барилга, байгууламж, эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй байна гэсэн. Ер нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас ийм байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бага, дунд бүлгийг нэгтгэсэн. Манайд 600 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг. Одоогоор 300 гаруй хүүхэд явж байна. Барилгын өргөтгөлийн ажлаас болж нэг сарын турш үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хугацаанд VIII хороонд байдаг цэцэрлэгүүдэд 100 орчим хүүхдийг хувааж өгч явуулсан. Сүүлийн үед уран хөдөлгөөнт гимнастик ч гэдэг юм уу олон хүүхдийг хамруулсан тэмцээн уралдаанд орж чадахгүй байгаа. Учир нь, дуу хөгжим, биеийн тамир, чийрэгжилтийн танхимд нэг нэг анги оруулчихсан. Тиймээс бэлтгэх танхимгүй болсон” гэсэн бол эмч Б.Мөнхтуяа “Бид дотоод нөөц бололцоогоо дайчлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Халдварт өвчин гарсан тохиолдол одоохондоо байхгүй. Гэхдээ орчин нөхцөл маш хэцүү байна. Нэг бүлэгт 40 орчим хүүхэд суралцах ёстой байхад ачаалал хоёр дахин нэмэгдчихсэн. Ерөнхийдөө их хүнд, илүү цагаар ажиллаж, гаднах талбайгаа байнга цэвэрлэдэг. Гэвч барилгын тоос шороо, хог хаягдлыг цэвэрлэхэд хэцүү байдаг. МХЕГ-аас хийсэн шалгалтаар хоол үйлдвэрлэлээрээ бага, боловсрол, эрүүл ахуйгаараа дунд эрсдэлтэй гэж дүгнэсэн. Биднийг хамгийн их доош нь татсан зүйл бол барилгын өргөтгөл. Ийм барилгыг хараад хэн ч сайн гэсэн үнэлгээ тавихгүй шүү дээ. Анги, бүлэг бүр хүлээн авах өрөөтэй, хүүхэд бүр угаалтуур, суултууртай байх ёстой. Мөн одоо дулаарч байхад цэцэрлэгийн гадна талбайд хүүхэд гарч тоглох ч боломжгүй байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг арилгаж өгөхийг хүсье” гэж байлаа.
“ӨРГӨТГӨЛИЙН АЖЛАА ЗУНЫ АМРАЛТЫН ҮЕЭР ХИЙХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ”
Уг цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Гүйцэтгэгч компани тодорхой шалтгаанаар өнгөрсөн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа зогсоожээ. Гэтэл өнөөдөр цэцэрлэгийн дээвэр онгорхой, орчин тойрон нь барилгын хогоор дүүрсэн байдалтай байна. Нэг танхимд хоёр ангийн 70 гаруй хүүхэд суралцсанаар нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ багассан. Хууль эрх зүйн хүрээнд тус цэцэрлэг ажиллах боломжгүй” гэсэн юм. Харин эцэг, эхчүүдийн зүгээс ажил төрөлтэй, хүүхэд харах хүнгүй учир хаалгаа барихгүй байхыг хүсч байна. Иргэн Мөнхцэцэг “Манай хоёр хүүхэд энэ цэцэрлэгт явдаг. Барилгын өргөтгөлөөс болж сар гаруй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, шинэ жилийн өмнөхөн сургалтаа үргэлжлүүлсэн. Нэг ангид хоёр бүлгийн хүүхэд хичээллэснээр ачаалал ихсэхээс гадна ханиад томуу тусах нь хурдан болчихлоо. Манай охин л гэхэд энэ өвөл гурван ч удаа ханиад хүрч эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ эцэг эхчүүдэд хүүхдээ хараад гэртээ байх цаг зав байхгүй шүү дээ. Тиймээс цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин зогсоомооргүй байна. Барилгын өргөтгөлийн ажлыг зургадугаар сараас эхэлж болдоггүй юм уу” хэмээн учирлаж байв. Мөн иргэн Х.Бүжинлхам “Өргөтгөлийн ажлыг анхнаас нь эхлүүлэх хэрэггүй л байсан юм. Барилгын өргөтгөл хийх гэж байна гээд үйл ажиллагааг шууд зогсоосон. Хоёр давхрын ангийн хүүхдүүд хоёр сар, нэг давхрынх нь нэг сар гэртээ байсан. Манай хүү гэртээ хоёр сар гаруй байж байгаад арванхоёрдугаар сараас цэцэрлэгтээ явж эхэлсэн. Ер нь энэ өргөтгөлийн ажлаа зуны амралтын үеэр хийх ёстой шүү дээ. Хичээл сургууль яг орж эхлэх үед барилгын ажлыг эхлүүлснээс болж эцэг эхчүүдийн ажил цалгардсан. Бид чинь хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд санаа зовох зүйлгүй ажиллаж, амьдармаар байна шүү дээ” гэлээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС БОЛЖ АЖЛЫГ ЗОГСООСОН
95 дугаар цэцэрлэгийн өргөт-гөлийн ажлыг гүйцэтгэж буй “Алтан зурлага” ХХК-ийн гүй-цэтгэх захирал Б.Сугартай холбогдсон юм. Тэрбээр “Улсаас 781 сая төгрөгийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийлгэхээр гэрээ байгуулсан. Бидний хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд цэцэрлэгийн өргөт-гөлийг ашиглалтад өгөхөөр төлөвлөж байлаа. Улсаас нэг ч төгрөг өгөхгүй байсан ч манай компани өөрсдийн хөрөнгөөр арваннэгдүгээр сарын 20 хүртэл барилгын өргөтгөлийн ажлын 50 хувийг гүйцэтгэсэн. Энэ явцад зураг төсөл алдаатай гарсан тул дахин өөрсдийн хөрөнгөөр зураг төслийг хийсэн. БСШУЯ-наас төсөвлөсөн санхүүжилтийн 30 хувийг авч ажлаа дуусгамаар байна. Гэтэл улсын төсвийн тодотголоор арванхоёрдугаар сард төсөвлөсөн байсан мөнгө хасагд сан гэсэн тайлбар өгсөн юм. Ингээд бид Сангийн яам, БСШУЯ-нд удаа дараа хандсан. Өчигдөр / уржигдар/ гэрээгээ сунгаж, энэ сарын 15-наас өргөтгөлийн ажлаа эхлүүлэхээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрлөө авсан. Манай ком-пани эхний ээлжид банкнаас зээл авч, өөрсдийн хөрөнгөөр тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг дуусгахаар болж байгаа. Дараа нь БСШУЯ-наас хөрөнгө мөнгөө олж авахаар хөөцөлдөнө дөө” гэсэн тайлбар өгөв.
Дүүргийнх нь цэцэрлэгийн үйл ажиллагаа нэг сар гаруй хугацаанд зогсч, өргөтгөл барих нэрийдлээр дээвэр туургаа хуулуулчихаад байхад Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нь ямар ч мэдээлэлгүй байх юм. Энэ нь төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байдлыг харуулж байх шиг. Уг нь 95 дугаар цэцэрлэгийн эрхлэгч барилгын өргөтгөлийн асуудлаар салбар яам, нийслэлийн Боловсролын газрынхан зэрэг холбогдох байгууллагад санал хүсэлт гаргаж өчнөөн явсан байна. Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, дүүргийн Засаг дарга Д.Оросоо, боловсролын хэлтсийнхэн бодит байдалтай ирж танилцсан хэрнээ ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн тухай багш, ажилчид хэлж байлаа. Уг цэцэрлэгийг 1986 онд 280 хүүхдийн хүчин чадалтайгаар анх байгуулжээ. Одоогоор тус цэцэрлэгт 600 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг байна. Ийнхүү ачаалал эрс нэмэгдсэн учраас цэцэрлэгийн байрыг гурван давхар болгож өргөтгөхөөр болжээ. 2012 онд Японы хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн дотоод засварыг хийсэн аж. Одоогоор тус цэцэрлэг 14 багш, туслах ажилтан, тогооч зэрэг нийт 42 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Ц.Заяа
Эх сурвалж: Unen.mn
Холбоотой мэдээ
-
туяа (April 08, 2016 10:32:30 pm )
арайчдээ ардчилал гэгч энэ л юм бна лдаа нэг хэсэг нь эзэн иргэд бид боол одоо л ойлголоо гэнэн байлаа даа одоо нэг алдаагаадавтахгуй шуналгуй жагсаалтаар биш жинхэн хунийг сонгох нь
-
zochin (April 10, 2016 10:38:53 am )
end tend hudlaa shalgalt nereer hesch yavhaar jinhene ajilaa hiigeech mergejliin hyanaltiihaan
2 Comments