antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 7 comments

Б.Сарантуяа: Монголын рок попын хөгжил тэр чигтээ миний амьдрал

нийтлэсэн Admin
 4-5-1_700x700Х.Монголхатан

“Зууны манлай” эстрадын дуучин, поп хатагтай Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа гэхээр “Сайхан бүхнийг тунхагласан сэхүүн салхины эзэн” хэмээн түүнийг тодорхойлмоор санагдав. 16-хан насандаа Монголын эстрад урлагт хөл тавьсан түүний тайзнаа дуулсны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс удахгүй болох төрсөн өдрийн тоглолтын сонин сайхан болон, 30 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх талаараа ярилцахаар хэвлэлийнхнийг урьжээ. Хэвлэлийн хурлаа төрөл бүрээр зохион байгуулж ирсэн тэрээр энэ удаад сэтгүүлчидтэй хамт өглөөний цай уухаар зэхсэн байв. Түүний яриаг хүргэе.

-Тайзнаа дуулсан 30 жилийн түүхийг өгүүлэх ном, киног бүтээж байгаа гэж сонсслоо?

-Монголын рок попын хөгжил тэр чигтээ миний амьдралд байгаа. Би 16 настайгаасаа дуулж эхлээд 30 жил өнгөрчээ. Тиймээс ойд зориулан баримтат эсвэл уран сайхны кино хийнэ. Есдүгээр сард гала концерт болно. Тэр үеэр киногоо гаргах байх. Харин номын тухайд одоо бичигдэж байгаа. Миний номыг намайг сайн мэддэг ойр дотны хүн л бичиж чадах юм билээ. Тэгээд ном бичих үүрэг яруу найрагч Р.Эмүжин дээр тунасан даа. Хамгийн инээдтэй нь 2001 онд Эмүжин бид хоёр миний номыг бичиж эхэлсэн юм. Тэр үед хувийн амьдралд өөрчлөлт орж, гэр бүлээсээ салсан үе. Гэтэл ном маань тэр чигтээ гомдсон, гуньсан үг өгүүлбэр дүүрэн байв. 31 насандаа ийм аймар амьдралаар амьдарсан хэрэг үү, яасан хэцүү амьдрал гэж ийм байх вэ дээ гээд болилоо. Эмэгтэй хүн, тэр дундаа уран бүтээлч хүний сэтгэл эмзэг. Гэхдээ амьдралд тохиолдсон бэрхшээл, зовлон багадаа 45, цаашлаад зургаан сарын хугацаанд л үргэлжилдэг. Тэр үедээ ном бичүүлэхээр юу бичигдэх нь ойлгомжтой. Бид хоёр дарс хувааж уунгаа тэр бичсэнээ ярьж баахан инээж билээ.

Харин одоо Р.Эмүжин маань надтай биш манай гэрийнхэн, ойр дотны хүмүүстэй л уулзаад яваад байна. Номоо ирэх тавдугаар сарын 20-нд гаргана гэж амласан. Миний сүүлийн үеийн тоглолтуудын билет, плакатыг “Хөх монгол  принтинг компани ивээн тэтгэж байгаа, номыг ч хэвлүүлэхээр болсон. Миний амьдралыг яаж бичсэн бол гэж бодохоос энэ ном миний сонирхлыг илүү татаж байгаа.

-Та жил бүр төрсөн өдрөөрөө тоглолтоо хийдэг уламжлалтай. Энэ жилийн сонин сайхнаасаа хуваалцаач?

-Дөрөвдүгээр сарын 19, 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийх гэж байна. Энэ удаад тайзнаа дуулсан 30 жилийн ойгоо тохиолдуулан анплагед тоглохоор болсон. Энэ удаагийн тоглолтод Улсын филармоны цөөхүүл оркестр оролцоно. Үндэсний хөгжимтэй, морин хуурын хэсэг ч бий. Дан цахилгаан хөгжмийн тоглолт гэвэл Нисванис, Хурд, Харанга л биш бол хэцүү шүү дээ. Тиймээс сонирхолтой байх үүднээс хуучны хит дуунуудаа симфони оркестртой тоглохоор боллоо. Аргил гитарчин Буян-Өлзий /Бука/ маань дуунууд дээр нот бичиж байгаа. Нэг ёсондоо хит дуунуудаа тунхаглаж, сонгодог болгож үлдээж байна. Хожим хэдэн зуун жилийн дараа Б.Сарантуяа гэдэг дуучны дуунууд гээд нотоор нь тоглож байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Өөр зөндөө сонин сюрприз бий.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний үүрэн холбооны “Жи мобайл” корпораци ажиллаж байгаа. Тасалбар худалдан авсан хүн бүрт Жи мобайлын нэг дугаар бэлэглэнэ. Тоглолтын үеэр цомгууд, миний зурагтай цамц худалдана.

-2000 оны “Хайрын зөрлөг” цомогт орсон “Төрсөн өдрийн дуу”-гаа шинэчлэн найруулж, клип хийлгэжээ. Дээр үеийн дуунуудаа дахин сэргээж байгаа нь ямар учиртай вэ?                  

-Орчин үеийн хөгжмийн зохиолчид маань хангалттай сайхан дуу зохиохгүй байгаатай холбоотой. Шинэ сайн дуу хүлээж суухаар тавиур дээр тоосонд дарагдаж байгаа хуучны аялгуу сайтай хит дуунуудаа шинэчлэн дуулж эхэлж байна. Сүүлийн үед залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцтэй хамтран ажиллаж байна. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар ах, Х.Мөнх-Ертөнцийн ая “Анх ижийдээ би ирсэн” дуугаараа “Морин хуур” наадмын гуравдугаар байранд орж байлаа. “Монгол туургатны мисс” тэмцээнд зориулсан сүлд дууг Б.Амархүү бид хоёр дууллаа. Мөн “Ocean Grey мusic production”-ний найруулагч Б.Нацагдоржийн “Өртөө” киноны дууг дууллаа. Энэ мэтчилэн мэргэжлийн далайцтай дуу дуулах хүсэлтэй байгаагаа хөгжмийн зохиолчиддоо энэ дашрамд илгээмээр байна.

-Монголын рок попынхон дунд албан ёсны шавьтай нь та. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд шавьдаа ямар дүн тавих бол?

-Би залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллах дуртай. Хамтран ажиллана гэдэг хамаг юмыг нь бэлдэнэ гэсэн үг биш. Өөрөө тогтмол дуулж байх үедээ хүн бэлдүүлнэ гэдэг хэцүү. Шавь нар ажилсаг биеэ даасан чадвартай, зайнаас зааварчилгаа аваад, сэтгэж ажилладаг байх хэрэгтэй. Л.Насанбуяндаа яг тэг, ингэ гэж заасан юм байхгүй. Намайг дагаад тоглолтод явж, цэвэр дадлагаараа сурсан. Өөрөө их хичээл зүтгэлтэй. Өдөрт над руу 10-20 удаа залгана. Утсаа авахгүй бол мессеж бичиж, хийсэн ажлаа тайлагнана. Л.Насанбуянгийн өдий зэрэгтэй байгаагийн 70 хувь нь өөрийнх нь хичээл зүтгэл. Магадгүй Б.Сарантуяагийн шавь гэсэн нэр нь нэмэр болсон байж болох. Гэвч залхуу шавьд тус болохгүй л дээ. Урлагт хичээл чармайлт, хөдөлмөр зүтгэл байхад заавал амжилтад хүрнэ. Ганц авьяастаа найдаж яваад замхарсан одууд ч байдаг.

-Тэгвэл Л.Насанбуянгаа “дүүтэй” болгох бодол байна уу. Дараагийн шавиар чинь дуучин Э.Болор-Уянгийг тодруулаад байгаа?

-Дуучин Э.Болор-Уянга миний шавь биш. Ая зохиогч Б.Ангирмаа маань бэлдэж гаргаж ирсэн уран бүтээлч. Гэхдээ өөрөө их оролдлого, хичээлтэй дуучин. Дуучин Б.Эрдэнэцэцэгийн “Учралын эгшиг” дууны эрхийг албан ёсоор авсан юм билээ. Би өөрийн боломжоор зааж зөвлөөд явж байна. Гэхдээ Э.Болор-Уянгыг миний хоёр дахь шавь болоосой гэж бодож байна.

Намайг залуу байхад “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин Б.Нандинцэцэг эгч маань итгэл найдвар өгч, тусалж байсан. Тиймээс залуу дуучдыг зүг чигээ олохгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй, итгэл нь бүрэн дүүрэн биш байвал түүнийг нь нөхөх юмсан гэж боддог. Мөн залуу дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран ажиллаж байна. Өөрийнхөө мөнгөөр Л.Насанбуянгийнхаа цомог, клипийг ивээн тэтгэж байсан. Ер нь нэг удаагийн эдийн засгийн туслалцаа бол тухайн үедээ үлдэх ч сэтгэлийн тусламж үргэлж зүрхэнд байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй.

Уран бүтээлийн тайзанд шинэ уран бүтээлч гаргана гэдэг маш том хариуцлага учир би хүнд худал амладаггүй. Хэзээ ч юм заасан гэж шавь нараасаа мөнгө авч байгаагүй, продюсерлосон гэж хувь хүртэж үзээгүй. Одоогоор надад бор ходоодоо тэжээх хоолой, чадвар байгаа учраас энэ талаараа зах зээлд шилжээгүй хүн дээ.

-Хамгийн сүүлд хийсэн аялан тоглолтынхоо сонин сайхнаас яриач?

-“Сэхүүн салхи” тоглолтоо европт тоглох болсон маань найздаа туслах сэтгэлээс үүдэл­тэй. Швед, Герман, Швей­царийн Женев, Францын Ренн, Норвегийн Осло, Австрийн Вени, Белгийн Антверлен, Туркийн Станбул хотод тоглосон. Берлин, Шведийн тоглолтоо сүмд хийсэн бөгөөд орлогоосоо 30 хувийг нь дэлхийн найрал дууны нийгэмлэгт хандивлах горимтой юм билээ. Туркийн Станбулд монголчууд бага цалингаар хүнд нөхцөлд амьдардаг юм билээ. Тиймээс бид тасалбараа хамгийн хямдаар зарсан. “Сэхүүн салхи” цомгоо Монголд бөөнөөр нь 20 мянган төгрөгөөр худалддаг бол тэнд 15 мянгаар худалдсан.

Аялан тоглолтоор явахад хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?

-Бид аль болох мэргэжлийн тайзнаа сайхан тоглолт хийхийг хичээдэг ч цөөхөн монголчуудаас маань 200-300 нь л ирдэг. Тиймээс өндөр түрээстэй мэргэжлийн зааланд хийх боломжгүй. Солонгост 2012 онд Хадгаламж банктай хамтран мэргэжлийн зааланд тоглолт хийхэд 700 гаруй монголчууд ирсэн. Гэтэл бааранд хийхэд ч 300-400 хүн цугладаг. Аялан тоглолтын гол бэрхшээл энд байдаг. Над шиг үсчин, хөгжмийн найруулагч, туслах дуучинтай явдаг хүнд бүр хэцүү. Аль болох очиж байгаа газрынхаа онцлогт тохируулдаг. Гэтэл хүмүүс биднийг мөнгө цуглуулах гэж аялан тоглолт хийдэг гэж боддог. Мөнгө нь дуусаад европын монголчуудаа сэгсрэхээр явж байна уу гэх мэтээр. Үнэндээ 200-300 монголчууддаа 30 еврогоор тоглоод яаж тэднийг сэгсэрч, мөнгө хураах билээ. Эдийн засгийн хувьд алдагдалд орохгүй ч ашгийн төлөө гэхээсээ илүү тоглолтоо мэргэжлийн түвшинд хийхийг хичээдэг.

-Та амьд хөгжмийн “Рэндом” хамтлагийг байгуулсан байх аа?

-“Рэндом” нэртэй шилдэг хөгжимчдөөс бүрдсэн хамтлаг байгуулсан. “Рэндом” гэдэг нь сонголтоор гэсэн утгатай. Нэг ёсондоо гишүүд нь солигдож болдог. Бөмбөрчин ажилтай таарвал өөр хамтлагийн бөмбөрчинг урьж тоглуулдаг гэсэн үг. ”Рэндом” хамтлагтайгаа Өвөр Монголын Ордос хотод болон Увс, Ховд аймгуудад тоглолтоо хийсэн. Харин энэ удаагийн төрсөн өдрийн тоглолтод гитарчин Мөнх-Оргил маань амжихгүй болсон учраас гитарчин Өөжгий маань оролцоно. Өөжгийгийн “Хайрын бурхан” дуу зохиогдоод 20 жил болж байгаа. Тиймээс 20 жилдээ зориулан дахин шинэ дуу зохиосныг тоглолтондоо дуулна. Энэ дууны аранжировкийг “Ocean Grey мusic production”-д хийсэн.

-Удахгүй нээлтээ хийх “Өртөө” киноны саундтрэкийг дуулжээ. “Аврора фильмс” продакшнтай хэдэн уран бүтээл дээр хамтарсан бэ?      

-Би “Өртөө” кино саундтрэкийг дуулснаар хамтран ажиллах нэгэн шинэ боломж нэмлээ. “Аврора фильмс” продакшныхантай “Сайн байна уу, шинэ жил” дуугаараа болон реклам, клип гээд олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан. Б.Чингүүн найруулагч монгол сэтгэлгээтэй найруулагчдаас өөр, өөрийнхөө дуртай сонирхдог стилээрээ уран бүтээлээ туурвидаг нь таалагддаг. Олон хүнд таалагдах нийтийг хамарсан кино хийдэггүй, өөрийнхөө үзэл бодолд тулгуурласан бүтээл туурвидгаараа бусад уран бүтээлчдээсээ ялгардаг. Олон киноны урсгал дунд өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, үзэгчдээсээ нэг алхмын өмнө алхаж, нэгэн хэвийн биш сонирхолтой сэдэв барьж чаддаг. Киноны мэдрэмжтэй, мэргэжилтнүүд илүү үнэлэлт өгөх шинэ уран бүтээл болсон гэж би хувьдаа үнэлж байгаа.

-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?

-2011 онд манай “Одон” хамтлаг “Аргагүй монгол” аялгуу цомог, тоглолтод оролцож байсан. Хуучирчин Одонтунгалаг эдгээр хөгжимчдийг бүрдүүлж өгсөн. Бид өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Якутскт бие даасан тоглолтоо хийсэн. Ирэх тавдугаар сарын сүүлээр Скандиновын орнуудаар тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Ямар ч электро хөгжимгүй, үндэсний хөгжимтэй миний дуунуудаас бүрдсэн цомог гаргах гэж байгаа. Цомгийн найруулгийг “Морин хуур” чуулгын уран сайхны удирдаач, найруулагч Түвшинсайхан, Ардын дуу бүжгийн чуулгын найруулагч Бирваа хийж байна. Үндэсний хөгжмийн ийм хоёр шилдэг найруулагч ажиллаж байгаа болохоор маш сайхан цомог гарна гэж итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (April 05, 2016 9:36:56 am )

    Hotsrogdson duuchin. Hooloi n ch mia. Mongoliin Alla Pugachova gej ooriigoo bodood baidag ium shig bgaam. No shuu dee.

    • zochin (April 08, 2016 12:31:43 pm )

      chi ooriigoo hichee hotsorson hunees hoino yavj baigaa suraggui suga baij

  • амжилт (April 05, 2016 10:36:43 am )

    Миний амьдралын нэг хэсэг тэр чигээрээ өөрийн чинь дуугаар амьсгалж байлаа, амжилт

  • иргэн (April 05, 2016 3:17:35 pm )

    Монголчууд хүний урмыг нь хугалхаас ууцыг нь хугал гэдэг. Урлагт дуртай хөөрхөн хүүхдүүдийн урмыг хугалсан муухай үг хэлж байхыг нь сонсоод энэ хүний оюун ухааны хэмжээг мэдэрсэн шүү.

  • Tserenjargal (April 05, 2016 9:49:05 pm )

    Chinii nas hvrehgui ee.Tsaana chini .40,50,60 jil zvtgesen lagyyd bgaa..Chi balchirdana..bitgii ih yum bod…

  • Tsoomoo (April 05, 2016 9:49:37 pm )

    Chinii nas hvrehgui ee.Tsaana chini .40,50,60 jil zvtgesen lagyyd bgaa..Chi balchirdana..bitgii ih yum bod…

  • Алтан (April 09, 2016 11:25:33 pm )

    Сараадаа амжилт хүсье. Ажил, амьдрал бүх талаараа сайн сайхны үлгэр жишээ болсон хөдөлмөрч , ажил хэрэгч сайхан эмэгтэй, ээж хүн шүү дээ. Бахархаж байна. Өөрсдийгөө од хэмээн өргөмжилдөг бяцхан ханхүү, гүнж нар Сараа эгчээсээ суралцах хэрэгтэй.

antalya rent a car