
МАН төрийн эрх барьж байх үед хэдэн зуун Хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж, эрх баригчдын “оролцоотойгоор” дампуурч, хэдэн мянган иргэд хадгаламжаараа хохирсон. Мөн МАН-ын НАМЗХ-ны залуус нэгийнхээ аминд хүрч байсан гашуун түүх бий. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэл намынхаа нөхөр, багын найз, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг ажил дээр нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ. Ц.Түмэнгэрэлийн эхнэр “Өдрийн сонин”-нд өгч байсан ярилцлагыг танд хүргэж байна.
Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал шил дараалан зарлагдаж байсан тэр өдрүүдэд “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны эзэн Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг хутгалан амь насыг нь хороосон хэрэг гарсан. Уг хэрэг гарснаас хойш жил хагасын хугацаа өнгөрчээ. Ц.Түмэнгэрэл эл хэргийг яагаад хийх болсон талаар элдэв л таамгууд энэ хугацаанд яригдсан. Хүмүүс өөр хоорондоо таамаглан ярьцгааж байсан хэргийн гол зангилаа юу байсан нь чухал биш ямартай ч нэг залуу ид насандаа хорвоог орхиж нөгөөх нь шоронд сүүлийн өдрүүдээ хүлээн сууж байгаа. Өнгөрсөн хугацаанд алуурчны эхнэр гэсэн нэрийг зүүж амьдрах болсон У.Энхжаргалтай уулзлаа. Түүнтэй ярилцах саналыг удаа дараа тавихад цааргалж байсан тэрбээр энэ удаад ярилцахыг зөвшөөрсөн юм.
-Уучлаарай, нөхрийнхөө хүний амь хороосон гэдгийг хэзээ, яаж мэдсэн талаар чинь ярилцлагаа эхэлмээр санагдаж байна л даа…
-Хэрэг гардаг тэр өдөр манай хамгаалалтын албаныхан намайг хоёр хүүхдийн маань хамт өглөөжин гадуур авч явсан. “ХЗХ-ныхон та нар руу дайрч магадгүй учраас ингэж байгаа юм” гээд авч яваад байсан. Сүүлдээ манай нөхрийн нэг найзынд аваачсан л даа. Тэгээд бид гурвыг үлдээчихээд гаднаас нь цоожлоод явсан юм. Хамаагүй хүмүүст хаалга тайлаад өгчихөж магадгүй гэсэн шалтгаан хэлээд цоожлоод явсан, ер нь юм бүхэн тэр өдөр их сонин санагдаад байсан л даа. Гэрлээ рүү залгахаар утас нь холбогдох боломжгүй гээд бүр гайхмаар байсан. Хийх ч юмгүй, сүүлдээ тэр айлын телевизийн сувгийг учир холбогдолгүй сольж эхэлсэн юм. Гэтэл “Eagle” телевизээр манай хүний зураг маш томоор гарчихсан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг хутгалсан гээд, тэгээд хохирогч эмнэлэгт байгаа удахгүй шинэ мэдээлэл хүргэнэ гэж байсан. Тэгээд удаагүй тэр хүнийг нас барсан тухай мэдээлэгдсэн. Би юу ч ойлгоогүй, бас аливааг ухамсартайгаар бодож огт чадахгүй байснаа л санаж байна. Хоёр хүүхэд маань бас зэрэгцээд гайхчихсан, охин маань “Ээж ээ, энэ худлаа биз дээ” гээд.
-Хоёр хүүхэд чинь бас тэр мэдээг үзсэн хэрэг үү?
-Тийм ээ. Бид хамтдаа телевиз үзэж байсан. Зургаан настай хүү минь хүртэл бүлтийчихсэн зогсч байсан. Би тэр үед ерөөсөө үхчихье л гэж бодож цонх, тагтыг нь татаж үзээд байснаа санаж байна. Гэтэл бүх цонхыг нь скочдоод битүүлчихсэн байсан. Яагаад ч юм бүх зүйлийг зохион байгуулчихсан юм шиг санагдаад байсан. Үнэндээ тэр өдөр долоон давхраас унаад үхчихсэн бол хоёр хүүхэд маань аав, ээж ч үгүй…Бодохоос аймаар.
-Тэр үед цаг хэд болж байсан хэрэг вэ?
-Өдрийн нэг цаг хагасын үед л байх. Аль өглөөний есөн цагт гарсан хэргийн талаар би нэг хоёр цагийн үед л мэдсэн хэрэг шүү дээ. Тэгээд удалгүй манай хамгаалалтын албаныхан ирээд намайг мөрдөн байцаах газар руу авч явсан. Тэгэхэд машины цонхоор харагдаж байгаа бүхэн жирэлзээд л хар дарж зүүдэлж байгаа юм шиг л байв. Тэнд очоод гараа гавлуулаад буланд зогсч байгаа нөхрөө харсан.
-Тэр яаж харагдаж байсан бэ. Та нөхрийгөө ийм хэрэг хийсэн гэдэгт итгэж байсан уу?
-Би итгэх бас итгэхгүй байх ёстойгоо ч мэдэхгүй байсан. Гэхдээ тэр хэрэг болж байх үед манай хүн хажууд нь зогсч байсан байх, эсвэл хэн нэг нь тэр залууг хутгалчихаад хутгаа Гэрлээд маань бариулчихсан байх гэж бодсоор байсан. Тэгээд нөхрийнхөө нүднээс нь юу болсныг харах гээд хичээгээд байсан. Харин манай хүн над руу харалгүй нүүр буруулахад нь л ойлгосон. Би нөхрийгөө амьдралдаа хэзээ ч тийм дорой байдалтай байхыг харж байгаагүй.
-Та нөхөртэйгөө дараа нь хэзээ нүүр тулан уулзсан бэ. Танд яг юу гэж хэлж байсныг нь хэлж болох уу?
-Би түүнтэйгээ 14 хоногийн дараа уулзсан. Нөхөр маань намайг “Яагаад ийм хэрэг үйлдсэн юм бэ” гэж асууна гэж бодсон биз. Харин би “Чамд хоёр хүүхэд, хань, эжий, ах дүү нар чинь байна. Хэрэг үнэн мөнөөрөө нотлогдоод чи минь гараад ирнэ ээ” гэж хэлсэн. Харин тэр “Энхээ чи намайг мэднэ ш дээ. Би хүн алах хүн мөн үү. Гэхдээ найз нь хүн алчихсан юм байна” гэж хэлсэн. Өөрөө надад ярихдаа Ганц худагт ирээд хоёр хоногийн дараа сонингоос хүн алчихсан гэдгээ уншсан гэж ярьж байсан. Тэгээд “Цаг хугацааг буцаах биш дээ” гэсэн дээ.
-Өөрийнхөө хийсэн хэргийн талаар сонингоос мэднэ гэдэг хүн итгэхэд хэцүү зүйл. Хэрэг хүлээх чадвартай гэж нотолсон санагдаж байна?
-Тийм ээ. Мэдээж, энэ хэрэг шийдэгдээд шүүхийн шийдвэр гарчихсан. Гэхдээ Гэрлээгийн юу гэснийг асуусан учраас би хэлснийг нь ярьж байгааг ойлгоорой. Сэтгэцэд нь өөрчлөлт орсон эсэхийг нь шалгахдаа хэрэг гарснаас 14 хоногийн дараа шинжилгээ авсан байдаг. Миний бодлоор энэ хугацаанд хүн хэдийнэ тайвширчихаад хийсэн хэргээ бодож эхлэх үе байх гэж санагддаг.
-Таны нөхөр ер нь ямархуу ааш араншинтай хүн бэ?
-Хүний төрөлх зан араншин гэж байдаг даа. Тэр бол яаж ч магадгүй хүн гэж хүмүүс нэгийгээ хэлэх нь байдаг. Тэгвэл манай хүн бол хачин зөөлөн, бидэнд чанга дуугарч ч байгаагүй хүн шүү дээ. Бид хоёр ханилж ирсэн 15 жилийн хугацаанд бусад нөхрүүд шиг эхнэртээ уурлаж, агсан тавьж үзээгүй хүн дээ. Хааяа ажил хэргийн шугамаар архи уулаа гэхэд байдгаасаа илүү сайхан зантай болж, халаасандаа байгаагаа хүүхдүүддээ, хүмүүст гаргаад өгчихдөг зантай. Хүүхдүүд маань хүртэл аав архи уухаараа хөөрхөн зантай болдог гэж ярьдаг байсан. Миний хань бол дэндүү сайн аав. Зарим эрчүүд үр хүүхдийнхээ хичээл сургууль, бусад зүйлийг хамаагүй мэт боддог. Харин Гэрлээ маань зав л гарвал хүүхдүүдтэйгээ тоглож, хийж байгаа юмыг нь анхаардаг аав байсан. Намайг хүртэл тэдэн рүү чанга дуугаруулахгүй, “Хүүхдийн өөрийн сонирхол хүслийг нь дагах хэрэгтэй” л гэдэг байлаа. Ер нь түүнийг минь хамтарч ажиллаж байсан, мэддэг хүмүүс нь мэднэ дээ.
-Танай нөхөрт найз нөхөд олон байсан биз?
-”Алтан гадас” одонгийн угаалгаар нь “Баянгол” ресторанд уригдсан хүмүүс нь багтахгүй шахам байлаа даа. Харин одоо тэр олон хүнээс яаж ийж байна гээд асуух хүн тоотой болсныг нь хараад хүн гэдэг амьтны чанарыг гайхаж сууна. Найз нөхөд, нам хамт олон гээд хундага тулгаж явсан зарим хүмүүс өөрсдөө үгүй юм гэхэд хүнээр ч гэсэн хэл ус өгүүлбэл хүнийх нь хувьд би баярлана аа. Цагтаа миний ханийн тус дэмийг нь аваад явж байснаа хүмүүс мартдаг юм уу, эсвэл Ц.Түмэнгэрэл гээд хүнийг таньдаг гээд хэлчихвэл байр суурь нь ганхана гэж санадаг юм болов уу. Өчнөөн хамтдаа ууж, идэж явсан хүмүүс телевизээр би Ц.Түмэнгэрэлийг мэдэхгүй гэж ярьж байхыг хараад би өмнөөс нь их харамссан. Гэхдээ өдий болтол нөхрийг минь гэж яваа найзууд нь байгааг ч үгүйсгэж болохгүй. Нөхрийн минь талаар хувийн бодлоо хэлснийхээ төлөө буруутгагдаж байгаа хүмүүсийг хараад өрөвддөг. Алуурчныг өмөөрлөө гэж тэр хүмүүсийг буруутгаж, улсууд элдвээр хэлдэг. Надад сүүлийн үед энэ нийгэмд шударга юм алга, шүүх ч шүүх биш болжээ гэж бодогдох болсон. Манай хоршооны хэргийг тусад нь шийдэж болох байтал заавал хүн амины хэрэгтэй нэгтгэж шийдэх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Ер нь Хадгаламж зээлийн хоршооны хэргийг бүгдийг нь том тогоонд хийж нэгмөсөн хутгасан гэж санагддаг. Одоо тэрийгээ бас ижил халбагаар халбагадан хүмүүст өгөх гэж байна. Гэтэл тэр хоршоон дунд юмтай нь ч байсан, хүмүүсийн мөнгийг идээд уусан хүмүүс ч байсан. Манай хоршоо тэднээс өөр хоршоо байсан.
-Өөрсдөө юу ч үгүй байж, ХЗХ байгуулж их мөнгө татан төвлөрүүлээд түүгээрээ тоглож, олон хүнийг хохироосон хүмүүс бий. Таны хэлснээр, тэдний хажууд танайхан өөрсдийн гэсэн хөрөнгөтэй байсан гэдэг. Уучлаарай, хоршоо байгуулахаас өмнө танай гэр бүл ер нь хэр хөрөнгөтэй байсан бэ?
-Бид хоосон хүмүүс байгаагүй ээ. Бид хоёул тус тусдаа машинтай, өөрийн гэсэн байртай, Дарханд Монгол-Америкийн хамтарсан сүлжмэлийн үйлдвэртэй, Судалт төвөөс ашиг авдаг, боломжийн амьдралтай мөнгө төгрөгийн хувьд хөл дээрээ тогтсон байсан. Гэтэл ХЗХ-нуудын зарим нь эхнээсээ доголдоод ирэнгүүт дампуурал гэсэн давалгаагаар бүгдийг нь хоморголчихсон санагддаг. Бид хоршооны мөнгөө эргэлтэд оруулчихсан байсан. Бизнес төлөвлөгөөгөөр л ажил явна шүү дээ. Бидний товлосноор есдүгээр сараас л объектууд маань ашгаа өгөөд эхлэх байсан. Гэтэл ХЗХ дампуурч байна гээд хүмүүс мөнгөө татаад эхэлсэн нь дарааллын дагуу явагдах төлөвлөгөөг бүгдийг нь унагасан. Хүмүүс бухимдаад л мөнгөө нэхээд эхлэхээр бүгдийг нь юманд оруулчихсан байсан болохоор бэрхшээл гарч эхэлсэн. Түүнээс бус манай хоршоонд ямар ч бэрхшээл гарахгүй, төлөвлөгөө ёсоор явсан бол өнөөдрийнх шиг ийм зүйлд хүрэхгүй байсан. Тухайн үед бухимдсандаа хаа байгаа газар чинь та хоёрыг ална гээд янз бүрээр дарамтлах хүмүүс байсан ч манай хоршооны хадгаламж эзэмшигчид бидэнд итгэж, маш хүлээцтэй хандаж байсан. Хэрэв цаг зуурын ийм байдал үүсээгүй байсан бол бид хадгаламж эзэмшигчид, гишүүдээ өнөөдрийнх шиг ийм байдалд хүргэхгүй байсан. Манай “Гэр хорооллын барилгажилт” хоршоо бол хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй хоршоо байсан юм.
-Танай хохирогчдыг хоршооныхоо үл хөдлөх хөрөнгүүдийг хуваагаад авсан тухай мэдээлэл гарч байсан санагдаж байна?
-Манай хоршооны хүмүүс Гэрлээд итгэж байсан учраас хүлээцтэй хандаж байсныг нь би давтан хэлмээр байна. Тэр хүмүүст үнэхээр баярламаар. Гэхдээ сүүлд нь энэ хэрэг гарч, хүмүүс ч гайхшралд орсон доо. Одоо надад хоршооны хувьд ямар ч эрх мэдэл байхгүй. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Миний сонсч дуулснаар хохирогчид “Алтаргана”, “Россия” гээд газруудыг ажиллуулж, ашиг орлогоо хувааж аваад хохирлоосоо хасалт хийх журмаар явж байгаа юм шиг байсан. Гэхдээ ШШБГ-аас нэг л өдөр хурааж аваад, нөгөө тавин хувийн эргэн төлөгдөх нөхцөл рүү орох байх даа. Одоо би чинь хоршооны хэргийг мэдэх байтугай гудамжинд чөлөөтэй явах эрхгүй болсон хүн шүү дээ.
-Таны хүүхдүүд хүртэл аавынхаа хэргийг хамт үүрч байна гэж та хэлэх гээд байна уу?
-Би дээр хэлсэн. Янз бүрийн л аавууд байдаг гэж. Миний хоёр хүүхэд бүх л мэдээллийг авч ойлгож байгаа. Тэд өөрсдийнхөө мэддэг тэр аавыгаа хүн алсан гэж итгэдэггүй байх шиг байдаг. Гэвч тэр хоёрт алхам тутамд нь аавынх нь хийсэн хэргийг хүлээлгэж, адалж байна. Нээрээ, хүүхдийн эрх, эрх чөлөө гэж огт алга аа. Хүү маань өнгөрсөн зун зуслан дээр айлын хүүхдийг жорлонд цоожилчихжээ. Гэтэл нөгөө хүүхдийн өвөө нь “Алуурчны хүүхэд хүн алах нь ээ” гэж хүүг минь орилж загнасан. Хүү маань ч уйлчихсан “Ээж ээ, би алуурчны хүүхэд биш тээ” гээд ороод ирсэн. Үнэхээр хүүгээ хараад өрөвдөж, хэлэх үг олдохгүй байсан даа. Одоо есдүгээр ангийн охинд маань ч их хэцүү байдаг. Өнөө цагийн хүүхдүүд ч их айхтар болчихсон юм байна. Охиныг маань “Аавыг чинь хэзээ яах гэж байна” гэдэг гэсэн. Мөн “Чи энэ хувцсаа ямар удаан өмсдөг юм бэ. Одоо солих болоогүй юу” гэдэг бас амралт зугаалганд явах гээд явахгүй болохоор нь “Яахав, чиний мөнгийг төлчихье л дөө. Харин чи эргүүлж төлж чадах уу” гэдэг гэж байгаа юм. Охин минь хичээлээсээ заримдаа нулимстай буцаж ирдэг дээ. Хүү маань өнөө жил сургуульд орсон. Ямар ч их анкет бөглөдөг юм бэ дээ гэмээр. Байж байгаад л анкет аваад ирнэ. Тэгээд л “Ээжээ би аавыгаа юу гэж бичих вэ” гээд л асуухыг нь харахаар өрөвдмөөр. Бас тэр жаахан амьтны сэтгэл дотор юу гэж бичих вэ гэж бөөн асуудал гардаг байна шүү дээ. Миний нөхөр, бид хоёр яах вэ. Миний хоёр хүүхэд ямар ч буруу хэрэг хийгээгүй. Тэд чинь хүүхэд шүү дээ. Эцгийн хийсэн үйлэнд нь тэднийг бас давхар шийтгэж байна.
Нөхрийгөө би хүн амины хэргээр цагаадахгүй ч хоршооны хэргээр цагаадах цаг ирнэ ээ гэж боддог. Энэ Хадгаламж зээлийн хоршооны хэрэг гэж зохиомол хэрэг гарснаас олон хүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн гэж би боддог. Би энэ хэргийг нэг нь нөгөөгөө алсан гэхээс илүү тэднийг энэ бохир нийгмийн золиос болсон гэж боддог юм. Хадгаламж зээлийн хоршоог дампууруулах явдал бүр бодлоготой хийгдсэн хэрэг шүү дээ.
-Талийгаач залуугийн хувьд төрийн ажилд зүтгэж яваад амиа алдсан нь үнэхээр харамсалтай. Та тэдний гэр бүлийнхнээс уучлалт гуйсан уу?
-Тэр залуу үнэхээр төрдөө хэрэгтэй чадварлаг боловсон хүчин, айлын сайн хань, аав. Бас ээж, аавын хайртай хүү, дүү байсан юм билээ. Үнэхээр харамсаад баршгүй. Хүүгээ алдсан ээж, аав, ханийн сэтгэл ямар байхыг би тэдэн шиг мэдэрч чадахгүй ч хагацал гэж юу болохыг яс махандаа тултал амсч байгаа хүний хувьд ойлгож байна аа. Цэл залуухан бүсгүй, хоёр хүүхдээ тэврээд хоцорно гэдэг аймшигтай. Би хэрэг гарснаас хоёр гурван долоо хоногийн дараа уучлалт гуйхаар очсон. Намайг хүлээж аваагүй. Арга ч үгүй дээ. Хаалганы цаанаас нэрээ хэлж, утсаа үлдээгээд явсан. Бидэнд уучлалт гуйх эрх ч байхгүй гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ манай гэр бүлийг уучилна уу гэж танай сониноор дамжуулан хэлье.
-Та Д.Бадраа агсныг мэддэг байсан уу?
-Би сайн мэдэхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэж л мэднэ.
-Танай нөхрийг түүнтэй ярилцаж тохирсон зүйл байсан гээд багагүй мэдээлэл гарч байсан. Тэд танилууд байсан уу?
-Би үнэндээ нөхрийнхөө ажил хэрэгт огт оролцдоггүй ээ. Нөхөр маань хэнтэй юу ярьж, ямар ажил амжуулж ямар объект худалдан авахыг нь би мэддэг байгаагүй. Сүүлд нь л “Үүнийг авчихсан юм уу” гээд явдаг байсан. Би нөхрийгөө Д.Бадраа агсантай юу ярьж тохирсон гэдэг талаар бас л мэдэхгүй юм байна.
-Тэгвэл та Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан Г.Ганбаярыг таних уу?
-Түүнийг мэднэ. Манайхаар орж гардаг сүүлдээ бид гэр бүлийн найзууд болсон тийм л хүн. Энэ хэрэг гарснаас хойш түүнийг ажлаас нь гаргачихсан юм билээ. Хөөрхий, Гэрлээтэй танил байсныхаа төлөө ажилгүй болсон болохоор харамсалтай санагддаг. Миний нөхөр бол хүнтэй үгсэж хүн алах хүн биш ээ. Зүгээр тэд найзууд байсных нь төлөө Г.Ганбаяр Санхүүгийн зохицуулах хороонд ажилладаг байсан нь таараад тэр залуу ажилгүй болж хоцорсон.
-Саяхны нэг сонин дээр танай нөхрийн хэрэг үйлдэхээсээ өмнө өгч байсан ярилцлагыг хэсэгчлэн тавьсан байсан. Түүн дээр өөрсдөө хөдөлмөрлөж хөлсөө гаргаагүй хүмүүс том том машин унаад явахаар дургүй хүрдэг гэсэн танай нөхрийн яриа байсан л даа. Танай хүн хэдий үеэс бизнес хийж эхэлсэн юм бэ?
-Манай хүн бүр ерээд оны эхнээс л одоогийнхоор бизнес эрхэлж байсан. Тэр үед хувиараа эрхлэх юу гэдэг ч байлаа даа. Подвальд видео кино үзүүлэх гээд янз бүрийн юм хийх гэж оролддог байсан. Бид 1992 онд танилцаад гэрлэсэн. Тэгээд анх аавынд маань хамт хэдэн сар амьдарч байгаад айлын байр хөлслөөд тусдаа гарсан юм. Удалгүй нөхөр маань одоогийн Судалт байгаа тэр хашаа байшинг төрсөн өдрөөр минь авч өгч байлаа. Ингэж л бид хоёр өөрийн гэсэн гал голомтоо асаасан. Хашаандаа түүхий эд авч эхлээд хэдхэн сарын дотор наймаа маань хөл дээрээ босч эхэлсэн юм. Охиноо төрүүлчихээд ойр зуурын юмыг нь хүлээж авдаг ажилтай байсан намайг өрөвдсөн байх “Миний хань сургуульд ор” гээд их сургуулийн оюутан болж байлаа. Би тэр үед хашаанд амьдардаг болохоор нүүрс үнэртүүлээд очдог байж л дээ. Манай ангийн охин чамаас нүүрс үнэртээд байна гэснийг би Гэрлээдээ хэлсэн бололтой юм. Өөрөө ч мартсан байсан. Ажил маань ч маш амжилттай байж, бид хэдхэн сарын дараа аравдугаар хороололд гурван өрөө байр худалдаж авлаа. Тэгэхэд миний хань “Одоо чамаас минь нүүрс үнэртлээ гэж хэн ч хэлэхгүй” гэж билээ. Хөөрхий минь, байранд амьдардаг айлын охиныг хашаа байшинд авааччихсан гээд дотроо их зовнидог байж дээ гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Манай хүн гадагшаа дотогшоо наймаанд их явдаг байсан. Тэр үед ч наймаа ид эхэлж байсан даа.
-Танай гэр бүлийнхэн одоо хаана амьдарч байгаа вэ?
-Би хоёр хүүхэдтэйгээ ээж, аавындаа байгаа. Одоо хоёр хөгшнийхөө тэтгэврийн хэдээр амьдарч байгаадаа үнэхээр ичиж, харамсах юм. Тэгэхгүй гээд өнөөдөр ажил хийх ямар ч боломж алга. Ажилд орох гээд анкет бариад явахаар мэдчихээд л орон тоо байхгүй болчихдог. Хоёр хөгшин маань нэг өрөө байранд амьдардаг. Тэд бас байраа хоёр өрөө болгох санаатай хадгалж байсан хэдэн төгрөгөө манай хоршоонд хадгалуулсан юм. Гэтэл мөрдөн байцаагч нар тэднийг минь “Та нар энэ мөнгөө хаанаас олсон” гээд байцаасан байна лээ. Би одоо боддог юм. Тэд байраа хоёр өрөө болгоогүй нь ч болсон юм. Тэгээгүй бол бас л хүмүүсийн мөнгөөр байртай болсон гэх байсан биз. Гэрлээ маань аав ээж хоёрт “Та хоёр минь манайд мөнгөө хадгалуулж байгаад л удахгүй хоёр өрөө байртай болчихно” гэж байсан юм. Бид тэгж л өөрсдөдөө итгэлтэй ажиллаж байсан шүү дээ. Хэрэв ийм хоморголсон юм болоогүй бол бид хүмүүсийг хохироолгүй бүгдийг шийдэх бүрэн боломж байсан.
-Та ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Би Багшийн их сургуулийн түүхийн багшийн ангийг төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн. Тэгээд тэндээ багшилж байгаад 2005 онд нөхөр маань хоршоо байгуулах үед нь ирсэн. Би үнэндээ дургүй л байсан. Харин Гэрлээ маань “Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр найдвартай хүн хэрэгтэй байна. Чамаас өөр найдчих хүн алга” гэсэн учраас би ажлаа орхисон. Одоо ажил хийх боломжгүй болчихсон нэг хүн байна. Үнэндээ яг яаж амьдрах ёстойгоо мэдэхгүй л байна. Хохирогчидтой таараад “Сайн байна уу” гэхээр сайн уу гэж асуулаа гэж загнана, дуугүй байхаар дуугарсангүй гэнэ. Би энэ амьдралыг яг яавал болох юм мэдэхгүй л явна даа. Биднээс гадна Гэрлээгийн минь ээжий бас л хагацал үзэж, хэцүүхэн байгаа.
-Хадам ээж тань нас өндөр болсон уу. Хадам аав тань зохиолч Ш.Цэндсүрэн гэдэг байх аа…
-Ээж маань одоо өндөр настай. Тэгээд одоо ийм байдалд байгаа эх хүн ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Ээж маань Гэрлээг маань долоон хүүхэд дотроосоо хамгийн ухаантай, өсөх ирээдүйтэй нь гэж боддог байсан биз ээ. Ээж маань гадагшаа олон зүйл хэлээд байдаггүй хүн. Гэхдээ ээжийгээ ямар их шаналж байгааг би мэдэрч л явдаг. Ээж маань “Надад хүүгээ хүлээх нас байхгүй дээ. Эжий нь үхлээ гэхэд хүүг маань гаргахгүй л байх даа” гэж хэлж байсан. Би аль болох хоёр ачийг нь аваачиж, элгийг нь дэвтээж байхыг боддог. Ээж маань их ухаантай, дөлгөөн хүн. Цаад талын хүмүүсийг их өрөвдөж, зовлон үзэж байгаа хүмүүс гэж ярьж суудаг юм. Манай аав яруу найрагч, зохиолч гээд олон талын авьяастай хүн байсан юм шиг байна лээ. Гэрлээг маань зургаан сартай байхад нь нас барсан гэдэг. Манай хүн аавыгаа их дуурайсан, юм юмны захтай их авьяастай. Уран зохиолд их дуртай.
-Утга зохиол сонин дахин гаргаж байсныг нь санаж байна. Бас шоронд бичсэн өгүүллэг нь нэг сонин дээр хэвлэгдсэн байсан..?
-Тийм ээ. Манай хүн тэнд нэг роман бичиж байгаа. Нэгдүгээр бүлгээ бичээд дуусгасан. Өгүүллэгийн ном гаргасан. Шүлгүүд нь гэхэд гурван дэвтэр дүүрэн байгаа. Хань маань тэнд илүү ихийг бясалгаж бодож, түүнийгээ цаасан дээр буулгаж байгаа юм билээ.
-Танай хүн шүүх хуралд цагаан цамц, костюм пиджак өмсч ирэхэд нь хүмүүс янз янзаар хүлээж авсан. Та тэр хувцсыг нь бэлдэж өгсөн үү?
-Тийм ээ. Гэрлээ маань Төрийн өмнөөс хийж байгаа үйл ажиллагаа учраас төрөө хүндэтгэж хувцаслах ёстой гэсэн учраас би тэр хувцсыг аваачиж өгсөн юм. Тэр би ямар хүн байсан түүгээрээ харагдах ёстой гэсэн бодолтой байсан байх.
-Танай хүнийг энэ хэргийг үйлдсэнээс хойш хужаагийн эрлийз гэсэн яриа их гарсан даа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Одоо сэтгэлд таагүй санагдсан хүн бүрийг л тэгж хэлэх болсон юм биш үү. Би лав ханилж амьдарсан 15 жилийн туршид тийм зүйл нэг ч сонсоогүй, тэгж бодогдох нэг ч зүйл олж хараагүй. Нөхөр маань Говь-Алтай аймгийн уугуул хүн.
-Та нөхрийгөө хүний амь бүрэлгэснээс нь хойш хэдэн удаа уулзсан бэ?
-Тоотой доо. 4-5 удаа уулзсан юм байна. Хамгийн сүүлийн удаа наймдугаар сарын сүүлчээр сүүлийн удаа гээд бид уулзсан даа.
-Бүх шатны шүүхээс танай нөхөрт ялын дээд хэмжээ өгсөн. Сүүлийн удаа уулзуулсан гэлээ. Тэгэхээр та хэзээ ялыг нь гүйцэтгэхийг мэдэхгүй байгаа хэрэг үү?
-Энэ тухай бодохоос ч аймаар. Гэхдээ хүн амьтнаас сонсоход хэлдэггүй гэх юм. Бас шарилыг нь өгдөггүй гэнэ. Би энэ хүний ханийнх нь хувьд, хүүхдүүдийнхээ аавын төлөө амийг нь авч үлдэхийн төлөө бүгдийг хийхийг л хүсч байна. Мэдээж, хохирогчийн ар гэрийнхэн хүүгээ алсан хүний амийг өршөөлгөх гэж явж байна гэж үзэн ядахыг би ойлгож байна. Гэхдээ би эхнэр хүний хувьд, эх хүний хувьд хүүхдүүдийнхээ өмнө аавын нь амийг авч үлдэхийн төлөө юу ч хийхгүй байж болохгүй биз дээ. Одоо Гэрлээд маань Ерөнхийлөгчийн өршөөлөөс өөр боломж үлдээгүй. Саяхан охин маань Ерөнхийлөгчид захиа бичсэн байхыг нь хараад би их өрөвдсөн. Хүүхдийн үгээр л би таныг их сайн хүн гэж боддог гээд бичсэн байна лээ. Тэгээд надад “Ээж ээ, Ерөнхийлөгч чинь бурхны шашин шүтдэг гэдэг байх аа. Бурхны шашинд хүн амьтны амь таслахыг зөвшөөрдөггүй биз дээ” гэж байсан. Тэгж суугаа хүүхдээ хараад хэлэх үг ч олдоогүй.
-Танай нөхөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан. Ер нь цаашид УИХ-д нэр дэвших бодол байсан уу?
-Манай нөхөр улс төрийн хүрээнд байр сууриа олсон байсан гэж би боддог. Дүүрэг, нийслэлийн ИТХ-д түүнд олон хүн итгэж хоёр ч удаа сонгосон. Тэр ч хүмүүсийн энэ итгэлийг алдахгүй ажиллана гэж ярьдаг байсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бол гишүүн болчих л байсан байх. Гэтэл түүнийг манай холбоо, намд байгаагүй гээд л хойно хойноосоо мэдэгдэх болсон. Одоо миний нөхөр шиг л муу муухай хүн алга болж дээ. Хүнийг хэрэглэх цагт нь ашиглаж хэрэглэчихээд алдсан цагт нь түлхдэг юм байна.
-Та хоршооныхоо хадгаламж хариуцдаг хүн байсан. Танд ямар нэгэн ял шийтгэл оногдуулсан уу?
-Хэрэв би энэ албыг хашдаг жирийн хүн байсан бол зүгээр л үлдэх байсан байх. Намайг Ц.Түмэнгэрэлийн эхнэр гэдгээр нь давхар ялласан. Надад 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Төлж чадахгүй бол гурван жилийн хорих ял гэсэн. Би одоо энэ их мөнгийг яаж төлөхөө мэдэхгүй л явна. Бид бас тэгж байгаад их муу санаагүй хүмүүс байжээ. Хадгалж цааш авч үлдсэн юм байхгүй. Үнэндээ өөрсдөдөө итгэж байсан учраас хамаг мөнгөө хоршоо руугаа хийсэн. Гэхдээ би энэ хоршоонд ажиллаж байсан хүний хувьд харилцагч нарынхаа итгэлийг алдсан хариуцлагаа хүлээнэ. Би буруутайгаа мэдэж байна. Эргэлтэд оруулсан байсан нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас өнөөгийн байдалд хүргэсэн юм шүү. Би манай хоршоонд ажиллаж байгаад ял авч шийтгүүлсэн хоёр залуугийн өмнөөс маш их харамсдаг. Ерөнхий нягтлан С.Бадрах, ерөнхий менежер Д.Дүүрэнбаяр гээд хоёр сайхан залуу бий. Тэд гэрлэж ч амжаагүй, гадаадад сургууль соёл төгсч ирээд жинхэнэ ажиллая, бүтээе гэсэн насан дээрээ эрч хүчтэй ажиллаж байсан залуус шүү дээ. Өглөө хар эрт ирээд шөнө дунд гэртээ харьдаг байхдаа тэр залуус хүний хийгээгүйг хийчихье гээд л явж байсан. Гэтэл өнөөдөр тэр их ажлынхаа үр дүнг үзэж чадаагүйгээр үл барам чанга дэглэмтэй шоронд зургаан жил хоригдох боллоо. Үнэхээр харамсалтай. Бидэнтэй холбоотой хохирч үлдсэн бүх хүмүүсээс дахин уучлалт гуйя…
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 24, 2016 12:58:50 pm )
Талийгаач Бадраа төрийн бодлогыг буруу эргүүлж амьдрал мэдэхгүй туйлширсанаас л ийм хэрэг гарсан гэж боддог. залуу хүний Албан тушаалын ах дүүсэг холбоо, хэнийрхэл ч нөлөөлсөн
За дүү минь амьд хүн аргатай бүү шантар.-
Anonymous (March 24, 2016 1:55:12 pm )
тэр Бадраа мэдээж дан ганц өөрийнхөө шийдвэрээр л ажиллана гэж байхгүй шүү дээ, ху намын (МАХН-ын) хүн байсан биз дээ ? тэгэхээр цаанаас ху нам нь л удирдаж , энэ залуу намынхаа бодлогын дагуул л ажилсан байгаашд
-
-
Anonymous (March 24, 2016 1:16:33 pm )
Unendee ter Badraa gej zaluu uneheer buruu ajil hiigeed ehluuleed hunii ugeer yavj bsan l hun bsan. ternees bolood bas neg saihan zaluug amidraliig ni ureh gej.. Mash uhaantai hun bna gergii ni ta nart ard tumen tusalnaa
-
Даашка (March 24, 2016 1:21:18 pm )
АРДЫН НАМЫН БАЛАГ ХЭЗЭЭ ДУУСАЖ УЛС МААНЬ УЛС ШИГ УЛС БОЛОХ ВЭ…
-
иргэн (March 24, 2016 1:27:40 pm )
туршлагагүй цэл залуу хүмүүс төрийн чухал албанд гэнэт огцом буруу шийдвэр гаргаж ийм золгүй байдалд орждээ.
-
Anonymous (March 24, 2016 1:57:52 pm )
туршлагагүй залуу хүмүүсийн цаад талд нь муу юмандаа туршлагатай жинхэнэ зэьүүн шулмасууд л байсан байхаа
-
-
Anonymous (March 24, 2016 1:52:09 pm )
хөөрхий дө, өрөвдмөөр юм, гэхдээ намын тухай юу ч хэлсэнгүй, эсвэл үнэхээр өөрөө ойлгодоггүй ч байж болох юм, үнэнхэрэгтээ энэ бүхэн нам гэдэг муу муухайн үүр уурхайнаас болсон байхаа, бид нар дээр үед италын “наймаалж” (спрут) нэртэй киног оросын сувгаар үздэг байсан даа, гэтэл одоо манай улстөрийн намууд тэр италийн мафийгаас огт дутахгүй муухай юм хийдэг бузрын байгуулага болж хувирсан гэж боддог , зөвхөн мөнгөний төлөө шүү дээ …
-
Зочин (March 24, 2016 2:31:27 pm )
Манайх чинь цаазын ялгүй орон биздээ. нэг л сайхан өдөр засаг төр өөрчлөгдөж байгаа юм чинь Бадраа агсаны гэр бүлийнхэн ч гэсэн та бүхнийг уучлаад хань чинь гараад ирэх байхаа. Сэтгэлийн хаттай байгаарай
-
Anonymous (March 24, 2016 2:41:51 pm )
Их сургуульд хичээл заалгаж байлаа.их даруухан цэвэрхэн намуухан гое эмэгтэй байлаа.дэгжин.оюутнуудын нүдийг унагасан л багш байсан.хүний хувь заяа гэж хэцүү юм даа.
-
Anonymous (March 24, 2016 3:00:37 pm )
ер нь бол маш түргэн явагдсан шүү цаазлах ажиллагаа…тэгхээр хэн нэгний хуруу орсон байх…..МАН-ыханы….
-
bor (March 24, 2016 3:44:05 pm )
хэзээ нэгэн цагт бадраа агсаны ар гэрийнхэн уучлан гэж бодож байна.
-
Зочин (March 24, 2016 5:02:45 pm )
Яг унэндээ ХЗХ-нууд дампуураагуй, дампуурахч угуй байсан( ганц нэгээс бусад нь) юм шиг байгаа юм!Ялангуяа тэр “Баян-ендер сан”ХЗХ бол маш их херенгетэй ажил нь их урагштай байсан бегеед тэр ХЗХ-ны (Баярмаа билуудээ) эдийн засагч хуухэн тэр уед Еренхийлегч байсан Н.Энхбаярыг маш хучтэй шуумжилж телевизээр 3-4 удаа ярьчихсан нь тэр ХЗХ-ны дампуурах гол шалтгаан нь болчихсон юм шиг санагддаг юм! Баянендерсан ХЗХ еерийнхее херенгений тэн хагасыг, за усрээд деревний гурвыг зарахад л бух харилцагчдынхаа менгийг бурэн телех херенгетэй байсныг хучээр дампууруулж, эзэн нь болох Сампилдэндэв, Баярмаа нарыг шоронд хийгээд хамаг херенгийг нь хувааж идэцгээсэндээ. Харин “БYTЭЭН БАЙГУУЛАЛТ” ХЗХ бол жинхэнэ утгаараа дампуурсан ба тэр ХЗХ-ноос УИХ-ын гишуун дархан аварга Б.БАТ-ЭРДЭНЭ, тэр уед УИХ-д байлуудаа Буян Жагаа нарын хумуус их хэмжээний менге зээлээд егеегуй гэх. Тэр унийн сонин хэвлэлуудэд их бичигдэж шуугиан тарьж байсныг сайн санаж байна! Хэрэг хуучирдаггуй гэж уг байдаг, Бутээн байгуулалт ХЗХ-ны эзэн байсан нехертэй Буян Жагаа энд тэнд тансаглаж,НАЙДВАРТАЙ ТYHШ ч билуу бичигтэй ергемжлел туг дарцаг гардуулж егч байгаа зэрэг зураг херег их л байсан юмдаг.
-
Anonymous (March 24, 2016 5:58:37 pm )
бадраа буруу бодлого баримталснаас ийм асуудал болсон ч дараа нь ах нь шагналаар Сайд болж байлаа. уучлалыг хүлээн авах байлгүйдээ. “Баяраа өөрөө буруутай” гэдэг.
-
irgen (March 25, 2016 1:01:17 am )
Ter Badraa zalyy xyn bolood ch teryy byryy bodlogo gargacnaac iim asyydal garcan shyydee geendee ch goondoo ch gedeg baixaa. Yamarch baican Eronxiiloch yynd anxaaraltai xandaacai manai ylc chini tsaaziin ylgyi oron bizdee. Xoer xyyxed n bas l orobdoltei yumdaa

14 Comments