Б.Амараа хагас сарын өмнө улирсан “2011 он танд баярлалаа” гэдгээ биднээр дамжуулан хэллээ. Уран бүтээлийн олз, омог дүүрэн шинэ 2012 оноо угтаж байгаа авьяаслаг залуу жүжигчний үгийг “2011 он” танд уламжилж байгаадаа таатай байна. Тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй түүнийг уншигчидтайгаа уулзуулах боломж олгосон “2011 он” танд бид ч бас талархаж буйгаа илэрхийлье.
Таньтай ярилцах гээд хэд хэдэн удаа утсаар холбогдлоо. Тэр болгонд Та их завгүй байх шиг байлаа?
Ойрд нилээн их ажилтай байгаа. Оны өмнө амжуулах гээд гүйгээд л байна даа.
Айлын отгон хүү таныг оны отгон зочноороо урьсан нь санамсаргүй зүйл биш. Улирч байгаа энэ онд уран бүтээлийн олз, омог дүүрэн байсан таныг онцолж урьж байгаа юм?
Баярлалаа. Би энэ онд нэг л бүтээл дээр ажилласан. Их хугацаа зарцуулж, нухаж байж гаргасан учраас сайн кино болсон болов уу гэж бодож байна. Нэг зүйлийг их сайн ойлгож авлаа. Социализмын үеийн кинонууд сайн байсан, орчин үеийн кинонууд муу болж байна гэж хүмүүс их ярьдаг. Тэгвэл социализмын үеийн кинонууд сайн болдог байсны учир нь нэг талаас бүтээл дээрээ их удаан сууж ажилладаг байсанд байдаг юм байна. Найруулагчид нь зохиол дээрээ, жүжигчид нь дүр дээрээ их сайн ажилладаг байж. Харин өнөөгийн нөхцөлд техник, технологи хөгжсөн нь кино бүтээх хугацааг хөнгөвчилж байгаа ч, уран бүтээлчид маань хэт их яардаг, түргэн түүхий ханддаг болсон нь бүтээлийн чанар чансаанд шууд нөлөөлж байгааг илүү сайн ойлгож авлаа.
Таны хэлж байгаатай санал нийлж байна. Нийгэмд нөлөөлөх нөлөөллийн тухайд бүх урлагийн дотроос хамгийн аугаа нь гэгдэх кино урлагийг хэт арилжааны өнцгөөс харах болсон нь шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй болов уу?
Тиймээ. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг. Хойшдоо ч ямар кинонд тоглох юм бүү мэд. Гэхдээ “Бодлын хулгайч” киноны хувьд бид кино урлагт маш хүндэтгэлтэйгээр хандсан. Сайн бүтээл хийхийн тулд ямар хугацаа, хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай юм бэ. Тэр бүгдийг нь гаргаж ажилласан.
Бид кино урлаг ид сэргэж буй сайхан үед амьдарч байгаа азтай, хувьтай залуу уран бүтээлчид юм. 1990, 2000-аад оны үед кино урлаг унасан. Тэр цаг үеийн золиос болсон олон уран бүтээлчид бий. Тэгэхээр хийж бүтээх боломжтой ийм сайхан цаг үед ид залуугаараа байгаа кино уран бүтээлчид бид монголын киног дэлхийд гаргаж ирэх хэрэгтэй. Чанартай, чансаатай бүтээл хийхийг зорих хэрэгтэй. Хатуухан хэлэхэд DVD шиг юм хийчихээд рекламаар бөмбөгдөөд л мөнгө олно гэдэг үе одоо өнгөрсөн. Монголын кино унасан өнгөрсөн жилүүдэд гадаадын кинонууд маш хүчтэй орж ирсэн. Үр дүнд нь Монголын киноны зритель өндөр хэмжээнд бэлтгэгдсэн. Сэтгэхүйг нь бэлтгээд өгчихсөн. Тийм байхад бид үзэгчдээ хуурч болохгүй ээ. Хуурах л юм бол шатна, ойчно.
Монголын кино дэлхийд гарах гэдэг дээр тухайлаад асуухад Таныг гадаад харилцаа тал дээрээ нэлээд анхаардаг гэдгийг сонсож байсан. Таны хувийн сайт байгаа юу?
Байгаа.
Үр дүнгээ хэр өгч байна даа…?
Бид 2013 онд том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гадаад харилцааны тухайд би өнгөрсөн хоёр жил National Geographic телевизтэй хамтарч ажилласан. Кино нь удахгүй гарна. Мөн “Аравт” кинон дээр Өвөрмонголчуудтай ажиллалаа. Хувийнхаа шугамаар Лос Анжелес, Чикаго, Нью-Йоркийн театрын жүжигчидтэй хамтарч ажилласан. Дэлхийн зах зээлд гарах тухайд би бодохдоо, бид тийшээ очиж тоглох биш, тэднийг авчрах хэрэгтэй. Улс орон маань хөгжиж, дэвшиж эхэлж байна. Дэлхий Монголыг анхааралтай ажиглаж сонирхож байна. Боломж зөвхөн гадаадад байдаггүй гэдгийг гадагшаа гарч ажил хийх тухай бодож, төсөөлж яваа залуусдаа хэлмээр байна.
“Бодлын хулгайч”-ийг би үзэж амжаагүй яваа. Олон хүн надад энэ киног үзээрэй гэж хэлсэн л дээ. Уг нь интернэтэд тавигдсан юм билээ. Гэсэн ч тэгж үзэхийг хүссэнгүй. Театрт нь үзье гэж бодсон хэвээрээ байна. Мэдээж бодит хүнийх нь туулсан амьдралын тухай баримжаа мэдээлэл надад бий тул би таньтай ярилцаж байгаа юм. Бас та нарын зүтгэж бүтээсэн кино яагаад хулгайлагдчихав аа гэдгийг гайхаж байна. Асуумаар ч байна?
Маш үр өгөөжтэй кино болсон юм. Нэгдүгээрт, хэлэх гэсэн санаа нь хүмүүсийг битгий ороосой л гэж хийсэн кино. “Өөрт нь зөв юм шиг санагдавч эцэст нь үхэлд хүргэдэг зам байдаг” гэж бид энэ киногоор тунхагласан. Энэ Библийн ишлэл. Бид монголын киног нэг шатаар ахиулъя гэсэн, ахиуллаа. Бид энэ киногоороо олон хүнд тусалъя гэсэн, туслалаа. Бид эдийн засгийн хувьд тодорхой ашиг оллоо. Тэгээд алдлаа. Aсар бүдүүлэг, увайгүй үйл явдал нь уран бүтээлчид бидний хувьд төдийгүй бизнес хийж байгаа хүмүүст ч хамаатай зүйл. Та нэг сайхан амттай талх хийгээд хулгайд алдчихвал ямар байх вэ… Бид хулгайлсан хүнийг нь олсон. Хуулийн дагуу эрүү үүсгэн шалгагдаж байгаа. Хүний оюуны бүтээлийг хулгайлж байгаа ийм хүмүүсийг манай хууль хяналтын байгууллага анхаарах хэрэгтэй юм.
Та Ертөнцийн эзэнд итгэдэг юм аа даа?
Тиймээ.
Итгээд хэр удаж байна вэ?
Олон жил болж байнаа.
Шашин шүтэх, эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх эсэх нь та, бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх л дээ. Гэхдээ юу таныг Библи рүү хөтлөв гэдэг сонин байнаа?
Үнэн намайг хөтөлсөн.
Та өөрийнхөө хийж байгаа зүйлийг ярихгүй, хэлэхгүй байх гээд байдаг нь итгэл бишрэл тань таныг “номхотгоод” байдагтай холбоотой болов уу?
Мэдэхгүй юм. Ер нь нэг кино хийчихээд, нэг клипэнд тоглочихоод ярилцлага өгөөд байх нь зөв биш. Бидний дээр өчнөөн мундаг уран бүтээлчид байна. Монголын киног энэ хэмжээнд авчрахын тулд өөрсдийнхөө залуу насаа зориулсан, нийгмийн шилжилтийн үед үр хүүхдүүдээ өлсгөж байгаад монголын киног нуруундаа үүрээд аваад ирчихсэн энэ олон уран бүтээлчид байхад би өөрийнхөө өчүүхэн бүтээлээр онгирч, цоройгоод олон юм донгосоод байх хэрэг байхгүй л гэж боддог юм. Дээд хүмүүсээс би ичдэг. Одоо үед хэвлэлээр их ярьдаг залуус байна. Би тэдний нэг биш. Би зүгээр л жүжигчин хүн. Боломж нээлттэй сайхан нийгэмд амьдарч байна гэж би түрүүн ярьсан. Хэдий тийм ч, би өөрөө муу байх юм бол, худлаа тоглох юм бол арчигдана. Гарч ирэхэд ч амархан. Ойчиход ч амархан. Урлаг их харгис. Урлагийн хүний нэг зовлон эндээ л байдаг.
Монголын киног нуруундаа үүрсэн хүмүүс гэж Та түрүүн их сайхан хэллээ. Үлгэр дуурайлал авч ирсэн, хүндэлж биширдэг уран бүтээлчид тань хэн бэ гэдгийг асуулгүй өнгөрмөөргүй байна л даа?
За манай “Цоохор морины наймаачин” гэж алдаршсан Д.Сэдэд гуай байна. Мэдээж домог болсон Цагааны Цэгмид. Монгол жүжигчдийн уран чадварыг гадаадын жүжигчидтэй харьцуулахад асар өндөр байдаг шүү. Энэ цагийн залуу сайхан жүжигчид гэх юм бол нэгэн үед урлагийн тогоон дотроос хоолоо олж идэж байгаа Эби, Боогий хоёр маань байна. Бид нэг ангийнхан. Мөн Драмын театрын Ц.Цэрэнболд гэж жүжигчин бий. Тэр жүжигчнийг би их хүндэлж явдаг. Н.Онон ах байна. Н.Онон ах маань сайн жүжигчнээс гадна маш түшиг, тулхтай сайхан эр хүн шүү дээ. За тэгээд хүндэлж бахархаж явдаг олон сайхан жүжигчид байна даа.
Жүжигчний уран чадварын тухай ярихад тань нэг зүйл санаанд буулаа. Таван жилийн өмнө МУГЖ Б.Дамчаа агсантай ярилцаж байхад “…Одоо ерөөсөө кинонд тоглоно, жүжиглэнэ гэдэг асуудал байхгүй болсон… . Миний хамгийн их айдаг юм бол залуучууд бидний мөрөөр орж болохгүй. Одоогийн залуус бидний үеийн кино бүтээдэг, дүрдээ хувиран ордог арга, найруулга зүй, зураглаачийн арга барил энэ бүх юмыг орхих хэрэгтэй…” хэмээн хэлж байсан юм. Ер нь таныхаар уран чадвартай сайн жүжигчин гэж ямар байхыг хэлэх вэ?
Би үүнийг тодорхойлох нь харьцангуй, учир дутагдалтай байх. Өөрийнхөө бодлыг хэлэхэд тухайн өгөгдсөн нөхцөлд үнэн амьдарч байгаа хүнийг л би сайн жүжигчин гэж ойлгодог.
Их гоё тодорхойлолт байна. Надад их таалагдлаа..
Баярлалаа. Миний багш надад “Амараа чи сайн тоглоно гэж битгий бодож байгаарай. Чи үнэн тоглоё л гэж бодоорой” гэж захьсан юм.
Энэ киноных нь үргэлжлэх хугацаа ямар билээ?
Манай кино 2 цагийн бүтээл.
Амараа үнэхээр мундаг тогложээ гэсэн үгийг олон хүнээс сонссон юм. Тэгэхээр би таныг 2 цагийн турш үнэн амьдарч чадаж л гэж хараад байна. Мэдээж үзэгчдээс ирж байгаа эерэг хандлагаас их таашаал авдаг байх?
Тэгэлгүй яахав. Сайн тоглосон гэдгийн тухайд хүмүүсээс сонсож байгаа ч, үнэхээр сайн тоглосон юм уу гэдгийг гэр бүл, дотны найз нөхөд л хэлдэг юм байна лээ. Хэрэв би сайн тоглосон гэж харагдаж байгаа бол киноны туслах дүрүүд үнэхээр сайн тоглож. Хааныг чинь харц ардууд нь тоглодог. Тэд л хааныг хаантаан гэж байж хаан гэдгийг нь мэдрүүлдэг болохоос, хаан ганцаараа би хаан гэж орилоод хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр миний ээжид тоглосон Дээгий эгч, Болдоод тоглосон Баясаа, мөн Батмэнд, Мөрөн, манай найруулагчид гээд бүгд л нийлж байж Гантулгын дүр гарч ирсэн.
Нэг киноны гол дүрд тоглоод л, цоороод цойлоод сонин дээр ярилцлага өгөөд биеэ тоогоод, хамраа сөхөөд хайлж дуусч алга болж байгаа уран бүтээлчид зөндөө л байдаг. Тэд багийн тоглолт гэдгийг ойлгодоггүй.
Түүнчлэн энэ кино Продюсер яаж ажилладагийг харуулсан. Тэр тусмаа эмэгтэй продюсер харуулсанд баяртай байгаа. Анх Уянгыг продюсерлэнэ гэхэд олон хүн эргэлзэж байсан. Харин Уянгаа юу хийж чаддагаа энэ киногоор харууллаа,. 200-гаад хүний бүрэлдэхүүнтэй кино группыг базаад, нэгтгээд, амжилтад хүргээд дуусгаж байна гэдэг бахархмаар л юм. Монголын кино урлагт нэг сайн продюсер шинээр гарч ирж байгаад талархалтай байна.
Сайн кино хийхэд хамгийн чухал гурван зүйл бий гэдэг. Тэдгээр нь “кино зохиол” гэдэг шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд манай кино унахад эдийн засгийн гачаалаас гадна, кино зохиолын хомсдол чамгүй нөлөөлсөн гэдэг дээр та юу хэлэх вэ?
Бид энэ киног бүтээхэд зарцуулсан хугацааныхаа талыг зохиол дээрээ суухад зориулсан юм. Бид нэг философи барьж авч ажилласан гэдгээ түрүүн хэлсэн шүү дээ. Гоё сэдэв , үйл явдал, өрнөл байгаад, хэчнээн сайн зохиол байгаад ч сайн кино болохгүй байх тохиолдол байдаг. Тэр нь мөн чанарыг нь олж, гаргаж чадаагүйтэй холбоотой л гэж би хэлэх гээд байна. Зохиол дээрээ суу гээд байгаа чинь, амин сүнсийг нь л гаргаж ир гээд байгаа юм. Дүр дээрээ ажилла гээд байгаа чинь тэрийгээ л ол гэсэн үг юм. Ер нь сэтгэл зүрхээ өгч, түүгээрээ өвчилж, эмзэглэж хийсэн бүтээл амжилтад хүрдэг юм байна гэдгийг энэ киногоороо сайн ойлголоо. Тамирчид гэхэд бүтэн жил бүхий л бие сэтгэлээ зориулж бэлдээд нэг л хоромд амжилтад хүрдэг. Зүгээр байж байгаад амжилтад хүрнэ, сайн кино хийнэ гэж байхгүй. Асар их зүйлээ зориулж байж л үр дүнд хүрнэ шүү дээ.
Найруулагчид жүжигчнийхээ хувь характерт тохируулаад дүрийг засдаг, янзалдаг гэдэг шүү дээ. Тэрчлэн зөвхөн Амараад зориулсан дүрүүд хэт олон болохоос, нэг хэв загварт орохоос өөрийг тань болгоомжилж эхэлсэн талаар дуулж байлаа. Сүүлийн дүр дээрээ тухайлаад ярьвал?
Энэ киног тэгж хийгээгүй. Би Гансүхтэй заавал адилхан байх шаардлагагүй. Яагаад гэвэл бид уран сайхны кино хийж байгаа учраас. Хоёрдугаарт, энэ кинон дээр найруулагч намайг эвдэж тоглуулсан. Надаас өөр хүн хийж өгсөн. Би ч их хичээсэн. Өмнө нь Тавилан, Боолын гэрээ гэдэг хоёр киноны дүрийг бол надад зориулаад биччихсэн байсан гэхэд болно.
Та түүхэн дүр бус хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрийг л тултал нь бүтээхийг хүсч байна гэж байсан. Гантулгын дүрийг Та тултал нь бүтээж чадсан уу?
Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун гэж үг бий шүү дээ. Урлаг бол сэтгэлийн хөдөлгөөний илрэл дээр байдаг зүйл гэж боддог. Энэ киног үзсэн хүмүүсийн 80 хувь нь сэтгэл нь хөдлөөд гарч байгаа бол болж байна. Жүжигчин талаасаа хийсэн ажил болж байна гэж л ойлгож байгаа. “Цоохор морины наймаачин” Д.Сэдэд гуайг хар л даа. Түүхэн дүр биш. Гэтэл түүх болтол нь тоглосон байна шүү дээ.
Гантулга тэгж амьдрах болов уу?
Хоёр талтай юм. Яг энэ жанртаа, “Бодлын хулгайч”-ийг гүйцэх кино гарч иртэл амьдрана гэж л харж байна даа.
Дэлгэцийн бүтээлд тэр бүр хөндөөгүй сэдэв учраас урт амьдрах болов уу гэж л хараад байна?
Магадгүй. /инээв/
Д.Төрмөнх гуай монголын улстөр, эдийн засгийн сүүлийн 20 жилийн түүхийг харуулсан, их сонирхолтой олон ангит киноны зохиол бичиж байгаа гэсэн. Киноны гол дүрд нь та тоглоно гэл үү?
Энэ тухай хаанаас олж сонсов оо?
Харин сонслоо л доо. Тэгээд л асууж байна?
30 ангитай сериал “Wisdom film продакшн” захиалж хийлгэж байгаа юм. Одоо зохиол дээрээ явж байгаа. Тиймээс бэлэн болсон хойно нь л энэ тухай яръя.
Ингэхэд жүжигчин Амараа бүтээсэн дүр шигээ алдаж, онож явсан гэсэн мэдээлэл гарсан байсан?
Харин тэгсэн байна лээ.
Хэцүү нэртэй газар орж, гарч байсан юм байна гэж ойлгосон л доо?
Factnews.mn сайт дээр “Амараа ойворгон, онгироо, овлигогүй зангаасаа болж олноос тусгаарлагдаж байсан” гээд бичсэн байсан. Тэгэхээр нь би хэзээ орж байсанaa сэтгүүлчээс нь асуусан. Гэтэл миний өмнөөс “та өөрөө ярилцлага авах гэхээр өгдөггүй биз дээ” гэсэн зүйл хэлсэн. Өнөө үед газар авч байгаа зарим сэтгүүлчдийн ёс зүйгүй энэ муухай авир нь олон хүний амьдрал, нэр төрөөр тоглож байгаа шүү. Надад муухай санагдсан.
Бүтээж байгаа дүрүүд тань олны сэтгэлд хүрч байгааг таны авьяас чадвараас гадна төрхтэй чинь холбож ярих ёстой болов уу. Таны төрх их хүчирхэг, ширүүн юм шиг санагддаг. Төрхөөрөө бас үзэгчдийг татдаг байх аа?
Дүр төрх минь аавтайгаа илүү адил ч тэр хүний хаана нь ч хүрэхгүй ээ. Миний аав сайхан бие хаатай, сайхан царай зүстэй, халхын сайхан эр байлаа. Аав маань маш жудагтай, жинхэнэ монгол эрийн шинжийг бүрдүүлсэн эр хүн байсан юм. Би аав шигээ л болохыг чармайж явдаг. Бага байхад хэнтэй адилхан болох вэ гэж асуухад өөр бусад нэр алдартай хүнтэй адилхан болно гэж хэлдэг байж. Харин он цаг өнгөрч, ухаан суух тусам аавтайгаа л адилхан эр болж, аавынхаа нэрийг өндөрт дуурсгаж явахыг чин сэтгэлээсээ хүсэх юм. Ер нь эцэг эхийгээ баярлуулж, үр хүүхдээ сайхан өсгөж, хүмүүжүүлж, сайн сайхан явахыг үзэх л хүний амьдралын гол утга учир байдаг юм байна.
Хүүгийнхээ бахархал болсон аав тань аль нутаг усны хүн бэ?
Төв аймгийн Эрдэнэсант сумын хүн.
Та айлын бага хүүхэд гэхээр ээж тань өндөр настай хүн байх?
Манай ээж Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Одоо 80 шахаж явна даа. Ээжийгээ 42 настай байхад би төрсөн юм.
Ээж нь хүүгээ дэлгэцээс харахаар сайхан байдаг байх. Аав нь мэнд сэрүүн байгаад бас хүүгээ харсан бол гэж боддог л байх даа?
Би дандаа тэгж боддог. Ээжтэйгээ дандаа л тэгж ярьдаг юм. Аав минь байсан бол ийм үед юу гэх байсан бол гэж. Аавыгаа амьд сэрүүн байсан бол хамгийн гоё машиныг нь унуулаад, нутаг усаар нь авч явах байсан гэж боддог юм. Би одоо найз нартаа “Эцэг эхийгээ хайрлаж байгаарай” гэж хэлдэг. Ээж, аавыгаа баярлуулаагүй хүн их хэцүү зовлонтой амьдралыг туулдаг юм байна лээ. Би олон жишээ мэднэ. Хүний нэг эрхэм үүрэг бол ээж аавыгаа баярлуулж өргөж явах.
Одоо бодоход аавыгаа хамгийн ихээр баярлуулсан үе хэзээ юм шиг байна?
Миний аав намайг 12 настай байхад өөд болсон. Би баримлын шавраар их сайн юм хийдэг хүүхэд байлаа. Пионерийн ордны баримлын дугуйланд явдаг байсан юм. Багадаа аавдаа зориулж баримлаар морь хийгээд л өгөхөөр их баярланаа. Миний хүү ингэж хийж гээд л найзууддаа яриад л. Бүр хөргөгчинд хийж хадгалаад л, эсвэл тагтан дээр гаргаад л. Их нандин хандана шүү. /Инээв/
Он гарахад хэдхэн хоног үлдэж. Шинэ жил дөхөхөөр л догдолдог мэдрэмж хэвээрээ биз дээ?
Хэвээрээ байлгүй яахав. Тэр мэдрэмж байхгүй бол утгагүй шүү дээ. Төрсөн өдрөөс ч илүү гоё баяр. Юун наадам, юун цагаан сар. Тийм биз дээ./инээв/
Нас нэгээр нэмэгдэж байгаа ч, шинэ болгон урд хүлээж байдаг болохоор тэгдэг болов уу?
Миний хувьд 2008, 2009, 2010, 2011 он гээд жил ирэх тусам шинэ шинэ үйл явдлаар дүүрэн байлаа.
Амжилтын шатаар өгсөж гэвэл та санал нийлэх үү?
Амжилт гэхээсээ илүүтэй миний бүтээлүүдийн хувьд шат ахиж байна л гэж ойлгох хэрэгтэй юм байна. Юуг амжилт гэдгийг би мэдэхгүй байна л даа. Ер нь бол амжилт бүтээл гэж ярьдаг шүү дээ. Амьдралын хувьд амжилттай байна уу байнаа байна.
Шинэ 2012 оноос та юу хүлээж байна вэ?
Би арван хоёр оноос маш их юм хүлээж байгаа. Арван хоёр онд сайхан уран бүтээлд тогломоор байна. Би сайн кинонд сайн тогломоор байна. Өшөө олон сайхан залуучуудтайгаа хамтарч ажилламаар байна, би. Тийм л сайхан зүйл хүлээж байна.
Таны дотор их эрч хүч байх шиг байнаа. Тэсч ядсан юм шиг. Тэгж л санагдлаа?
Амлаж бол чадахгүй байна. Төлөвлөсөн зүйлс олон байлгүй яахав. Ингэнэ, тэгнэ гэж нэг бүрчлэн тоочих хэмжээнд арай болоогүй байна. 2010 оны өдийд би “Бодлын хулгайч”-ийн тухай бардам ярьж байсан. Дараа жил ганцхан кино хийнэ. Би тэр киногоо тэгж хийнэ гэж ярьж байсан. Бүр киногоороо шатаж явсан. Жилийн өмнөхөө өнөөдөр харахад сайхан байна. Энэ жил маш гоё өнгөрч байна. Баярлалаа, 2011 он гэж хэлмээр байна.
Ингэхэд гэр бүлийн найзуудтайгаа шинэ жилээ тэмдэглэдэг үү?
Тийм. Найз нөхдөөрөө хийнэ. Байгууллагаараа мэдээж тэмдэглэнэ.
Хэдэн сайхан найзуудаа нэрлээч?
Би сая “Бодлын хулгайч” кинонд дотны найзтайгаа тоглолоо. Болдоогийн дүрд тоглосон Баясгалан гэж миний их сайхан дотны найз минь байна. Авто спортын мастер Памбага гэж найз минь байгаа. ЭНЭШТ-ийн орлогч дарга Эрхэмбулган гээд миний маш дотны найз бий. Их дотны найз гэвэл гурав, дөрвөн найзаа нэрлэх байна. Уран бүтээлийн, ажил хэргийн гээд олон сайхан найзууд мэдээж байна.
Хүний мөс чанар гэдэг юм үнэ цэнээ алдаж байгааг бишгүй ярих болж. Тэгээд л би таниас найзын тухай асуусан юм…?
Монгол газар шороон дээр монгол эхээс мэндэлсэн хүний хувьд монгол залуусдаа хандаж хэлэхэд бид үндэсний ухамсартай байх ёстой. Эх орноо, газар шороогоо хайрлах хэрэгтэй. Энэ тал дээр би хэнбугайн ч өмнө дуугарч чадна. Би сая Израйль яваад ирлээ. Тэндээс авах ганц л юм байна. Тэр хүмүүс бие биедээ ямар их хайртай юм бэ. Израйлиас тэр их хайрыг би мэдэрлээ. Иудейчүүд олон жилийн дайн, хавчлага дор эх оронгүй байх ямар байдгийг бие сэтгэлээрээ туулаад үзчихсэн. Зовж байж Израйль гэж улсыг байгуулаад, нэг тэнгэрийн дор, нэгэн дээвэр дор амьдарч байгаа хүмүүс. Тиймээс бие биедээ маш их хайртай байдаг юм байна л даа. Бидэнд тэднээс сурах юм байна. Бие биедээ хайртай байх ёстой юм байна. Тэгэхээр бид эх орноо хайрлана. Бид хөгжинө. Хөгжил дэвшил гэдгийг техник технологийн хөгжил гэхээсээ илүү хүний хөгжил гэдгээр нь би ойлгодог. Өндөр байшин бариад л, компьютержих нь байх л юм. Угаасаа энэ нь урсгал энерциэрээ явж байгаа. Бид монгол хүнийхээ оюуны хөгжлийн тухай илүү тод ярьж, илүү бүтээлч зүйлийг хийх ёстой болов уу.
Чингис хаан яагаад тийм хүчтэй байсан юм бол гээд харахад хүнээ, цэргээ сургаж төлөвшүүлсэн байж. Монгол хүний ухамсрын төвшин бусад орныхоос маш өндөрт байсан учраас хүчирхэг байж. Өнөөгийн нийгэмд өөр байна. Кино театрт согтуу орж ирж байна гэдэг чинь ухамсар дорой байна. Автобусанд тамхи татаж байна гэдэг чинь ухамсар дорой байна. Ерөөсөө ухамсрын төвшин рүү чиглэсэн зүйл л хийх хэрэгтэй байна гэж би хардаг.
Та ер нь нэлээд нийгмийн идэвхи өндөр хүн юмаа?
Төрийн төлөө оготно боож үхнэ гэж хэлдэг. Гэхдээ төрийн төлөө оготно боож үхэх ёстой юм. Нүүдэлчний генид байдаг амиа бодсон шинж чанар бидэнд байсаар байгаа. Гэтэл паалантай жорлонд суугаад хэдэн арван жил болж байгаа билээ. Суурин соёл иргэншилд нэвтрээд хэчнээн жил болж байгаа билээ. Тиймээс бид иргэнших хэрэгтэй.
Миний хувьд усны төлөө ямар нэг юм хийе гэж бодож явдаг. Том голуудыг дагаад бүх соёл иргэншил үүссэн байдаг. Москва гол, Инд мөрөн гээд л. Шар мөрний эрэг дээр Хятадын том соёл иргэншил цогцолсон. Бидний хувьд Орхон Сэлэнгийн бэлчирээ дагаад, Хэрлэн мөрнийг дагаад Хэрэйд, Найманууд нутагласан байдаг шүү дээ. Гэтэл одоо гол ус маань ширгэж байгаад би эмзэглэж явдаг. Энэ крантнаас сүүлчийн дусал ус нь хэзээ дуслах бол гэж боддог юм.
Нээрээ Та ирээдүйгээс бичсэн захидлыг уншсан байх аа?
Тийм. Би өөрөө интернэтэд тавьж байсан. Уул уурхай усыг маш их ашигладаг. Манайх шиг гүний усаар машин угаадаг улс орон хаа ч байхгүй. Багадаа сэлдэг байсан Дунд гол маань байхгүй болчихлоо. Манайх чинь төв азийн тэгш өндөрлөг дээр байдаг. Бүх ус нь гадагшаагаа урсдаг тогтоцтой. Монгол руу урсдаг гол гэж байхгүй. Би сая “Алтан өргөө” киног дахиж үзлээ. Ямар мундаг кино вэ. Тэр киноны маш том санаа байна. Хэсэг иргэд усгүй болчихоод Сүмбээгээсээ “Ус авчирч өгөөч ээ. Оронд нь алт өгье өө” гэж гуйдаг. Тэгсэн мэргэн ардаас асуусан чинь голынхоо эхэнд оч гэдэг шүү дээ. Тэгээд очтол голынх нь эхэнд авдар шиг том алт дарчихсан байдаг. Алт уснаас үнэтэй болчихож. Энэ санаа өнөөдөр монголд үүсэх нөхцөл байдлыг урьдчилж хэлсэн байна шүү дээ.
Таны өмнө “шатаж” бүтээх олон дүр хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Магадгүй, нийгэм рүү чиглэсэн шийдвэр гаргахын тулд улстөрд орох боломж гарвал яах вэ?
Намайг улс төрд орох уу гэвэл хэзээ ч үгүй ээ. Харин улс төрчийн дүрийг бүтээ гэвэл болох. Тэгээд тэр нь нийгэмд нөлөөлж байвал өчүүхэн миний хэрэг бүтэж байгаа нь тэр. Миний мэргэжил улс төрч байтугайг нь ч хийнэ шүү дээ.
Цэргийн эргэлтээр улстөрийн эрхийг авсан улс орнуудын төрийн эрх мэдэл нь дандаа генералууд, цэргийн эрхтнүүдийн гарт байсан байдаг. Тэгсэн Монгол Улс ардчилсан тогтолцоог дайн байлдаан хийлгүйгээр, оготны хамраас цус гаргалгүй хийсэн нь нэг талаас бизнесмэнүүд төрд гарахад илүү боломж олгосон юм болов уу. Манай УИХ-ын гишүүдийг харж байхад ихэнхи нь улстөрчид биш бизнесийн хүмүүс байдаг. Байх ёстой л доо. Заавал эрх зүйч хүн парламентад суух ёсгүй гэж би боддог. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөл учраас байх ёстой. Гэхдээ манайхны дийлэнхи нь хууль боловсруулахдаа бизнесийн ашиг сонирхол талаасаа ханддаг юм шиг санагддаг. Хэсэг хугацааны дараа жинхэнэ улстөрийн бодлого боловсруулдаг, жинхэнэ амьдралын хөрсөн дээрээс гарч ирсэн улстөрчид төрд гарч ирэх байх гэж найддаг шүү.
-Надад бас тийм найдлага бий шүү… За бидний ярилцлага ингээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. Шинэ 2012 онд ч бас баярлалаа гэдгээ Та биднээр дамжуулан хэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Э.Болор
Эх сурвалж: Зэрлэг Алим
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 17, 2012 10:12:15 am )
tamirchid 4 ,8 , 10 jil hols huch abyasaa shabhajiij neg ym amjiltand hurdeg ym.
-
Anonymous (January 17, 2012 1:25:10 pm )
saihan yariltslaga ugjee hehe
-
Anonymous (January 17, 2012 1:44:38 pm )
shaa shaa teneg zaluu
-
Anonymous (January 17, 2012 1:45:46 pm )
tiim sain jujigchin bol bish uuchlaarai minii huvid shuu ke ke
-
Anonymous (January 17, 2012 4:34:53 pm )
gots kino bol bish, tehdee odoo garch baigaa kinoonzortoi zirlehed ahitstai, jujigchinii huvd saihan zaluu bolohoos yun yasan delhii, holliwood, yadaj orosiin mashkov, bezrukov eneter shig bolchih doo.
-
Anonymous (January 17, 2012 11:44:49 pm )
tom yum yaridag ch tom zuiliinhee toloo hodolmorloj bgaa zaluu
-
Anonymous (January 18, 2012 7:19:21 am )
amjilt husye amaraa.ajil hudulnuruuruu manlailj yawaa zaluuchuudiin tuluulul shvv.
-
Anonymous (January 18, 2012 9:04:28 am )
saihan zaluu bnaa
-
Anonymous (January 23, 2012 4:34:58 pm )
itgel chin tugs ur duntei baig.delhiin hemjeend setgeeree.
9 Comments