Ирэх долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд буюу зуу гаруй хоногийн дараа манай нийслэл хотноо Ази- Европын орнуудын Дээд хэмжээний уулзалт болох товтой байгаа.
“АСЕМ” гэдэг нэр дийлэнх монголчуудын хувьд 2014 оноос л анх сонсогдож эхэлсэн, харин манай гадаад харилцааны салбарынхан бол “Ази-Европын орнуудын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг, Засгийн газар хоорондын, албан бус яриа хэлэлцээний механизм болох энэ байгууллагын талаар нэлээн эрт олж мэдээд, 2010. 2012. 2014 оны Дээд хэмжээний уулзалтуудад нь Ерөнхийлөгчийг оролцуулсан юм билээ. Уг уулзалтыг Монголд зохион байгуулах саналтай байгаагаа 2012 онд манай Ерөнхийлөгч илэрхийлсэн бөгөөд харин түүний энэ үйлдлийг өнөөгийн Ерөнхийлөгчийнхөө зан байдлыг чамгүй гадарладаг болсон зарим сэтгүүлч “сэтгэл хөдлөлийн улмаас” ийм амлалт авчихав уу даа гэж дүгнэж байлаа.
Хоёр жилийн дараа буюу 2014 онд Итали улсад болсон Дээд хэмжээний аравдугаар уулзалтад Ерөнхийлөгчийг дагалдан очсон сэтгүүлчдийн өөрсдийнх нь бичсэнчлэн, “Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг хүлээн авсан тухай баярт мэдээг түүчээлэн” сүр чимээтэй хүргэхэд, Монголчууд бид юун тухай яриад байгааг нь сайн ойлгоогүй мөртлөө мөн л баярлалдан хүлээн авсан гэж хэлж болох байх.
Харин, эдийн засаг, санхүүгийн хүнд бэрхшээлтэй байгаа улс орны өнөө, маргаашийн амьдралын олон асуудлыг зохицуулах гэж ёстой л хойд хормойгоо огтолж, урд хормойг нөхөх тухай бодож явсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэр үед үнэхээр их баярлан хүлээж авсан, эсэхийг одоо хэлэхэд хэцүү юм. Ямартай ч УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдыг дэргэдээ зогсоож байгаад, “АСЕМ бол улс төрийн олимп мөн” хэмээн үнэлэн хүлээж авсныг нь санаж байна. Үүнээс хойш монголчууд АСЕМ-ийн талаар баялаг мэдээлэлтэй болж эхэлсэн. Дархан цаазтай Богдхан уулын хойд хормойд овсгоо сүйхээ, элдэв хэлхээ сүлжээ сайтай хувийн компанийнхан газрын болоод барилгын зөвшөөрөл гаргуулж, дээр нь бүр төрийн дэмжлэгээр зээл авч байгаад “АСЕМ виллаж” хотхон байгуулах болсон, түүндээ хоёр хоног дээд хэмжээний зочдыг унтуулсныхаа дараа / хурал чуулгантай байх тул зочин өдөр тэнд нь байх ч үгүй/ өндөр үнээр зарж ашиг олох гэж байгаагаас эхлээд, чуулга-уулзалтын үеэр хөдөөгийнхнийг Улаанбаатар хот руу аль болох ирүүлэхгүй байх, нийслэлийн иргэдийг олноор нь хөдөө рүү, зуслан руу нь “салхинд гаргах” бодлогыг уриалга маягаар шийдэх үү, шийдвэр захирамжаар тулгах уу гэдгийг манай төр, засгийн удирдлагууд хэлэлцэж байгаа тухай, Ерөнхийлөгч маань ард иргэдийнхээ “чихний бөглөөг онгойлгох” зорилгоор АСЕМ-ийн талаар лекц уншихдаа, Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд санаа зовж, санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг “эвэр хошууллаа” хэмээн телевизээр загнасан тухай, хамгийн сүүлд говийн нэгэн суманд очсон /яах гэж ч тэнд очсон юм бүү мэд/ Гадаад хэргийн сайд маань хавтгайн шинэ ботгонд “АСЕМ” гэдэг нэр хайрласан гээд олон юм олж сонсож л байна.
Манай улс төрийн хүрээнийхэн ер нь их сонин, стандарт бус араншинтай улс шүү дээ. Хоёр хоног Улаанбаатарт хуралдах АСЕМ-ийн уулзалтыг, дөрвөн жилд нэг удаа болж, ард түмэн нь төрийн эрх барих эрхээ эдэлж, өөрсдийн элч төлөөлөгчөө сонгодог УИХ –ын сонгуулиас дээгүүр тавьж, “АСЕМ болох учир УИХ-ын сонгуулийг ирэх намрын аравдугаар сард явуулахаар хойшлуулъя” гэдэг саналыг УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа гаргаж, түүнийг нь энэ оны есдүгээр сараас мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хуулийн дагуу Энхбаяр даргыгаа сонгуульд оролцох боломжтой болох нь гэж харсан МАХН-ынхан дэмжихэд бэлэн байна гэсэн яриа хөөрөө дэгдэж байлаа.
Иргэн миний хувьд УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгууль болохтой холбогдуулан, бас өөр хэдэн шалтгааны улмаас АСЕМ-ийн уулзалтыг түр хойшлуулах саналтай байна.
Хэдийгээр Засгийн газрын бус, албан ёсны шийдвэр гаргадаггүй ч, хоёр талын өндөр түвшинд хэлэлцээ хийх өргөн боломжийг улс орнуудад олгодог энэ уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах тов нэгэнтээ гарсан болохоор түүнээс татгалзах аргагүй, монголчууд та бид бэлтгэлтэй бэлтгэлгүй, дуртай дургүй хамаагүй, өндөр хэмжээний зочдыг хүлээн авахад бэлтгэх хэрэгтэй болсон. Харин нэгэнтээ зардал чирэгдэл болж, “хуруу хумсаа холтлоод ч хамаагүй” хийх гэж байгаа энэ уулзалтыг илүү үр дүнтэй болгох, цаашдаа оролцогч хэн алинд нь өгөөж хаялгатай байлгах тухай л одоо ярих ёстой байх.
УИХ-ын сонгууль дуусаад 14 хонож байх үед АСЕМ-ийн уулзалт болохоор зарлагдсан байгаа. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул!” гэдэг үг хаа ч байдаг учраас, гадаадын өндөр хэмжээний зочид сонгуулийн дүнгээр хэдхэн хоногийн дараа солигдох Засгийн газартай томоохон ажил, яриа хэлцэл хийхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин шинэ сонгогдсон парламентын бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдөөд, шинэ Засгийн газар томилогдсон үед Дээд хэмжээний уулзалтыг хийвэл Монгол Улсад үлдэх үр нөлөө нь илүү байх юм.
Сонгуультай холбоотойгоор хэлэхгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл бий. Энэ нь, хэрвээ сонгуулийн маргаан гараад, эсвэл нэг нам эвсэл нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд гудамж талбайдаа жагсаал тэмцэл хийж, муугаар бодоход элдэв мөргөлдөөн болж байвал яаж зохицуулах вэ гэдэг асуудал.
Хүйтэн ширүүн уур амьсгалтай манай улсын хувьд хавар, зуны хэдэн сар бол барилга, засвар, бүтээн байгуулалтын их ажил ид өрнөдөг үе. АСЕМ-ын бэлтгэл ажлын зарим хэсэг нь ч үүнтэй холбогдон хийгдэх төлөвлөгөөтэй юм билээ. Ийм болохоор хавар, зуны төлөвлөгөөт, уулзалтын нэмэгдэл бэлтгэл гээд олны хөлийг нэлээд хэмжээгээр хорих ажил өрнөх нь. Үүний зэрэгцээ АСЕМ-ийн бэлтгэл болгож, есөн салбарын хуралдаан Улаанбаатар хотноо болох тул, мөн л гадаадын олон зочдын цуваа энэ хавар, зунжингаа зам хаалган нийслэлийн гудамжаар давхилдсаар Дээд хэмжээний уулзалттайгаа золгох болж байна. Монгол Улс томоохон бүтээн байгуулалтын ажил хийдэг энэ чухал үеийг алдвал тэртэй тэргүй ядарч ягдсан эдийн засагт маань ихээхэн хохиролтой явдал болно.
АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах өөр нэг шалтгаан нь аялал жуулчлал. Жил бүр, улсын баяр наадмын үеэр Монголд хамгийн олон гадаадын жуулчид, аялагчид ирдэг бөгөөд, энэ жил Дээд хэмжээний уулзалтад ирэх өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой хязгаарлалт хийж таарна. Жуулчны компаниуд авчирсан үйлчлүүлэгчдээ уулзалтын үеэр хотоос зайдуу хорьж саатуулах үүрэг хүлээх маягийн юм яригдаж, тэр ч байтугай сүүлийн үед гадаад улсад айлчлахдаа явган сандлаа чирээд явдаг болсон, этгээд хачирхалтай имижийг бүрдүүлэгч Зам, тээврийн сайд АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдийнхөөс бусад онгоцыг Налайхад байгаа гэх, ашиглаагүй хэдэн жил болж байгаа нь үл мэдэгдэх нөөц буудалд буулгачих тухай ярьж, олны гайхшралыг төрүүлж байна. Ийм байдлаар валют цутгадаг алтан үеийнхээ сайхан боломжийг алдчихвал төсвийн орлогоо чадан ядан бүрдүүлж байгаа монголчууд бидэнд тун ч хор уршигтай хэрэг болох билээ.
Үндэснийхээ баяр наадмын үеэр урин дулаан цагт АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөснийг уг нь ойлгож болно л доо. Гэхдээ АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга хоёр жилд нэг удаа болдог бөгөөд арав дахь удаагийн буюу сүүлчийн уулзалт нь Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон. Түүнээс хоёр жил хойшлуулан тооцвол ирэх аравдугаар сард Монгол дахь чуулганыг зохион байгуулахад болохгүй юм алга.
АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтойн тухайд эргэлзээ байхгүй, энэ уулзалтыг Монголд зохион байгуулах эрхийг авахад голлох үүрэг гүйцэтгэсэн манай Ерөнхийлөгчид нэр хүнд, санаачлага нь хэвээр хадгалагдаж л таарах болохоор уулзалтыг аравдугаар сар хүртэл хойшлуулбал ямар вэ?
Сонгуулийн үр дүнгээс үл хамааран бүрэн эрхээ хэрэгжүүлж байх Ерөнхийлөгч маань шинэ парламентын дарга, гишүүдтэйгээ, шинэ томилогдсон Ерөнхий сайдтайгаа хамт зочдоо угтан авч, яриа хэлцэл өрнүүлэх нь үнэхээр зохистой агаад өндөр ач холбогдолтой байх юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (April 01, 2016 4:44:43 pm )
ASEM iig elbegdorjiin gert ni l xiix bsiin
-
Zochin (April 02, 2016 3:31:07 pm )
Odo hugatsaa ene tetriig ny yaj hoishluulj boloh be dee, delhiin olon udidagchid bidnii hoishluusniig huleej avaad za tegye 10 sard ochyo gehuu, bitgii teneg yum yariad bai
-
уншигч (April 02, 2016 4:46:00 pm )
Олон улсин чухал чуулга уулзалт учир хелсен ярисандаа товлосон хугацаандаа байсан нь деер байх л геж бодох.Сонгууль яахав санаатай л будилиан гаргачихгуй бол болдгоороо л болно наадамтай л давхцаад байх юм наадмийн хол ходолхоон намжаагуй байх уе . Сайн зохицуулах биз дее манайхан.
-
ах (April 03, 2016 10:23:50 pm )
хэндч хэрэггүй албан ёсны шийд гардаггүй хэрэггүй зүйлд хайран татварын хөрөнгийг үрж байна энэ илжигдорж
-
Сонгуультай давхцаад (April 04, 2016 11:50:04 am )
АСЕМ-аа ч, Сонгуулиа ч унагаагаад баларна аа.
5 Comments