
Дэлхийн улсуудын Төвбанкууд алт их хэмжээгээр нөөцөлж эхлэв. Тэд ямар нэг таагүй зүйл болох нь гэдгийг таамаглаж, бэлтгэл ажилд ихээхэн анхаарч эхэлсэн тухай “Wall Street journal”-д бичжээ. “Forbes” сэтгүүлийн гүйцэтгэх захирал Стив Форбс дэлхийн эдийн засаг Титаник хөлөг шиг “гэнэтийн ослоор” чад хийх нь тодорхой хэмээн зөгнөж, АНУ, Европын өрийн хямралыг аварга том мөсөн уултай зүйрлэжээ. 2012 онд дэлхий сүйрнэ хэмээсэн майяачуудын зөгнөл эдийн засгийн салбарт жинхэнэ утгаараа өрнөх үү? Эдийн засгийн “цаг уурчид” “Хэрэв өрийн хямралаас үүдэж, санхүүгийн шинэ хямрал бий болбол өрнөл хийгээд үр дүн нь 2008 оныхоос ч илүү гарч мэднэ” гэдэгт санал нийлээд буй нь аюулын харангыг бүр ч илүүтэй дэлдэх болов. Өнгөрсөн оны хоёр дахь хагасаас дэлхийн эдийн засаг нэг л биш хэмнэлээр цохилж, оройгоосоо дэнжигнэж эхэллээ.
Гэвч он гарсаар Европ, АНУ-ын өрийн хямралын цуурай бүдгэрсэн нь хэзээ мөдгүй ирэх гэж буй их шуурганы өмнөх нам гүмийг санагдуулж байна. Хэрэв үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ оны хоёрдугаар хагас гэхэд өрөөс үүдэлтэй санхүүгийн шинэ хямрал хаалга тогшиж мэднэ хэмээн “Guardian” сонины тоймч Ларри Эллиот бичжээ.
Европ+Ази, эсвэл Ази+Европ
Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгд өхгүй гэдэг. Дэлхийн тэрг үүлэх эдийн засаг бүхий АНУ болон Европын улсууд гар гараасаа барилцан хавцлаас унахад ойрхон буй энэ үед Ази тив санхүүгийн нэн сонирхолтой цэг болон хувирлаа. Саяхан “Standard and Poor’s” үнэлгээний агентлаг Франц, Итали тэргүүтэй Евро бүсийн есөн орны зээлжих зэрэглэлийг буурууллаа.Тэгвэл “Economist intelligence unit” судалгааны байгууллагаас энэ онд эдийн засаг нь хамгийн хурдан өсөх арван орныг жагсаахад найм нь Азийн орон байсан бол эсрэгээрээ хамгийн хурдан уруудах орнуудын жагсаалтад Европын долоон орон багтжээ. Энэ бол тун удахгүй тодорхой болох “байр сэлгэх тоглоом”-ын урьдчилсан сэрэмжлүүлэг байлаа. Харин энэ тоглоомын гол дүр нь Азийн тэргүүлэх эдийн засаг бүхий БНХАУ, Япон, БНСУ бус, хөгжиж буй орнууд байх аж. Хэрэв “Дэлхийтаник” хөл өг живбэл аврах хантаазыг жижиг орнууд хүртэх шаанс их гэсэн үг. Гэвч аврах хантаазтай болсон нь амь үлдэнэ гэсэн баталгаа биш шүү дээ.
МОНГОЛ:БҮР МУУГААС АРАЙ ДЭЭР МУУ
Монголчууд элдэв өсөлт ярьсаар нэгэн оныг үдэв. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт өөс гадна эдийн засгийн супер тоон үзүүлэлтүүд биднийг байтугай дэлхий нийтийг алмайруулсан.Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн мэдээлж буйгаар ДНБ 17.3 хувиар өссөн аж. Мөн хөр өнгийн биржийн шинэчлэл болон эдийн засгийн өсөлт өөр дэлхийд хоёрдугаарт жагссан байгаа юм. Дэлхийн эдийн засаг хямраад байхад чухам Монгол Улсын эдийн засаг яагаад ийм өөдрөг байна вэ? Манай зах зээл тун жижигхэн. Тийм учраас савалгаа нь их. Өнөөдөр эдийн засаг урьд байгаагүйгээр өсл өө гэхэд маргааш уруудах магадлалтай. Гэтэл өрийн хямралд сүйрч буй Европын улсууд харин ч энэ том бул хар чулууг бүтэн жилийн турш тэсээд гарлаа. Хэрэв Монгол мэтийн савалгаатай эдийн засаг бүхий оронд ийм явдал тохиолдвол цуурайд нь л сөхрөөд өгнө шүү дээ. Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хурдацтай өсөж, 3000 ам.долларт хүрлээ хэмээн хөөрц өглөж эхлэв. Гэвч энэ бол бүр муугаас арай дээр муу руу л шилжиж байгаа болохоос биш дэлхийн эдийн засгийн оройд заларчихсан хэрэг ердөө биш. Өнгөрсөн оны үзүүлэлтээр л гэхэд манай улс нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр дэлхийн 190 орноос 130 дугаарт жагссан байна. Гэтэл эдийн засгийн дээрх тоон үзүүлэлтэд “цадаж”, аль хэдийнэ тэрбумтан болчихсон мэтээр хөөрцөглөж байгаа нь гэнэтийн аюулд төдийчинээ бэлтгэлгүй байгаа хэрэг.
Нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр манай улс Гана, Ирак, Шри Ланк, Судан зэрэг улсынхтай адил түвшинд байгаа нь баярлах шалтгаан огт биш.
ӨӨДРӨГ ХУВИЛБАР
Гэвч дэлхийн эдийн засгийн хямралын өмнө бэлтгэлээ базааж дөнгөвөл Монгол энэ бүх дуулианаас хожлын хөзөр атгах боломж өндөр гэдгийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн хэлэв. Тэрбээр “Дэлхийн санхүүгийн шинэ хямрал боллоо гэхэд Монгол сүйрчихнэ гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. АНУ болон Европы орнуудын эдийн засаг ганхаж эхэлсэн учраас хөрөнгө оруулагчид мөнгөө хаана хадгалах вэ гэдгийг эргэцүүлж эхэлнэ. Харин үүнд хамгийн тохиромжтой цэг нь Ази, тэр дундаа Монгол Улс болсон. Манайд нүүрс, зэс, алтны нөөц их байгаа нь энд хөрөнгө оруулбал ойрын 5-10 жилд алдахгүй, урт хугацааны ашиг өгөх боломжтой хэмээн хөрөнгө оруулагчид харж байгаа” хэмээв. Хамгийн гол нь дотоодын зах зээл маань тогтвортой байвал хөрөнгө оруулагчид хэсэгтээ л “сээтэн хаяхаа” зогсоохгүй нь мэдээж.Дотоодын зах зээл тогтвортой байна гэдэг нь хамгийн түрүүнд шатахууны үнэ зэрэг харьцангуй жижиг шалтгаанаар эдийн засаг нь савалдаггүй байхыг хэлнэ.
ХЯМРАЛЫН ХОЖИЛ
Монголын зах зээл харьцангуй жижиг учраас хэдхэн том орд нээгдэхэд эдийн засаг нь суга өсөж болдог. Тэгсэн хэрнээ шатахууны импорт, махны нийл үүлэлт, улаан буудайн ургацаас хамаарч эдийн засаг нь тун амархан “нүд аньж” буй өнөөгийн нөхцөл байдал биднийг хямралын өмнө хэр зэрэг бэлтгэлтэй байна вэ гэдгийг харуулж байна. Мөн дээр нь 2012 он сонгуулийн жил. Монголд талхны үнэ өсөхөөс илүү сонирхолтой асуудал болдог улс төрийн хувьд тогтворгүй жилтэй санхүүгийн хямрал давхцвал өнөөх их хэмжээний хөрөнгө оруулалт хэсэг хугацаанд саатаж мэдэхээр байгааг эдийн засагчид сануулж байна. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал “Сонгуулийн жил учраас энэ онд гаднын хөрөнгө оруулалт өмнөх оныхоос буурах төлөвтэй байгаа” хэмээсэн. Тэгэхээр усан онгоц далайд гарахдаа шуурганд өртөх эрсдэлийг тооцож, аврах хантааз нөөцөлдөг шиг учирч мэдэх эрсдэлийн өмнө бэлтгэлээ сайтар базаахыг биднээс шаардаж байна.
Энэ онд Европ, АНУ-ын жуулчдын тоо буурч, дэлхийн аялал жуулчлалын салбар тодорхой хэмжээгээр уналтад орно хэмээн таамаглаж байгаа. Гэвч энэ таамаг ч бас Монголд эергээр нөлөөлж болох хувилбарыг Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат дэвш үүлэв. Тэрбээр “Дэлхий нийтээр жуулчдын тоо буурч магадгүй гэж байгаа ч бид харьцангуй өөдрөг байгаа. Ингэх шалтгаан нь дэлхийн эдийн засаг хямарч эхэлбэл хүмүүс хямд зардлаар аялах боломжийг судална. Монголын хувьд онгоцны билет л үнэтэй болохоос биш аяллын зардал харьцангуй хямд. Тиймээс манайд ирэх жуулчдын тоо харин ч нэмэгдэх боломжтой” хэмээсэн. Дэлхийн нийтээр энэ онд эдийн засгийн шинэ хямралтай нүүр тулах, эсэх нь Европын холбоо болон АНУын шийдвэр, хичээл зүтгэлээс шууд хамааралтай боллоо. Гэвч ихэнх шинжээчид энэ өөдрөг хувилбарт таван хувийн л магадлал дэвшүүлж байна. Хаа холын Европ, АНУ-ын зах зээл манайд нөл өөлөх нь юу л бол хэмээн тайван суух шалтгаан бидэнд алга. Өрийн хямрал Европын нийлүүлэгч ОХУ, дэлхийн худалдааны гол судас БНХАУаар дамжин манайд нөлөөгөө маш хурдан үзүүлнэ. Харин бидэнд живэх, хөвөх магадлал 50, 50 хувьтай байна. Аврах хантаазаа дор бүрнээ, яг одооноос эхлэн бэлдье.