baasankhuuo2-810x540

МАХН-ын дотоод зөрчил тогооноосоо хальж, сүүлдээ өнөөгийн Засгийн газрыг огцруулж ч мэдэх тийм эгзэгтэй цаг үеийг авч ирлээ. Гэхдээ энэ удаагийн гол баатар нь парламентад “гадуурхагдаж”, намдаа “гологдож” явсан өнөөх О.Баасанхүү гишүүн. Түүнийг өнөөгийн улс төрийн үйл явц хийгээд өрнөл хүссэн, хүсээгүй гол дүр болгож орхив. Харин мань эрийг ямар дүр бүтээж, улс төрийн хувь заяаг хааш нь эргүүлэх бол гэж олон нийт анхааралтай ажиглаж байна. Нөгөөтэйгүүр намынх нь даргаас эхлээд журмын нөхөд нь “Арай ч УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга хоёрын араас орчихгүй байлгүй дээ” гэж найдаж, бүр залбирч суугаа сурагтай. Гэхдээ тэд нэг зүйлийг мартаагүй баймаар. Учир нь, сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа дарга Н.Энхбаяртай эв түнжин муутай яваа. Бүр намаасаа гарахад ч бэлэн гэдгээ хэд, хэдэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж, журмын нөхөддөө уламжилсан. Түүний “Би заавал нам, эвсэлд байх албагүй. Больчих шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ намынхаа дэмжигч, иргэдэд итгэж байна” гэж хэлсэн хэдхэн үгнээс нь л намын дарга, журмын нөхдөдөө ямар их гомдож явдаг нь харагдана.

Үнэндээ түүнд намдаа болон намынхаа даргад гомдох олон шалтгаан бий. Хамгийн наад зах нь, түүнд өнгөрч буй  дөрвөн жилийн хугацаанд “УИХ-ын гишүүн” гэхээс өөрөөр ямар ч “давхар дээл” өмсгөөгүй. Энд УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны даргаар ажилласан хагас жил хүрэхгүй хугацааг нь эс тооцвол шүү дээ.  Гэтэл өөртэй нь адилхан намаас нь сонгогдож, парламентын гишүүн болсон бүх хүнийг их, бага гэлтгүй давхар албан тушаалд томилсон байдаг. Үүнээс гадна өнөөгийн засгийн эрхийг барьж байгаа АН-ынхан орон нутагт томилолттой явахад нь хугацаанаас нь өмнө Байнгын хорооны даргын суудлаас мулталж, оронд нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсонд О.Баасанхүү гишүүн одоо ч гомдолтой явдаг юм билээ. Тэр энэ тухайгаа ч нуугаагүй юм.

Тэрээр “УИХ-ын дарга З.Энхболд ноён зангаа тавиагүй байх шиг. Эсвэл үнэхээр өөрийгөө миний дарга гэж ойлгодог юм уу, мэдэхгүй. Би хувьдаа тэр хүнийг даргаа гэж боддоггүй. Бидний нэг л гэж ойлгодог. Бидний нэг учраас бүх хүнтэй тэгш харьцаасай. Намайг аливаа хурал дээр асуулт асууж, хариулах эрхийг маань хаадаг. Ингэж хурал удирдаж болохгүй биз дээ” хэмээн ярьж байсан гээд түүний гомдож явсан, түүнийг гомдоож байсан үеийг тоочоод байвал дуусахгүй.

Тэгвэл аливаа зүйл ээлжтэй байдаг шиг өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэр баргийн аавын хүүд олдохгүй том олз атгачихаад сууж байна. Хүссэн, хүсээгүй энэ цаг үеийн улс төрийн гол дүр болсон тэрээр “Хэрэв би бүлгээс гарвал “Шударга ёс” эвсэл задарна. Цаашилбал, Засгийн газар шууд огцорно. Өөрөөр хэлбэл, миний шийдвэр эвслийн бүлгийг задлаад зогсохгүй Засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэлтэй. Тиймээс одоохондоо би бодож байна” гэх утгатай сүрхий мэдэгдэл хийж, намынхаасаа гадна өнөөгийн эрх барьж буй АН-ынхныг ч сандаргаж эхэллээ. Гэхдээ тэр яаран шийд гаргасангүй, энэ удаа “Бодож байна” гэх далд утгатай үгээр хурлаа өндөрлөв. Энэ нь өнгөрсөн хугацаанд түүнийг хавчин гадуурхаж, шуудхан хэлэхэд “Хэн ч биш” гэж бодож, харьцаж байсан нөхдөд “Та бүхний ирээдүй миний гарт байгаа шүү” гэж хэлэх шиг боллоо.

Нөгөөтэйгүүр түүний “шунал” юу байх нь одоохондоо тодорхойгүй байна. Учир нь, намын бүлгээсээ гарах гэнэтийн мэдэгдэл хийсэн Л.Цог УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Дээр нь МАХН-ын мэдлийн Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаал өнөөг хүртэл эзэнгүй байгаа.

Тэгэхээр О.Баасанхүү гишүүнийг намдаа үлдээж, эвсэл болон Засгийн газрыг унагахгүй авч үлдэе л гэвэл дээрх хоёрын аль нэг суудлыг амлах магадлалтай. Үүнийг нь олж харсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би бодож байна” гэх үгээр өчигдөр зарласан хэвлэлийн хурлаа өндөрлөсөн ч байж мэдэх. Үгүй гэвэл түүнд намаасаа гарч, Засгийн газрыг унагах шиг амархан зүйл гэж алга. Тэгээд ч тэр намын дарга, журмын нөхөддөө гомдчихсон явааг мартаж болохгүй.

Тэгвэл бас нэг гаргалгаа бий. Өнгөц харахад дээр хэлсэн шиг дүр зураг харагдаж байгаа мэт боловч улс төрийн тогоонд хаашаа ч хальтирч мэдэх О.Баасанхүү гишүүн өдгөө “Женко” Х.Баттулгатай зуузай холбож байгааг үгүйсгэхгүй. Учир нь, тэрээр Х.Баттулга гишүүнтэй нийлбэл бүлгээсээ гарч, “Шударга ёс эвсэл”-ийнхэн эрх зүйн чадамжгүй болохын зэрэгцээ цаад утгаараа өнөөгийн Засгийн газар бутрахаас аргагүйд хүрнэ.

Нийтэд бол О.Баасанхүү гишүүн л муу нэр зүүж, цаг бага үлдсэн байхад төр, засгаар тоглож буй мэт харагдах боловч цаана нь АН-ынхны тоглоомын дүрэм хэдийнэ үйлчлээд эхэлсэн байж мэдэх л юм.

Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүн болон засгийн тэргүүн хоёр нь нэг аймгийнх төдийгүй сайн хөөгөөд үзвэл садан төрлийн холбоотой тухай чих дэлсэх болсон энэ үед тэд нийлж байгаад Х.Баттулга гишүүнийг шахаанд оруулахаар зэхэж эхэлсэн нь нууц биш. Үүнийг нь баталж буй мэт Х.Баттулга гишүүний туслах бүсгүйчүүд ээлж, дараагаараа “аав”-ынд зочлох болсон. Тэр ч утгаараа Х.Баттулга гишүүн О.Баасанхүүтэй тохиролцож, хариуд нь өөрийгөө болоод туслахуудаа уснаас хуурай авч үлдэх нь гэх “бор шувуу” улс төрийн хүрээнд хэдийнэ тархаад байна. Харин “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг О.Баасанхүүд баахан учиг тайлах боломжит зангилаа бий. Түүнийг мань хүн хэний талд ашигтайгаар эргүүлэх бол. Ард олныхоо талд уу, эсвэл ангийн нөхдийнхөө хэн нэгний талд уу гэдгийг хүлээх л үлдлээ.