antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 Comments are off

”Их хурал хуралдсан ч даргын асуудал ярихгүй”

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай Н.Алтанхуяг даргын мэдэгдэл олон хүнийг “шок”-онд оруулж, бас олон хүнийг баярлуулсан байх. Та жишээ нь яагаад ҮЗХ-ныхоо хуралд оролцоогүй юм бэ?

-Надад хувийн шалтгаан байсан юм аа.

-Намынхаа даргад “Одоо гар аа” гэж хэлчихээд л нуугдчихсан юм биш үү, миний харахад?

-/Инээгээд/ Хүмүүс өөр өөрийнхөөрөө л харна биз дээ. Би бол хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэдгийг Н.Алтанхуяг даргаас маш тууштай шаардаж байсан. Сүүлийн хэдэн сарын турш уулзах болгондоо хэлж байсан үг маань тэр. Худалч хүнд “Засгаас хэзээ гарах гэж байна аа” л гэж мэндэлдэг болсон. Ганц би ч биш, манай намын бүлгийн гишүүд бүгд тэгж шаардаж байсан.

-Гэхдээ яагаад одоо гэж. Өмнө биш, бас дараа нь биш?

-Н.Алтанхуяг хариулахдаа “Эгзгийг нь олж гарах хэрэгтэй” л гэдэг байсан. Тэгээд эгзэг нь одоо л ирсэн юм байлгүй. Би бол эгзгийг яаж олсныг хэлж мэдэхгүй. Яах аргагүй гарсан нь зөв болсон гэж л баярлаж байна. Гараагүй байсан бол манай нам сонгуульд яаж орох байсныг мэдэхгүй. Засгийн газраас гарсан нь Ардчилсан намд аягүй утга учиртай зүйл болсон. Ний нуугүй хэлэхэд хамтарсан Засгийн газрыг байгуулснаар сонгууль явуулах нь ерөөсөө утга учиргүй зүйл болсон шүү дээ. Яах гэж иргэд сонгууль өгдөг юм, яах гэж нэгийг нь олонхи, нөгөөг нь цөөнх болгоод явуулсан юм. Долдугаар сарын 1-нд юу боллоо, юунаас болж хүний амь нас хохирлоо. Гэтэл олонхи нь олонхи болоод эрх мэдлээ хэрэгжүүлж зүрхлэхгүй, цөөнх нь албан тушаалд дурлаад л хамтарсан засгийг байгуулсан шүү дээ. Сүүлийн үед энэ асуудал улам хурцаар тавигдаж эхэлсэн. Тэгээд ер нь 2012 онд сонгууль явуулах юм уу, юуны төлөө сонгууль явуулах юм, хэнийг нь ч олонхи болгосон хамтраад л засгаа байгуулах юм бол сонгууль явуулах, ялж ялагдахын утга учир юу юм. Үзүүр түрүүний бөх байхгүй юм бол наадам хийхийн хэрэг юу байна, яг л ийм байдал үүссэн байхгүй юу. Ардчилсан сонгуулийн утга учир алдагдсан, энэ бол аягүй аюултай үзэгдэл. Харин одоо бид энэ байдлаас гарч чадлаа. Ямар ч байсан энэ удаа хоёр том нам сонгуульд үзэх нь. Бөхөөр ярих юм бол барилдаан болох нь. Энэ л чухал.

Хоёрдугаарт хамтарсан засгаас болж парламентат ёс алдагдсан. Парламентат ёс гэдэг олонхио хянасан цөөнхийн оюун ухааны уралдаан, бие биенээ давж гарах гэсэн өрсөлдөөн, ажил хэргийн мэтгэлцээн дээр тогтдог улс төрийн индэр. Гэтэл ямар ч хяналт, оюуны мэтгэлцээн байхгүй болчихсон, парламентын үйл ажиллагаа зогсчихсон. Сүүлдээ гүйцэтгэх эрх мэдлийг хянах хууль тогтоох байгууллагын хяналт байхгүй болсон шүү дээ. Уг нь бол хууль тогтоох байгууллага цөөнхөөрөө дамжуулж гүйцэтгэх эрх мэдлийг хянадаг байхгүй юу, цөөнхийнхөө хүчээр эрх мэдлээ тэнцвэржүүлж явдаг. Гэтэл тэр нь байхгүй болчихсон.

Гуравдугаарт нэг ноцтой зүйл нь нэгэнт намуудын улс төрийн харилцаа байхгүй болчихоор ерөөсөө ашиг сонирхлын бүлгүүд улс төрд гол үүрэг гүйцэтгээд эхэлсэн. Уг нь бол нам бол хүмүүсийн эвлэлдэн нэгдэх дээд хэлбэр байхгүй юу, хэдий муу хэлүүлсээр ирсэн ч гэсэн. Нам бий болохоос өмнө хүмүүс цусан төрлөөрөө, овгоороо, жалгаараа, эсвэл язгууртан, харц барлагаараа нэгддэг байсан. Нам бий болсноос хойш хүмүүс үзэл бодол, философиороо, бодлогоороо буюу илүү дээд түвшинд эвлэлдэн нэгддэг болсон. Тэгээд нөгөө намууд нь хоорондоо тэврэлдчихээр түүн дотор байсан ашиг сонирхлын бүлэглэлүүд нэгдээд эвлэлдэн нэгдэх доод түвшин лүү яваад орчихсон. Үнэхээр олигархиуд нь ашиг сонирхлоороо нэгдээд эхэлсэн, улс төрийн институциуд нь байхгүй  болчихсон. Үнэн хэрэг дээрээ байхгүй болсонтой л адилхан шүү дээ. Ийм аюултай байдал үүссэн байснаас сая бид гарлаа л даа. Нам нь намаараа, баруун нь баруунаараа, зүүн нь зүүнээрээ байя гэж сүүлийн үед ярьж эхэллээ шүү дээ. Энэ бол маш чухал зүйл.

-Ирэх сонгууль ямар ч байсан жамаараа явна гэсэн үг үү?

-Хамтарсан засгийг байгуулсны дөрөв дэх нэг гамшиг нь ирэх 2012 оны сонгууль хүчирхийлэл рүү явчих хандлага бий болоод байсан юмаа. Сонгуульд ялагдсан тал нь сонгуулийнхаа дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хувьсгал хийнэ гэсэн хүлээлттэйгээр улс төрийн хүчнүүд зохион байгуулалтад ороод эхэлчихсэн байсан.

-МАНАН-гийн эсрэг нэгдэл гэдгээр үү?

-Тийм. Одоо бол нийгмийнхээ өмнө хариуцлагаа авсан хоёр том нам сонгуулийн дүн дээр арай ч тийм башир аргаар бие биетэйгээ харьцахгүй, аль аль нь ялж ялагдаж сурсан намууд. Тэгэхээр сонгууль тайван явах нөхцөл бүрдлээ гэсэн үг. Ардын нам ялагдах л байх л даа, гэхдээ арай ч энэ нам “Большевик хувьсгал хийнэ” гэж дайрахгүй. Манай нам ялагдлаа ч тийм зүйл хийхгүй. Тэгэхээр Ардчилсан нам Засгийн газраас гарснаар сонгуулийг тайван явуулах улс төрийн нөхцөлийг бүрдүүлсэн. Ардчилсан нам Засгийн газарт орж, сөрөг хүчнийхээ орон зайг орхисноор сөрөг хүчний орон зайг нэлээн хүчирхийллийн сурталтай, харгис хүчнүүд эзлээд эхэлсэн. Коммунист, нацист, фашист хэлбэрийн улс төрийн хүчнүүд сөрөг хүчний орон зайд ороод ирчихсэн. Нийгэм сөрөг хүчнээ үгүйлж байгаа үед тэд чинь нийгмээс дэмжлэг аваад, нийгмийн тодорхой хүч болоод ороод ирсэн байхгүй юу. Коммунист үзэл санаа сүүлийн 20 жилд байгаагүйгээр сэргэж эхэлж байна шүү дээ. Өмчийг хураая, булаая, дайрья, хүний амь нас ч хамаагүй, цуст хувьсгал ч хийсэн яадаг юм гэсэн санаа бодол хүмүүсийн сөрөг хүчнээ үгүйлж байгаа тэр орон зай дээр гараад ирсэн. Ардчилсан нам засгаас гарсан нь үүнийг таслах зогсооход маш их үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл бид сөрөг хүчнийхээ орон зай дээр эргээд гараад ирсэн.

-Зургаан сарын өмнө УИХ-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал тавихад та эсрэг байр суурьтай байсан биш үү?

-Уг нь бол намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг парламентын шийдвэрийн дээр тавьж байгаа Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй гэдэг асуудлыг хамгийн анх тавьсан хүн нь би. Өнгөрсөн хаврын чуулганаар.

-Санаж байна аа. Сонгуулийн хууль дээр гаргасан хоёр намын улс төрийн зөвшилцөл, байнгын хорооны саналыг Удирдах зөвлөлөөрөө унагасан учраас, тийм үү?

-Тийм. Тэгээд намайг найман хүнээс илүү хүн дэмжиж өгөөгүй юм. Угаасаа хуультай шүү дээ, УИХ-ын гишүүдийн ¼-ээс илүү нь дэмжиж байж уг асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл миний дараа өөр нэг есөн гишүүн Засгийн газрыг огруулах асуудал тавихад Д.Дэмбэрэл дарга хэлэлцүүлэх болоод ирэхгүй юу. Тийм учраас би “Яагаад бидний найман гишүүн асуудал тавихаар дэмждэггүй, өөр нэг есөн гишүүн асуудал тавихаар хэлэлцдэг юм бэ” гэдэг л асуудлыг тавьсан. Түүнээс биш Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг байр суурин дээрээ одоо ч байгаа. Яагаад гэвэл УИХ-ын дээр нэг нам гарчихаад байгааг би хувьдаа зөвшөөрдөггүй.

Одоо бол Ардчилсан нам дараа дараачийнхаа үйл ажиллагааг явуулна. Нэн ялангуяа сонгууль дөхөж байгаа энэ үед энэ төсвийн энэ их хөрөнгийг улс төрийн зорилгоор ашиглах вий гэдэгт бид маш хүчтэй хяналт тавих болно. Улс төрийн зорилгоор ашиглахад хүрвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг заавал тавина. Одоо бид чинь МАН-ын хамжлага албат байхаа болилоо шүү дээ, улс төрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэх боломжтой болсон.

-Хэрвээ хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам байсан нь бүхэлдээ буруу байсан гэж үзвэл өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд танай намын хийсэн бүхэн үгүйсгэгдэх нь байна шүү дээ?

-Үнэндээ өнгөрсөн хугацаанд нэг сонирхолтой зүйл болсон. УИХ-д цөөнх болсон нам сонгуулийнхаа амлалтыг билүүлсэн. Сонгууль дөхчихсөн учраас хүмүүс “намууд амлалтаа биелүүлээгүй” энэ тэр гэсэн янз бүрийн зүйл ярьж байна л даа. Зуун хувь биелүүлээгүй юм гэхэд тодорхой хэмжээнд амлалтаа биелүүлсэн. Гол гол том амлалтуудаа бол манай биелүүлсэн шүү дээ, Эрдэнийн хувь хувьцаа өгөх гэх мэтчилэн. Цөөнх болсон нам амлалтаа биелүүлснээрээ л сонин байхгүй юу. Энэ нь л хамтарсан Засгийн газарт орсон гэдэг завхарсан үйлдлийг зөвтгөх ганц шалтгаан юм даа.

-Сонгуулийн хуулийг УИХ-аар баталсны дараа л Ардчилсан нам Засгийн газраас гарах нь тодорхой болсон юм биш үү? Засгаас гарах болсон тухай ҮЗХ-ны тогтоолд ч бас “хүний эрх, эрх чөлөөг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоох талаарх амлалтаа биелүүлж чадаагүйдээ ард түмнээсээ уучлал гуйхаар” болсон байгаа?

-Ардчилсан нам хамтарсан засгаас хэзээ ч гарлаа гэсэн ямар нэг үг яриа зайлшгүй гарах л байсан. Зарим нь оройтлоо гэж байна, зарим нь ч эртэдлээ гэж байгаа.

-Зарим нь бүр “Гарах тухайгаа надад хэлсэнгүй, би түрүүлж гарах байсан юм” ч гэсэн гомдол сонсогдож байгаа сураг байсан…?

-/Инээгээд/ Энэ үйл явдал хэзээ ч болсон байсан араасаа арван асуулт дагуулах байсан нь ойлгомжтой. Гэхдээ Ардчилсан нам засгаас гарсан, энэ бол баримт. Тэгэхээр одоо хоёр том нам сонгуульд үзэх нь, үзүүр түрүүний бөхчүүд барилдах нь л гэж ойлго.

-Хэрвээ намын дарга дангаараа мэдэгдэл хийлгүй, нам дотроо хэлэцүүлэг өрнүүлээд явсан бол яах байсан бол. Ийм шийдвэрт хүрч чадах байсан уу?

-Тэгсэн ч гэсэн нам гарах л байсан. Яагаад гэвэл засгаас гарах сэтгэл зүй манай намыг бүхэлд нь эзэмдсэн байсан, манай намын УИХ-ын гишүүд бүгдээрээ л “гарна аа” гэж байсан. Ер нь сүүлийн үед бүлгийн хурал болгон дээр “хэзээ гарах гэж байна аа” л гэдэг болсон шүү дээ. Хэзээ гарах вэ гэдгээ л намын дарга шийдсэн, энэ бол намын даргын бүрэн эрхийн асуудал.

-Засгаас гарах асуудалтай хамт яригдсан бас нэг зүйл бол “засгаас гарах нь зөв юм бол засагт авч орсон намын даргад хариуцлага тооцож ажлыг нь өгүүлэх ёстой” гэдэг шаардлага. Хачирхалтай нь Н.Алтанхуяг дарга албан тушаалдаа үлдчихлээ л дээ. Яагаад?

-Одоо бол мэргэн түргэн хүмүүс олон болж байна. Бараг л хүн бүр “Би анхнаас нь засагт орохыг эсэргүүцэж байсан” гэж ярьж яваа. Тэр худлаа шүү. Ерөөсөө хамтарсан засагт орохыг эсэргүүцэж байсан цөөхөн хүний нэг нь би, үүнийг бүгд мэдэж байгаа. Одоо харин мэргэн түргэн хүн олширсон байна. Тэгээд ч засагт орно гэдгий намын дарга ганцаараа шийдсэн хэрэг биш. Яг үнэнийг хэлэхэд тэр үед хамтарсан засагт орно гэж хэлсэн хүн л манай намын дарга болох байсан. Ц.Элбэгдорж дарга намын даргынхаа ажлыг өгсний дараа ҮЗХ-ны хуралдаанд “хамтарсан засагт орно” гэж хэлсэн хүн л намын дарга болох бололцоотой байсан. Тийм ч учраас З.Энхболд гишүүн ч “хамтарсан засагт орно оо” гэж хэлээд Н.Алтанхуяг даргатай өрсөлдсөн. Би өрсөлдөж байгаад “хамтарсан засагт орохгүй” гэсэн хүн намын дарга болохгүй гэдэг нь ойлгомжтой болсон учраас нэрээ татсан юм. Яагаад гэвэл ҮЗХ-ний гишүүд тэр чигээрээ хамтарсан засагт орох дуртай байсан.

-Яагаад? Сонгуулиар авч чадаагүй эрх мэдлээ улс төрийн тохиролцоогоор олж авах гэж үү?

-Ер нь албан тушаалд дургүй улстөрч гэж байдаггүй юм байна л даа, дэлхий даяараа л ийм байдаг байх. Ер нь улстөрч байхын учир шалтгаан нь ч тийм байдаг биз, зарим хүний хувьд. Тэгээд хамгийн гол нь 76 суудлаас 46-г нь, УИХ-ын суудлын 60 гаруй хувийг авчихсан нөгөө нам тийм өгөөмөр загнаад “Засгийн газарт орооч ээ, эрх мэдэл аваач ээ” гэж байхад хэр баргийн улс төрийн хүчин үүнээс татгалзаж чадахгүй байсан байх аа, бодит байдал дээр. Би үнэндээ МАХН-ыг ийм өгөөмөр байх юм гэж бодоогүй. Тийм учраас ҮЗХ-ны хурал дээр “өөрсдийгөө хянуулахгүй, шүүмжлүүлэхгүй гэсэндээ л ийм өгөөмөр загнаж байгаа юм шүү дээ. Олонхи байж, эрх мэдлээ хэрэгжүүлээд явах зүрх зориг алга, наад намд чинь. Энэ урхинд нь бид орж болохгүй ээ” л гэдгийг хэлж байсан. Тийм учраас намын даргад хариуцлага тооцьё гэвэл ҮЗХ-нд бас хариуцлага тооцох ёстой. Нэг хүнийг золигт гаргаснаар асуудал шийдэгдэхгүй. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө намын даргыг өөрчлөх нь тийм зөв алхам биш. Яагаад гэвэл бид намын дүрэмдээ УИХ-ын сонгуулийн дүнгээр намын даргатай хариуцлага тооцохоор хийчихсэн юм. Намаа сонгуульд ялуулж чадахгүй л бол “Уучлаарай” гээд хариуцлага тооцохоос өөр аргагүй, сонгуульд ялах юм бол Ерөнхий сайдаа аваарай. Ийм л дүрэмтэй.

-Одоо Ардчилсан нам С.Баярын тавьсан хавхнаас бүрэн гүйцэд гарч чадсан уу? Эсвэл засгаас гарсан нь өнгөц төдий зүйл үү?

-Үгүй ээ, гарч чадсан. Ялангуяа манай намын дарга “Ардчилсан нам түүхэн үүргээ биелүүллээ” гэсэн болохоор би “энэ үйл явдал дахиад давтагдахгүй нь ээ” гэж ойлгосон. Яагаад гэвэл түүхэн үүрэг дахин давтагддаггүй, нэг л удаа тохиодог юм.

-МАНАН-гийн Засгийн газарт авч орсон даргатай сонгуульд ороод ч амжилт гарахгүй дээ, шинэ хүн тавих нь дээр гэсэн прогнозчингууд бас танай нам дотор олон байх шиг байна лээ шүү дээ. Сая ҮЗХ-ны хурлаар ч гэсэн зарим нь санал гаргаад амжсан?

-Болоогүй үйл явдлыг хэн ч үзмэрдэж чадна, мэргэн түргэн хүн олон гарна. Гэтэл яг үнэндээ Н.Алтанхуяг даргын үед л манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаа биз дээ. Яг үнэндээ намуудын рейтинг ерөнхийдөө муу байгаа ч гэсэн манай нам хамгийн түрүүнд нь явж байгаа нь факт. Үзмэрдэхийг бол хэн ч чадна, харин УИХ-ын сонгуулийн дараа л фактыг харна. Намын дарга муу байсан бол бид ялагдана, сайн ажиллавал ялна.

-Хэрвээ Н.Алтанхуягаас өөр хүн намын дарга байсан бол Ардчилсан намыг Засгийн газарт гурван жил барьж чадаад, бас өнөөдөр засгаас гарах асуудлыг ийм донсолгоо багатай шийдчихэж чадах байсан болов уу? Эсвэл нам дотроо аль хэдийн донслоод эхэлчихсэн үү?

-Н.Алтанхягаас өөр хүн намын дарга байсан бол яах байсан бэ гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Хэлье гэвэл мэргэн түргэнчүүдийн л маргаан болно. Тийм учраас Н.Алтанхуяг ямар байсан бэ гэдгийг сонгуулийн үр дүнгээр л харна. Өнөөдөр яриад байгаа үндэслэлүүд бол хувь хүмүүсийн үзэмжийн л асуудал шүү дээ. Өөрийнхөө тархинд бий болсон фантазаараа л маргаж байна. Өөр юу ч биш.

-Сая ҮЗХ-гоор зөвхөн засгаас гарах асуудлаар л шийдвэр гаргасан. Даргын асуудлыг Их хурлаар шийдэх ёстой гээд орхисон. Н.Алтанхуяг дарга ч гэсэн “ҮЗХ хэд ч хуралдаж болно” гэсэн нь намын дарга болох сонирхолтой хүмүүст зам тавиад өгчихсөн хэрэг биш үү?

-Би сая ҮЗХ-ныхоо хурлыг хөндлөнгөөс харж ажиглалаа, намын даргыг шүүмжилж байгаа хүмүүсийн ч шүүмжлэлийг сонсч байлаа. Эндээс харахад манай нам төлөвшсөн байна, бүх тоглолт дүрмийн хүрээнд байх ёстой гэдгийг хэн хэн нь ухамсарладаг болсон байна. Манай намын тэрс үзэлтнүүд хүртэл хүлээн зөвшөөрсөн байна. Намын даргаа өөрчилсөн ч дүрмийн хүрээнд өөрчилье, авч үлдье гэсэн ч дүрмээрээ явья гэдэг зарчим харагдсан. Дүрмээрээ бол намын дарга өргөдлөө өгөхөөс нааш, эсвэл УИХ-ын сонгуулиас наана хэлэлцэх боломжгүй.

-ҮЗХ-г дахиж хуралдуулаад гарын үсэг цуглуулаад, тэндээс ээлжит бус их хурлаа зарлаад санал хураалгачихаж болох юм биш үү?

-Болно л доо. ҮЗХ намын их хурлыг хуралдуулья гэвэл хуралдуулна. Нийт гишүүдийн 2/3-ын саналаар билүү, нэлээд өндөр босготой. Ер нь бол намын их хурлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хуралдуулахаар дүрэмд заачихсан юм. Гэхдээ шаардлагатай бол Их хурал зарлаж болно. Би бол Их хурал зарлах нь зүйтэй л гэж бодож байна.

-Яагаад?

-Нэн ялангуяа ингэж хамтарсны дараа улс төрийн хувьд өрсөлдөгч намаасаа нэлээд онцгойрох шаардлагатай болчихсон ийм үед намын их хурал хуралдуулна гэдэг сонгуулийн өмнөх улс төрийн маш том үйл явдал. Түүнийг хийх хэрэгтэй юм. Шинэ хөтөлбөрөө гаргана, угаасан нүүр царайгаа ард түмэндээ харуулна, хамгийн гол нь орон нутагт учир начраа олохгүй болчихсон явж байгаа жирийн гишүүдээ авчраад энэ учир байдлаа танилцуулж, мэдээллийг нь зөв болгох хэрэгтэй. Орон нутагт явж байгаа гишүүд маань бусдын адил л толгой нь эргэчихсэн явж байгаа шүү дээ. Тийм учраас би бол намын их хурлыг хуралдуулах нь зөв гэж бодож байгаа. Наад зах нь орон даяар хэлэлцүүлсэн хөтөлбөрөө танилцуулах хэрэгтэй шүү дээ. Бид чинь их хурлаа хийхээсээ гадна их хуралд ирсэн гишүүддээ семинарладаг байхгүй юу. Ийм хөтөлбөр гарлаа шүү, ингэж сонгуульд оролцоно гэж.

-Их хурал хуралдвал намын даргатайгаа дахиад л ноцолдоно л доо?

-Яг үнэндээ манай намын жирийн гишүүд бол хурал болгоноор намын даргаараа оролддог явдалд аягүй дургүй. Гайг нь хорин жил амсчихсан учраас. Тийм учраас намын их хурал хуралдлаа ч даргын асуудал яригдахгүй, би бол үүнийг баттай хэлж байна. Зүгээр ярья гэх хүмүүс бол гарна, тэр мэдээж.

-Ер нь намын даргаа алдчих болгоомжлол байсан учраас Н.Алтанхуяг дарга яаравчлаад мэдэгдэл хийчихсэн юм биш үү? Х.Баттулга намын даргад өрсөлдөнө гээд фракциудаа багцлаад эхэлчихсэн ч байдаг бил үү?

-Засгийн газраас гарахгүй байсан ч гэсэн намын даргаа алдахгүй байх бололцоотой л доо. Яагаад гэвэл намын дүрмээр намын даргын асуудлыг ҮЗХ-гоор ярьдаггүй. Өөрөө л чөлөөлөгдөх хүсэлтээ гарахгүй бол ҮЗХ шийдвэр гаргах эрхгүй. Тийм учраас ҮЗХ-ны хурал дээр Н.Алтанхуяг даргын хувьд ёстой чин сэтгэлийнхээ үгийг хэлсэн. Яагаад засагт орох болсон, үүний цаана юу нуугдаж байсан, хамгийн гол нь энэ байдлаараа сонгуульд хөтлөлцөж орж болохгүй юм байна гэдгийг. Засгийн газарт хамтарсан чигээрээ сонгуульд орсон бол манай нам нөгөө бидний орон зай дээр гараад ирсэн гудамжны сөрөг хүчин, Ардын нам хоёрын хооронд хавчуулагдаж балрах байсан. Мэдээж хэрэг Ардын нам бол хүчээр үлдэнэ, манай нам аягүй бол гуравдагч хүчин болох байсан. Ялангуяа жижиг намууд хамтраад том эвсэл болоод ороод ирсэн нөхцөлд бид ёстой дунд нь хавчуулагдаж, “гамбир” болох байсан. Түүнийг манай намын дарга маш сайн ойлгосон шиг байна лээ.

-Тэгэхээр л нөгөө намаас чинь Ардчилсан нам сонгуулийн эрх ашгийн төлөө засгаас гарлаа, гэрээгээ зөрчлөө гэцгээнэ шүү дээ?

-Тийм учраас би ярилцлагын эхэнд манай нам засгаас гарсны мөн чанар, учир шалтгаан юу юм гэдгийг их тодорхой хэлсэн шүү дээ. Дээрээс нь нэмээд хэлэхэд манай намын дарга “Ардчилсан нам түүхэн үүргээ гүйцэтгэлээ” гээд хэлчихсэн. Ялсан нам нь цөөнхтэйгээ хамтарч засаг байгуулдаг журамгүй явдал дахиж Монголд давтагдахгүй нь гэж би ойлгосон. Үндсэн хуулинд зааснаар бол аль нэг нь олонхи болж чадаагүй тохиолдолд угаасаа хамтардаг шүү дээ.

-Аль нэг нам олонхи болж чадах болов уу?

-Би бол чадна гэж бодож байна. Америкчуудын хийсэн судалгаа, прогнозыг би хэвлэлээс харсан. Хэдийгээр шүүмжлүүлээд байгаа ч гэсэн УИХ-ын гишүүд чинь цаад тойрог дээрээ их нэр хүндтэй байгаа юм билээ.

-Одоогийн гишүүдийг дахиж сонгогдох давуу байдлыг угаасаа Сонгуулийнхаа хуулиар хийгээд өгчихсөн юм биш үү? Мажоритари 48 тойрогт өрсөлдсөн нөхөд авсан саналаараа жагсаалтын эхэнд бичигдэнэ гэхээр нөгөө пропорциональ 28 тойрогт дэвшиж байгаа нөхдүүд бараг УИХ-д орж ирэхгүй юм биш үү, нам нь 100 хувийн ялалт байгуулдаггүй л юм бол?

-Хэдийгээр шүүмжлүүлж байгаа ч гэсэн нэг үнэн зүйлийг хэлэхэд шинэ хуулиар аль болох энэ гудамжинд байгаа намуудыг УИХ-д орж ирэх бололцоог нь нээж өгсөн шүү дээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан ч гэдэг юм уу, муу ч гэсэн намаараа хэдэн хувийн санал авна аа даа. Тойрог дээрээ уналаа ч гэсэн намынхаа саналаар гараад л ирнэ. Өөрөөр хэлбэл, жижиг намуудад гаргаж өгсөн “даатгал” байхгүй юу. Яг үнэндээ хоёр том намд зориулагдсан гэхээсээ илүү жижиг намуудыг парламентад оруулж ирэх гэсэн л арга. Түүхийн ийм эгзэгтэй үед аль болохоор бүгдээрээ орж ирээд, хэрэлдсэн ч дотроо асуудлаа шийдэж байх хэрэгтэй байна шүү дээ. Төрийн бодлого тодорхойлдог газраа л ярилцацгаая. Яг үнэндээ энэ олон жил гудамжинд явчихсан жижиг намууд чинь нэг талаас цөхрөөд юу ч хийхээс буцахаа больчихсон байна. Тэглээ гээд ямар урилгаар оруулалтай биш. Ард түмнээсээ сонгогдох ёстой биз дээ.

-Ардчилсан намгүй Засгийн газар ирэх зургаан сард яаж шүү ажиллах бол?

-Асар хүнд байх болно доо.

-Яагаад? Танайхан гол гол асуудлыг нь шийдчихсэн юм биш үү?

-Манай нам бол одоо хайр найргүй хяналтаа тавина. Ер нь энэ зургаан сар Ардын нам, Ардчилсан нам хоёрын хооронд улс төрийн том тэмцэл явах болно. Үзүүр түрүүнд зогсч байгаа хоёр бөх барилдахгүй бол ямар наадам байдаг юм. Би уначих, чи уначих гээд зогсоод байж болохгүй биз дээ.

-С.Баяр найзтайгаа ойрын үед уулзсан уу?

-Үгүй, уулзаагүй.

-Тэгвэл хэвлэлээр дайх үг байна уу? Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарсан талаар?

-С.Баяр найзын маань хэлсэн үгийг С.Батболд найз маань үргэлжлүүлээд яваад байхаар би их хүнд байдалд орж байсан. Сонгуулийн дараа ч хамтрах байдал руу шүү явна гэж.

-С.Баяр дарга тэгж хэлсэн биз дээ?

-С.Батболд бас түүнийг нь шүүрч аваад үргэлжлүүлээд явсан шүү дээ. Тэгээд би С.Баяр найздаа хэлсэн л дээ. “Тийм зүйл байхгүй шүү. Олонхи нь эрх мэдлээ хэрэгжүүлээд, цөөнх нь хяналтаа тавьдаг тогтолцоогоороо явна шүү” гэж. Төрийн эрхийг барих шинэ ёсондоо суралцмаар байна шүү дээ, бид чинь. Юунаас нь айж, дальдчаад явдаг юм бэ. Олонхи нь олонхи байх зүрхтэй баймаар байна. Ард түмэн олонхи болгоод сонгоод өгч байхад үүнээс илүү эрх мэдэл гэж юу байсан юм. Их хурал дээр олонхиороо л шийдвэр гаргана биз дээ, зөв гэж үзэж байгаа бодлогоо л хий л дээ. Яг үнэндээ хоёр намын тохиролцоо хийх гэсээр байгаад шийдээгүй үлдсэн олон асуудал байгаа шүү.

-Хүний эрхийн асуудал, нийгэмд шударга ёс тогтооход чиглэсэн Ардчилсан намын олон амлалт хэрэгжээгүй?

-Тийм. Тийм учраас шинэ төр маань олонхи нь олонхи шиг байж ажил, ард түмнээс өгсөн мандатын эрхийг хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж байя. Тэгэхгүй гудамжинд нэг хүн хашгирсан ч далдьдчаад, их хурал дээр нэг үг хэлсэн ч л дальдчаад суугаад байж болохгүй ээ. Ард түмэн дараа нь асууна шүү дээ, “чамайг ямар дальдач гэж сонгосон юм уу, ажил хий гэж сонгосон юм уу” гэж.

-Үлдсэн зургаан сарын хугацаанд энэ орхигдсон асуудлаа явуулах гэж үзэх үү, Ардчилсан намын зүгээс?

-Явуулах гэж л үзнэ шүү дээ. Явуулж чадахгүй байлаа гэхэд дээрх асуудлаар хоёр намын байр суурь ямар байна вэ гэдэг тэр ялгарлыг гаргаж ирж харуулна. Тэр чинь л улс төрийн орон зай байхгүй юу. Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн барьсан Нийтийн албаны тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, шударга ёс, хүний эрх эрх чөлөөг хангах гэх мэтчилэн нийтлэг үнэт зүйлсийнхээ юмыг хийчих хэрэгтэй, үлдэж байгаа зургаан сард. Түүнээс биш улс төрийн шийдлүүд бол хийгдэхгүй л дээ, тэр ойлгомжтой.

-Үндсэн хуулийн өөрчлөлт, засаг захиргааны хуваарийн шинэчлэл бол явахгүй юу?

-Тэр бол өнгөрсөн. Засагт байхдаа хийх гээд чадаагүй шүү дээ. Засгийн эрхийг авсан хойноо л хийх байх.

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car