
Их бага зүйлд урваж шарвасан хэн бүхэнд туйлын дургүй учраас үүнийг тэрлэхэд хүргэсэн байх, өршөөнө биз ээ. Учир нь “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар нэрээ татсан нь анчинд хөөгдөөд нүхээ олохгүй сандарч байгаа “Хулгар шар”-ыг санагдуулна. Ертөнцөд амьдрах хоногийн тоо нь гүйцсэн “Хулгар шар” шиг муу нүхэнд орж амь тавих төсөөлөл шууд бууж байгаад бас л хүлцэл өчье. МҮАН шошготой Г.Уянга ч М.Энхсайхан нараа бараадах байх. Тиймээс ёс зүйн хувьд Г.Уянгыг шууд утгаар нь буруутгах аргагүй. Яагаад гэхээр тэр бол урвагч биш, эвслээс татгалзсан болохоос МҮАН-аас татгалзаагүй байна, өнөөдөртөө. Энэ утгаараа түүнд амь зулбан гүйгээд гайгүй нүхэнд орчих магадлал бий. Харин МАХН шошготой Л.Цог яах вэ. Тэр бол “Шударга ёс” эвсэл төдийгүй, МАХН-аас нүүр буруулж байгаа учраас жинхэнэ муу нүхний “Хулгар шар”-аар тодорч байна. Л.Цог албан ёсоор МАХН-аас гараагүй ч сүүлийн үеийн түүний улстөрийн үйл ажиллагаа нүүр буруулж байгааг нь төвөггүйхэн хэлээд өгнө. Нуршаад яахав. Дашрамд дурдахад Л.Цог “Шударга ёс” эвсэлд нэг суудал чирч ирээд түүнийхээ ачийг үзээгүй учраас уурласан байхыг үгүйсгэхгүй. Тойрог услана гэдэг амаргүй. Эргээд сонгогч олонтой уулзана гэдэг жинхэнэ халуун тулаан. Энэ бүгдээс харвал нам нь түүнд энэ тал дээр туслаагүй байж бас болно.
Гэхдээ Чингэлтэйн Г.Уянгад ард олон Н.Энхбаярыг бодож санал өгсөн үү, эсвэл М.Энхсайханд тал тохой татаж санал өгсөн үү гэдэг сонирхолтой асуулт хариултгүйгээр үлдлээ. Үүний хариулт нь удахгүй болох сонгуулиар ил болох учраас би наана нь дүгнэж цэгнэхгүй. Л.Цогийн хувьд ч адилхан. Эрдэнэтчүүд чухам Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын алинд санал өгсөн бэ гэдгийг аанай л удахгүй харуулна. Нэгэн насаараа урваж шарваж, нам нам дамжсан Л.Цогийг эрдэнэтчүүд 100 хувийн саналаар сонгоогүй гэдэгт мөрий тавьсан ч болно. Хэрвээ бие даасан бол яах вэ гээд олон асуудал бий.
Өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд яг стандарт гэж болох найман хүнтэй торойж үлдлээ. Тодотговол, хууль ёсоор УИХ-д наймаас дээш хүний суудал авсан улстөрийн хүчин бүлэг байгуулж болдог билээ. Хэвлэл мэдээллээр бичиж байгаа шиг эвслээс гарах дараагийн хүн нь О.Баасанхүү мөн бол эвсэл тарлаа гэсэн үг. Түүнийг Л.Цог нар уруу татах гэж үзсэн ч нэг удаад тэсч үлдээ гэсэн мэдээлэл ч бий. Үнэн эсэхийг бүү мэд. Түүний хувьд ийм алхам хийхгүй л болов уу. Ёстой л “хөнгөнөө хүндээс өгсөн” хэрэг болж таарна. Хэрвээ О.Баасанхүү нүүр буруулах юм бол эвсэл тарахаас гадна эвслийн бүлэгт байгаа хүмүүсийн хувь заяа ёстой л 360 градус эргэнэ. Хэдийгээр хашир туршлагатай ч Д.Тэрбишдагав, Ч.Улаан нарт ч хэцүү байдалд орно. Тэгэхээр энэ эвсэл дараагийн нүүдлээ хийж байж гэмээнэ асуудал шийдэгдэнэ.
Нэлээд эртнээс бие биестээ тэмүүлэх болсон МАН, МАХН хамтран ажиллах эсэх талаар ажлын хэсэг байгуулчихсан гэхээр энэ хоёр бүлэглэл нэгдэхээс өөр гарц үгүй юм. Хууль ёсоор бол тэд нэгдэх эсэхээ дөрөвдүгээр сарын 1-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Ерөөсөө угшил угшлаа дагахад буруудах зүйл даанч үгүй. Хэвлэл мэдээллээр бичиж байгаа 60.40, 80:20 гэх зэрэг харьцааны асуудал бол төвөгтэй зүйл биш. Тэдэнд шалтгаан ч биш, гол хүчин болох МАН мэдээж хувь илүүрхэж таарна. Энэ бол яагаад ч зохицох зүйл. Тэгэхээр МАХН-д хохирох зүйл өчүүхэн ч харагдахгүй байна. Хоёр хүчний хувьд ёстой л “Уруул дордойвч элэг дордойхгүй” гэдэг болох биз. Хоёр хүчнийг нэгдэхэд хамгийн том гацаа нь айдсандаа өлгийтэй байгаа эрх баригчдаас чухам ямар бэлэг бэлдснийг таах аргагүй юм даа. Улстөрийн ууган хүчин МАН-аас айдаггүй хэрнээ засгийн бөөрөнд наалдсан “өчүүхэн” МАХН-аас айгаад байгаагийн цаана Н.Энхбаяр гэсэн нэр л бий. Ямар Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар нараас айв гэж дээ.
Яахав, хэвлэл мэдээллээр эвслийн бүлгээс нүүр буруулж байгаа хоёрын тухайд төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Хардаж таамаглах эрх нь хэнд ч байх ёстой хойно доо. Харин АН-аас эвслийн бүлгийг задлах зорилгоор Л.Цог, Г.Уянга нарыг хөдөлгөөнд орууллаа хэмээсэн нь худлаа байх. АН-д эвслийн бүлгийг задлах нь ямар ч ашиг байхгүй. Гэхдээ үүнийгээ М.Энхсайхантай холбон тайлбарласан билээ. Би ямар Ванга эмээ биш, бусдын адил таамаг дэвшүүлэхэд, Л.Цогийн хувьд АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө гэсэн. Учир нь МАХН-ын орон байрны болон нэг сая ам.долларын тухай яриа бий. Энэ мөчөөс хойш тэрээр намынхаа даргын эсрэг зүйл ярих болсон. Энэ бол Л.Цогийн унаган зан. Тэр ч бүү хэл тэрээр “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Дээр нь өнгөрсөн жил Сөүлээс надруу утасдаж нэг сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй” гэж хэлсэн. Энэ бол түүний амнаас гарах үг мөн. Хэргээ бүтээсэн, одоо яасан ч яахав гэсэн л хандлага шүү дээ.
Түүнийг намынхаа даргын өөдөөс ийн хэдэрлэхэд Н.Энхбаяр “За нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан” хэмээсэн байна лээ. Энэ бол Л.Цогийн арьсаа хамгаалж буй хэлбэр. Тиймдээ ч нэр цэвэр үлдэх гэж эвслийн бүлгээс нүүр буруулж байгааг бид харлаа. Тэгэхээр Л.Цогод АН-ынхан хандаад эвслийг тараая гэсэн санал тавихгүй. Яагаад гэхээр Л.Цог өөрөө ямар ч туйлбаргүй, барилгүй хүн. Өнөөдөр АН-тай, маргааш МАН-тай, нөгөөдөр хэнтэй ч хамаагүй эрх ашгаа нэгтгэж чадах, алдах юмгүй болчихсон улстөрийн хуучнаас хуучин кадр учраастүүнтэй хамтрах асуудал байж боломгүй. Тэгэхээр хэвлэлээр бичиж ярьж байгаа шиг зүйл үгүй байх гэсэн таамагийг дэвшүүлэх байна. Ингэхэд жаран насны босгоор давсан Л.Цог гэдэг хүн өөрөө тэтгэвэртээ суухыг хүсэв үү гэхээр тийм зүйл ажиглагдахгүй юм. Богино ч гэсэн улстөрийн ирээдүйн замыг чухам хааш нь зурайлгасан хүн бэ. МАХН-аас татгалзсан хүн МАН-д нэгдэх боломжгүй. Яагаад гэхээр нүүрээ буруулсан МАХН МАН-д нийлэх биз. Гэтэл цагтаа /1999 онд/ АН-ыг Төрийн эрхэнд жаалж байх цагт тэрээр Хууль зүйн сайд байсан. Харин дараа нь урвасан гэхээр АН түүнийг үүдээрээ шагайлгах ч үгүй биз. Ингэхээр МҮАН гэсэн сонголт л түүнийг угтах нь. М.Энхсайхан “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат нар нэгдэн эвсэл байгуулах тухай мэдээлэл бий. Тэдний нөмөрт нэг удаа сонгуульдахаар шийдсэн байх. Үнэн хэрэгтээ улстөрийн талаасаа МҮАН бол түүний хувьд муу нүх мөн.
Тиймээс түүнийг муу нүхний “Хулгар шар” болох л ирээдүй угтаж байна. Г.Уянгын хувьд “би өнгөрсөн хугацаанд “Шударга ёс” эвслийн бүлэгт шүүмжлэлтэй хандаж ирсэн. “Шударга ёс” эвслийн бүлэг “Монголоо аврах таван хувьсгал” гэх хөтөлбөрийг боловсруулж сонгогчдын саналыг авсан. Энэ хөтөлбөрийнхөө төлөө маш хангалтгүй ажиллаж ирсэн. Хамтарч засаг барьсан. Гэхдээ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаагүй. Хэн сайд болох вэ гэдэг асуудлыг үүнээс илүү чухалаар хөндөж байсан байх. Л.Цог дарга бид хоёрын шүүмжлэлтэй хандаж ирсэн нэг зүйл бий. Бид хоёрын хувьд “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрт орсон өөрчлөлтийн үзэл санаандаа үнэнч үлдсэн” гэсэн байр суурийг илэрхийлж байна лээ.
Айсуй сонгуулиар Г.Уянгыг “Шударга ёс” эвслийн бүлгээс нэр дэвшээд очихоор сонгогч олон таван хувьсгал өнөөх л шударга ёс гээд олон зүйл нэхэж шалгаах учраас тэр ийм сонголтын өмнө очсон байх гэж найдая. Л.Цогийн хувьд ч адилхан зүйл ярьж таарна. Гэхдээ хашир туршлагатай, олон бүлэглэл дамжсан түүний хувьд бол хэзээ ч ийм хувьсгал болохгүй, тийм боломж байхгүй гэдгийг анх МАХН-д нэгдэж байхдаа мэдэж л байсан байж таарна. Тэгэхээр ерөөсөө амь зулбан зугтаж байгаа “Хулгар шар”-ын дүр төрх л санаанд буухаас өөр гарцгүй. Уг нь “Шударга ёс”-д данстай байсан Д.Батцогт шиг хоёр жилийн өмнө гараад явчихсан бол ч бас яахав. МАХН-ын байр орон, нэг сая ам.доллар, гэрчийн мэдүүлэг гэсэн шил дарсан богино хугацааны үйл явдлын дараа болж байгаа нь өөрийн эрхгүй ийн бодоход хүргэлээ.
С.Ууганбаяр
Холбоотой мэдээ
-
зочин (March 24, 2016 11:10:42 am )
УГААСАА МӨН ЧАНАР НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ ХӨӨРХИЙС ХЭНРҮҮ НААЛДАЖ ГАЙ БОЛОХ БОЛ ДОО
-
Зочин (March 24, 2016 11:28:20 am )
Яг унэн, ЭЛГЭНД наалдсан ДЭЛYYHYYД!!!
-
ЗочинГана (March 24, 2016 11:38:38 am )
Муу нүхийг манай нутагт дусаал нүх гэдэг юм билээ. Уул нь Цог гэдэг хүн 1997 онд Наранцацралтын засгийн газарт хууль зүйн сайд хийж байгаад, засгийн газар нь огцорход эр хүний яс зааж Наранцацралтай хамт огцорч,бусад сайдууд / АН/ нь шившигтэйгээр урваж албан тушаалдаа үлдэж байсан даа. Энэ утгаар нь авч үзвэл бас ч гэж “эр хурга”. Харин Уянга гэдэг энэ хүний хувьд огт ойлгохгүй юм. Нэг л их эсэргүүцэл зарласан, тэмцэгчийн дүр эсгэсэн хүн байдаг юм. Одоо ч олон түмэн залхаж байх шивдээ
-
zochin (March 24, 2016 2:13:07 pm )
tsog hydlaa dulzen shuu
-
санай (March 24, 2016 2:17:54 pm )
уянгатай бол ярилтгүйл энэ цогоо ах одо болиоочээ 70 хоээд бгаа юм бишүү 70 насанд даруулга хэрэгтэй бусуу энхбаяр бол шалгарсан хатуужсан улс төрч тэртээ тэргүй тэгээл боорлоод бгаа зарим хүмүүс та одоо болиоочээ нөхөрөө аоаас нь алах хэрэг бгаамуу ард түмэн бүгд таныг муулж бн шүүдээ
-
Улс тор судлаач. (March 25, 2016 12:04:51 am )
Та нар “Намын жагсаал”-аар биш, оорсдийн нэр хундээр нэр дэвшиж, олон тумний дэмжлэгээр гарсан учраас унэхээр зоригтой, зорилго байлаа шуу.Та нарыг дахин дэмжих болно. Амжилт хусье.
-
Жирийн ард байнаа Би (March 25, 2016 10:56:30 pm )
Энэ Цог өнөөдөр ТВ-8-аар ярилцлага өглөө. Ёстой нэг хэн бэ? гэдэгээ жихэнэ харууллаа даа хөөрхий минь. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг Монгол үг байдгийм шүү дээ. Ингэж элдвээр хэлж байгаад Энхбаярыг дахиад хориулаад авах , тэг_ээд Намын дарга горьдож байгаа бололтой юм. Эн- дарга чинь дахиад хориулсан ч гэсэн, хор л өгчихгүй бол яс заагаад л гараад ирэх хүн шүү. Сүүлд нь нэг “боож үхэх бор шидмэс” эрж гүйх болох вий дээ. Эр хүн ч ийм байх нь муухай л юм. Ёстой нөгөө “Эрчүүдийн жудаг яацсым бэ?” гэдэг л санаанд орж суулаа. Хөл нь гозойгоод баригдсан болохоор ард түмэн тэр хүнийг өрөвдөөд байна гэж ард түмнээ доош нь хийж байна энэ хүн, тийм биш шүү тэнэг минь Эн- даргыг дэмждэг хүмүүс ийг тэнэг гэж бүү бодоорой! муухай царайт минь!!!
7 Comments