
“Ахын хишиг дүүд олдохгүй” гэдэгчлэн Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо хэмээх ТББ-аас өчигдөр бас хэвлэлийн бага хурал зарлаж, “Байгалийн баялгаас олох орлогоос Монгол Улсын иргэн бүрт хоёр өрөө орон сууц үнэгүй өгөх”-ийг шаардаж, энэ бодлогыг гаргаж чадахгүй бол ирэх арванхоёрдугаар сарын 25-ны дотор огцруулна гэв ээ. Гэм биш зан, гэнэт биш хууч гэдэг бил үү.
Чуулганы нээлт болгонд давтагддаг улиг болсон үзэгдэл энэ намар дахиад л эхэлж байгаа нь энэ. Шинэ юм алга. Дээр нь энэ жил сонгуулийн өмнөх жил. Тийм учраас аль ч тохиолдолд огцруулах шаардлага тавиад яваа нөхдийн 100 хувь зөв болж харагдаж байгаа юм. Тэд ч гэсэн сонгуульд ормоор, наана нь жаахан улс төр хиймээр, оноо цуглуулмаар байгаа шүү дээ. Яагаад гэвэл манай улс төрд хэн зөв ярьсан нь биш, илүү чанга дуугарсан нь тодорч харагддаг хуультай.
Гэмшил үүгээр дууссангүй ээ. Лхагва гаригт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газрыг дахин загнахаар болов. Учир нь Хүний хөгжил сангаас иргэдэд сар бүр олгож буй 21 мянган төгрөгийг тараахдаа Хадгаламж банк шимтгэл авсан байна. Шимтгэлийн мөнгө нь 350 төгрөг. Тэгсэн УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол нар Байнгын хорооныхоо эрчүүдийг чихдэж ирж суулгаж байгаад, “Иргэдэд 21 мянга биш, ердөө 20 мянга 650 төгрөг л очиж байна” гэж ирээд уйлан загнав. Яг л “20.650 төгрөгийг нь банк аваад, 350-хан төгрөгийг иргэдэд өгчээ” гэж байгаа юм шиг. Үг өгүүлбэрийн хаана өргөлт, хаана буцалт хийх энэ тэрийг бол оны шилдэг гол дүрийн жүжигчингээс ч илүү мундаг үзүүлж байгаа юм.
Тэгэнгүүд нь хөөрхий Сангийн яам, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны нөхдүүд сандралдаад л мэдэгдэл хийж байна. “Хаан банк мөнгө тараахаас татгалзаад, Хадгаламж банк шимтгэл нэхээд” гээд л баахан зовлон тоочсон. Харин цаадуул нь “төрийн үйлчилгээг иргэдэд үнэгүй хүргэх ёстой” гээд гүрийгээд байдаг. Тэгээд Засгийн газар банкныхны лоббид автсан байна ч гэх шиг. Ингэхэд бид чинь ямар нийгэмд амьдраад байна аа. Хадгаламж банк яахаараа төрийн өмнөөс үнэгүй үйлчилгээ үзүүлдэг билээ. Үнэгүй үйлчилмээр байвал УИХ-ын гишүүд өөрсдөө 21 мянгаа тэврээд явган гүйхгүй яасан юм бол оо, өөрсдийнх нь сэдсэн ажил шүү дээ. Автобусаар нэг буудал явахын тулд 400 төгрөг төлдөг. Тэгэхэд банк хүн тус бүр дээр бичилт хийж, гүйлгээ гаргасныхаа төлөө 350 төгрөгийн шимтгэл авч яагаад болохгүй гэж.
Хачирхалтай нь Хадгаламж банк 21 мянгыг олгож эхэлснээс хойш гурван сарын хугацаанд иргэд энэ шимтгэлийн талаар нэг ч удаа гомдол гаргаагүй юм билээ. Гэтэл тэдний өмнөөс УИХ-ын гишүүд учиргүй гашуудан матрын нулимс унагав. Энэ “матрууд” лав ирэх сонгууль хүртэл нулимсаа үерлүүлэх байх шүү. Сэлүүргүй гарсан бид яана аа.
Матар барьж идсэн амьтнаа өрөвдөн хэзээ хойно араас нь уйлдаг гэж ёгтолдог. Угтаа бол хомхой амьтан болохоор бүхлээр нь залгичихаад хоолойд нь торохоор нулимс нь гардаг юм гэнэ лээ. Харин манай улстөрчдийн хувьд ирэх сонгуулиар гарч чадах уу, яах уу гэдэг асуулт л хоолой дээр нь тороод байна даа.
Холбоотой мэдээ
Comments are closed.