antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2016 3 comments

С.Чулуунтогтох: Орчин үеийн хүүхэлдэйн кинонууд маркетингийн хэрэгсэл болсон

нийтлэсэн Admin
Ж.ГЭРЭЛЧУЛУУН

1990-ээд оноос хойш уналтад ороод буй хүүхэлдэйн киноны салбарыг хөл дээр нь босгохоор хүчин зүтгэж буй цөөн уран бүтээлчийн нэг “Чука” студийн захирал С.Чулуунтогтохтой ярилцлаа. Тэрээр Монгод анх удаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээхээр зориг шулуудсан бөгөөд кино бүтээх үйл явц 40 хувьтай явж байгаа аж. Ингээд С.Чулуунтогтохтой ярилцсанаа хүргэе.

8a3829703ad2e99dbig

-Яагаад заавал хүүхэлдэйн кино гэж. Өчигдөрхөн нээлт нь болсон кино өнөөдөр аль нэг сайтад орчихдог болсон энэ үед бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийж, контент хэлбэрээр борлуулна гэдэг нэг талаас эрсдэлтэй. Мөн энэ зэх зээлийг маш өндөр технологиор бүтээгдсэн, гадаадын кинонууд эзэлчихээд байна шүү дээ?
-Өөрийн чинь хэлдэг үнэн л дээ. Худалч хүнд өдөр нь дэлхий дахинд нээлтээ хийсэн кино оройдоо олон нийтийн сүлжээнд тавигдчихдаг болж. Түүнчлэн, интернэттэй л бол ямар ч кино, контентыг дурын сайтаас өндөр чанартайгаар үзэж болж байна. Энэ мэт кино үзэх суваг, сонголт нь олширч, орон зай нь асар хурдтай тэлж байгаа ч тэнд Монголын гэх юм цөөн байна. Тэр дундаа хүүхэлдэйн киноны хувьд. Угтаа бид үр хүүхэддээ үзүүлэх өөрсдийн гэсэн бүтээлтэй байх ёстой биз. Нөгөө талаас хүүхэлдэйн киноны ертөнцөд Монголын гэх орон зай бий болгох ёстой юм. Энэ л бодол надад хүүхэлдэйн кино хийх сэдэл төрүүлсэн хэрэг. Түүнээс эрсдэл ихтэй гээд хойш тавиад байж болохгүй.
Хараад байхад сүүлийн үед хийгдэж буй кинонууд арилжааны шинжтэй ч манайхан нэлээн хөрөнгө мөнгө зарж кино хийдэг болж. Тэр хэрээр гадаад зах зээлд хүч үзэж эхэллээ. Үүнтэй адил хүүхэлдэйн кино ч ингэж сэргэх ёстой юм. Тэр цаг нь ирсэн гэж харж байна. Олон хүүхэлдэйн кино хийгдэх тусам өрсөлдөөн ширүүсч, ашиг олохоос илүү тэр орон зайд ноёрхох гэсэн өрсөлдөөн бий болно. Тэр хэрээр уран бүтээл нь чанаржих ёстой юм. Одоо их сургуулийн зураг, дүрслэх урлагийн анги дүүргэж буй залуус бүгд л нэг хүүхэлдэйн кино хийгээд үзчих юмсан гэсэн бодол тээж яваа. Хүүхэлдэйн кино хийх боловсон хүчин хангалттай бий. Гагцхүү мөнгөгүй, хоосон гэж гар харж суулгүй багаас нь эхлүүлэх л хэрэгтэй. Хүүхдийн төлөө гэж ирээд л хүнээс мөнгө нэхээд суугаад байвал бүтэхгүй. Аандаа үнэхээр хийж чаддаг нэгэнд нь хүмүүс мөнгөө бариад гүйгээд ирнэ.

-Кино урлагийг уран сайхны, баримтат мөн хүүхэлдэйн кино гэж гурав ангилдаг юм байна. Харамсалтай нь манайд 1990-ээд оноос хойш хүүхэлдэйн кино мартагдах дөхсөн?
-Нийгэм солигдсоор нэг үе манай кино урлаг уналтад орж, кино үйлдвэр ч хаалгаа барихад хүрсэн. Үүнийг дагаад хүүхэлдэйн киноны студи, уран бүтээлчид ч үйл ажиллгаагаа зогсоож, ёстой л мартагдсан гэж болно. Гэхдээ арав гаруй жилийн өмнөөс “орчин цагийн” гэх тодотголтой ганц нэг уран сайхны кино хийгдэж эхэлсэн нь энэ салбар эргэн сэргэх үндэс болсон санагддаг. Мэдээж аливаа юм шат дараатай хойно баримтат кино ч бага багаар сэргэж, хийгдэж эхэлсэн. Товчхондоо, Монголын кино урлаг эргэн хөл дээрээ тогтлоо гэж харж байна. Гэхдээ уран сайхны киноны хувьд шүү дээ. Харин одоо хүүхэлдэйн кино сэргэх цаг болсон. Тийм нөхцөл нь ч бүрдчихээд байна.
Үүний илрэл нь өдгөө энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй студи продакшн, уран бүтээлчид юм. Манайд зөвхөн хүүхэлдэйн киногоор дагнан бүтээл туурвиж буй студи, хувь хүн цөөнгүй байна. Эхнээсээ богино хэмжээний кино хийгээд улам бүр гаршаад л байна. Гэхдээ анзаараад байхад манай киночид шууд 3D анимейшн рүү ороод, 2D-г нь орхигдуулаад байх шиг. Яахав цаг үе, техникийн хөгжилтэйгээ хөл нийлүүлэх нь чухал гэлээ 2D бол хүүхэлдэйн киноны хувьд эх суурь нь юм. Ер нь ч тэгээд аливаа юм багаасаа эхэлдэг. Тиймдээ ч манайх 2D анимейшн барьж авсан хэрэг. Энэ нь уран бүтээлчдээ уламжлалт арга барилд сургах, тэр хэрээр суурийг нь сайн тавих гэсэн хэрэг. Нөгөөтэйгүүр техник технологийн хувьд 3D анимейшн хөрөнгө мөнгө их шаарддаг.

2239190406783fdabig
-2D, 3D гэх ойлголтыг товч тайлбарлавал?
-Ер нь, 40-өөс дээш насны үзэгчид 2D, 3D анимейшныг ялгахгүй байгаа нь анзаарагддаг. Угтаа 2D гэдэг нь бидний үзэх дуртай “Цасангуа ба долоон одой”, “Араатны хаан арслан” “Үнсгэлжин” зэрэг кинонуудыг хийсэн арга юм. Киноны бүх л үйл явдлыг цаасан дээр нэг бүрчлэн буулгаж, өнгө будгаар ялгаж хөдөлгөөнд оруулна гэсэн үг. Хүний нүд секундэд 24 кадр харах чадвартай юм байна л даа. Тиймээс тухайн дүрийн хөдөлгөөн бүрийг 24 хуудас цаасанд буулгана гэсэн үг. Багадаа дэвтрийн хуудас бүр дээр ямар нэг зүйлийг хөдөлж байгаагаар зурж, дараа нь хуудас бүрээр нь эргүүлэхэд хөдөлгөөн үүсдэг дээ, зарчим нь ердөө л энэ. Гэхдээ маш их ажиллагаа орно. Харин 3D гэдэг нь орчин үеийн технологид суурилсан, график, визуал эффект ашиглан хийж буй хэлбэр. Яриад байвал асар их арга бий л дээ. Манай киноны хувьд уламжлалт буюу Диснейн жишгээр хийгдэж байгаа юм.Уламжлалт гэдэг маань “frame by frame” буюу тухайн дүрийн хөдөлгөөн бүрийг, нэг бүрчлэн гараар зурахыг хэлнэ. Ерөнхийдөө бид нэг киног гурван удаа хийж байгаа хэрэг. Эхлээд “story board” буюу үндсэн бүтцээ гаргана. Үүний дараа гар зургуудаа бэлэн болгоно. Дараа нь зурсан зургуудаа компьютерт оруулж өнгө, гэрэл сүүдэр тавих, зарим хөдөлгөөнд эффект ашиглах гэхчлэн нарийн зүйлсээ хийнэ. Ингээд бодохоор нэг киног гурван янзаар хийж нийлүүлж байгаа юм. Тиймдээ ч цаг хугацаа их шаарддаг л даа. Гэхдээ бид хугацааг аль болох богино байлгахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө зургаан сард нэг бүтээл гаргаж байхаар зориод байгаа. Тэр хэрээр бид өөрсдөө ч хурдтай хөгжинө. Сар ч хүрэхгүй хугацаанд уран сайхны кино хийчихэж байгаа нь бий. Үүнтэй харьцуулахад хүүхэлдэйн кино хугацаа их шаарддаг.

-Хоёулаа киноныхоо тухай ярилцъя. Хүүхэлдэйн кино гэлтгүй зохиол чухал шүү дээ. Гэтэл Монголын гэлтгүй Холливудын кинонууд зохиолын гачигдалд орсон гэх юм?
-Манай кино “Шидэт хуудас” нэртэй 60 минут үргэлжлэх, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох юм. Үйл явдал ерөнхийдөө номын нэг хуудсанд зангидагдаж, орчин үеийн гурван хүүхэд үлгэрийн ертөнцөөр аялах юм. Багш нь нэг ном унших даалгаварт  өгч улмаар гол дүрүүд маань нөгөө номынхаа хуудсаар дамжиж үлгэрийн ертөнцөд очих юм. Өгүүлэх санаа нь найз нөхөд ч бай, улс үндэстэн ч бай эвтэй байж чадвал ямар ч саад бэрхийг давж, ялж болдогийг харуулна. Манай кинонд залуус түлхүү ажиллаж байгаа л даа. Зохиолын хувьд ерөнхий санааг нь би гаргаж хоёр зохиолч бичсэн. Хуучны үлгэрүүдийн дүр, үйл явдлыг багтаасан байхаар санаагаа хэлэхэд хоёр зохиолч маань ч долоо хоногийн дараа ороод ирсэн. “Эвтэй дөрвөн амьтан”, “Болдоггүй бор өвгөн”, “Гурван настай Гунан баатар”, “Арванхоёр жил” болон ардын үлгэрт гардаг мангастай дүрүүд гээд тэр бүхнийг шингээсэн байгаа. Гол дүрийн гурав маань дээрх дүр, үлгэрийн баатрууд байдаг ертөнцийг аварч байгаагаар үйл явдал өрнөнө. Мэдээж одоогийн хүүхдүүд “Болдоггүй бор өвгөн”, “Эвтэй дөрвөн амьтны тухай” домог, үлгэрийг тэр бүр мэдэхгүй. Тиймдээ ч эцэг эх нь кино үзсэний дараа тэр бүх үлгэрийг ярьж өгч, тэр хэрээр хүүхэд үндэсний өв уламжлалаа таньж мэдэх юм. Одоо үед хүүхдүүд монгол ахуйгаасаа их холдож, унь тооно гээд ярихад л мэдэхгүй байна шүү дээ. Магадгүй энэ бүхнийг хамгийн энгийн, хялбар аргаар үр дүнтэй таниулах зүйл нь хүүхэлдэйн кино байж болох юм.

-Зах зээлээ судалж үзэв үү. Манай бяцхан үзэгчдийн сонирхлыг ямар төрлийн кино илүү татдаг юм бол?
-Одооны хүүхдүүд супер баатар, ид шидтэй гүнж гээд элдвийг л үзэж, таашааж байна. Би бодохдоо хүүхэлдэйн кино гоё чамин байхаас гадна сурган хүмүүжүүлэх хэрэгсэл болох ёстой гэж ойлгодог. Би ч багаасаа л хүүхэлдэйн кино үзэж түүгээр хүмүүжиж төлөвшсөн хүүхдүүдийн нэг. Тухайн үед манайхны хийсэн киноноос гадна барууны кинонууд ч гардаг л байсан. Гэхдээ л бид “Эрх цагаан ишиг”, “Болдоггүй бор өвгөн”, “Өвгөн арслан хоёр” зэрэг дотоодынхоо киногоор төлөвшиж, хүмүүжсэн. Гэтэл өнөөдөр яг монгол гэх агуулга, дүр, зохиолтой хүүхэлдэй байхгүй болчихсон. Байсан ч үг хэллэг, үйл хөдлөл, үлгэр дууриал гээд шүүмжлүүштэй санагддаг. Яахав, хүүхэд багачуудад гадаадын киноноос аваад үзэх юм тоймгүй их байгаа ч Монголын гэх хоосон орон зай байна гэдэг зах зээл бий гэсэн үг.
Богино хэмжээний киноноос аваад телевизүүдийн захиалгаар, контент маягаар хийж байгаа нь ч бий. Манай киноны хувьд анхны, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох юм. Нэг үгээр кино театруудаар гарах хэмжээний кино юм. Цаашлаад зөвхөн дотоодын үзэгчдэдээ зориулсан биш дэлхий дахинд эх орон, өв соёл, үүх түүхээ сурталчилан таниулах зорилгоор хэд хэдэн бүтээл хийхээр төлөвлөөд байна. Нэг талаас соёлын довтолгоо гэх юм уу даа.

9bdd99ab4c52a48dbig
-Хүмүүст сонирхолтой байх болов уу. 60 минутын кино хийхэд ойролцоогоо хэчнээн хуудас зураг зурдаг бол?
-Тоолох аргагүй. Өөрийн чинь хэлснээр нэг секундэд 24 кадр буюу 24 хуудас зураг зурна. Дүрийн маань зүүсэн алчуурны үзүүр салхинд үл мэдэг хөдөлж буй хөдөлгөөнийг гаргахын тулд л нэг зургаа дахиад л хуулж зурна. Угтаа алчуурны үзүүр дөнгөж хөдөлж байгаа шүү дээ. Ер нь бол цаас маш их орно. Бид киноныхоо нэг хэсгийг шторк маягаар цацахаар бэлэн болголоо л доо. Тэр хэдхэн минутын хэсэгт л асар их цаас орж байгаа юм. Одоо цаасаа бартер маягаар авах хэмжээнд яригдаж байна. Ингээд бодохоор гол түүхий эд маань бичгийн цаас болж таараад байгаа юм.

-Тэр хэрээр олон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа байх?
-Одоогоор 18 хүний бүрэлдэхүүнтэй баг “Шидэт хуудас” кинон дээр ажиллаж байна. Яахав, манай уран бүтээлчдийн зарим нь сайн дураараа ч ажиллаж байна. Үеийн залуус нэг өрөөнд суугаад, том ажлын ард гарчих гээд үзэж буйн хувьд хөгжилтэй зүйл их тохиолдоно. Хоолоо эндээ хийнэ, мөнгөгүй үедээ гоймон чанаж иднэ. Өдөржин ажилтай сууж байгаад орой дөрөв, таван цагийн үед хоолоо хийвэл бүгд аягаа бариад л дугаарлачихна. Яахав, өнөөдөртөө бид ийм байгаа ч өөрсдөө хийж бүтээсэн зүйлийнхээ үр өгөөжийг хүртээд ирэхээр энэ хүүхдүүд огт өөр болно. Манай сүүлийн үеийн залуус өөрийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөж, зорьсондоо хүрэхээр тууштай тэмцэж чаддаг болж.Мэдээж бүрэн хэмжээний киног бор зүрхээрээ хийж буйн хувьд уран бүтээлчдийнхээ цалин хангамж гээд хөрөнгө мөнгөний асуудал их. Эхний ээлжинд киноныхоо нэг хэсгийг сурталчилгаа хэлбэрээр гаргачихвал ивээн тэтгэгч байгууллага олдох болов уу гэж харж байна. Манай кино, киноны дүрүүдийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглаж, контент бий болгох боломжтойг энэ дашрамд хэлмээр байна. Гэхдээ заавал ивээн тэтгэгч гээд хүний гар хараад суухгүй, ажил явдгаараа явна.

-Та зурагт хэр үздэг вэ?
-Үзнэ шүү, нэлээн үзнэ.

-Би хувьдаа монгол хүүхдүүд үзэх юмгүй байгаа гэж боддог, санал нийлэх үү?
-Үнэн үнэн. Үзэж байгаа нь дандаа гадаадын богино хэмжээний, сериал маягийн юм байна шүү дээ. Тэр нь өгүүлэмж, өгч байгаа үлгэр дууриал, хөдөлгөөн, зураглал зэрэг нь тийм ч сайн биш. Нэг бол хямдхан эсвэл үнэгүй контент болохоор тэр. Энд нэг юм хэлэхэд гадаадын хүүхэлдэйн киног дагаад дагалдах бүтээгдэхүүн нь ороод ирдэг. Жишээ нь, чихмэл пони морь авна гэж эцэг эхээ шалдаггүй өсвөр насны охин гэж бараг байхгүй л болов уу. Мөн нөгөө л хүн аалз, бэтманы тоглоом, пороро ч билүү тэр хүүхэлдэйн киноны баатруудын зураг, дүрстэй ундаа гээд киногоо дагалдан орж ирсэн бүтээгдэхүүн асар олон. Эхлээд үзэх сэдэл бий болгоод дараа нь тоглох орчин бүрдүүлж өгч байгаа нь тэр. Эцэг эхтэйгээ дэлгүүрт яваа жаахан хүүхэд хүн аалзны тоглоомыг бариад авбал боль, тавь гээд загнаад байх хэцүү биз. Ингээд харахаар орчин үеийн хүүхэлдэй гэдэг нэг ёсны маркетингийн хэрэгсэл болчихсон. Ерөнхийдөө манай бизнесийн байгууллагууд ч ингэж ажиллавал зүгээр. Гагцхүү гадаадын бараа бүтээгдэхүүн эзэлчихсэн тэр зах зээлийг өөрсдөө эзлэх учиртай юм.

-Таны хэлснээр манай кино урлаг уналтад орчихсон байх үед хүүхэлдэйн киноны зах зээлийг “Том ба Жерри”, “Ну погоди” зэрэг гадаадын хүүхэлдэйн кино эзэлж байсан. Одоо ч хэвээрээ байна. “Маша ба баавгай” гээд олон янзын хүүхэлдэй гарч байна. Эцэг эхчүүд энэ бүхэнд шүүмжлэлтэй хандах нь бий. Жишээ нь, “Маша ба баавгай” хүүхэлдэйг Европын зарим оронд хориглосон. Энэ бүхэнд хүүхэлдэйн кино хийж буй хүний хувьд хэрхэн ханддаг вэ?
-Машагийн хувьд нэг талаас сахилгагүй хүүхдийг дөвийлгөсөн мэт боловч төгсгөлд нь учраа олж, ухаарч байгаагаар харуулдаг. Тиймдээ ч насны хувьд ангилалтай байх нь зөв санагддаг. Хүүхэд үзсэн зүйлээ шууд тусгаж авдаг нь гэм биш зан. Би өөрөө гурван хүүтэй л дээ. Манай дундах “youtube.сom” сайтаас тоглоомоо нурааж байгаа хүүхдийн бичлэг үзчихээд тоглоомоо яг адилхан өрж байгаад нурааж байх жишээтэй. Тэгэхээр насны ангилал гэж юм зайлшгүй байх хэрэгтэй. Хүүхэлдэйн кино гэхээр л хүүхэд бүр үзэж болно гэсэн үг биш. Манай киноны хувьд зорилтот зах зээл нь нэгдүгээр ангиас дээш насны хүүхдүүд юм. Нэмж хэлэхэд томчууд анзаардаггүй байх л даа. Гадаадын хүүхэлдэйн кинонууд манай театраар гарахад хүүхдүүдээ хөтөлж очоод л үздэг. Өөрсдөө хадмал орчуулгыг нь хараад, ойлгоод үзээд л байдаг. Гэтэл хүүхдүүд нь үйл явдлыг л өнгөц ойлгодог. Тиймдээ ч бид кино театруудаар гаргах гээд байгаа хэрэг.

-Ингэхэд та ямар ажил  мэргэжлийн хүн бэ?
-Би уг нь аялал жуулчлал, бизнесийн удирдлагын мэргэжилтэй хүн. Аялал жуулчлалын чиглэлээр дөрвөн жил их сургуульд сурахдаа “Монгол Улсаа сурталчил” гэдэг үгээр нүдүүлсээр байгаад төгссөн. Тиймдээ ч эх орноо нэг юмаар нь ч болов таниулчихсан гэсэн бодол толгойд эргэлдэж явдаг байлаа. Ингэж тэгж явсаар эцэст нь миний хийж чадах, хийхийг хүссэн мөн эх орноо сурталчилж, таниулж чадах зүйл бол хүүхэлдэй кино гэж харсан хэрэг.

-Тэгвэл кино урлагтай ямар сэжмээр холбогдсон тань сонин байна?
-Ганц нэг кинонд дүр бүтээж, найз нөхдийнхөө клипэнд ч хэд хэдэн удаа тоглоод авсан. Ер нь багагасаа л кино их үздэг хүүхэд байлаа. Тэр дундаа хүүхэлдэйн кино алгасахгүй үздэг байв. Энэ бүхэн нөлөөлсөн үү, ер нь л хүүхэлдэйн кинонд татагдсаар ирсэн.

-Манайд хүүхэлдэйн кино хийж буй залуус хараахан туршлагажаагүй байгаа байх. Тиймдээ ч ахмад уран бүтээлчдээс зөвлөмж зөвлөгөө авдаг байх?
-Тийм шүү. Харьцангуй туршлагагүй гэж болно. Гэхдээ залуу хүн оролдоод л үзэх хэрэгтэй. Нэг алд, хоёр алд гурав дахь удаагаа алдаагаа засаад л явна шүү дээ. Бидний хувьд ганц нэг ахмад уран бүтээлчдээс зөвлөгөө авч байна. Түүнээс яг манай кинонд гар бие оролцоод байгаа нь үгүй. Би бодохдоо алдсан ч оносон ч анхны киногоо залуучуудаараа хийе гэж бодсон. Энэ хүүхдүүд ирээдүйд ахмад үеийнхэн гэгдэнэ. Манай кинонд ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлж байгаа нь ч бий. Монголчуудын давуу тал нь аливаа юмыг маш хурдан өөрийн болгож, эзэмшиж чаддаг. Анхны кино алдаа дутагдалтай ч бай хоёрдахиас нь ахина шүү дээ.

-Та мэдэх байх, “Tangled” гэдэг хүүхэлдэйг “Аватар” кино­ноос илүү өртгөөр бүтээсэн гэж дуул­­сан юм. “Аватар”-аас илүү ашиг олоогүй ч алдагдалтай бай­гаагүй нь мэдээж. Нууц биш бол танай кино хэдий хэр өртгөөр бү­тэж байгаа бол. Ер нь, манайд бү­тээгдэж буй нэг хүүхэлдэйн кино­ны өртөгийг дунджаар тооцвол?
-Анх төслөө бичээд, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийнэ гээд төсөв хөрөнгө гаргахад 1.6 тэрбум төгрөг болсон. Энэ бол хамгийн багаар бодож гаргасан төсөв. Гэхдээ яаж ч бодсон энэ их хөрөнгө олдохгүй болохоор төсвөө танаж эхэлсэн л дээ. Дээр хэлсэнчлэн нэг киноны хугацааг анх нэг жил гэж тооцож байсан бол шахаад хагас жил болгосон. Тэгээд л тоног төхөөрөмжөөс аваад хэмнэлт хийх шаардлага тулгарсан л даа. Хүүхэлдэйн киноны зураач нарт хамгийн их хэрэг болдог “lightbox” буюу гэрэлтүүлэх төхөөрөмжийг өөрсдөө хийсэн.
Ер нь л монголчилж болох бүхнийг л өөрсдийнхөөрөө хийж, төсөв хөрөнгөө хэмнэхийг хичээсэн. Ерөнхийдөө эхлэх зардал өндөр тусдаг юм байна. Мэдээж анхны ажлынхаа ард гарчихвал хоёр дахь нь суурь баазтай болчихсон хойно арай хямд өртгөөр бүтнэ байх.

-Киноны ажил эхлээд хэр удаж байгаа вэ. Нээлтээ товлосон болов уу?
-Хоёр сар болж байна. Нээлтийг ирэх есдүгээр сард хийнэ гэж төлөвлөсөн. Наана нь кино театруудтайгаа ярьж тохирохоос аваад ажил их. Ядаж л сонгууль өнгөрөөгөөд хийхгүй бол улстөрчдийн шоунд дарагдчихаад байх юм байна шүү дээ. /инээв/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • урлаг судлаач Р.Баточир (March 30, 2016 1:57:48 am )

    Сайхан сэтгэлтэй залуугийн цаашдын зорилго нь бүтнэ гэж итгэж байна.Ийм нийгэмсэг үзэл бодолтой хүнийг дэмжиж хөрөнгө зардалы нь улсаас тэтгэж өгөх талаар бодох цаг болжээ.Зөвхөн улс гэхгүй цаашлаад боломжтой компани байгууллагууд ч гэсэн туслаасай.АМЖИЛТ ХҮСЬЕ

  • урлаг судлаач Р.Баточир (March 30, 2016 1:57:48 am )

    Сайхан сэтгэлтэй залуугийн цаашдын зорилго нь бүтнэ гэж итгэж байна.Ийм нийгэмсэг үзэл бодолтой хүнийг дэмжиж хөрөнгө зардалы нь улсаас тэтгэж өгөх талаар бодох цаг болжээ.Зөвхөн улс гэхгүй цаашлаад боломжтой компани байгууллагууд ч гэсэн туслаасай.АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Anonymous (April 21, 2016 8:22:42 am )

    amjilt husie

antalya rent a car